Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2021/00536

 

          2021          03             05                                              183/ШШ2021/00536

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч O.Чулуунчимэг  даргалж, хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, .............. хаягт байрлах Э ХХК /РД:000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, .............. байранд байрлах НШШГГ /РД:0000000/-т холбогдох

Хан-Уул дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 9/674 дугаарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгох тухай тогтоолыг хүчингүй болгох, хүчингүй болсон захирамжийг үндэслэн төлбөр төлөгч “Э” ХХК-иас төлбөр авагч А.А-т олгосон 126.940.000 төгрөгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1-т заасны дагуу төлбөр төлөгч “Э” ХХК-д буцаан олгохыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Халиун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Э” ХХК нь 2012 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд тус компанийг А.О (90 хувь), А.И (10 хувь)-ийн хувьцааг тус бүр эзэмшдэг болно. 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тогтоол гаргаж, үүсгэн байгуулагч А.О нь өөрийн эзэмшлийн 90 хувийн хувьцааг Сингапур улсын хуулийн этгээд болох Г компанид худалдахаар шийдвэрлэсэн ба тус шийдвэрийг үндэслэн 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр шилжүүлэгч А.О болон шилжүүлэн авагч Г компанийн хооронд компанийн 90 хувийн хувьцааг шилжүүлэхээр “Эрх шилжүүлэх гэрээ” болон “Хувьцаа худалдан авах гэрээ” байгуулсан болно. Гэтэл хувьцаагаа худалдсан А.О нь 2020 оны 03 дугаар сард буюу “Э” ХХК-д хамааралгүй болсон үедээ тус компанийг төлөөлөн өөрийн төрсөн ах А.Атай Хан-Уул дүүргийн эвлэрүүлэн зуучлалд хуурамч баримт бичиг ашиглан хандаж, эвлэрлийн гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 03699 дугаарт захирамж гаргуулан авсан байдаг. Улмаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 03699 дугаарт захирамжаар “Э” ХХК-иас 391.000.000 төгрөг гаргаж, А.Ат олгохоор шийдвэрлэсэн бөгөөд тус шийдвэрийг үндэслэн 04035 шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх тухай захирамж, 00312 дугаартай албадан гүйцэтгэх хуудас бичүүлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсан болно. НШШГГ тус захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн 20290497 дугаарт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж эхэлсэн байдаг. Манай компанийн зүгээс шүүхийн шийдвэрээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж буйг мэдээгүй бөгөөд "Э" ХХК-ийн дансыг битүүмжилсний дараа тус асуудлыг мэдсэн болно. Манай байгууллагын зүгээс тус асуудлыг мэдсэн даруйдаа буюу 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхэд хандан тус асуудалтай холбоотой бүхий л нотлох баримтыг гарган өгч, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 03699 дугаарт захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-т заасны дагуу хүчингүй болгуулахаар хандсан. Мөн тус өдрөө шүүхэд хандсан дардастай бичиг болон нийт 62 хуудас бүхий нотлох баримтыг хавсарган шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.5-т заасны дагуу түдгэлзүүлэх тухай хүсэлтийг шийдвэр гүйцэтгэгч Б.З болон ахлах шийдвэр гүйцэтгэгч Д.М нарт гаргасан боловч Тасгийн дарга бөгөөд Хан-Уул дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Д.М нь хуульд заасан үүргээ эс биелүүлж хариу өгөлгүй “Э” ХХК-ийн дансанд байсан 126.940.000 төгрөгийг гарган төлбөр авагч А.А-т олгосон болно. Шүүхийн зүгээс 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М миний гаргасан хүсэлтийг үндэслэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 183/Ш32020/04861 дугаарт захирамжаар тус шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 03699 дугаарт захирамж, 04035 шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх тухай захирамж, 00312 дугаарт албадан гүйцэтгэх хуудас нарыг тус тус хүчингүй болгосон болно. Мөн шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 00204 дугаарт тогтоолоор 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн захирамж болох 04861 захирамжийг хэвээр үлдээсэн байдаг. Төлөөлөгч миний зүгээс 03699 дугаарт захирамжийг хүчингүй болгосон 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 183/Ш32020/04861 дугаарт захирамж, 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 00204 дугаарт тогтоол нарыг хавсарган 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр дахин Хан-Уул дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч дэслэгч Д.Мт хандан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 119 дүгээр зүйл ... 119.1-т “Гүйцэтгэгдсэн шийдвэр хүчингүй болсон бол уг шийдвэрээр төлбөр авагчид олгогдсон хөрөнгийг гаргуулж, төлбөр төлөгчид буцаан олгох, боломжгүй тохиолдолд буцаан олгох үеийн ханшаар хөрөнгийн үнийг тогтоон төлбөр авагчаас төлбөр төлөгчид шилжүүлнэ” хэмээн заасны дагуу “Э” ХХК-ийн данснаас гаргасан 126.940.000 төгрөгийг төлбөр авагч А.Ааас гаргуулж, төлбөр төлөгч "Э" ХХК-д буцаан олгож өгнө үү хэмээн хүссэн боловч мөн хуульд заасан үүргээ эс биелүүлж бичгээр тайлбар, хариу өгөлгүй “дахин гүйцэтгэх хуудас бичүүлж энэ мөнгийг ав” хэмээн тайлбарласан. Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд дээрх үндэслэлээр шүүхээр шийдвэр гаргуулах болон дахин гүйцэтгэх хуудас бичүүлэх үндэслэл байхгүй болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх заалтын агуулга нь хүчинтэй байсан, гүйцэтгэх хуудас эрх бүхий байгууллагын шийдвэрээр хүчингүй болсон тохиолдолд төлбөр авагчид олгосон хөрөнгийг буцаан гаргуулж төлбөр төлөгчид шилжүүлэх тухай ойлголт юм. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр төлөгч “Э” ХХК-иас 126.940.000 төгрөгийг гаргуулж төлбөр авагчид шилүүснийхээ дараа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож буй нь мөн төлбөр төлөгч “Э” ХХК-ийг хуульд заагаагүй үндэслэлээр дахин гүйцэтгэх хуудас бичүүлж байж ажиллагаа хийнэ хэмээн тайлбарлаж буй нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн үйлдэл хэмээн үзэж байна. Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж, Хан-Уул дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 9/674 дугаарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгох тухай тогтоолыг хүчингүй болгож төлбөр төлөгч “Э” ХХК-иас гаргуулсан 126.940.000 төгрөгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1-т заасны дагуу буцаан олгохыг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 183/Ш32020/03699 дугаар захирамжаар “Э” ХХК-иас 391.000.000 төгрөгийг гаргуулж А.Ат олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх удирдлага А.Отой уулзаж, эд хөрөнгийн мэдүүлэг авч, төлбөр төлөх хугацаатай мэдэгдлийг гардуулан өгөхөд хугацаандаа төлөөгүй байх тул компанийн харилцах болон хадгаламжийн данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолыг Хбанканд хүргүүлэхэд данснаас 126.940.000 төгрөг тус газрын дансанд төвлөрүүлж, төлбөр авагч А.Аийн Төрийн банк дахь 000000000 тоот дансанд 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр шилжүүлсэн. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 183/Ш32020/04861 дүгээр захирамжаар тус шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “Талуудын эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай” 183/Ш32020/03699 дүгээр захирамж, 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” 183/Ш32020/04035 дугаар захирамж, 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 183/ГХ2020/00312 дугаар гүйцэтгэх хуудсыг тус тус хүчингүй болгон захирамжилжээ. Мөн шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШТ2020/00204 дүгээр тогтоолоор Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 183/Ш32020/04861 дүгээр “Хүсэлт шийдвэрлэх тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, А.Аийн гомдлыг хангахгүй тогтоосон байна. Иймд ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 9/674 дүгээр тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэхь заалтыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 “Гүйцэтгэгдсэн шийдвэр хүчингүй болсон бол уг шийдвэрээр төлбөр авагчид олгогдсон хөрөнгийг гаргуулж, төлбөр төлөгчид буцаан олгох, боломжгүй тохиолдолд буцаан олгох үеийн ханшаар хөрөнгийн үнийг тогтоон төлбөр авагчаас төлбөр төлөгчид шилжүүлнэ” гэсэн нь “Э” ХХК-иас 391.000.000 төгрөгийг гаргуулж А.Ат олгохоор шийдвэрлэсэн 3699 дүгээр шүүхийн шийдвэрийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 183/Ш32020/04861 дүгээр захирамжаар хүчингүй болгож, хүчингүй болгосон шүүхийн шийдвэрт дээрх шүүхийн шийдвэрийн дагуу явагдсан ажиллагааг буюу төлбөр авагчид олгогдсон хөрөнгийг төлбөр төлөгчид буцаан олгох, нэгэнт явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгосон талаар гарсан шүүхийн шийдвэр биш юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх зүйлд “Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл шүүхийн шийдвэр болон шүүхээр баталгаажуулсан гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн зөвлөлийн шийдвэр, цэргийн анги, байгууллагын захирагч /дарга/-ийн эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх тухай тушаал, эвлэрлийн гэрээг баталгаажуулсан шүүгчийн захирамж, арбитрын шийдвэр, нотариатын мэдэгдэх хуудас, улсын байцаагчийн төлбөр тогтоосон акт, тэдгээрийн үндсэн дээр олгогдсон гүйцэтгэх хуудас байна” мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр...” байхаар заасны дагуу дээрх хүчингүй болгосон шүүхийн шийдвэрт гүйцэтгэгдсэн шийдвэрийг хүчингүй болгон, гүйцэтгэгдсэн шийдвэрийг буцаах талаар тусгагдаж гүйцэтгэх хуудас бичигдэн ирсэн тохиолдолд нэхэмжлэгчээс гаргаж буй шаардлага биелэгдэх боломжтой байсан бөгөөд нэхэмжлэгчээс хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу явагдсан ажиллагааг хүчингүй болгуулах талаар гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага нь бүхэлдээ үндэслэлгүй байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь зүйлд “Энэ хуулийн 6.2.6-д зааснаас бусад тохиолдолд гүйцэтгэх баримт бичиггүйгээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасан тул хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

                                                                                                         ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э ХХК  нь хариуцагч Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх  газарт холбогдуулан Хан-Уул дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 9/674 дугаарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгох тухай тогтоолыг хүчингүй болгох, хүчингүй болсон захирамжийг үндэслэн төлбөр төлөгч “Э” ХХК-иас төлбөр авагч А.А-т олгосон 126.940.000 төгрөгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 119 дүгээр зүйл 119.1-т заасны дагуу төлбөр төлөгч “Э” ХХК-д буцаан олгохыг хариуцагчид  даалгахаар  шаардсаныг хангах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 183/Ш32020/03699 дугаартай “Талуудын эвлэрлийн гэрээг баталгаажуулах” тухай захирамжаар “Э” ХХК-иас 391.000.000 төгрөгийг гаргуулж А.А-т олгохоор шийдвэрлэжээ.

Улмаар 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 183/ШЗ2020/04035 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, мөн өдрийн 183/ГХ2020/00312 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас гарсан байна.

Төлбөр төлөгч Э ХХК нь 391.000.000  төгрөгийг сайн дураар төлөөгүй тул албадан гүйцэтгэх ажиллагаа 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн гүйцэтгэх бичиг баримтад үндэслэн, 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж эхэлсэн байна.

Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 137/03-26 дугаартай тогтоолоор төлбөр төлөгч Э ХХК-ийн Х банкин дах төгрөгийн 000000000, долларын 00000001 тоот дансны зарлагын гүйлгээг шүүхийн шийдвэрийн үнийн дүн 391.000.000 төгрөгт битүүмжилж, Х банк нь дансны үлдэгдэл 126.940.000 төгрөгийг  битүүмжилсэн талаараа 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 137/03-26 дугаар албан бичгээр мэдэгдэж, уг мөнгийг 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр төлбөр авагч А.А-ийн Т банкин дах 0000000000 дугаарын дансанд шилжүүлсэн байх ба зохигч талууд эдгээр асуудлаар маргаагүй байна.

Гэвч “Э” ХХК-иас 391.000.000 төгрөгийг гаргуулж А.А-т олгохоор шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 183/Ш32020/03699 дугаартай “Талуудын эвлэрлийн гэрээг баталгаажуулах” тухай захирамжийг тус дүүргийн шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШЗ2020/04861 дугаартай “Хүсэлт шийдвэрлэх тухай” шүүгчийн захирамжаар Г ХХК-ийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн эрхийн акт буюу илт үндэслэл муутай гэж үзэн хүчингүй болгож, 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 183/ШЗ2020/04035 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, мөн өдрийн 183/ГХ2020/00312 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудасны хамт хүчингүй болгожээ.

Улмаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 9/674 дүгээр тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 “гүйцэтгэх баримт бичиг, эсхүл түүний үндэслэл болсон шийдвэрийг хүчингүй болсонд тооцох тухай шүүх, бусад, албан тушаалтны шийдвэр гарсан” гэх  заалтыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байна.

Уг дуусгавар болгосон тогтоолыг нь хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй ба шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлэх болсон шүүгчийн захирамж, гүйцэтгэх баримт бичиг хүчингүй болсон тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгч бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн дуусгавар болсонд тооцож, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаадаг байна.

Ийнхүү гүйцэтгэгдсэн шийдвэр хүчингүй болсон бол уг шийдвэрээр төлбөр авагчид олгогдсон хөрөнгийг гаргуулж, төлбөр төлөгчид буцаан олгох, боломжгүй тохиолдолд буцаан олгох үеийн ханшаар хөрөнгийн үнийг тогтоон төлбөр авагчаас төлбөр төлөгчид шилжүүлэх хуулийн зохицуулалт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт тусгагджээ. 

Уг заалтын агуулгаас үзвэл иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч хуулийн этгээдийн хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлсэн бол түүнийг буцаах асуудлыг зохицуулсан гэж үзэхээр байна.

Учир нь тухайн маргаанд хэрэглэвэл зохих нарийвчилсан зохицуулалт болох  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжлэх, Банк, эрх бүхий хуулийн этгээд дэх дансны үлдэгдэл мөнгөн хөрөнгийг битүүмжлэх талаар тус тусад нь ялгаатай байдлаар хуульчлан зохицуулсан байх ба дээрх 126.940.000 төгрөгийг битүүмжилж, төлбөр авагчид шилжүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т “Шийдвэр гүйцэтгэгч банк, эрх бүхий хуулийн этгээд дэх төлбөр төлөгчийн дансны үлдэгдэл мөнгөн хөрөнгийг битүүмжлэх тухай шийдвэр гаргаж, банк, эрх бүхий хуулийн этгээдэд даруй хүргүүлнэ” гэж заасны дагуу хийгдсэн ажиллагаа юм.

Энэ арга хэмжээний дагуу Х банк төлбөр төлөгчийн нэр дээр бүртгэлтэй дансны мэдээлэл, дансанд битүүмжлэгдсэн мөнгөн хөрөнгийн талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэст мэдэгдэх ажиллагаа хийсэн байдаг.

Өөрөөр хэлбэл иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд мөнгөн хөрөнгө, хөрөнгө гэх ойлголтуудыг ялгаж, хийгдэх ажиллагаануудыг ялгамжтай байдлаар заасан байхаас гадна Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1-д “...төлбөр төлөгчид буцаан олгох боломжгүй тохиолдолд буцаан олгох үеийн ханшаар хөрөнгийн үнийг тогтоон төлбөр авагчаас төлбөр төлөгчид шилжүүлэх....” тухай нарийвчлан заасан. 

Хэрвээ мөнгөн хөрөнгийн тухайд зохицуулсан бол буцаан олгох үеийн ханшаар хөрөнгийн үнийг тогтоох агуулга хуульд огт тусгагдах шаардлагагүй буюу мөнгөн хөрөнгөн дээр үнэ тогтоох ажиллагаа огт байх боломжгүй.

Дээрхийг нэгтгээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

      

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 9/674 дугаарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгох тухай тогтоолыг хүчингүй болгох, хүчингүй болсон захирамжийг үндэслэн төлбөр төлөгч “Э” ХХК-иас төлбөр авагч А.А-т олгосон 126.940.000 төгрөгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 119 дүгээр зүйл 119.1-т заасны дагуу төлбөр төлөгч “Э” ХХК-д буцаан олгохыг хариуцагчид даалгах тухай  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Э ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 862.850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                   О.ЧУЛУУНЧИМЭГ