Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2021/00789

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2021/00789

 

 

 

Б.Агийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2021/00449 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Агийн хариуцагч Ц.Цид холбогдуулан гаргасан худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулж, гэрээний үүрэгт шилжүүлсэн 25 000 000 төгрөг, мөн газрын үнэд 20 000 000 төгрөг, хохиролд 1 999 791 төгрөг нийт 46 999 791 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Наранзул, Б.Өлзийбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэнханд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюун-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Талууд 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр бичгээр хэлцэл байгуулсныг худалдах-худалдан авах гэрээний харилцаа гэж үзэх бөгөөд тухайн хэлцлээр би Батсүмбэр суманд байрлах 2 өрөө орон сууцыг төлбөрт нь газар, хашаа байшин оролцуулан 45 000 000 төгрөгөөр худалдан авахаар болсон. Улмаар хариуцагчийн хүүхдийн данс руу нийт 25 000 000 төгрөгийг шилжүүлсэн ба 20 000 000 төгрөгт Хан-Уул дүүргийн ...дүгээр хороо, Арьс ширний 2 дугаар гудамжны ..... тоот хаягт байрлах газрыг тооцон шилжүүлэн өгч, тухайн тохирсон орон сууцандаа орсон. Гэтэл энэ орон сууц нь Ц.Цийн өмчлөл биш байсан тул гэрчилгээ гарахгүй байгаа. Дээрх хэлцэл анхнаасаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хууль зөрчсөн хэлцэл гэж үзэж байгаа тул мөн зүйлийн 56.5 дах хэсэгт зааснаар үр дагаврыг шаардаж байна.

Иймд дансаар шилжүүлсэн 25 000 000 төгрөг, хашаа байшингийн үнэ 20 000 000 төгрөг, мөн нэхэмжлэгчийн тухайд орон сууц авахаар 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Голомт банкнаас зээл авсан тул зээлийн хүүд төлсөн 1 999 791 төгрөг, нийт 46 999 791 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Зарын дагуу нэхэмжлэгч ирж уулзан 45 000 000 төгрөгөөр орон сууцыг худалдан авахаар болсон учир түүнийг 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Монгол Дайвин ХХК-ийн удирдлагатай уулзуулсан. Тухайн компанийн захирал Б.Ганбаатар нь нэхэмжлэгчид орон сууцыг таны нэр дээр шилжүүлж өгнө гэсэн албан бичиг хийж өгсөн. Ц.Ц энэ компаниас авах авлага одоо ч дуусаагүй. Нэхэмжлэгчээс орон сууцны мөнгийг цувуулж өгсөөр нийт 25 000 000 төгрөг өгсөн гэдэг нь үнэн ба хашаа байшинг 20 000 000 төгрөгт тооцож авсан. Одоо нэхэмжлэгч энэ байрандаа байсаар байна. Хуурч мэхэлж анхнаасаа худлаа яриагүй, өөр хүний нэр дээр байгааг нэхэмжлэгч мэдэж байсан. Үүрэг нь Монгол Дайвин ХХК-д шилжсэн ба хохирол ч төлөх үүрэг Ц.Цид байхгүй. Ц.Ц 45 000 000 төгрөгийг төлөх үүрэггүй, харин Монгол Дайвин ХХК байрны гэрчилгээг Б.Агийн нэр дээр гаргаж өгөх үүрэгтэй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар талуудын хооронд орон сууц худалдах, худалдан авах зорилготойгоор байгуулагдсан 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар 45 000 000 төгрөгийг хариуцагч Ц.Цаас гаргуулан нэхэмжлэгч Б.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 999 791 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 392 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ц.Цаас 382 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ад олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэнханд давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй.

Талуудын хооронд хийсэн хэлцэл нь утга агуулгаараа хууль зөрчсөн гэдгийг нотолсон баримт байхгүй. Харин үл хөдлөх хөрөнгийг худалдан авахаар бичгээр хэлцэл хийж өмчлөх эрхийг шилжүүлэх талаар Б.Адьяа, Ц.Ц нар нь харилцан тохиролцож тухайн үед нэрийг шилжүүлэх гэж байсан Монгол Дайвин ХХК нь орон сууцны өмчлөх эрхийг Б.Цэрэндашид шилжүүлэлгүйгээр шууд Б.Адьяад нэрийг шилжүүлэн өгөхөөр үүрэг хүлээж тохиролцсон байдаг. Тийм ч учраас худалдан авсан байрандаа нэхэмжлэгч шууд орж үнийг нь төлсөн бөгөөд одоо ч гэсэн Б.Адьяа уг байранд амьдарч байгаа талаар зохигчид болон гэрч Б.Ганбаатар мэдүүлсэн байдаг.

Бодит байдал дээр ийм нөхцөл байдал үүссэн нь нотлох баримтаар тогтоогдсон байхад ... хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчих нь зарчмын хувьд тухайн хэлцлийг хүчин төгөлдөр буст тооцоход хүргэх талаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуульчилжээ. гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч худалдан авсан орон сууцны үнийг төлж Монгол Дайвин ХХК нь Ц.Цид ажлын хөлсөнд шилжүүлсэн орон сууцны эрхийн гэрчилгээг шууд Б.Адьяад шилжүүлэн өгөх үүрэг хүлээсэн учраас уг компанийг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх үндэстэй юм. Тийм ч учраас Монгол Дайвин" ХХК-ийг гуравдагч этгээдээр татан оролцуулах хүсэлтийг гаргасан боловч шүүх хангаагүй болно.

Шүүх Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 109.3 дах хэсэгт заасныг буруу хэрэглэсэн байна. Хүсэл зоригийн илэрхийлэл нь хэлцлийн мөн чанар байдаг учраас Ц.Ц болон Б.А нарын хүсэл зориг хүчин төгөлдөр болно. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж гарын үсэг зурсан бол бичгээр хийх хэлцлийг хийсэн гэж үзнэ гэж заасан.

Монгол Дайвин ХХК нь Ц.Цид өгөх ажлын хөлсөд тооцон дээрх орон сууцны өмчлөх эрхийг Б.Ад шилжүүлэн өгөхөөр 3 тал харилцан тохиролцсон учир Монгол Дайвин ХХК-ийг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх үндэслэлтэй. Энэ үйл баримт нь хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг, уг компанийн 3 удаа бичсэн албан бичиг зэргээр нотлогдож байхад шүүх баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3 дах хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүй.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3 дах хэсэгт заасны дагуу Б.А нь тус компаниас үүргийн гүйцэтгэлийг шаардаж болох бөгөөд Монгол Дайвин ХХК нь үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл түүний хүлээсэн үүрэг хэвээр байна.

Иймд байрны үнэ 45 000 000 төгрөгийг Ц.Цаас гаргуулан шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээ болон найруулгын хувьд өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Ц.Цид холбогдуулан гаргасан худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулж, гэрээний үүрэгт шилжүүлсэн 25 000 000 төгрөг, мөн Хан-Уул дүүргийн ....дүгээр хороо, Арьс шир 2 гудамж, 1.... тоотод байрлах газрыг буцаан гаргуулж, хохиролд 1 999 791 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад газрыг буцаан шилжүүлэх шаардлагаа газрын үнэ болох 20 000 000 төгрөг гаргуулах гэж өөрчилж, бусад шаардлагыг дэмжин оролцжээ. Тэрээр нэхэмжлэлийн үндэслэлээ ...талуудын хооронд байгуулсан хэлцэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэл учир гэрээгээр шилжүүлсэн эд хөрөнгийн үнийг гаргуулна гэж тайлбарласан байна. /хх150/

Хариуцагч нь ...Б.А нь орон сууцыг Монгол Дайвин ХХК-ийн өмчлөлийн хөрөнгө гэдгийг мэдэж байсан, үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх үүрэг Монгол Дайвин ХХК-д шилжсэн учир хариуцах этгээд биш гэх үндэслэл заан нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргажээ.

Хэргийн 6 дах талд 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөр огноолсон Б.А, Ц.Ц нарын гарын үсэг бүхий бичгийн баримт авагдсан байна. Уг баримтад Төв аймгийн Батсүмбэр сум дах Монгол Дайвин ХХК-ийн барьсан 2 өрөө орон сууцыг иргэн Б.Ад, Ц.Ц нь 25 000 000 төгрөг бэлнээр, Хан-Уул дүүргийн ... хороо, Арьс ширний 2 гудамж, ..... тоот хаягтай хашаа байшинг 20 000 000 төгрөгөөр бодож нийт 45 000 000 төгрөгөөр солилцсон болно. Тус хоёр өрөө 48 м.кв талбай байрыг ажлын хөлсөнд Монгол Дайвин ХХК-аас авсан болно гэсэн агуулга тусгагджээ.

Талуудын хүсэл зоригийн илэрхийллээс үзвэл тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээний агуулгатай хэлцэл хийгдсэн байна. Уг арилжааны гэрээний зүйл нь үл хөдлөх эд хөрөнгө учир хэлцлийг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг Иргэний хуулийн 109 дүгээр зүйлд заажээ.

Зохигчдын хийсэн хэлцэл нь дээрх хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ. Үүний улмаас мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дах хэсэгт зааснаар хэлцэл хийсэн талууд нь хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэг үүснэ.

Нэхэмжлэгч Б.А нь хэлцлээр шилжүүлэн авсан орон сууцанд амьдарч байгаа, хариуцагч Ц.Цийн хувьд хэлцлээр тохирсон хэмжээний мөнгийг бэлнээр авч, үлдэх төлбөрт нь Б.Агийн өмчлөлд бүртгэлтэй газрын эрхийг шилжүүлэн авсан, улмаар бусдад худалдсан үйл баримт хэрэгт авагдсан газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ, зохигчдын тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдсон байна. /хх44, 49, 149/

Иймээс нэхэмжлэгч нь хариуцагчаас бэлнээр шилжүүлсэн 25 000 000 төгрөг, газрын үнэ болох 20 000 000 төгрөг, нийт 45 000 000 төгрөг гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дах хэсэгт заасантай нийцнэ.

Анхан шатны шүүх хүчин төгөлдөр бус хэлцэл болон түүний үр дагаврын талаар хуулийн үндэслэл бүхий дүгнэлт хийж, хариуцагчаас 45 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс хохирол шаардсан хэсгийг нэхэмжлэгчийн Голомт банк ХХК-аас авсан цалингийн зээлийг орон сууц худалдан авах зорилгоор зээлсэн гэх үндэслэлгүй гэх агуулгаар дүгнэж, 1 999 791 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хэлцэл нь анхнаасаа хүчин төгөлдөр бус байх хэлцэл учир шүүхээс тухайн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцох шаардлагагүй байдаг. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хасч, найруулгын хувьд өөрчлөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Хариуцагч нь ...Монгол Дайвин ХХК нь хамтран үүрэг гүйцэтгэгч бөгөөд түүний үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн өгөх үүрэг хэвээр байгаа тул гуравдагч этгээдээр татан оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хангаагүй нь буруу гэх агуулгаар давж заалдах гомдлын үндэслэлээ тайлбарласан байна.

Маргааны зүйл болох 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн хэлцэлд оролцсон талууд нь Б.А, Ц.Ц нар байх бөгөөд тухайн хэлцэлд эрх эдэлж, үүрэг хүлээхээр хүсэл зоригоо илэрхийлээгүй Монгол Дайвин ХХК-ийг хэлцлийн нэг тал буюу үүрэг хүлээсэн этгээд гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, үүрэг гүйцэтгэгч бус этгээдийг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасан хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэхгүй.

Түүнчлэн, нэхэмжлэгч нь хариуцагчаа өөрөө тодорхойлох эрхтэйгээс гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дах хэсэгт шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал тогтоогдсоноор шүүх шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь болон зохигчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах-аар зохицуулсан. Маргааны үйл баримтаас үзвэл, Монгол Дайвин ХХК-ийн эрх, үүрэг хөндөгдөх нөхцөл бүрдээгүй байх тул хариуцагчийн хүсэлтийг анхан шатны шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгахгүй.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2021/00449 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дах заалтыг нэгтгэж 1 болгон, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56 дугаар зүйлийн 56.5 дах хэсэгт зааснаар хариуцагч Ц.Цаас 45 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 999 791 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, 3 дах заалтын дугаарыг 2 гэж, 4 дэх заалтын дугаарыг 3 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 382 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Ч.ЦЭНД