Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2021/00539

 

    2021          03             05                                              183/ШШ2021/00539

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ................. байрлах “Б” ХХК /РД:000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ............. тоот хаягт оршин суух 000000000 регистрийн дугаартай, У овгийн С.Аад холбогдох

Талуудын хоорондын байгуулсан 0000000000 дугаартай “Авто зогсоол захиалгын гэрээ”-ний алданги 3.180.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, Э.С, хариуцагч С.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Халиун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч "Б” ХХК болон хариуцагч С.А нар нь 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 0000000000 дугаартай “Авто зогсоол захиалгын гэрээ”-г байгуулсан. Тус гэрээний 1.1-т заасны дагуу хариуцагч С.А нь Т хотхоны нэгдсэн дулаан зогсоолын 0-00 тоот нэг авто зогсоолыг гэрээний 2.1-д заасны дагуу нийт 35.900.000 төгрөгөөр авахаар харилцан тохиролцсон. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.2, 2.3-т заасны дагуу хариуцагч нь 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор 5.000.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 15.000.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 25-ны дотор 15.900.000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлөх үүрэг хүлээсэн. Нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу гэрээний зүйлийг хариуцагч талын эзэмшил, ашиглалтад 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээлгэн өгч, гэрээний үүргээ биелүүлсэн боловч хариуцагч нь 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 10.000.000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 10.000.000 төгрөгийг тус тус төлж  15.900.000 төгрөгийн төлбөр төлөх үүргээ биелүүлэлгүй нэхэмжлэгчийг хохироож байсан. Хэдийгээр захиалгын гэрээ гэх боловч бэлэн болсон зогсоол худалдсан. Улмаар шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа 15.900.000 төгрөгийг 2021-02-23-ны өдөр төлсөн. Одоо үлдэх алдангиа гаргуулж авна. Учир нь талуудын хооронд байгуулсан гэрээний 6.1-т '‘Захиалагч нь энэхүү гэрээний 2 дах хэсэгт заасан төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алдангийг гүйцэтгэгчид төлнө'' гэж заасны дагуу хамгийн сүүлд төлбөр төлсөн өдөр буюу 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нийт 496 өдрийн хугацаа хэтэрсэн бөгөөд өдрийн 79.500 төгрөг, нийт 39.432.000 төгрөг боловч талуудын хооронд байгуулсан гэрээний 6.4-т "Талуудын гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс нөгөө талдаа төлөх алдангийн дээд хэмжээ нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхгүй байна” гэж заасны дагуу 3.180.000 төгрөгийн алдангийг хариуцагч тал нь нэхэмжлэгч талд төлөх хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1, 2.2, 6.1-д заасан гэрээний үүргийн алданги 3.180.000 төгрөгийг, тэмдэгтийн хураамжийн хамт буруутай этгээд болох иргэн С.А-аас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.А миний бие 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Б ХХК-тай авто зогсоол захиалгын гэрээ байгуулсан. Захиалгын нийт төлбөр 35.900.000 төгрөгөөс 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 10.000.000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 10.000.000 төгрөг тус тус төлсөн. Үлдэгдэл төлбөрийг тус авто зогсоолын ордер бэлэн болохоор нь төлье гэж тус компанийн борлуулагчид хэлж байсан. Гэвч надаас төлбөрийг барагдуулах талаар урьдчилан мэдэгдэлгүй 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр шуудангаар шүүхийн мэдэгдэх хуудас ирсэн. Мэдэгдлийг аваад тус компанийн хуульч Б-тай 00000000 дугаараар ярихад намайг захиалгын үлдсэн төлбөрийг карантин дуусахад төлчихвөл эвлэрлийн гэрээ хийгээд ордер гаргаж өгнө гэж хэлсэн учраас 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр үлдсэн төлбөр 15.900.000 төгрөгийг нэхэмжлэгч Б ХХК-ийн данс руу шилжүүлсэн. Гэвч төлбөр төлсний дараа Б над руу ярьж алданги төлбөрийг төлөхийг шаардсан нь аман хэлцлээ зөрчиж байгаа учир миний бие тус алдангийг төлөх боломжгүй байгаа тул шийдэж өгнө үү. Мөн нэмж хэлэхэд би нэхэмжлэгч талтай олон гэрээгээр холбогдож 2 тэрбум орчим төгрөгийн худалдан авалт хийсэн ба 2017 оны 4 дүгээр сард орон сууц авч байсан ч ашиглалтад хугацаа хэтрүүлж орж байсан. Би алданги нэхэж байгаагүй. Авто зогсоолын хувьд 2018 онд 2 төлөлт хийсэн ба ордер гарахгүй байгаа гэж менежер нь хэлдэг байсан. Ингээд манайх Ривер гарден руу нүүгээд гэрээний аль аль тал нь гэрээгээ мартсан байсан. Гэрээн дээрээ заасан шигээ над руу мөнгөө төл гэж шаардаж нэг ч удаа утсаар ярих юм уу зурвас үлдээж байгаагүй. Гэнэт л шүүхэд өгсөн. Би мөнгөгүй учраас төлөөгүй юм биш, ордер нь гарахгүй байсан учраас л гарах үеэр нь үлдэгдлээ төлчихье гэж бодож явсан. Сануулж хэлээгүй атлаа алданги нэхэх эрхгүй гэж бодож байна гэв.

 

 Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                            ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

“Б” ХХК нь С.Аад холбогдуулан 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 0000000000 дугаартай “Авто зогсоол захиалгын гэрээ”-ний дагуу үлдэгдэл төлбөр 15.900.000 төгрөг, алданги 3.180.000 төгрөг, нийт 19.080.000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг анх шүүхэд гаргажээ.

Улмаар хариуцагч нь 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 15.900.000 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагаа энэ дүнгээр багасгаж, алданги 3.180.000 төгрөгийг гаргуулахаар шүүх хуралдаан дээр нэхэмжилдэг.

2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 0000000000 дугаартай “Авто зогсоол захиалгын гэрээ”-ний зорилго, талуудын хүсэл зориг, гэрээний зүйл нь баригдаад дууссан ашиглалтад орсон зогсоол байх тул талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Уг гэрээг Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т “гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг бичиг баримт үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар” гэж заасны дагуу байгуулсанд тооцох ба Иргэний хуулийн 56-60 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл тогтоогдоогүй тул хүчин төгөлдөр гэрээ байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь 0-00 авто зогсоолыг хариуцагч 2017 оны 11 дүгээр сард хүлээлгэн өгсөн тул үүргээ хугацаа хэтрүүлж гүйцэтгэсний хариуцлага болох /алданги/ гэрээний нэмэгдэл үүрэгт 3.180.000 төгрөгийг шаарддаг бол хариуцагч нь талуудын хооронд байгуулсан гэрээний 3.4-т заасан үүргээ гүйцэтгэгч тал биелүүлээгүй буюу төлбөрийг шүүхэд өгөхөөс өмнө төлөхийг огт сануулаагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг.

Талууд 2017 оны 11 дүгээр сард зогсоолыг хүлээлцсэн, улмаар 2018-05-21-ний өдөр 10.000.000 төгрөг, 2018-08-21-ний өдөр 10.000.000 төгрөг, 2021-02-23-ны өдөр 15.900.000 төгрөг төлөгдсөн үйл баримтын талаар маргадаггүй.

Гагцхүү нэхэмжлэгч гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрийг төлөөгүй тул алданги шаардах үндэслэлтэй гэдэг бол хариуцагч талуудын хооронд байгуулсан гэрээний 3.4-т заасан  “... төлбөрөө төлөөгүй тохиолдолд гүйцэтгэгч нь энэ талаар захиалагчид утасдах, мессэж мэйл илгээх” зэргээр мэдэгдэж сануулаагүй, зогсоолын гэрчилгээг гаргахдаа үлдэгдлээ төлнө гэж ойлгож байсан, гэрээгээ өдий хүртэл цуцлаагүй гэх шалтгаанаар  нэхэмжлэлээс татгалздаг.

Хэрэгт авагдсан баримтаас харахад талуудын хооронд байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.2, 2.3-т төлбөр төлөх хуваарийг тохирсон байх ба гэрээ байгуулмагц 5.000.000 төгрөгийг,  2017-11-25-ны өдрийн дотор 15.000.000 төгрөгийг, 2017-12-25-ны өдрийн дотор 15.900.000 төгрөгийг, нийт 35.900.000 төгрөгийг төлөхөөр тохирсон байна.

Гэвч талууд 2018-05-21-ний өдөр 10.000.000 төгрөг, 2018-08-21-ний өдөр 10.000.000 төгрөгийг тус тус өгч авалцсан буюу гэрээ байгуулсан өдөр 5.000.000 төгрөг төлөгдсөнөөр хүчин төгөлдөр болох заалтыг хэрэгжүүлээгүй байна.

Мөн гэрээний 3.2-т “гүйцэтгэгч нь зогсоол ашиглалтад орсны дараа төлбөр, алданги болон бусад төлбөрийн тооцоогүй тухай гүйцэтгэгчид нягтлан бодогчийн гаргасан төлбөрийн тодорхойлолтыг үндэслэн зогсоолыг захиалагчид актаар хүлээлгэн өгнө” гэсэн заалтыг үл хэрэгжүүлэн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр зогсоолыг огт төлбөр төлөгдөөгүй байхад С.Аад хүлээлгэн өгч байжээ.

Дээр дурдсан байдлаар гэрээний талуудын хооронд гэрээний заалтуудыг үл харгалзсан үйл баримтууд болж өнгөрсөн байх ба үлдэгдэл 15.900.000 төгрөгийг төлөх тухайг нь С.Аад сануулж байгаагүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байна.

Учир нь Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дах хэсэгт үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан ч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзэх бөгөөд талуудын байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.4-т “Захиалагч нь энэхүү гэрээний 2 дах хэсэгт заасан төлбөрийн хугацааг хэтрүүлсэн, төлбөрөө төлөөгүй тохиолдолд гүйцэтгэгч нь энэ талаар захиалагчид утасдах, мессеж, мэйл илгээх зэргээр мэдэгдэж сануулна. Ийнхүү сануулснаас хойш захиалагч төлбөрийг төлөлгүй 15 хоногийн хугацаа өнгөрвөл захиалагчийг гэрээний хугацаа биелүүлээгүй гэж үзэж гэрээг дангаар цуцлах эрх гүйцэтгэгчид үүснэ” гэжээ.

Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч С.Аад гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлэх талаар утсаар шаардсан гэж тайлбарлах боловч үүнийгээ баримтаар нотлоогүй тул гэрээний нөхцөл биелэгдэх боломжгүй байдал бий болоход гэрээг цуцлан дуусгавар болгох эрхээ хэрэгжүүлээгүй байна.

Иймд нэхэмжлэгч тал хариуцагч  талаасаа төлбөрийг хугацаандаа төлөөгүйн хариуцлага гэж гэрээний нэмэгдэл үүрэг болох алданги 3.180.000 төгрөгийг шаардах хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 223 дугаар зүйлийн 223.2 дах хэсэгт зааснаар “Б” ХХК-ийн гаргасан С.А-ад холбогдох 0000000000 дугаартай “Авто зогсоол захиалгын гэрээ”-ний алдангид 3.180.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253.500 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

                      

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           О.ЧУЛУУНЧИМЭГ