Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2021/00503

 

 

2021 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2021/00503

 

ХУД-ийн НДХ-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2021/00179 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ХУД-ийн НДХ-ийн хариуцагч Н ХХК-д холбогдуулан гаргасан нийгмийн даатгалын шимтгэлийн өр болон алданги 37 113 852 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А , Н.Г , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус хэлтэстэй харилцагч Н ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 17 дугаар зүйлийн 17.1.1-т заасан заалтуудыг тус тус зөрчин 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлсний улмаас 24 742 568 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 12 371 284 төгрөг, нийт 37 113 852 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгээд байна.

Дээрх зөрчлийн улмаас тус компанийн даатгуулагчдын нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасан хөдөлмөрийн чадвар түр алдсаны болон ажилгүйдлийн, жирэмсний, амаржсаны тэтгэмж авах, түүнчлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүйд хүрч даатгуулагчдын эрх, ашиг зөрчигдөж байна. Иймд Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4, Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 10.17.3, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны Дүрэм, журам батлах тухай 354 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Нийгмийн даатгалын байгууллагын дүрэм"-ийн 3 дахь хэсгийн 3.3.1-д заасан заалтуудыг тус тус үндэслэн 37 113 852 төгрөгийг Н ХХК-иас гаргуулж шимтгэл, алдангийг гаргуулж өгнө үү.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлд хариуцлагын асуудлыг Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэнэ гэх боловч зөрчлийн хэрэг нээх эрх байгаа ч зөрчлийн хэрэг нээсэн хойно дуудахаар байгууллагууд ирдэггүй тул алдангийг иргэний шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь 2002 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд нийгмийн даатгалын шимтгэлийг 2017 он хүртэлх хугацаанд төлсөн. 2016 онд Монгол Улсад эх орны үйлдвэрийн бэлэн гоймон үйлдвэрлэх үйлдвэр шинээр байгуулж, банкнаас зээл аван ажиллах хүчнийг нэмэгдүүлж ажилласан.

Энэ хугацаанд ажиллаж байсан ажилчдын тоо нэмэгдсний улмаас нийгмийн даатгалын өрөнд орсон. Харин одоо 24 742 568 төгрөгийн үндсэн төлбөр дээр алданги 12 371 284 төгрөг, нийт 37 113 852 төгрөгийн өр нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Ажилчид нийгмийн даатгал төлөлгүй цалингаа авъя, амьдрал хэцүү байна хэмээн учирлахад нэг удаа цалинг нь тэгээд тооцчихсон, ажлаас халагдахдаа миний нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлдөг хэмээн заргалдаж, компанийг 3 000 000 төгрөгөөр торгуулж байсан.

Мөн захирал миний хувьд олон жил нийгмийн даатгалын шимтгэл төлөхдөө нэг ч удаа ямар нэгэн хөнгөлөлт эдэлж үзээгүй, ажилчиддаа нийгмийн даатгалын шимтгэл төлөх ямар хэрэгтэй вэ гэсэн сэдвээр ярицлага таниулга хийж өгөөч гэсэн хүсэлтийг Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс удаа дараа тавьж байсан боловч нэг ч удаа ирж байгаагүй. Тэгээд ч одоогийн хүнд нөхцөлд үйл ажиллагаа явуулаагүй байгаа тул энэ нэхэмжлэлийг цуцалж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н ХХК-иас 24 742 568 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12 371 284 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжпэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 281 662 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Захиргааны хэргийн шүүх нь албан тушаалтны гаргасан шийдвэр нь хувь хүн, хуулийн этгээдийн эрхийг зөрчсөн харилцааг хүлээн авч шийдвэрлэдэг ба тус хэлтсийн зүгээс захиргааны хэргийн шүүхэд нийгмийн даатгалын шимтгэлийн авлагыг төлүүлж, хариуцлагыг тооцуулах боломжгүй байна.

Зөрчлийн тухай хуульд заасны дагуу зөрчлийн хэрэг нээн прокурорт хянуулах ажиллагаанд Улсын Ерөнхий прокурорын 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/54 дугаар тушаалын хавсралт болох Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн хэлбэрийн жагсаалт эрх зүйн баримтад улсын байцаагчийн акт, алданги оногдуулахад баримтлах эрх зүйн чадамжтай баримт бичиг байхгүй байгаа нь Зөрчлийн тухай хуулиар нийгмийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шимтгэлийг төлүүлж, төлөөгүй нөхцөлд үүссэн хариуцлагыг ногдуулах боломжгүй нөхцөл үүсгэж эрх зүйн чадамжгүй болгож байна.

Иймд Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 354 дүгээр Дүрэм, журам батлах тухай тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Нийгмийн даатгалын байгууллагын дүрэм-ийн 3 дахь хэсгийн 3.3.1-д заасан Нийгмийн даатгалын тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүйгээс шимтгэлийн өр, авлага үүссэн, нийгмийн даатгалын байцаагчийн актаар тогтоосон төлбөрийг зөвшөөрөөгүй, дутуу төлсөн, торгууль, алдангийг төлөхөөс татгалзсан, зайлсхийх зэрэг тохиолдолд даатгуулагчийн хууль ёсны эрх ашгийг хангах зорилгоор ажил олгогч, даатгуулагчийн төлбөл зохих шимтгэл, алданги, торгуулийг төлүүлэхээр Нийгмийн даатгалын байгууллага нь шүүхэд нэхэмжлэл гаргана гэснийг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Н ХХК нь 2002 онд анх үүсгэн байгуулагдаж барилгын хаалга, вакуум цонх үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн. 2017 он хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг зохих хэмжээгээр нь төлж байсан. 2016 онд эх орны үндэсний хүнс үйлдвэрлэхээр шийдэж банкнаас зээл аван ажиллах хүчний орон тоог нэмэгдүүлэн Монголд ургасан тарианы гурилаар эх орны бэлэн гоймон үйлдвэрлэхээр тоног төхөөрөмж, үйлдвэрийн байр бэлдэн улмаар уг бүтээгдхүүнээ зах зээлд гаргасан.

Харин олон нийт болон төр засаг хэвлэл мэдээллээр ярьдаг шигээ үндэсний үйлдвэрээ дэмждэггүй, эко бүтээгдхүүн хэрэглэх тал дээр хойрго ханддаг, мөн томоохон супермаркетууд гаднаас хямд бэлэн гоймон ихээр оруулж ирдэг тул сүлжээ дэлгүүрүүддээ манай бүтээгдхүүнийг борлуулах сонирхол багатай байдаг зэргээс үйлдвэрлэл явцгүй болж бөөн өртэй л үлдсэн.

Төр засгаас ажлын байрыг нэмэгдүүлэх тал дээр янз бүрийн урамшуулал ярьдаг хэдий боловч тэр нь цаасан дээр л үлддэг. Манай компани нь ямарваа нэгэн урамшуулал авч үзээгүй. Харин олон хүн ажиллуулсны гор нь гарч нийгмийн даатгалын үндсэн 24 742 568 төгрөгийн өр, алданги 12 371 284 төгрөг, нийт 37 742 568 төгрөгийн өр үүсснийг шүүхэд өгсөн. Харин Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүрэн хүчингүй болгож өгөөч гэсэн миний хүсэлтийн зарим хэсгийг хангаж алдангиас чөлөөлөх шийдвэр гаргасан. Харин би болохоор 2017 оноос хойш ямар нэгэн тодорхой үйл ажиллагаа явуулаагүй банкны өр зээлийн хэмжээ асар их байгаа тул үйл ажиллагаа нь доголдсон үндэсний үйлдвэрлэгчээ 24 742 568 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өрнөөс компанийн төлөх хэсгийг буюу 13 495 946 төгрөгөөс бүрэн чөлөөлж өгнө үү. Ингэвэл манай компанийн эргэн сэргэлтэнд томоохон нэмэр болох юм гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч ХУД-ийн НДХ нь хариуцагч Н ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр 24 742 568 төгрөг, алдангид 12 371 284 төгрөг нийт 37 113 852 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч Н ХХК нь 2018 оны 10 дугаар сарын байдлаар нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг гаргасан байх ба уг тайланд тус компани нь нийгмийн даатгалын байгуулагад 2018 онд 24 742 568 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй үлдэгдэлтэй гэснийг нийгмийн даатгалын байцаагч шалгаж хүлээн авсан болох нь хэргийн 13 дугаар тал дахь Н ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангаар тогтоогджээ.

 

Дээрх тайлан болон хэргийн 10-12 дугаар тал дах Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын Заавал даатгах даатгуулагчдын нийгмийн даатгалын шимтгэлийн авлагын дэлгэрэнгүй бүртгэлийн баримтаар хариуцагч Н ХХК нь 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар хуульд заасны дагуу төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлсний улмаас 24 742 568 төгрөгийн өр үүсгэсэн байна.

 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т зааснаар хариуцагч Н ХХК нь албан журмаар даатгуулагч байх бөгөөд энэ хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-т зааснаар нийгмийн даатгалын шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй.

 

Хариуцагч Н ХХК нь нийгмийн даатгалын шимтгэлийн 24 742 568 төгрөгийн өр төлбөрийг төлөөгүй тул Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр мэдэгдэл, нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр албан шаардлага хариуцагчид тус тус хүргүүлж, 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр, 2018 оны 8 дугаар сарын 05-ны өдөр нийгмийн даатгалын шимтгэлийн авлага барагдуулах талаар уулзалт хийж хуульд заасан ажиллагааг явуулсан нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.1-т заасантай нийцжээ.

 

Хариуцагч нь зээл авч гоймонгийн үйлдвэр барихдаа олон хүнийг ажлын байраар хангаж цалинжуулснаас өр төлбөртэй үлдсэн тул нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхгүй гэж тайлбарлаж байгаа нь нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх буюу төлүүлэхгүй байх үндэслэл болохгүй.

 

Нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчийн хугацаандаа төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл, алдангийг нөхөн төлүүлэх арга хэмжээ авсан боловч хариуцагч нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйийн 17.1.1-т заасан үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгчид хариуцагчаас нийгмийн даатгалын шимтгэлд 24 742 568 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагын талаарх зохицуулалтыг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулахдаа мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсэгт энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.5 дахь хэсэгт Нийгмийн даатгалын тухай хууль зөрчигчдөд алданги, торгох шийтгэл оногдуулсан нь тухайн зөрчлийг арилгах, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй, Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлд заасан зөрчилд оногдуулсан торгох шийтгэл болон алдангийн төлбөрийг нийгмийн даатгалын санд төвлөрүүлэхээр зохицуулагдсан байна.

 

Иймээс нэхэмжлэгч нь хариуцагчаас 12 371 284 төгрөгийн алдангийг Нийгмийн даатгалын тухай хуульд үндэслэн шаардах эрхгүй тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 354 дүгээр Дүрэм, журам батлах тухай тогтоолын 1 дүгээр хавсарлтаар батлагдсан Нийгмийн даатгалын байгууллагын дүрмийн 3 дах хэсгийн 3.3.1-т Нийгмийн даатгалын тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүйгээс шимтгэлийн өр, авлага үүссэн, нийгмийн даатгалын байцаагчийн актаар тогтоосон төлбөрийг зөвшөөрөөгүй, дутуу төлсөн, торгууль, алдангийг төлөхөөс татгалзсан, зайлсхийсэн зэрэг тохиолдолд даатгуулагчийн хууль ёсны эрх ашгийг хангах зорилгоор ажил олгогч, даатгуулагчийн төлбөл зохих шимтгэл, алданги, торгуулийг төлүүлэх-ээр заасан боловч уг журам нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийг өөрчлөн найруулсан зохицуулалттай нийцэхгүй болсон тул журмыг үндэслэн хариуцагчаас алданги гаргуулах боломжгүй болжээ.

 

Хариуцагч нь 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 24 742 568 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй болохоо өөрөө тодорхойлсон, хуулиар түүнд хөнгөлөлт, чөлөөлөлт үйлчлэхгүй тул даатгуулагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэл болох 13 495 946 төгрөгөөс чөлөөлөх үндэслэлгүй байна. Иймээс хариуцагчийн энэ талаарх давж заалдах гомдлыг хангах боломжгүй юм.

 

Дээрх үндэслэлээр зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2021/00179 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчийн төлсөн 225 429 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ