Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2023/00022

 

Б.Эгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШШ2022/02473 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 210/МА2022/01950 дугаар магадлалтай,

Б.Эгийн нэхэмжлэлтэй

“Д и” ХХК, “АК” ХХК-д тус тус холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Б.Эгийн нэр дээр бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Нэхэмжлэгч Б.Эгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, хариуцагч “АК” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Б.Э нь “Д и” ХХК, “АК” ХХК-д тус тус холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Б.Эгийн нэр дээр бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШШ2022/02473 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Баянзүрх дүүргийн ...............дугаар хороо, ............-р байрны ........... давхрын......... тоот хаягт байрлах 54 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч Д овогт Б-н Э /ЗИ0000000/-ийн нэр дээр бүртгүүлэхийг хариуцагч Д и ХХК /0000000/, хариуцагч АК ХХК /2761165/ нарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Д и ХХК-аас 35 100 төгрөг, АК ХХК-аас 35 100 төгрөг тус тус гаргуулан Б.Эд олгуулж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 210/МА2022/01950 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШШ2022/02473 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Д и” ХХК, “АК” ХХК-д холбогдуулан гаргасан Баянзүрх дүүрэг, ..........-р хороо, ........., .......... гудамж, ........... дугаар байр, ............ тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч Б.Эгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “АК” ХХК-аас төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч Б.Э хяналтын гомдолдоо: ...Б.Э би 2019.07 сард хариуцагч нартай “Орон сууц худалдах худалдан авах гэрээг байгуулж, орон сууцны үнийг бүрэн төлж байрны түлхүүрийг хүлээн авч 2019.07 сардаа байрандаа нүүн орж одоог хүртэл амьдарч байгаа билээ. Энэ хугацаанд СӨХ болон ашиглалтын зардал /цахилгаан, дулаан ус хангамж/ -ын гэрээг холбогдох байгууллагатай байгуулж төлж байсан болно. Улмаар миний бие хариуцагч нараас үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөхийг шаардахад гаргаж өгөлгүй байсаар сүүлдээ шүүхийн байгууллагад хандаж энэ байдалд хүрээд байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэвээр өгнө үү гэжээ.

5. Хариуцагч нар нь нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих байр суурийг илэрхийлжээ.

6. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2023.01.05-ны өдрийн 001/ШХТ2023/00039 дүгээр тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

7. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.

8. Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч “Д и” ХХК, “АК” ХХК-д холбогдуулан Баянзүрх дүүрэг, ...........-р хороо, .............хотхон,............. гудамж, ......... дугаар байр, ............ тоот орон сууцны өмчлөх эрхийг нэр дээрээ бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Тэрээр нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлохдоо “...“Д и” ХХК нь “АК” ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлсөд тооцож авсан орон сууцаа надад худалдсан, орон сууцны үнийг бүрэн төлсөн, хариуцагч “АК” ХХК нь уг орон сууцыг  худалдахыг зөвшөөрч, надтай бас гэрээ байгуулж, үүрэг хүлээсэн...” гэж заажээ.

9. Хариуцагч “Д и” ХХК нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...“АК” ХХК-аас ажлын хөлсөд тооцож авсан орон сууцыг Б.Эд худалдахаар харилцан тохирч, “АК” ХХК-тай хамт уулзан, өмчлөх эрхийн гэрчилгээг ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэлээр гарна гэдгийг хэлж ойлгуулан, орон сууцыг хүлээлгэн өгсөн, гэвч ажил удаашралтай явагдаж, ажлын хэмжээ бартераар авахаар тохирсон орон сууцны гүйцэтгэлд хүрээгүй, одоогоор бартерын орон сууцны төлбөрийг хэрхэн барагдуулах талаар тохиролцож байна” гэж,

Хариуцагч “АК” ХХК нэхэмжлэлийг татгалзаж, “...нэхэмжлэгчтэй орон сууц захиалгын гэрээ байгуулсан, гэхдээ тухайн орон сууц бартерын орон сууц, төлбөр тооцоо дуусаагүй байгааг сануулж, гэрээний хавсралт 1-д гэрээг дүгнэж, тооцоо нийлсэн акт үйлдсэний дараа захиалагч буюу нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлнэ гэж тодорхой заасан, өөрөөр хэлбэл болзол заасан гэрээ байгуулсан  буюу “Д и” ХХК ажлыг бүрэн гүйцэтгэснээр тооцоо нийлж, орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэх байсан, “Д и” үүргээ биелүүлээгүй тул гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна, түүнчлэн нэхэмжлэгчээс манайх мөнгө хүлээж аваагүй” гэж тус тус мэтгэлцсэн байна.

10. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр гэж үзэж, нэхэмжлэгч нь орон сууцны үнэ төлөх үүргээ биелүүлсэн тул өмчлөх эрх шилжүүлэх гэрээний үүргийг хангуулахаар хариуцагч нараас  шаардах эрхтэй гэж дүгнэн, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ.

Харин давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо “...нэхэмжлэгч Б.Э, хариуцагч “АК” ХХК-ийн хооронд байгуулагдсан орон сууц худалдах гэрээний хавсралт 1-д “ “АК” ХХК болон “Д и” ХХК-ийн хооронд 2019.07.17-ны өдөр байгуулагдсан карказ угсралтын ажил гүйцэтгэх гэрээний үүрэг энэхүү гэрээний дүнд тохирсон хэмжээгээр биелэгдсэнээр төлбөр тооцоо дуусгавар болно” гэж заасан /хх-50/, “Д и” ХХК, “АК” ХХК-ийн хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг дуусгавар болсон гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, хариуцагч “Д и” ХХК нь гэрээний дагуу ажлыг гүйцэтгэж хүлээлгэн өгөөгүй болохыг хүлээн зөвшөөрсөн /хх-43/, энэ тохиолдолд нэхэмжлэгч Б.Э нь орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгуулах  шаардлага гаргах эрхгүй, хариуцагч “АК” ХХК-ийг үүргээ биелүүлээгүй гэж буруутгах үндэслэлгүй” гэсэн эрх зүйн дүгнэлтийг хийсэн байна.

11. Хоёр шатны шүүх гэрээний нөхцөлийг тайлбарлахдаа Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 198.2-т заасан хэм хэмжээг зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн, давж заалдах шатны шүүх гэрээний талууд, талуудын хүлээсэн үүрэг, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглээгүй тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзэв.

12. Б.Э болон “АК” ХХК-ийн байгуулсан 2019.07.26-ны өдрийн орон сууц худалдах гэрээ, Б.Э болон “Д и” ХХК-ийн байгуулсан 2019.07.27-ны өдрийн орон сууц худалдах-худалдах авах эдгээр гэрээ нэхэмжлэлийн үндэслэл болжээ. /хх-ийн 4-6, 46-49-р тал/

Хариуцагч “АК” ХХК болон “Д и” ХХК 2019.07.17-ны өдөр карказ угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр “Д и” ХХК нь Баянзүрх дүүрэг, ........... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .............. хотхон хорооллын А1, D3 блокын карказ угсралтын ажлыг хийж гүйцэтгэх, “АК” ХХК нь ажлын хөлсөд тооцон маргаан бүхий 51 тоот орон сууцыг өгөхөөр тохирсон, үүнээс гадна нэхэмжлэгч Б.Э нь “Д и” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу түүнд орон сууцны үнэ 102,600,000 төгрөгийг төлж, гэрээний зүйл болох орон сууцны эзэмшлийг 2017 оны 09 сард шилжүүлэн авсан үйл баримтыг зохигч маргаагүй байна.

Түүнчлэн “АК” ХХК Б.Э нар худалдах-худалдан авах гэрээг байгуулж, орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж авах нөхцөлийг тохирсон, гэрээний хавсралт 1-д “...маргаж буй орон сууцны төлбөр 100 хувь төлөгдсөнийг дурдаад, “АК” ХХК болон “Д и” ХХК-ийн хооронд 2019.07.17-ны өдөр байгуулагдсан карказ угсралтын ажил гүйцэтгэх гэрээний үүрэг энэхүү гэрээний дүнд тохирсон хэмжээгээр биелэгдсэнээр төлбөр тооцоо дуусгавар болж, орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлнэ...” гэсэн нөхцөл тусгагджээ.

13. Дээрх гэрээнүүдийн агуулгаас үзвэл нэхэмжлэгч орон сууцыг худалдан авч  үнийг төлөх, “Д и” ХХК нь орон сууцыг нэхэмжлэгчид худалдаж байгаа боловч орон сууцны өмчлөгч нь “АК” ХХК учраас ажлын хөлсөд тооцож өгсөн орон сууцыг худалдахыг зөвшөөрсөн, харин орон сууцны өмчлөгчийн хувьд нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахдаа “ “Д и” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэлийг дүгнэж, төлбөр тооцоо дуусгавар болсноор орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч этгээдэд шилжүүлнэ” гэсэн нөхцөлийг харилцан тохирчээ.

14. Талуудын байгуулсан гэрээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулсан, бөгөөд худалдах-худалдан авах гэрээг амаар болон бичгээр байгуулж болно. Харин өмчлөх эрх шилжүүлэх хэлцлийн хэлбэрийг Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 109.3, 110 дугаар зүйлийн 110.1-д заасан. Талууд гэрээг бичгээр байгуулсан, худалдан авагч болох Б.Э нь орон сууцны үнийг бүрэн төлж, орон сууцыг эзэмшилдээ авсан бөгөөд “орон сууцны өмчлөх эрхийг нэр дээрээ шилжүүлэхийг хариуцагч нарт даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага нь өмчлөх эрх шилжүүлэх гэрээний нөгөө талын үүргийг хангуулах буюу гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангуулах агуулгатай байна.

15. Нэхэмжлэгч нь орон сууцны үнийг бүрэн төлж, орон сууцыг эзэмшилдээ авсан нь тогтоогджээ.

Б.Э, хариуцагч “АК” ХХК-ийн хооронд байгуулагдсан орон сууц худалдах гэрээний хавсралт 1-д “ “АК” ХХК болон “Д и” ХХК-ийн хооронд 2019.07.17-ны өдөр байгуулагдсан карказ угсралтын ажил гүйцэтгэх гэрээний үүрэг энэхүү гэрээний дүнд тохирсон хэмжээгээр биелэгдсэнээр төлбөр тооцоо дуусгавар болно, ингэснээр өмчлөх эрхийг шилжүүлэх” тухай тохиролцоо нь болзол заасан шинжтэй боловч “болзол бий болсон” үйл баримтыг хариуцагч “АК” ХХК хангалттай нотлоогүй байна.

Нэхэмжлэгч Б.Э орон сууцны үнийг бүрэн төлсөн гэдгийг “АК” ХХК мэдэж байсан бөгөөд энэ талаар гэрээнд  тусгасан атлаа “Д и” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэлийг дүгнэсний дараа өмчлөх эрхийг нэхэмжлэгч талд шилжүүлнэ гэж тохирсон нь нөгөө талаасаа агуулгын хувьд ойлгомжгүй, тодорхой бус гэж үзэхээр байна. Зүй нь “АК” ХХК ажил гүйцэтгэх гэрээг дүгнэсний үндсэн дээр орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлнэ гэж байгаа бол үүнээс хамаарч нэхэмжлэгч орон сууцны үнийг төлөх эсэх асуудлыг ч гэрээгээр тохирох байсан бөгөөд энэ талаар тохирсон, гэрээнд тусгасан зүйл байхгүй байна. Иймд “Д и” ХХК болон “АК” ХХК-ийн хооронд байгуулагдсан карказ угсралтын ажил гүйцэтгэх гэрээний үүрэг дуусгавар болоогүй асуудал нь худалдах-худалдан авах гэрээнд нөлөөлөхгүй, “АК” ХХК орон сууцны үнийг төлөхийг зөвшөөрснөөр нэхэмжлэгч нь үүргээ биелүүлсэн тул өмчлөх эрх шилжүүлэх гэрээний үүргийг хангуулахыг шаардах эрхтэй. Энэ талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй гэж үзнэ.

16. Нэхэмжлэгч Б.Э нь “...орон сууцыг зарна гэсэн зарын дагуу очиж үзэхэд “Д и” ХХК нь “АК” ХХК-иас ажлын хөлсөд тооцон авсан орон сууцыг худалдах гэж байгаа гэсэн тул “АК” ХХК-тай уулзсан, уг орон сууцыг худалдан авч, үнийг төлөхийг зөвшөөрсөн тул аль алинтай нь бичгээр гэрээ байгуулсан, “АК” ХХК ийнхүү зөвшөөрөөгүй бол худалдаж авахгүй байсан..., орон сууцны үнийг төлсөн тул өмчлөх эрхээ шилжүүлж авах хүсэлтэй...” гэх тайлбараа хариуцагч нартай байгуулсан гэрээ, орон сууцны үнэ төлсөн баримт, орон сууцыг эзэмшилдээ шилжүүлж авсан үйл баримтаар нотолж, гэрээний үндсэн дээр өмчлөх эрх үүссэн үндэслэлийг нотолсон байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 210/МА2022/01950 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШШ2022/02473 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Н.БАЯРМАА

                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Г.АЛТАНЧИМЭГ

                          ШҮҮГЧИД                                                            П.ЗОЛЗАЯА

                                                                                                       Д.ЦОЛМОН

                                                                                                      Х.ЭРДЭНЭСУВД