Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2021/00757

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2021/00757

 

 

 

ЭСЖТ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг, даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2021/00536 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ЭСЖТ ХХК-ийн хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 9/674 дугаар Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгох тухай тогтоолыг хүчингүй болгож, төлбөр төлөгч ЭСЖТ ХХК-аас гаргуулсан 126 940 000 төгрөгийг буцаан олгохыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбуян, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Орхон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгч ЭСЖТ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ЭСЖТ ХХК нь 2012 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд тус компанийн 90 хувийн хувьцааг А.Отгонболд, 10 хувийн хувьцааг А.Ичинхорлоо эзэмшдэг байсан. 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тогтоолоор үүсгэн байгуулагч А.Отгонболд нь өөрийн эзэмшлийн 90 хувийн хувьцааг Сингапур Улсын хуулийн этгээд болох Говь платинум ПТЭ.ЛТД /Gobi Platinium Pte.Ltd/ компанид худалдахаар шийдвэрлэж худалдсан. Гэтэл А.Отгонболд нь 2020 оны 3 дугаар сард буюу ЭСЖТ ХХК-д хамааралгүй болсон үедээ тус компанийг төлөөлөн өөрийн төрсөн ах А.Атай Хан-Уул дүүргийн эвлэрүүлэн зуучлалд хуурамч баримт бичиг ашиглан хандаж, эвлэрлийн гэрээ байгуулсныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 03699 дугаар захирамжаар баталж, ЭСЖТ ХХК-аас 391 000 000 төгрөг гаргаж, А.Ат олгохоор шийдвэрлэсэн. Уг захирамжийг үндэслэн тус шүүхийн шүүгчийн 04035 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж, 00312 дугаар албадан гүйцэтгэх хуудас гарсан. НШШГГ-аас дээрх захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж эхэлснийг "ЭСЖТ" ХХК-ийн дансыг битүүмжилсний дараа мэдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг шийдвэр гүйцэтгэгч Б.Золбоо болон ахлах шийдвэр гүйцэтгэгч Д.Мөнхбаяр нарт гаргасан боловч хариу өгөөгүй ЭСЖТ ХХК-ийн дансанд байсан 126 940 000 төгрөгийг авч төлбөр авагч А.Ат олгосон.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 183/Ш32020/04861 дүгээр захирамжаар тус шүүхийн шүүгчийн мөн оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 03699 дүгээр захирамж, 04035 дугаар шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх тухай захирамж, 00312 дугаар албадан гүйцэтгэх хуудсыг тус тус хүчингүй болгосон. Мөн шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 00204 дүгээр тогтоолоор 04861 захирамжийг хэвээр үлдээж хүчин төгөлдөр болсон.

Нэхэмжлэгч талаас мөнгийг буцаан гаргуулахаар Хан-Уул дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч дэслэгч Д.Мөнхбаярт хандсан боловч хариу өгөөгүй, дахин гүйцэтгэх хуудас бичүүлж мөнгийг ав гэж тайлбарласан. Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд дээрх үндэслэлээр шүүхээр шийдвэр гаргуулах болон дахин гүйцэтгэх хуудас бичүүлэх үндэслэл байхгүй болно.

Иймд Хан-Уул дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 9/674 дүгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгох тухай тогтоолыг хүчингүй болгож, төлбөр төлөгч ЭСЖТ ХХК-аас гаргуулсан 126 940 000 төгрөгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт заасны дагуу буцаан олгохыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золбоо шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 183/Ш32020/03699 дүгээр захирамжаар ЭСЖТ ХХК-аас 391 000 000 төгрөгийг гаргуулж, А.Ат олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч хугацаандаа төлбөрийг төлөөгүй тул компанийн харилцах болон хадгаламжийн данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолыг Худалдаа хөгжлийн банкинд хүргүүлэхэд данснаас 126 940 000 төгрөгийг тус газрын дансанд төвлөрүүлж, төлбөр авагч А.Аптанхуягийн Төрийн банк дахь 3850 0021 7532 тоот дансанд 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр шилжүүлсэн. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 183/Ш32020/04861 дүгээр захирамжаар тус шүүхийн шүүгчийн 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Талуудын эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай 183/Ш32020/03699 дүгээр захирамж, мөн сарын 23-ны өдрийн Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай 183/Ш32020/04035 дугаар захирамж, 183/ГХ2020/00312 дугаар гүйцэтгэх хуудсыг тус тус хүчингүй болгон шийдвэрлэсэн. 183/Ш32020/04861 дүгээр захирамжид А.А гомдол гаргасныг хангахгүй орхиж, тус шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШТ2020/00204 дүгээр тогтоолоор хэвээр үлдээсэн байна. Иймд ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 9/674 дүгээр тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-д заасныг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 183/Ш32020/04861 дүгээр захирамж нь төлбөр авагчид олгогдсон хөрөнгийг төлбөр төлөгчид буцаан олгох, нэгэнт явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгосон талаар гарсан шүүхийн шийдвэр биш. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 183 дугаар зүйлийн 183.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасны дагуу дээрх хүчингүй болгосон шүүхийн шийдвэрт гүйцэтгэгдсэн шийдвэрийг хүчингүй болгон, буцаах талаар тусгагдсан гүйцэтгэх хуудас бичигдэн ирсэн тохиолдолд нэхэмжлэгчээс гаргаж буй шаардлага биелэгдэх боломжтой байсан учир нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.6, 19 дүгээр зүйлийн 19.3 дах хэсэгт зааснаас бусад тохиолдолд гүйцэтгэх баримт бичиггүйгээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 9/674 дүгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгох тухай тогтоолыг хүчингүй болгох, хүчингүй болсон захирамжийг үндэслэн төлбөр төлөгч ЭСЖТ ХХК-иас төлбөр авагч А.Ат олгосон 126 940 000 төгрөгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 119 дүгээр зүйл 119.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч ЭСЖТ ХХК-д буцаан олгохыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч ЭСЖТ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 862 850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбуян давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд гүйцэтгэсэн шийдвэрийг цуцлах тухай ойлголтыг тус хуулийн 119 дүгээр зүйлд, шийдвэрийг цуцалсантай холбоотойгоор үүсэх үр дагавар болон шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаас хийх ажиллагааг тус хуулийн 119.1, 119.2 дах хэсэгт хуульчилж өгсөн. Гэтэл шүүхийн зүгээс дээрх маргаанд дүгнэлт хийхдээ Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд мөнгөн хөрөнгө, хөрөнгө гэх ойлголтуудыг ялгаж, хийгдэх ажиллагаануудыг ялгамжтай байдлаар заасан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 50 дугаар зүйл, 44 дүгээр зүйлийн 44.2.13-д зааснаас үзвэл мөнгө, мөнгөн хөрөнгө нь хөрөнгө гэх ойлголтонд багтана. Иймээс дээрх хуулийн заалтууд нь шүүгчийн дүгнэлтэд дурдаад буй шиг мөнгөн хөрөнгө, хөрөнгө гэх зүйлийг ялгамжтай байдлаар тайлбарлаж хуульчилсан зүйл байхгүй.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч ЭСЖТ ХХК нь хариуцагч НШШГГт холбогдуулан 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 9/674 дугаар Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгох тухай тогтоолыг хүчингүй болгож, төлбөр төлөгч ЭСЖТ ХХК-аас гаргуулсан 126 940 000 төгрөгийг буцаан олгохыг хариуцагчид даалгах тухай гомдлын шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

НШШГГ нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Шүүгчийн захирамжийн албадан биелүүлэх тухай 4035 дугаар захирамж, мөн өдрийн 312 дугаартай гүйцэтгэх хуудас зэргийг үндэслэн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан байна./хх40-44/ Уг ажиллагаагаар нэхэмжлэгч ЭСЖТ ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дах данснаас 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр нийт 126 940 000 төгрөгийн хасалт хийж, улмаар хариуцагч байгууллагын дансаар дамжуулан төлбөр авагч А.Аийн данс руу шилжүүлжээ. /хх-53-55,57/

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2020/04861 дүгээр захирамжаар дээрх иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны үндэслэл болсон шүүгчийн захирамж, гүйцэтгэх баримт бичгүүдийг тус тус хүчингүй болгосон байна. Үүний улмаас НШШГГ-ын Хан-Уул дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн А/674 дүгээр тогтоол гаргаж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-д заасан үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь дуусгавар болсонд тооцжээ.

Нэхэмжлэгч ЭСЖТ ХХК дээрх А/674 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсгийн заасныг үндэслэн төлбөр авагч А.Ат шилжүүлсэн 126 940 000 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч компанид шилжүүлэхийг хариуцагч байгууллагад даалгах тухай гомдлын шаардлагаа хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дах хэсэгт заасны дагуу гаргажээ. Хариуцагч тал хүчингүй болгосон шүүхийн шийдвэрт гүйцэтгэгдсэн шийдвэрийг хүчингүй болгон, гүйцэтгэгдсэн шийдвэрийг буцаах талаар тусгагдсан гүйцэтгэх хуудас бичигдэж ирсэн тохиолдолд нэхэмжлэгчээс гаргасан шаардлага биелэгдэх боломжтой, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дах хэсэгт зааснаар гүйцэтгэх баримт бичиггүйгээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг хориглодог ... гэх үндэслэл заан маргасан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт Гүйцэтгэгдсэн шийдвэр хүчингүй болсон бол уг шийдвэрээр төлбөр авагчид олгогдсон хөрөнгийг гаргуулж, төлбөр төлөгчид буцаан олгох, боломжгүй тохиолдолд буцаан олгох үеийн ханшаар хөрөнгийн үнийг тогтоон төлбөр авагчаас төлбөр төлөгчид шилжүүлнэ гэж заажээ.

Энэ тохиолдолд анхан шатны шүүх нь зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэснээр төлбөр авагч А.Аийн эрх, ашигт сөргөөр нөлөөлөх эсэхийг тодруулах, улмаар талуудыг дээрх хуульд заасан үндэслэлээр гаргаж буй гомдлын шаардлагын хүрээнд мэтгэлцүүлэх нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байжээ. Дээрх ажиллагааг явуулаагүйн улмаас шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг ... иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд мөнгөн хөрөнгө, хөрөнгө гэх ойлголтуудыг ялгаж, хийгдэх ажиллагаануудыг ялгамжтай байдлаар нарийвчлан заасан гэж буруу тайлбарлан хэрэглэжээ.

Эдгээр зөрчил нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлд хамаарч байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2021/00536 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 862 850 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Ч.ЦЭНД