Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2021/00449

 

   2021          02             26                                              183/ШШ2021/00449

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн .............. тоот хаягт оршин суух, Х овогт Б.А /РД:00000000/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн .............. тоот хаягт оршин суух, Б овогт Ц.Ц /РД:00000000/-д холбогдох,

2019-03-21-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус бус хэлцэл болохыг тогтоолгож, буцаан 46.999.791 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ө, Х.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Халиун нар оролцов.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.А шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр бичгээр хэлцэл байгуулсан нь худалдах худалдан авах гэрээний харилцаа гэж үзэх бөгөөд тухайн хэлцлээр Б суманд байрлах 2 өрөө орон сууцыг төлбөрт нь газар хашаа байшин оролцуулан 45.000.000 төгрөгөөр худалдан авахаар болсон. Улмаар нэхэмжлэгч хариуцагчийн хүүгийн данс руу нийт 25.000.000 төгрөгийг шилжүүлсэн ба 20.000.000 төгрөгт тооцож, Хан-Уул дүүргийн ................. тоот хаягт байрлах газрыг шилжүүлэн өгч, тухайн тохирсон байрандаа орсон. Гэтэл энэ байр Цийн өмчлөл биш байсан тул гэрчилгээ гарахгүй байгаа. Тэгсэн атлаа хашаа байшинг маань шилжүүлээд авчихсан. Өмгөөлөгч нарын хувьд уг гэрээ анхнаасаа хууль зөрчсөн буюу Иргэний хуулийн 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хууль зөрчсөн хэлцэл гэж үзэж байгаа тул 56.5-аар үр дагаврыг шаардаж байна. Тодруулбал шилжүүлсэн 25.000.000 төгрөг, хашаа байшингийн үнэ 20.000.000 төгрөг, мөн нэхэмжлэгчийн тухайд орон сууц авахаар 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Голомт банкнаас зээл авсан тул хүүд төлсөн төлбөр 1.999.791 төгрөг, нийт 46.999.791 төгрөг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Ц.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ц.Цийн тавьсан зарын дагуу нэхэмжлэгч ирээд 45.000.000 төгрөгөөр орон сууц худалдан авахаар болж, 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр М ХХК-тай түүнийг уулзуулсан байдаг. Тухайн компанийн захирал Б.Г нь нэхэмжлэгчид ... Ц-ид авлагад өгсөн нь үнэн бөгөөд таны нэр дээр шилжүүлж өгнө гэж албан бичиг хийж өгсөн байдаг. Ц энэ компаниас авах авлага одоо ч дуусаагүй, мөнгийг цувуулж өгсөөр 25.000.000 төгрөг өгсөн гэдэг нь үнэн ба хашаа байшинг 20.000.000 төгрөгт тооцож авсан. Одоо нэхэмжлэгч энэ байрандаа байсаар байна. Хуурч мэхэлж анхнаасаа худлаа яриагүй, өөр хүний нэр дээр байгааг нэхэмжлэгч мэдэж байсан. Үүрэг нь М ХХК-д шилжсэн ба хохирол ч төлөх үүрэг Ц-ид байхгүй. Ц 45.000.000 төгрөгийг төлөх үүрэггүй, харин М ХХК байрны гэрчилгээг А-гийн нэр дээр гаргаж өгөх үүрэгтэй. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

        Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

           Шүүх нэхэмжлэгч Б.А-гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах” хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, хэлцлээр шилжүүлсэн 45.000.000 төгрөгийг, хохирол 1.999.791 төгрөгийн хамт  гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хариуцагч Ц.Ц-ид холбогдуулан гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцуулах гэдэг байдлаар тодруулсан байна.      

Маргаж буй 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн хэлцэл нь Б.А, Ц.Ц нарын хооронд хийгдсэн, гэрээний дагуу Т аймгийн Б сум 0 дүгээр баг .............. тоот  орон сууцыг 45.000.000 төгрөгөөр Б.А худалдан авахаар,  25.000.000 төгрөгийг мөнгөн хэлбэрээр, үлдэх 20.000.000 төгрөгт Хан-Уул дүүргийн ................. тоот хаягт байрлах 586 м.кв газрын өмчлөх эрхийг Ц.Ц-ийн нэр дээр шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна.

Уг гэрээг нэхэмжлэгч нь “нотариатаар баталгаажуулаагүй, мөн өөрийн өмчлөлийн бус зүйлийг худалдан борлуулахаар гэрээ хийж байгаа нь хууль зөрчсөн” гэх  үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэдэг бол хариуцагчийн төлөөлөгч  “анхнаасаа М ХХК-ийн нэр дээр байсныг нэхэмжлэгч мэдэж байсан, гэрчилгээ гаргаж өгөх үүрэг тус компанид шилжсэн, хэлцэл хуулийн дагуу хийгдсэн хүчин төгөлдөр” гэдэг тайлбар гаргаж, шаардлагыг хэрэгсэхгүй болгуулах байр сууринаас мэтгэлцдэг.

Хэргийн баримтаас үзэхэд талууд хэлцэл байгуулсны дараа Б.А тухайн орон сууцыг хүлээн авч амьдарсан, Ц.Ц нь мөнгөн хэлбэрээр 25.000.000 төгрөг, газрыг 20.000.000 төгрөгт тооцож шилжүүлэн авсан байх ба талууд энэ талаар маргадаггүй.

Гагцхүү нэхэмжлэгч дээрх хэлцэл нь эрхийн зөрчилтэй, хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн буюу нотариатаар баталгаажуулж, улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул хүчин төгөлдөр бус хэлцэл, тиймээс хэлцлээр шилжүүлсэн зүйлсээ хохирлын хамт гаргуулна гэдэг.

Хариуцагч тал гэрээ хүчин төгөлдөр, орон сууцны гэрчилгээг “М” ХХК гаргаж өгөх үүрэгтэй байсан гэж татгалздаг.

Шүүх 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн ба утга агуулгаараа хууль зөрчсөн, эрх зүйн хэлбэрт ороогүй, талуудын эрх ашгийг хохироосны улмаас эрх зүйн үр дагаварт хүрч чадаагүй, өөрөөр хэлбэл иргэний эрх зүйн харилцааг хууль зүйн дагуу үүсэх өөрчлөгдөх, дуусгавар болох үндэслэл болоогүй учраас хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэж үзлээ.

Тодруулбал худалдах худалдан авах гэрээний тухайд хэлбэрийн хувьд заавал тэр дундаа гэрээний зүйл нь үл хөдлөх эд хөрөнгө байгаа тохиолдолд гэрээг нотариатаар гэрчлүүлнэ гэсэн хуулийн шаардлага нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-д байна.

Энэ нь үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлнэ.

Мөн хэлцлийн хэлбэрийн хувьд нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг нотариат буюу хуульд заасан бусад этгээдээр гэрчлүүлэхээр заажээ.

Хэдийгээр хэлцэл бичгээр байгуулагдсан ч нотариатаар гэрчлүүлэх хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн байх тул хүчин төгөлдөр бус хэлцэл болно.

Хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчих нь зарчмын хувьд тухайн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцоход хүргэх талаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуульчилжээ.

Хэрэгт цугларсан баримтаар Т аймгийн Б сум 0 дүгээр баг ..........  орон сууцны өмчлөх эрх анх 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр М ХХК-ийн өмчлөлд бүртгэгдэж, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр зээлийн барьцааны бүртгэл хийгдсэн байх тул талууд 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр тухайн байгуулсан хэлцлийг нотариатаар гэрчлүүлэх боломжгүй, энэ гэрээ анхнаасаа эрхийн доголдолтой хууль зөрчиж хийгдсэн хэлцэл байна.

Нэгэнт хүчин төгөлдөр бус хэлцэл учраас хэлцлээр шилжүүлсэн зүйлийг нөгөө талаасаа шаардаж байгаа нь үндэслэлтэй учир 25.000.000 төгрөгийг,  2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн ................. тоот хаягт байрлах 586 м.кв  газар П.Ч-д /Ц.Цийн зөвшөөрлөөр/  шилжсэн байх тул түүний үнэ 20.000.000 төгрөгийг, нийт 45.000.000 төгрөгийг Ц.Ц-аас гаргуулах нь хуульд нийцнэ.

Харин хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд гэж үзэн хариуцагчаас 1.999.791 төгрөг нэхэмжилж байгааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь дээрх хэлцлийг байгуулахад хариуцагч дангаараа буруутай гэж үзэхгүй ба гэрч Б.Г-ын “...албан бичиг 2 удаа хийж өгч байсан, манай нэгдлийн тооцоотой тэр байрыг шууд Цийн нэр дээр болно гэсэн бичиг хийж өгч байсан” гэх мэдүүлэг, мөн 2019 оны 03 дугаар сарын 21-ний хэлцэлд “.... тус 2 өрөө 48 м.кв байрыг ажлын хөлсөнд М ХХК-иас авсан болно” гэж тусгагдсан байгаагаас үзвэл нэхэмжлэгч нь тухайн орон сууцны өмчлөх эрх тодорхойгүй байхад шалгаж тодруулалгүй хайхрамжгүй хандсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Түүнчлэн хэлцэл байгуулагдахаас нэг сарын өмнө буюу 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Голомт банк ХХК-иас авсан цалингийн зээлийг орон сууц худалдан авах зорилгоор зээлсэн гэж шууд ойлгох боломжгүй байгааг дурдах нь зүйтэй.

       

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                      ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д  зааснаар  талуудын хооронд орон сууц худалдах, худалдан авах зорилготойгоор байгуулагдсан 2019 оны 03 дугаар сарын 21-ний хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзсүгэй.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар 45.000.000 төгрөгийг хариуцагч Ц.Ц-аас гаргуулан нэхэмжлэгч Б.А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.999.791 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 392.950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ц.Ц-аас 382.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.А-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг, шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                           О.ЧУЛУУНЧИМЭГ