Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2021/00480

 

    2021          03             02                                              183/ШШ2021/00480

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ............ тоот хаягт байрлах Б овогт О.Н /РД:0000000/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, .............. тоот хаягт байрлах “И” ХХК /РД:000000/-д холбогдох,

2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 3 дугаартай зээл болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 3 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 00000000 дугаарын эзэмших эрхийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй, зээлийн гэрээний үүрэгт 62.486.760 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З, нарийн бичгийн даргаар Б.Халиун нар оролцов.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж тайлбарлахдаа: О.Н нь 2019 оны 04 дүгээр 10-ны өдөр 3 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 27.000.000 төгрөгийг сарын 2,5 хувийн хүүтэйгээр зээлж авсан бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээг сунгаж, 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл сунгасан. Сунгахдаа хүүг 3 хувь болгосон ба 26.135.000 төгрөгийг зээлээгүй байж гэрээ хийсэн гэсэн үг. Одоо 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 3 дугаартай зээл болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 2020 оны 04 дугаар сарын 10-ны өдрийн 3 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 00000000 дугаарын эзэмших эрхийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Ер нь бол 27.000.000 төгрөг авсан талаараа бол маргаагүй. Үндсэн зээлийн тухайд нийт 4.050.000 төгрөгийн хүү болж байгаа. Сунгалтын 12 сарын хугацааны  3 хувийн хүү нь 9.720.000 төгрөг, нийт хүү 13.770.000 төгрөг болдог. Нийт манайх 22.223.100 төгрөгийн буцаан төлөлт хийсэн байдгаас шимтгэл 540.000 төгрөгт гэж үзвэл, 21.682.350 төгрөг болж байна. Үүнээс хүү 13.770.000 төгрөгөө хасахаар 7.912.350 төгрөг үлдэнэ. Үндсэн 27.000.000 төгрөгөөс 7.912.350 төгрөгийг хасахаар 19.857.650 төгрөг болж байгаа гэж ойлгоно. Ингээд алданги 95.438 төгрөгийг нэмэхээр 19.948.594 төгрөг болж байгаа. Гэхдээ эхний гэрээ хууль зөрчиж хийгдсэн, тодруулбал зээлдүүлэгч ББСБ биш байсан бөгөөд ломбардын тухайд MNS шаардлагын 7.4-т зааснаар барьцаагүй зээл олгож болохгүй бөгөөд утасны эрх бол барьцаа биш тул барьцааны гэрээ хүчингүй, барьцаа хүчингүй учраас дагаад зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр байх боломжгүй. Мөн 2020-04-10-ны өдрийн 3 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр 26.135.000 төгрөг зээлж аваагүй тул Иргэний хуулийн 282.4-т зааснаар мөн хүчингүй юм. Иймд үр дагаврын хувьд 00000000 дугаарын эзэмших эрхийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай шаардлага гаргаснаа дэмжиж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: И ХХК нь О.Нтай 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр №3 тоот Зээлийн гэрээг байгуулж, 27.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатайгаар, сарын 2.5 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Талуудын хооронд байгуулагдсан дээрх Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1; мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т тус тус заасны дагуу байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээ юм. Мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд мөн өдөр №03 тоот Барьцааны гэрээг байгуулсан бөгөөд тус гэрээгээр зээлдэгч нь өөрийн эзэмшлийн үүрэн холбооны 9911-7372 дугаарыг барьцаалуулсан. Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн №3 тоот барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1 дэх хэсэг, 154.3 дахь хэсэг, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээ юм. Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн №3 дугаар Зээлийн гэрээ болон барьцааны гэрээ нь хууль зөрчөөгүй, хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээ тул тус гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бусд тооцох хууль зүйн үндэслэлгүй болно. Нэхэмжлэгч нь тус шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа “Барьцаалан зээлдүүлэх ерөнхий шаардлага ММ55274-2003 стандартын 7 дугаар зүйлийн 7.4, 7.6 болон 7.10 дахь заалтыг үндэслэн байна. Гэвч хариуцагчийн зүгээс Барьцаалан зээлдүүлэх ерөнхий шаардлагын дээрх заалтуудыг зөрчөөгүй бөгөөд зээлийн барьцаанд 00000000 дугаарын эзэмших эрхийг барьцаалсан ба 2019-04-10-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээг нэхэмжлэгч нь өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр, сайн дураараа байгуулсан юм. Өөрөөр хэлбэл манай байгууллагын зүгээс хүч хэрэглэх, хууран мэхлэх замаар 2019-04-10-ны өдрийн №3 дугаар Зээлийн болон барьцааны гэрээг байгуулаагүй бөгөөд нэхэмжлэгч нь дээрх гэрээг өөрийн хүсэл зоригийн дагуу байгуулж, зээлийн хөрөнгийг хүлээн авсан болохоо нэхэмжлэлд тодорхой дурдсан байдаг. Мөн 2020-04-10-ны өдрийн 3 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ нь хүчин төгөлдөр бөгөөд 26.135.000 төгрөгийг нэн даруй бэлнээр хүлээлгэн өгсөн юм. Нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь дээрх байдлаар хууль зүйн үндэслэлгүй бөгөөд талуудын хүсэл зоригийн үндсэн дээр байгуулагдсан гэрээг Барьцаалан зээлдүүлэх ерөнхий шаардлага зөрчсөн гэх шалтгаанаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсгийг үндэслэн хүчин төгөлдөр бусд тооцох хууль зүйн үндэслэл байхгүй болно. Иймд нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн  шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд тайлбарлахдаа: И ХХК нь О.Н-тай 2019.04.10-ны өдөр №3 тоот Зээлийн гэрээг байгуулж, 27.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатайгаар, сарын 2.5 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд мөн өдөр №03 тоот Барьцааны гэрээг байгуулсан бөгөөд тус гэрээгээр зээлдэгч нь өөрийн эзэмшлийн үүрэн холбооны 00000000 дугаарыг барьцаалуулсан. Талуудын хооронд байгуулагдсан 2019.04.10-ны өдрийн №03 тоот Зээлийн болон барьцааны гэрээний хугацаа дуусгавар болоход зээлдэгч О.Н нь зээлийн хүүгийн төлбөрийг төлсөн бөгөөд зээлийн үндсэн төлбөрийг төлж барагдуулаагүй. Зээлдэгчийн хүсэлтийн дагуу, талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр 2019-10-10-ны өдөр “Гэрээний хугацаа сунгах гэрээ”-г байгуулж, 2019.04.10-ны өдөр байгуулагдсан №3 тоот Зээлийн болон Барьцааны гэрээг 1 жилийн хугацаатайгаар сунгаж, зээлийн хүүгийн хэмжээг 3 хувь байхаар харилцан тохиролцсон. /Зээлдэгч О.Н нь 2019.10.10-ны өдөр байгуулсан гэрээний хугацаа сунгах гэрээнд заасны дагуу 2019.11.11-2020.04.06-ны өдрийг хүртэлх 5 сарын хугацаанд сар бүр хүүгийн төлбөрт 810.000 төгрөг төлж байсан/. Зээлдэгч О.Н нь 2020.04.10-ны өдөр яаралтай мөнгөний хэрэгцээ гарлаа, нэмэлт зээл олгооч гэх хүсэлтийг амаар гаргасан тул 2020.04.10-ны өдөр “3 дугаарт зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах” тухай гэрээг байгуулж, 26.135.000 төгрөгийг 6 сарын хугацаатайгаар нэмж зээлдүүлсэн бөгөөд зээлдэгчийн нийт зээлийн хэмжээ 53.135.000 төгрөг болсон. Учир нь зээлдэгчийн зүгээс зээлийн хүүгийн төлбөрийг гэрээний хугацаанд төлж байсан ба өмнө нь удаа дараа амаар болон бичгээр харилцан тохиролцсоны үндсэн дээр зээл авдаг байсан. Мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулагдсан байсан тул талууд 2020.04.10-ны өдөр №3 дугаар зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах” тухай гэрээг байгуулж, 26.135.000 төгрөгийн зээлийг нэмэлтээр, бэлнээр олгосон. /Зээлдэгч нь нэмэлтээр авсан 26.135.000 төгрөгийн зээлийг 2019.10.10-ны өдрийн гэрээний хугацаа /2020.10.10/-нд багтаан бүрэн төлж барагдуулна хэмээн тохиролцсон/. Зээлдэгч нь 2020.04.10-ны өдрийн гэрээний дагуу 53.135.000 төгрөгийг хүүгийн хамт 2020.10.10-ны өдөр бүрэн төлж барагдуулах үүрэгтэй байсан боловч зээлийн хүүгийн төлбөрийг төлж, зээлийн үндсэн төлбөр болох 53.135.000 төгрөгийг өнөөдрийг хүртэл /2020.10.10-2021.02.05/ хугацаанд төлж барагдуулаагүй бөгөөд гэрээний үүргийг нийт 118 хоногийн хугацаагаар хэтрүүлээд байна. Талуудын хооронд байгуулагдсан 2020.04.10-ны өдрийн “3 дугаар зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах” тухай гэрээний 2.3-т Зээлдэгч нь зээлдүүлэгчээс зээлж авсан 53.135.000 төгрөгийг хүүгийн хамт гэрээнд заасан хугацаанд буцаан төлөх үүрэгтэй ба хэрэв энэхүү үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үндсэн зээлийн үлдэгдэл үнийн дүнгийн 0.2 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг зээлдүүлэгчид төлнө” гэж заасан. /Талууд 2019.04.10-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний алданги болох 0.5 хувийг 2020.04.10-ны өдрийн гэрээгээр 0,2 хувь болгон бууруулж тохиролцсон болно/. Өөрөөр хэлбэл зээлдэгч О.Н нь сөрөг нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл хугацаанд зээлийн үндсэн төлбөрт 53.135.000 төгрөг, алдангийн төлбөрт 9.351.760 /12.539.560 төгрөгийн алдангиас 3.188.100 төгрөгийн алданги суутгагдсан/, нийт 62.486.760 төгрөгийг төлөх үүрэгтэй юм. Иймд О.Наас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 62.486.760 төгрөгийг гаргуулж, дээрх төлбөрийг барьцаа хөрөнгө болох үүрэн холбооны 9911-7372 дугаараар хангуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд хариу тайлбар гаргахдаа: Хариуцагч нь нэхэмжлэгчээс 62.486.760 төгрөг гаргуулах сөрөг шаардлага гаргасан байх бөгөөд энэхүү шаардлагаас 4.777.650 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх 57.709.110 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин оролцож байгаа ба зээлийн гэрээ, барьцааны гэрээ  хүчин төгөлдөр бус юм. Мөн 2020 оны байдлаар нэхэмжлэгчээс нийт 22.222.350 төгрөг төлсөн байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн 57.709.110 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,  

                                                                                                     ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.Н нь хариуцагч “И” ХХК-д холбогдуулан 2019-04-10-ны өдрийн 3 дугаартай зээл болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 2020-04-10-ны өдрийн 3 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 00000000 дугаарын эзэмших эрхийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгахыг шаардаж байна.

Харин хариуцагч “И” ХХК нь нэхэмжлэгч О.Нт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 62.486.760 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргадаг.

Шүүх үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг  нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв.

О.Н  нь И ХХК-тай 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 27.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатайгаар, сарын 2,5  хувийн хүүтэйгээр зээлж, 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 03 дугаартай барьцааны гэрээгээр 00000000 дугаарын эзэмших эрхээ барьцаалсан болох нь зохигчдын тайлбар, талуудын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээнүүдээр тус тус тогтоогдож байна.

Улмаар 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр  гэрээг  нэг жилийн хугацаагаар  сунгаж, гэрээний хугацаа сунгах гэрээг байгуулсан байх ба зээлийн хүүг сарын 3 хувь байхаар тохиролцсон байна.

Нэхэмжлэгч нь 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 03 дугаартай барьцааны  гэрээг Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-т “..барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй” гэж заасныг зөрчиж эзэмших эрхийг барьцаалсан тул хүчин төгөлдөр бус, улмаар 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 27.000.000 төгрөгийн зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бусад тооцуулах гэж шаардлагын үндэслэлээ тайлбарладаг.

Гэвч 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 3 дугаартай Зээлийн гэрээгээр Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлийн гэрээ нь хуульд нийцүүлж хийсэн, хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ. 

Учир нь зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүрэгтэй байна.

Зээлийн гэрээг талууд хүү тохирсон учраас бичгээр байгуулсан, 27.000.000 төгрөгийг О.Н хүлээн авсан талаараа маргаагүй тул гэрээ хүчин төгөлдөр юм. 

Мөн 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 03 дугаартай барьцааны гэрээ нь хууль зөрчсөн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй ба Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-т “Аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно” гэж заасан байх тул 00000000 дугаарын эзэмших эрхийг зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулах  зорилгоор барьцаалж болох юм.

Өөрөөр хэлбэл И ХХК нь барьцаалан зээлдүүлэх газар учраас үл хөдлөх хөрөнгөөс бусад хөдлөх хөрөнгө, тэр дундаа эрхийг барьцаалах эрхтэй байна.

Зохигчид 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 03 дугаартай барьцааны гэрээ гэх нэртэй гэрээ байгуулсан байх боловч тус гэрээний 1.2-т “Барьцаалуулагч барьцаанд тавих 00000000 дугаарын эзэмших эрхээ зээлийн барьцаанд байх хугацаанд И ХХК-ийн нэр дээр шилжүүлэн барьцаалуулагч барьцааны дугаарыг ашиглаж явах нөхцөлтэйгөөр барьцаалсан болно” гэж заасан байгаагаас үзвэл Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-т заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний агуулгатай илүү тохирч байна.

Учир нь барьцаа гэдэг бол зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлийг үл маргах журмаар зээлдүүлэгчид шилжүүлэх агуулгатай байдаг.

Тодруулбал уг гэрээгээр И ХХК нь дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах үүднээс О.Нын эзэмшлийн 00000000 дугаарын эзэмших эрхийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, улмаар зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээний хугацаа 30 хоног өнгөрмөгц  барьцаалагдсан хөрөнгийг үл маргах журмаар гэрээгээр тохиролцсон үнээр худалдах талаар харилцан тохиролцсон байх бөгөөд  О.Н нь 27.000.000 төгрөгийг хүлээн авсан, И ХХК нь тухайн эрхийг хөрөнгийг өөрийн эзэмшилд бодитойгоор шилжүүлэн авсан, одоог хүртэл түүнд байгаа талаар талууд маргаагүй.

Иймд зээлдэгч нь зээл олгосон 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс гэрээний хугацаа сунгагдсан 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл, түүний хүүгийн төлбөрт нийт 40.770.000 төгрөг /27.000.000  төгрөгийн 6 сарын 2,5 хувийн хүү нь 4.050.000 төгрөг, үүн дээр 12 сарын 3 хувийн хүү нь 9.720.000 төгрөгийг нэмэв/ төлөхөөр байна.

Үүнээс  зээлдэгч талын дансаар шилжүүлсэн дүн болох 22.223.100 төгрөгийг хасаж 18.546.900 төгрөгийг, түүн дээр 2020-10-10-ны өдрөөс сөрөг нэхэмжлэл гаргах өдөр буюу 2021-02-05-ны өдрийг хүртэлх 118 хоногийн алдангид 4.376.974 төгрөгийг О.Наас гаргуулж, И ХХК-д олгож шийдвэрлэлээ.

Хэдийгээр хэрэгт 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 3 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулж, 00000000 дугаарын зах зээлийн ханшийг 40.000.000 төгрөгөөр үнэлж, нэмэлтээр 26.135.000 төгрөг зээлдүүлсэн зээлийн гэрээ авагдсан байх боловч тухайн 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 3 дугаарт зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр 26.135.000 төгрөгийг И ХХК нь О.Нт бэлнээр хүлээлгэн өгсөн талаарх баримт байхгүй, гэрээний дагуу зээлдэгчид 26.135.000 төгрөгийн  мөнгөн хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлсэн болох нь нотлогдохгүй байх тул уг мөнгийг, хүү, алдангийн хамт зээлдүүлэгч талд төлөх хуулиар хүлээсэн үүрэг О.Нт байхгүй юм.

Энэ талаар Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж хуульчлан зохицуулжээ.

Мөн 2019 оны 4 дүгээр сарын 10-ны 3 дугаартай зээлийн гэрээний 3.3.6-т зээлийн гэрээний хугацаа дуусаад 30 хоногийн дотор үүргээ биелүүлээгүй  тохиолдолд  31 дэх хоногоос нь зээлдүүлэгч нь барьцаа хөрөнгийг зарж борлуулан зээлийн төлбөрийг барагдуулах талаар тусгасан байна.

Иймд фидуцийн гэрээний зүйлийг захиран зарцуулахтай холбоотой асуудлыг  зээлдүүлэгч буюу үүрэг гүйцэтгүүлэгчийн хувьд дээрх гэрээнүүдэд зааснаар хэрэгжүүлэх боломжтой байна.

Өөрөөр хэлбэл, шүүхийн журмаар барьцааны зүйл мэт албадан дуудлага худалдаанд оруулах буюу фидуцийн гэрээний дагуу шаардах эрхтэй этгээдийн эрх нь зөрчигдсөн гэдэг нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 22.923.874 төгрөгийг хангаж, үлдэх 39.562.886 төгрөгт холбогдох шаардлага болон барьцаа хөрөнгө болох үүрэн холбооны 00000000 дугаараар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

           

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                             ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 3 дугаартай зээл болон барьцааны гэрээ, 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 3 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 00000000 дугаарын эзэмших эрхийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д  заасныг баримтлан О.Н-аас 22.923.874 төгрөгийг гаргуулж “И” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 39.562.886 төгрөгийн хамт  үүрэн холбооны 00000000 дугаараар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй  болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн  56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч О.Н-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.079.900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч И ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 540.585 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч О.Н-аас 272.569 төгрөгийг гаргуулан И ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                           О.ЧУЛУУНЧИМЭГ