Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2021/01130

 

 

 

 

 

2021 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2021/01130

 

 

 

Д.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Г.Даваадорж, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2021/00219 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Бын хариуцагч Д.Цд холбогдуулан гаргасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс 2 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, хариуцагч Д.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Т.Б ХХК-аас тэтгэврийн зээл аваад удаагүй байхад манай нутгийн Д.Ц мөнгийг тань богино хугацаанд өсгөж өгнө гэсэн. 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр түүний Хаан банк ХХК-ийн 5028672205 тоот дансанд 2 500 000 төгрөгийг шилжүүлсэн. Д.Ц мөнгө авсан өдрөөс хойш нэг ч төгрөг өгөхгүй, хэл чимээгүй алга болсон. Сарын дараа өөрийнх нь элссэн сүлжээ дампуурсан, гэхдээ удахгүй өгнө гэж хэлсээр өдийг хүрсэн. Сүлжээний бараа авч байгаагүй. Эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон зүйл огт байхгүй, цагдаагаас нэг ч удаа дуудаж байгаагүй. Иймд Д.Цгоос 2 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2017 оны 01 дүгээр сарын эхээр Эрдэнэт хотоос ирсэн Жи тайм компанийн сурталчилгаанд суугаад тус компанид элсэн орсон. Энэ компанийн үйл ажиллагаа эрчимтэй явагдаж байгаад 2018 оны 02 дугаар сард зогссон. 60 гаруй хүн хамтран оролцсон. 2020 онд компанитай холбоотой эрүүгийн хэрэг сүүлийн шатандаа явж байгаа гэж Эрдэнэтийн багийн ахлагч Цолмонбаатар гэдэг хүн хэлсэн. Би энэ хүний мөнгийг аваад залилан мэхлээгүй. Мөнгийг нь данснаасаа авч, Житаймын данс руу шилжүүлсэн. Баримтуудаа ахлагчдаа өгчихсөн. Цагдаа шалгаад Монгол Улсын Дээд шүүх дээр байгаа гэж сонссон. Цагдаагаас намайг дуудаж байгаагүй ч нэхэмжлэгч бид 2 хохирогчоор явж байгаа байх. Би тэтгэврийн хүн учраас төлөх боломжгүй. Ганц нэг хүмүүсийн өрөнд мал мах өгч байсан нь үнэн. Нэхэмжлэгч надаас бараа авч байсан. Цагдаа дээр би нэг ч удаа очиж байгаагүй ч ахлагчаасаа асуугаад л явдаг юм, төлөх боломжгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-т заасныг баримтлан Д.Цгоос 2 500 000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Цгоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Д.Ц давж заалдах гомдолдоо: Миний бие 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 10 гаруй хүмүүсийн хамт Жи тайм ХХК-д элсэн орсон. Тэр үед Д.Б нь манай дүү н.Жарантайтай хамт ирээд 2,3 удаа ярилцаж байгаад орсон. Миний дансанд 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр мөнгөө хийгээд би цааш нь тус компанийн дансанд хийж, бид сүлжээний компанийн гишүүн болсон. Тэр үед компани хэвийн үйл ажиллагаа явуулж байсан. 2018 оны 02 дугаар сар гаргаад үйл ажиллагаа нь зогсож хохироод үлдсэн. Үүнээс хойш цагдаагаар явсан. Д.Б нь миний дансанд мөнгөө хийсэн учир шүүхэд өгсөн. Бид Эрдэнэт хотын багт орсон багийн ахлагч нь Цолмонбаатар гэдэг хүн байдаг. Үүнийг нь ахлагч тайлбарлаж өгсөн боловч намайг шүүхэд өгсөнд гомдолтой байна. Миний хувьд уг мөнгийг нь тухайн сүлжээний компанид оруулсан гэсэн баримт байхгүй уг мөнгийг төлөхөөр болсон. Мөнгө тушаасан баримтаа тухайн үед тушаасан Эрдэнэт хотын Худалдаа хөгжлийн банк ХХК-аас авч хавсаргасан. Давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Д.Цд холбогдуулан 2 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

Д.Б нь 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 2 500 000 төгрөгийг Д.Цгийн ХААН банк дахь 5028672205 дугаар дансруу шилжүүлсэн үйл баримт талуудын тайлбар, банкны дансны хуулга зэрэг баримтуудаар тогтоогджээ./хх-5, 18, 26-27/

Хариуцагч уг мөнгийг хүлээн авсан гэдгээ зөвшөөрсөн агуулга бүхий тайлбар гаргасан, тэрээр нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ нэхэмжлэгч Д.Бын хамт Жи тайм компанийн гишүүнээр элссэн, ... мөнгийг компанийн дансанд шилжүүлсэн, бид эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон... гэж тайлбарлах боловч нотолсон баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Анхан шатны шүүх, хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан татгалзлын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж зөв дүгнэсэн.

Мөн маргааны үйл баримтыг тогтоохдоо хэргийн оролцогчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт, тэдгээрийн тайлбар зэргийг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээд тухайн хэрэгт ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлж, хариуцагч Д.Быг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Учир нь хариуцагч нь хэлцэл хийх этгээдтэй нэхэмжлэгчийг холбож өгсөн буюу зуучлалын үүрэг гүйцэтгэсэн, эсхүл даалгавар биелүүлсэн, төлөөлөл хэрэгжүүлсэн гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байх ба зохигчдын хооронд ямар нэг үүрэг үүсээгүй гэж үзнэ.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2021/00219 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 54 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Ч.ЦЭНД