Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2021/00730

 

 

 

О.Нын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2021/00480 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч О.Нын нэхэмжлэлтэй хариуцагч “И Т” ХХК-д холбогдуулан гаргасан 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 3 дугаартай зээл болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах, 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 3 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 99117372 дугаарын эзэмших эрхийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй, зээлийн гэрээний үүрэгт 62 486 760 төгрөг гаргуулах, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З, нарийн бичгийн даргаар Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж тайлбарлахдаа: О.Н нь 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 3 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 27 000 000 төгрөгийг сарын 2,5 хувийн хүүтэйгээр зээлж авсан бөгөөд 2019 оны 10 дугаар 10-ны өдөр зээлийн гэрээг сунгаж, 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл сунгасан. Сунгахдаа хүүг 3 хувь болгосон ба 26 135 000 төгрөгийг зээлээгүй байж гэрээ хийсэн гэсэн үг. Одоо 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 3 дугаартай зээл болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 3 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 99117372 дугаарын эзэмших эрхийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Талууд 27 000 000 төгрөг авсан талаараа бол маргаагүй. Үндсэн зээлийн тухайд нийт           4 050 000 төгрөгийн хүү болж байгаа. Сунгалтын 12 сарын хугацааны 3 хувийн хүү нь 9 720 000 төгрөг, нийт хүү 13 770 000 төгрөг болно. Нийт 22 223 100 төгрөгийн буцаан төлөлт хийснээс шимтгэл 540 000 төгрөгт гэж үзвэл, 21 682 350 төгрөг болж байна. Үүнээс хүү 13 770 000 төгрөгөө хасч тооцвол 7 912 350 төгрөг үлдэнэ. Үндсэн 27 000 000 төгрөгөөс 7 912 350 төгрөгийг хасч тооцвол 19 857 650 төгрөг болно. Ингээд алданги 95 438 төгрөгийг нэмэхээр 19 948 594 төгрөг болж байгаа. Гэхдээ эхний гэрээ хууль зөрчиж хийгдсэн, тодруулбал зээлдүүлэгч банк бус санхүүгийн байгууллага биш байсан бөгөөд ломбардын тухайд MNS шаардлагын 7.4-т зааснаар барьцаагүй зээл олгож болохгүй бөгөөд утасны эрх бол барьцаа биш тул барьцааны гэрээ хүчингүй, барьцаа хүчингүй учраас дагаад зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр байх боломжгүй. Мөн 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 3 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр 26 135 000 төгрөг зээлж аваагүй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөн хүчингүй юм. Иймд үр дагаврын хувьд 99117372 дугаарын эзэмших эрхийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай шаардлага гаргаснаа дэмжиж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “И Т” ХХК нь О.Нтай 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 3 тоот Зээлийн гэрээг байгуулж, 27 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатайгаар, сарын 2.5 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Талуудын хооронд байгуулагдсан дээрх зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт тус тус заасны дагуу байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээ юм. Мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд барьцааны гэрээг байгуулсан бөгөөд тус гэрээгээр зээлдэгч нь өөрийн эзэмшлийн үүрэн холбооны 99117372 дугаарыг барьцаалуулсан. Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 3 тоот барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1, 154.3, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээ юм. Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 3 дугаар зээлийн болон барьцааны гэрээ нь хууль зөрчөөгүй, хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээ тул тус гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр буст тооцох хууль зүйн үндэслэлгүй болно. Нэхэмжлэгч нь тус шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа барьцаалан зээлдүүлэх ерөнхий шаардлага ММ55274-2003 стандартын 7 дугаар зүйлийн 7.4, 7.6 болон 7.10 дах заалтыг үндэслэсэн байна. Гэвч хариуцагчийн зүгээс Барьцаалан зээлдүүлэх ерөнхий шаардлагын дээрх заалтуудыг зөрчөөгүй бөгөөд зээлийн барьцаанд 99117372 дугаарын эзэмших эрхийг барьцаалсан ба 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээг нэхэмжлэгч нь өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр, сайн дураараа байгуулсан юм. Нэхэмжлэгч нь дээрх гэрээг өөрийн хүсэл зоригийн дагуу байгуулж, зээлийн хөрөнгийг хүлээн авсан болохоо нэхэмжлэлд тодорхой дурдсан. Мөн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ нь хүчин төгөлдөр бөгөөд                   26 135 000 төгрөгийг нэн даруй бэлнээр хүлээлгэн өгсөн юм. Нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь дээрх байдлаар хууль зүйн үндэслэлгүй бөгөөд талуудын хүсэл зоригийн үндсэн дээр байгуулагдсан гэрээг Барьцаалан зээлдүүлэх ерөнхий шаардлага зөрчсөн гэх шалтгаанаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсгийг үндэслэн хүчин төгөлдөр буст тооцох хууль зүйн үндэслэл байхгүй болно. Иймд нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “И Т” ХХК нь О.Нтай 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 3 тоот зээлийн гэрээг байгуулж, 27 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатайгаар, сарын 2.5 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд мөн өдөр 03 тоот Барьцааны гэрээг байгуулсан бөгөөд тус гэрээгээр зээлдэгч нь өөрийн эзэмшлийн үүрэн холбооны 99117372 дугаарыг барьцаалуулсан. Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 03 тоот Зээлийн болон барьцааны гэрээний хугацаа дуусгавар болоход зээлдэгч О.Н нь зээлийн хүүгийн төлбөрийг төлсөн бөгөөд зээлийн үндсэн төлбөрийг төлж барагдуулаагүй. Зээлдэгчийн хүсэлтийн дагуу, талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Гэрээний хугацаа сунгах гэрээ-г байгуулж, 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан 3 тоот Зээлийн болон Барьцааны гэрээг 1 жилийн хугацаатайгаар сунгаж, зээлийн хүүгийн хэмжээг 3 хувь байхаар харилцан тохиролцсон. Зээлдэгч О.Н нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан гэрээний хугацаа сунгах гэрээнд заасны дагуу 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх 5 сарын хугацаанд сар бүр хүүгийн төлбөрт 810 000 төгрөг төлж байсан. Зээлдэгч О.Н нь 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр   26 135 000 төгрөгийг 6 сарын хугацаатайгаар нэмж зээлдүүлсэн бөгөөд зээлдэгчийн нийт зээлийн хэмжээ 53 135 000 төгрөг болсон. Мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулагдсан байсан тул талууд 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 3 дугаар зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулж, 26 135 000 төгрөгийн зээлийг нэмэлтээр, бэлнээр олгосон. Иймд зээлийн үндсэн төлбөрт 53 135 000 төгрөг, алданги 9 351 760 төгрөг, нийт 62 486 760 төгрөгийг гаргуулж, дээрх төлбөрийг барьцаа хөрөнгө болох үүрэн холбооны 99117372 дугаараар хангуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд хариу тайлбар гаргахдаа: Хариуцагч нь нэхэмжлэгчээс 62 486 760 төгрөг гаргуулах сөрөг шаардлага гаргасан байх бөгөөд энэхүү шаардлагаас 4 777 650 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин оролцож байгаа ба зээлийн гэрээ, барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус юм. Мөн 2020 оны байдлаар нэхэмжлэгчээс нийт 22 222 350 төгрөг төлсөн гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар 2019-04-10-ны өдрийн 3 дугаартай зээл болон барьцааны гэрээ, 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 3 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 99117372 дугаарын эзэмших эрхийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан О.Наас 22 923 874 төгрөгийг гаргуулж “И Т” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 39 562 886 төгрөгийн хамт үүрэн холбооны 99117372 дугаараар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч О.Наас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 079 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “И Т” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 540 585 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч О.Наас 272 569 төгрөгийг гаргуулан “И Т” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй. Анхан шатны шүүхээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 22 923 874 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгуулахаар шийдвэрлэсэн хэсгээс 18 146 224 төгрөг болон 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 3 дугаартай Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээг, 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 3 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг хүчин төгөлдөр буст тооцон хариуцагч “И Т” ХХК-д 99117372 дугаарын эзэмших эрхийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэхийг даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүхээс талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлдүүлэгч 1 зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүрэгтэй байна гэж дүгнэн шийдвэрлэсэнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчээс 27 000 000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрч байгаа ба зээлдүүлэгчийн хувьд барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааг Иргэний хууль болон Барьцаалан зээлдүүлэх ерөнхий шаардлага Монгол Улсын МNS5274-2003 стандарт, Нийслэлийн нутаг дэвсгэрт барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих журмыг баримтлан ажиллах ёстой. Гэтэл хариуцагч эдгээр хууль дүрэм, стандарт, журмуудыг ноцтой зөрчиж үйл ажиллагаа явуулсан байдаг. Барьцаалан зээлдүүлэх ерөнхий шаардлага Монгол Улсын МNS5274-2003 стандартын 7 дугаар зүйлийн 7.4, 7.6-д болон 7.10-д заасныг зөрчсөн. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт зааснаар зөвхөн хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулах болохоос эзэмших эрхийг барьцаанд бариулахгүй зохицуулалттай байна. Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн захиран зарцуулах эрхгүй, зөвхөн ашиглах эрхтэй үүрэн холбооны Мобиком Корпорацийн өмчлөлийн дугаарыг барьцаалах эрхтэй байна гэж дүгнэн шийдвэрлэсэнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин анхан шатны шүүхээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 39 562 886 төгрөг болон 99117372 дугаараар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн бөгөөд хэргийн материалд авагдсан баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй тул давж заалдах журмаар гомдол гаргаж байна. “И Т” ХХК нь О.Нтай 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 3 тоот Зээлийн гэрээг байгуулж, 27 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатайгаар, сарын 2.5 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн бөгөөд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд мөн өдөр 3 тоот Барьцааны гэрээг байгуулсан бөгөөд тус гэрээгээр зээлдэгч нь өөрийн эзэмшлийн үүрэн холбооны 99117372 дугаарыг барьцаалуулсан. О.Н нь 2020.04.10-ны өдөр яаралтай мөнгөний хэрэгцээ гарлаа, нэмэлт зээл олгооч гэх хүсэлтийг амаар гаргасан тул 2020 4 дүгээр сарын 10-ны өдөр “3 дугаарт зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах” тухай гэрээг байгуулж, 26 135 000 төгрөгийг 6 сарын хугацаатайгаар нэмж зээлдүүлсэн бөгөөд 26 135 000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн. Ийнхүү үндсэн зээл 53 135 000 төгрөг болсон.  Гэтэл анхан шатны шүүх хэргийн материалд авагдсан дээрх баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т тус тус заасны дагуу үнэлээгүй. Нөгөөтэйгүүр Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1, 199.3 дах хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглээгүй бөгөөд 26 135 000 төгрөгийн үндсэн зээл, хүүгийн төлбөр болон алдангийн төлбөрийг сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт тус тус  заасны дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хууль зүйн үндэслэлтэй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч О.Н нь хариуцагч “И Т” ХХК-д холбогдуулан 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 3 дугаартай зээл болон барьцааны гэрээ, 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 3 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг тус тус хүчин төгөлдөр буст тооцуулах, 99117372 дугаарын эзэмших эрхийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн гэрээний үүрэгт 62 486 760 төгрөг гаргуулах, 99117372 дугаараар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Талууд 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 3 дугаартай зээлийн гэрээ байгуулж 27 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатайгаар, сарын 2.5 хувийн хүүтэйгээр зээлэхээр харилцан тохиролцож, мөн өдрөө уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 99117372 дугаарын эзэмших эрхийг барьцаалж, 3 дугаартай барьцааны гэрээ байгуулжээ. Талууд 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэрээний хугацааг нэг жилийн хугацаагаар сунгаж, зээлийн хүүг 3 хувь байхаар харилцан тохиролцсон байна. /хэргийн 6-8 дугаар тал/

 

Улмаар, 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 3 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, 99117372 дугаарын эзэмших эрхийг зах зээлийн ханшийг 40 000 000 төгрөгөөр үнэлж, нэмж 26 135 000 төгрөгийг зээлдүүлэхээр харилцан тохиролцжээ. /хэргийн 9 дүгээр тал/ Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэжээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан 3 дугаартай зээлийн гэрээ болон 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан уг зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв. Тодруулбал, 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 3 дугаартай зээлийн гэрээний хувьд 27 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй бөгөөд уг гэрээ нь хуульд заасны дагуу бичгээр байгуулагдсан, агуулга болон хэлбэрийн шаардлагыг хангасан байна.

 

Мөн 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний дагуу нэхэмжлэгчид мөнгө шилжүүлээгүй гэх нөхцөл байдал нь уг гэрээг хүчин төгөлдөр буст тооцох хууль зүйн үндэслэл болохгүй. Дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр буст тооцох үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагч байгууллага нь хууль дүрэм, стандарт, журмуудыг ноцтой зөрчиж үйл ажиллагаа явуулсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

Хэрэгт авагдсан улсын бүртгэлийн 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 9011555118 дугаартай гэрчилгээний хуулбараар “И Т” ХХК нь Барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг болох нь тогтоогдож байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт заасан барьцаалан зээлдэх журмаар зээл олгох гэрээний харилцаа үүссэн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй. /хэргийн 18 дугаар тал/ Харин талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 3 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр буст тооцох үндэслэлтэй байна. Талуудын хоорондын барьцааны зүйл болсон дугаар эзэмших эрх нь Иргэний хуулийн 84 зүйлийн 84.4 дэх хэсэгт заасан эдийн бус хөрөнгө юм. Мөн зүйлийн  84.2 дах хэсэгт биет буюу эд хөрөнгийг хөдлөх, үл хөдлөх гэж ангилан, 84.5 дах хэсэгт эдийн бус хөрөнгийг тодорхойлсон.

 

Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1 дэх хэсэгт зааснаар барьцааны зүйл нь хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх байхаар заасан. Харин Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт зааснаар барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй байна. Барьцаалан зээлдүүлэх газрын барьцааны зүйл нь зөвхөн эд хөрөнгө байхаар Иргэний хуульд нарийвчлан зохицуулжээ. Талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээний зүйл нь 99117372 дугаарын эзэмших эрх буюу Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.5 дах хэсэгт зааснаар эдийн бус хөрөнгөд хамаарна. Өөрөөр хэлбэл, барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс эдийн бус хөрөнгийг барьцаалжээ.

 

Иймд дээрх барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн хэлцэл байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дах хэсэгт зааснаар хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүргийн хүрээнд дугаар эзэмших эрхээ буцаан авахаар шаардах эрхтэй. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй.

 

Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн тухайд 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 3 дугаартай зээлийн гэрээний хугацаанд буюу 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хугацаанд нэхэмжлэгч О.Нт үндсэн зээл 27 000 000 төгрөг, зээлийн хүү 4 050 000 төгрөг, нийт 31 050 000 төгрөгийн зээл төлөх үүрэг үүссэн байна. Үүнээс нэхэмжлэгч сар бүр 650 000 төгрөгийн зээлийн хүү төлөх үүргээ биелүүлсэн болох нь нэхэмжлэгчийн гаргасан төлбөр төлсөн хүснэгт болон хариуцагч байгууллагаас гаргасан зээл, зээлийн хүү төлөлтийн тооцоогоор тогтоогдож байна. /хэргийн 10, 26 дугаар тал/

 

Нэхэмжлэгчээс 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр шилжүүлсэн 270 000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр шилжүүлсэн 20 250 төгрөг, нийт 295 250 төгрөгийг хариуцагч байгууллага шимтгэл болон алдангид тооцсон нь буруу. Учир зээлийн гэрээний үүрэгт шимтгэл авах эрх үүсээгүй. Иймд 295 000 төгрөгийг үндсэн зээл                   27 000 000 төгрөгөөс хасч тооцвол үндсэн зээл 26 709 750 төгрөг, зээлийн хүү 9 615 510 төгрөг, нийт 36 325 260 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчээс шаардах эрхтэй.

 

Талуудын хооронд 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан хэлцэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлэн, гэрээний эрх чөлөөний зарчмын хүрээнд гэрээний нөхцөлөө шинэчлэн байгуулсан байна. Хэдийгээр тус гэрээг “гэрээний хугацааг сунгах” гэрээ гэх утгаар нэрлэсэн боловч агуулгын хувьд гэрээний дагуу төлөх хүүгийн хэмжээг 3 хувь болгож, гэрээний үүрэг гүйцэтгэх хугацааг нэг жилээр сунгаж, гэрээний нөхцөлийг өөрчилсөн байна.

 

Талууд зээлийн гэрээг сунгасан үндэслэлээр нэхэмжлэгчийн 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 275 000 төгрөгийг шимтгэлд тооцсон нь мөн үндэслэлгүй байх ба уг төлөлтийг үндсэн зээлээс хасч тооцох нь зүйтэй. Уг зээлийн гэрээний хугацаанд төлсөн 18 152 400 төгрөгийг өмнөх зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 36 325 260 төгрөгөөс хасч тооцвол 18 172 860 төгрөгийн үүрэг үүснэ. Дээрх дүнгээс гэрээний 1.5, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар тооцвол 9 086 430 төгрөгийг алданги төлөх үүрэг үүснэ. Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 27 259 290 төгрөгийг хангаж, үлдэх 35 227 470 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Хариуцагч талаас 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан гэрээний дагуу 26 135 000 төгрөгийг бэлнээр нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн гэж тайлбарлаж байх боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна. Энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

99117372 дугаараар үүргийн гүйцэтгэлийг хангуулах сөрөг нэхэмжлэлийн тухайд талуудын хооронд 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.

 

            Дээр дурдсан үндэслэлээр зохигчдын гаргасан давж заалдах гомдлуудын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ

 

            1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2021/00480 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 281 дугаар зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт тус тус зааснаар 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан 3 дугаартай хүчин төгөлдөр бус барьцааны гэрээний дагуу шилжүүлсэн 99117372 дугаарын эзэмших эрхийг нэхэмжлэгч О.Нт буцаан шилжүүлэхийг хариуцагч “И Т” ХХК-д даалгаж, 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 3 дугаартай зээлийн гэрээ болон 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 3 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дэх заалтын “22 923 874” гэснийг “27 259 290”, “39 562 886” гэснийг “35 227 470” гэж, 3 дэх заалтын “272 569” гэснийг “294 246” гэж тус тус өөрчлөн найруулж шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 529 900 төгрөг, хариуцагчийн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн               425 965 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД                        Н.БАТЗОРИГ

 

                                   С.ЭНХТӨР