Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2021/00660

 

 

 

 

 

 

 

 

 

Б- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2021/00539 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б- ХХК-ийн хариуцагч С.А-ад холбогдуулан гаргасан гэрээний алдангид 3 180 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Э нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч "Б- ХХК болон хариуцагч С.А- нар нь 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр авто зогсоол захиалгын гэрээ байгуулж, хариуцагч С.А- нь Таймскүэр хотхоны нэгдсэн дулаан зогсоолын D-37 тоот авто зогсоолыг гэрээний 2.1-д заасны дагуу 35 900 000 төгрөгөөр авахаар харилцан тохиролцсон. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.2, 2.3-т заасны дагуу хариуцагч нь 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор 5 000 000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 15 000 000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 25-ны дотор 15 900 000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлөх үүрэг хүлээсэн. Нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу гэрээний зүйлийг хариуцагч талын эзэмшил, ашиглалтад 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээлгэн өгч, гэрээний үүргээ биелүүлсэн'боловч хариуцагч нь 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 10 000 000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 10 000 000 төгрөгийг тус тус төлж 15 900 000 төгрөгийн төлбөр төлөх үүргээ биелүүлэлгүй нэхэмжлэгчийг хохироож байсан. Хариуцагч нь шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа 15 900 000 төгрөгийг 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж, алдангиа гаргуулж авна. Учир нь талуудын хооронд байгуулсан гэрээний 6.1-т "Захиалагч иь энэхүү гэрээний 2 дах хэсэгт заасан төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алдангийг гүйцэтгэгчид төлнө" гэж заасны дагуу хамгийн сүүлд төлбөр төлсөн өдөр буюу 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нийт 496 өдрийн хугацаа хэтэрсэн бөгөөд өдрийн 79 500 төгрөг, нийт 39 432 000 төгрөг боловч талуудын хооронд байгуулсан гэрээний 6.4-т Талуудын гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс нөгөө талдаа төлөх алдангийн дээд хэмжээ нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхгүй байна гэж заасны дагуу 3 180 000 төгрөгийн алдангийг хариуцагч тал нь нэхэмжлэгч талд төлөх хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1, 2.2, 6.1-д заасан гэрээний үүргийн алданги 3 180 000 төгрөгийг, тэмдэгтийн хураамжийн хамт буруутай этгээд болох иргэн С.А-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.А- миний бие 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Б- ХХК-тай автозогсоол захиалгын гэрээ байгуулсан. Захиалгын нийт төлбөр 35 900 000 төгрөгөөс 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 10 000 000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 10 000 000 төгрөг тус тус төлсөн. Үлдэгдэл төлбөрийг тус авто зогсоолын ордер бэлэн болохоор нь төлье гэж тус компанийн борлуулагчид хэлж байсан. Гэвч надад төлбөрийг барагдуулах талаар урьдчилан мэдэгдэлгүй 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр шуудангаар шүүхийн мэдэгдэх хуудас ирсэн. Мэдэгдлийг аваад тус компанийн хуульч н.Базарсадтай 99115806 дугаараар ярихад намайг захиалгын үлдсэн төлбөрийг каринтин дуусахад төлчихвөл эвлэрлийн гэрээ хийгээд ордер гаргаж өгнө гэж хэлсэн учраас 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр үлдсэн төлбөр 15 900 000 төгрөгийг нэхэмжлэгч Б- ХХК-ийн данс руу шилжүүлсэн. Гэвч төлбөр төлсний дараа н.Базарсад над руу ярьж алданги төлбөр төлөхийг шаардсан нь аман хэлцлээ зөрчиж байгаа учир миний бие тус алдангийг төлөх боломжгүй. Мөн нэмж хэлэхэд би нэхэмжлэгч талтай олон гэрээгээр холбогдож 2 000 000 000 орчим төгрөгийн худалдан авалт хийсэн ба 2017 оны 4 дүгээр сард орон сууц авч байсан ч ашиглалтад хугацаа хэтрүүлж орж байсан. Би алданги нэхэж байгаагүй. Авто зогсоолын хувьд 2018 онд 2 төлөлт хийсэн ба ордер гарахгүй байгаа гэж менежер нь хэлдэг байсан. Ингээд манайх Ривер гарден руу нүүж гэрээний аль аль тал нь гэрээгээ мартсан байсан. Гэрээн дээр заасан шигээ над руу мөнгөө төл гэж шаардаж нэг ч удаа утсаар ярих юм уу зурвас үлдээж байгаагүй. Гэнэт л шүүхэд өгсөн. Би мөнгөгүй учраас төлөөгүй юм биш, ордер нь гарахгүй байсан учраас л гарах үеэр нь үлдэгдлээ төлчихье гэж бодож явсан. Сануулж хэлээгүй атлаа алданги нэхэх эрхгүй гэж бодож байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 223 дугаар зүйлийн 223.2 дах хэсэгт зааснаар Б- ХХК-ийн гаргасан С.А-ад холбогдох RGTSG-D37 дугаартай авто зогсоол захиалгын гэрээний алдангид 3 180 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б- ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253 500 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй гэж үзэж байна. Шүүх Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дах хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан. Үүрэг гүйцэтгүүлэгч болох нэхэмжлэгч Б- ХХК нь үүрэг гүйцэтгэгч болох хариуцагч С.А-ыг гэрээнд заасан авто зогсоолын төлбөр төлөхөд ямар нэгэн саад учруулсан зүйл болон төлбөр гүйцэтгэх боломжийг хангаагүй зүйл огт байхгүй харин ч гэрээний дагуу төлбөр төлөх дансаар болон бэлнээр төлөх нөхцөлийг хангалттай бүрдүүлж байсан болно. Хариуцагч С.А- нь 2018 оны 5 сарын 21-ний өдөр 10 000 000 төгрөг, 2018 оны 8 сарын 21-ний өдөр 10 000 000 төгрөг, 2021 оны 02 сарын 23-ны өдөр 15 900 000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч талын харилцах банкны дансаар төлсөн. Гэрээ байгуулснаас хойш өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч Б- ХХК-ийн харилцах банкны данс өөрчлөгдөөгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б- ХХК-ийн харилцах банкны данс болон үйл ажиллагаа явуулдаг байгууллагын хаяг өөрчлөгдөөгүй бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хариуцагч С.А-ад гэрээнд заасан хугацаанд авто зогсоолын төлбөр төлөх боломжит нөхцөл хангалттай бүрдсэн байсан. Нөгөөтээгүүр авто зогсоол захиалгын гэрээний 3.4-т Захиалагч нь энэхүү гэрээний 2 дах хэсэгт заасан төлбөрийн хугацааг хэтрүүлсэн төлбөрөө төлөөгүй тохиолдолд гүйцэтгэгч нь энэ талаар захиалагчид утастах, мессеж, мэйл илгээх зэргээр мэдэгдэж сануулна. Ийнхүү сануулснаас хойш захиалагч төлбөрийг төлөлгүй 15 хоногийн хугацаа өнгөрвөл захиалагчийг гэрээний хугацаа биелүүлээгүй гэж үзэж гэрээг дангаар цуцлах эрх гүйцэтгэгчид үүснэ" гэж заасан буюу тус заалтаар нэхэмжлэгч Б- ХХК-д талуудын хооронд байгуулсан гэрээг цуцлах эрх олгосон заалт болохоос заавал дагаж мөрдөх үүрэг хүлээлгээгүй байхад анхан шатны шүүхийн шүүгч үүрэг мэтээр тайлбарлан дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон. Хариуцагч С.А- нь гэрээнд заасан хугацаанд төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэгч Б- ХХК нь талуудын хооронд байгуулсан гэрээг цуцалж болох тухай эрх олгосон боловч нэхэмжлэгч Б- ХХК-иас талуудын хооронд байгуулсан гэрээг цуцлах хүсэл зориг байгаагүй болно. Энэхүү хүсэл зоригийг ч нэхэмжлэгч Б- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүх хурал дээр удаа дараа тайлбарласан боловч шүүхээс хэрэгжүүлэх эсэхээ сайн дураараа шийдэх ёстой эрхийг заавал дагаж мөрдөх үүрэг мэтээр тайлбарласан нь гэрээний заалтыг буруу үнэлж дүгнэсэн байна гэж үзэхээр байна. Авто зогсоол захиалгын гэрээний 2.3-т заасны дагуу авто зогсоолын нийт төлбөрийг 2017 оны 12 сарын 25-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах үүрэггэй байсан боловч хариуцагч С.А- нь хугацаандаа төлж барагдуулаагүй тул нэхэмжлэгч Б- ХХК-ийн борлуулагч удаа дараа амаар болон утсаар шаардаж байсны үндсэн дээр төлбөрийг төлж барагдуулсан байдаг. Өөрөөр хэлбэл гэрээнд заасан хугацаа даруй 4 жил өнгөрсөн боловч хариуцагч С.А- нь авто зогсоолын төлбөрөө төлж байсан нь нэхэмжлэгч Б- ХХК-ийн борлуулагч авто зогсоолын үлдэгдэл төлбөрөө төлж барагдуулах ёстойг шаардаж байсны үр дүн юм. Нөгөөтээгүүр нэхэмжлэгч талаас авто зогсоолын төлбөрөө удаа дараа шаардаж байсан үйл баримтаа шүүхэд гаргасан тайлбар болон үйл баримтаар нотолсон боловч шүүхээс анхаарч үзээгүй. Дээрх үндэслэлүүдээс дүгнэвэл анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй мөн хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон 3 180 000 төгрөгийн гэрээний алдангийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Б- ХХК нь хариуцагч С.А-ад холбогдуулан гэрээний үлдэгдэл төлбөрт 15 900 000 төгрөг, алдангид 3 180 000 төгрөг, нийт 19 080 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг багасган, алдангид 3 180 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх-ийн 23-р тал/

 

Зохигчид 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр авто зогсоол захиалгын гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Б- ХХК нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Их Монгол Улсын гудамж, Таймскүэр цогцолбор хотхоны нэгдсэн дулаан зогсоолын D-37 тоот авто зогсоолыг гэрээний 3.1-т заасан хугацаанд барьж ашиглалтад оруулан, 35 900 000 төгрөгөөр худалдах, хариуцагч С.А- нь 2017 оны 10 дугаар сарын 20-ны дотор 5 000 000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 25-ны дотор 15 000 000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 25-ны дотор 15 900 000 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцож, нэхэмжлэгч Б- ХХК нь гэрээний зүйл болох авто зогсоолыг хариуцагч С.А-ад хүлээлгэн өгсөн болох нь талуудын тайлбар болон авто зогсоол захиалгын гэрээ зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 7-9-р тал/

 

Анхан шатны талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнэсэн нь зөв боловч зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааны талаар үндэслэлтэй, зөв дүгнэлт хийгээгүй, гэрээний агуулга болон хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Манай компани нь гэрээний үүргийг биелүүлж, авто зогсоолыг хариуцагч С.А-ад хүлээлгэн өгсөн боловч хариуцагч нь гэрээнд заасан хугацааг хэтрүүлэн төлбөрийг төлсөн тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 15 900 000 төгрөгөөс 20 хувийн алданги тооцож, 3 180 000 төгрөгийг гаргуулах гэсэн агуулгаар тодорхойлсныг хариуцагч эс зөвшөөрч авто зогсоолын гэрчилгээ гарахаар үлдэгдэл төлбөрийг төлөхөөр тохиролцсон, гэвч нэхэмжлэгч нь уг тохиролцоогоо зөрчиж, надад урьдчилан мэдэгдэлгүйгээр алданги шаардсаныг зөвшөөрөхгүй гэх үндэслэл заан маргажээ.

 

Талуудын байгуулсан гэрээний 6.1-д захиалагч нь энэхүү гэрээний 2-т заасан төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн 0.5 хувьтай тэнцэх алдангийг гүйцэтгэгчид төлнө гэж заасан байна. Энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээний алданги төлөх заалтад нийцсэн байх тул нэхэмжлэгч нь алданги шаардах эрхтэй.

 

Хариуцагч С.А- нь авто зогсоолын үнэ болох 35 900 000 төгрөгийг 3 хувааж төлөхдөө, 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 10 000 000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 10 000 000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 15 900 000 төгрөгийг тус тус төлсөн болох нь зохигчдын хэн алины тайлбараар тогтоогдсон байна. /хх-ийн 1-2, 18-р тал/

 

Нэхэмжлэгч нь 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд 15 900 000 төгрөгт алданги тооцон, 3 180 000 төгрөгийг хариуцагчаас шаардсан нь үндэслэлтэй. Тодруулбал, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт ... анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан бөгөөд талууд алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхгүй байхаар гэрээний 6.4-т тохиролцжээ. Иймд нэхэмжлэгч нь 15 900 000 төгрөгийн 20 хувь 3 180 000 төгрөгийг хариуцагчаас шаардсан нь хууль буюу гэрээнд нийцсэн байна.

 

Зохигчид төлбөр төлөгдсөн цаг хугацааны талаар маргаагүй. Харин гэрээний 3.4-т Захиалагч нь энэхүү гэрээний 2-т заасан төлбөрийн хугацааг хэтрүүлсэн, төлбөрөө төлөөгүй тохиолдолд гүйцэтгэгч нь энэ талаар захиалагчид утасдах, мессеж, мэйл илгээх зэргээр мэдэгдэж, сануулна. Ийнхүү сануулснаас хойш захиалагч төлбөрийг төлөлгүй 15 хоногийн хугацаа өнгөрвөл захиалагчийг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэж гэрээг дангаар цуцлах эрх гүйцэтгэгчид үүснэ гэж заасан нөхцөлийн агуулгын талаар маргажээ.

 

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасан. Гэрээний дээрх заалт нь захиалагч гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд гүйцэтгэгчээс захиалагчид гэрээ цуцлах талаар сануулга өгөх агуулгатай байна.

 

Гэтэл анхан шатны шүүх гэрээний дээрх заалтыг үүрэг гүйцэтгэх нөхцөл бүрдүүлэхтэй холбоотой үйлдэл хийх талаар зохицуулсан Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дах хэсгийн зохицуулалттай хольж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийг алдангиас чөлөөлөх боломжгүй. Иймд гэрээний 6.1, 6.4-т заасны дагуу хариуцагчид алданги төлөх үүрэг үүссэн гэж үзнэ. Мөнгөн төлбөр төлөх үүргээ гүйцэтгэхийн тулд хариуцагчийн зүгээс ямар нөхцөл бүрдүүлэх шаардлагатай байсан, тэр нь төлбөр төлөх боломжгүй нөхцөл байдал үүсгэсэн гэдгийг хариуцагч нотлоогүй.

 

Мөн хариуцагч татгалзалдаа авто зогсоолын гэрчилгээ гарсны дараа үлдэгдэл төлбөрийг төлөхөөр тохиролцсон гэх боловч энэхүү тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй.

 

Түүнчлэн анхан шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилан шийдвэрлэхдээ хэрэглэх ёстой хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн заалтыг буруу бичсэн зэрэг алдаа гаргасныг зөвтгөн өөрчилсөн болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2021/00539 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт зааснаар хариуцагч С.А-аас 3 180 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б- ХХК-д олгосугай гэж,

2 дах заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б- ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253 500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.А-ас 65 830 төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай. гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Г.ДАВААДОРЖ