Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2021/00219

 

   2021          01             27                                              183/ШШ2021/00219

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч O.Чулуунчимэг  даргалж, хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Булган аймаг, ............ оршин суух, Х овогт Д.Б /000000000/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ............ тоот хаягт оршин суух Х овогт Д.Ц /0000000/-д  холбогдох

 2.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, хариуцагч Д.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Миний бие Д.Б төрийн банкнаас тэтгэврийн зээл аваад удаагүй байхад манай нутгийн Д.Ц мөнгийг тань богино хугацаанд өсгөж өгнө гэж гуйснаар би түүнд итгэн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Хаан банкны 00000000 тоот дансанд 2.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Д.Ц мөнгө авсан өдрөөс хойш нэг ч төгрөг өгөхгүй, хэл чимээгүй алга болсон. Удаа дараа явж хөөцөлдсөний эцэст оршин суугаа хаягийг нь олон танай шүүхэд хандсан. Иймд Д.Ц-гоос миний мөнгө болох 2.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Б нь хөдөөгийн малчин хүн бөгөөд тэтгэврийн зээлээ авчихсан байж байхад нь нутгийн танил Ц нь мөнгийг чинь богино хугацаанд өсгөж өгье гэж гуйсан байдаг. Тэгээд 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 000000000 тоот данс руу нь 2.500.000 төгрөг шилжүүлсэн. Сарын дараа өөрийнх нь элссэн сүлжээ дампуурсан, гэхдээ удахгүй өгнө гэж хэлсээр өдийг хүрлээ. Бусад хүмүүсээс авсан мөнгөө малаар тооцоод өгөөд л байгаа юм байна. 2.500.000 төгрөгийг буцаан авмаар байна. Бараа авч байсан удаагүй. Эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон зүйл огт байхгүй, цагдаагаас нэг ч удаа дуудаж байгаагүй” гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч Б-ын нэхэмжилсэн 2.500.000 төгрөгт ямар зарцуулалттай байсан талаар хэлье. Бидний хэдэн хүмүүс 2017 оны 01 дүгээр сарын эхээр Эрдэнэт хотоос ирсэн Ж компанийн сурталчилгаа хийж байсан хүмүүсийн сурталчилгаанд суугаад биднээс нийт 10 гаран хүн тус компанид элсэн орсон. Бүгд хоорондоо ярилцаж байгаад орсон. Миний дансанд бүгд мөнгөө хийгээд би цааш нь Эрдэнэтэд олон удаа сургалтад нь сууж байгаад бүгд орсон байдаг. Орсон хугацаа нь 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр юм. Энэ үйл ажиллагаа нь нэлээд эрчимтэй явагдаж байгаад 2018 оны 2 сард зогссон. Хамтран нийлж оролцсон бүх хүмүүс нийт 60 хүн болсон байсан. Бид маш их хөөцөлдсөний эцэст 2020 онд хэрэг явдал нь шийдэгдэж, одоогийн байдлаар сүүлийн шатандаа явж байгаа гэж Эрдэнэтийн багийн ахлагч Цо гэдэг хүн хэлсэн. Хэрэгт хавсаргасан материал бол одоогийн байдлаар надад байгаа материалууд. Бусад материалууд бүгд шүүхэд байгаа гэж ахлагч хэлсэн. Бүгд л энэ сүлжээний хохирогч болчхоод байна. Миний хувьд энэ хүний мөнгийг аваад залилан мэхлээгүй. Бүгд л нийлж ороод олон хүмүүс хохирсон байхад яагаад би тэр мөнгийг нь аваад залилсан мэт бодож байгаа юм бэ? Өөрөө хүртэл ахлагч хүмүүстэй ярилцаж, өөрийнхөө орсон ороогүйг үзээд байсан атлаа намайг яагаад шүүхэд өгч байгааг би ойлгохгүй байна. Би үнэхээр их гайхаж, гомдож байна” гэжээ.

Хариуцагч нь  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2017 онд нийлж ярилцаад л сүлжээнд орсон. Эрдэнэтийн группт орсон байсан бөгөөд ахлагч нь Цо байсан. Мөнгийг нь би данснаасаа авч, Ж-ын данс руу шилжүүлсэн. Баримтуудаа ахлагчдаа өгчихсөн. Цагдаа шалгаад Улсын дээд шүүх дээр байгаа гэж сонссон. Цагдаагаас намайг дуудаж байгаагүй ч нэхэмжлэгч бид 2 хохирогчоор явж байгаа байх. Би тэтгэврийн хүн учраас төлөх боломжгүй. Ганц нэг хүмүүсийн өрөнд мал мах өгч байсан нь үнэн. Нэхэмжлэгч бас бараа надаас авч байсан. Цагдаа дээр би нэг ч удаа очиж байгаагүй ч ахлагчаасаа асуугаад л явдаг юм, төлөх боломжгүй” гэв.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Б нь  хариуцагч Д.Цд холбогдуулан 2.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Д.Б нь 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хариуцагч Д.Ц-гийн ХААН банкин дах 000000000 дугаарын данс руу 2.500.000 төгрөг шилжүүлсэн болох нь Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байхаас гадна хариуцагч уг мөнгийг хүлээн авсан талаараа маргадаггүй /хх-ийн 5-р хуудас/.

Д.Ц нь 2.500.000 төгрөгийг “...бид Ж компанид өгсөн, надад ямар ч хамааралгүй гэж мэтгэлцэж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 25.1.3, 26 дугаар зүйлийн 26.2, 38 дугаар зүйлийн 38.1, 38.6-д заасны дагуу тайлбараа нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ гүйцэтгээгүй гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл хариуцагч нь нэхэмжлэгчтэй хамт компанийн сүлжээнд элссэн, мөнгийг цааш нь Ж гэх компанийн дансанд шилжүүлсэн, эрүүгийн хэрэгт нэхэмжлэгчтэй хамт хохирогчоор тогтоогдсон байгаа гэх боловч эдгээр нөхцөл байдлыг нотолсон баримтыг огт гаргаж өгөөгүй, шүүхэд энэ талаар хүсэлт гаргаагүй тул түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл байхгүй байна.

Учир нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй тул хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс уг хөрөнгөө буцаан шаардах эрхтэй тул Д.Б нь Д.Ц-гоос  2.500.000 төгрөгийг шаардах эрхтэй гэж шүүх дүгнэв.

Түүнчлэн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийн хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байдаг бөгөөд мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно.

Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүсэхээр мөн зүйлийн 76.2-т заажээ.

Д.Б нь Д.Ц-д  холбогдуулан түүнд шилжүүлсэн 2.500.000 төгрөгийг шаардах эрх нь хөөн хэлэлцэх ерөнхий хугацаанд хамаарч байна.

Иймд Д.Ц-гоос 2.500.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-д олгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-т заасныг баримтлан Д.Ц-гоос 2.500.000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-д  олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ц гоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2,120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    О.ЧУЛУУНЧИМЭГ