Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 541

 

 

 

 

 

 

2020              4              30                                          2020/ДШМ/541

 

 

О.Б-, Э.Б-, Э.Т-,

М.Ц- нарт холбогдох эрүүгийн

     хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Оюунжаргал,

шүүгдэгч О.Б-ын өмгөөлөгч Д.Ганхуяг,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЗ/634 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Анхбаярын бичсэн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 17 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн О.Б-, Э.Б-, Э.Т-, М.Ц- нарт холбогдох эрүүгийн 1905039651184 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Өөлд овгийн О.Б, 19.. оны 12 дугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ............. хамт Сэлэнгэ аймгийн...........сум, ...дүгээр хороо, ....... тоотод оршин суух бүртгэлтэй, /........................../;

2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 888 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан.

2. Орлой овгийн Э.Б, 20....... оны 4 дүгээр сарын 2-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, ...... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ............... их сургуулийн ... дугаар дамжааны оюутан, ............хамт ............ баг, ......... тоотод оршин суух бүртгэлтэй боловч .........., ...-8 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:......................./;

3. Зогсоол овгийн , 20... оны 5 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ............нарын хамт Төв аймгийн Зуунмод сумын ..........тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн .......... тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД........................./;

4. Боржигон овгийн Т, 1.......оны .... дугаар сарын 1-ний өдөр Сүхбаатар аймгийн ........ суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ........... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн ........... тоотод түр оршин суух, /РД: ................./;

2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 389 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн.

О.Б- нь 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, 86 дугаар байрны 1-108 тоотод оршин суух иргэн А.Ч-н гэрээс “Никон” загварын Д-7200 маркийн гэрэл зургийн аппарат, хос гутал зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 2.130.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан,

2018 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 15-16 цагийн үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 25 дугаар байрны 20 тоотоос иргэн Э.Б-н нөүтбүкийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилсан,

2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 1 дүгээр гудамжны 98 тоот хашааны гадна Б.Ч-н эзэмшлийн 220.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Хуавэй П-10” маркийн гар утсыг түүнээс “утсаа түр хэрэглүүлээч, орой өгнө” гэж хуурч авч залилсан,

Э.Б-, Э.Т- нартай бүлэглэн 2019 оны 7 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сиа” нэртэй бааранд иргэн Б.М, Д.Э, М.Ш нарын биед халдан зодож, эдгээр 3 иргэний эрүүл мэндэд тус бүр хөнгөн хохирол учруулсан,

Э.Т- нь О.Б-, Э.Б- нартай бүлэглэн 2019 оны 7 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сиа” нэртэй бааранд иргэн Б.М, Д.Э, М.Ш нарын биед халдан зодож, эдгээр 3 иргэний эрүүл мэндэд тус бүр хөнгөн хохирол учруулсан,

Э.Т- нь М.Ц-тай бүлэглэн 2019 оны 7 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сиа” баарны орчим иргэн Э.Т-н биед халдаж түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Э.Б- нь О.Б-, Э.Т- нартай бүлэглэн 2019 оны 7 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сиа” нэртэй бааранд иргэн Б.М, Д.Э, М. нарын биед халдан зодож, эдгээр 3 иргэний эрүүл мэндэд тус бүр хөнгөн хохирол учруулсан,

М.Ц- нь Э.Т-тай бүлэглэн 2019 оны 7 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сиа” баарны орчим иргэн Э.Т-н биед халдаж түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: О.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Э.Т-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Э.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, М.Ц-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “гэмт хэргийн сэдэлт, зорилго...”-ийг тогтоогоогүй байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд заасан ямар гэмт хэргийн шинжтэй болохыг бүрэн шалгаж тогтоогоогүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй эсэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15 дахь заалтад заасан “мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх” нь зүйтэй. Мөн энэ хэрэгт яллагдагч нарыг “бүлэглэн ... , гурван иргэний эрүүл мэндэд тус бүр хөнгөн хохирол учруулсан” гэж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан нь агуулгын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан “хоёр ба түүнээс олон хүнийг”, 2.11 дэх заалтад заасан “бүлэглэж” үйлдсэн гэсэн хүндрүүлэх нөхцөл байдлаар ойлгогдож байна.

Гэтэл яллах дүгнэлтэд яллагдагч нарын үйлдсэн хэргийг “бусадтай бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэргийг /бүлэглэж/ хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэж буюу “бүлэглэн” гэсэн зөвхөн ганцхан хүндрүүлэх нөхцөл байдлаар зүйлчилсэн нь “эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах” тогтоолоос зөрүүтэй болжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт 14 хүндрүүлэх нөхцөл байдал заасан бөгөөд гэмт хэрэгт холбогдсон хүний үйлдэл нь аль хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарч байгааг хуулийн зүйл, хэсэг, заалтаар нь тодорхой бичиж байх шаардлагатай байна.

Түүнчлэн хохирогч Б.Мөнхбаатараас шүүхийн хэлэлцүүлэгт “энэ гэмт хэргийн улмаас шүд гэмтсэн” гэжээ. Түүнд учирсан шүдний гэмтэл нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтэл мөн эсэх талаар нэмж ажиллагаа явуулах нь зүйтэй байна.

Иймд шүүх хуралдаанаар шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй, дээрх ажиллагаануудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа тул хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ. Шүүхээс энэ хэрэгт өөрийн санаачлагаар урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэх боломжтой байсан боловч хэлэлцүүлгээр гэм буруугийн асуудал хөндөгдөх тул хэлэлцэхгүй орхиж анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно. Хэргийг прокурорт очтол Э.Б-, М.Ц-, Э.Т- нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлж, О.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлэхээр шийдвэрлэв. ...” гэжээ.

Прокурор Н.Анхбаяр бичсэн эсэргүүцэлдээ: “... Шүүхээс “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй эсэх…” гэжээ.

Гэтэл хэрэгт О.Б-ын бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөлийн эд хөрөнгийг авч залилсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, О.Б-ын бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, О.Б-ын бусадтай бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан / бүлэглэж / хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Э.Т-ын бусадтай бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэргийг /бүлэглэж/ хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Э.Б-ын бусадтай бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан / бүлэглэж / хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, М.Ц-ын бусадтай бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэргийг /бүлэглэж/ хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан зүйл хэсгийг тодорхой Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т зааснаар /бүлэглэж/ гэсэн хүндрүүлэх нөхцөл байдлыг тодорхойлж хууль зүйн дүгнэлт хийсэн болно.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн байдал нь хэрэгт авагдсан хохирогч А.Чимэдийн мэдүүлэг /2хх 55-57/, иргэний нэхэмжлэгч Д.Жавхлантөгсийн мэдүүлэг /2хх 62-63/, “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн үнэлгээний дүгнэлт /2хх 74/, хохирогч О.Буянхишигийн мэдүүлэг /хх 10-11/, иргэний нэхэмжлэгч Ц.Жамъяндоржийн мэдүүлэг /хх-14/,  “Дамно” ХХК-ийн үнэлгээний дүгнэлт /хх 24-25/, хохирогч Б.Чулуунцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 235-236/, “Дамно” ХХК-ийн үнэлгээний дүгнэлт /хх 245-246/, хохирогч Б.Мөнхбаатарын мэдүүлэг /хх 70-72/, хохирогч Д.Эрдэнэбаатарын мэдүүлэг /хх 76-78/, хохирогч М.Шийрэвнямбуугийн мэдүүлэг, /хх 83-85/,  /SЕА/ нэртэй баарны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 141-163/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч М.Аригуунтөгсийн 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 8694 дугаартай дүгнэлт /хх 94/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч М.Аригуунтөгсийн 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 8695 дугаартай дүгнэлт /хх 100/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч М.Аригуунтөгсийн 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 8696 дугаартай дүгнэлт /хх 106/, хохирогч Э.Төрмөнхийн мэдүүлэг /2хх 117-119/, гэрч С.Ууганцэцэгийн мэдүүлэг /2хх 120-122/, шинжээчийн дүгнэлт /хх 133/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн, нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана…” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх боломжтой юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана гэж хуульчилсан байна.

Энэ хүрээнд хохирогч Б.Мөнхбаатарын эрүүл мэндэд учирсан хохиролд гэмтэл учирсан эсэхийг дахин тодруулах шаардлагатай гэж үзсэн тохиолдолд дээрх зохицуулалтыг шүүх хэрэглэж шийдвэрлэх боломжтой юм.

Өөрөөр хэлбэл, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэж үзсэн тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх шинжилгээ хийлгэх боломжтой байна.

Шүүх хэрэгт цугларсан яллах талын нотлох баримтыг бусад нотлох баримтуудтай харьцуулан үнэлж, ямар хууль зүйн үндэслэлээр няцаан хэрхэн үгүйсгэж, эсхүл шүүхийн шийдвэрийн үндэслэл болох эсэх талаар шүүхээс хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн, түүнийг нотолсон нотлох баримтын агуулга, тухайн нотлох баримт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн яллах талын нотлох баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тодорхой заагаагүй болно.

Зөвхөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тодруулах гэсэн нийтлэг агуулгаар ямар нотлох баримт хэрхэн уг гэмт хэргийн шинжид хамаарч байгаа эсэхийг тодорхой заагаагүй учир дутагдалтай болжээ.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна...” гэж заасан зохицуулалтад нийцээгүй гэж үзнэ.

Дээрх нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжид хамаарахгүй байх бөгөөд шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдах гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

Хэрэгт прокуророос яллах талын бичгийн хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтуудаар хэрэг хянан шийдвэрлэхэд, тэдгээр нотлох баримтыг үнэлэхгүй байх хууль зүйн үндэслэлийг тодорхой дурьдаагүй, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг хүлээн авах боломжгүй юм.

Шүүгчийн захирамжийн удирдлага болгох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон заажээ.

Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “...яллагдагчийг шүүхэд шилжүүлэх ажиллагаа хийгдсэний дараа буюу хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар, урьдчилсан хэлэлцүүлгийн үед дараахь үндэслэлээр шүүх өөрийн санаачилгаар, эсхүл хэргийг буцаах тухай прокурорын санал, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэнэ...” гэж хуульчилжээ.

Шүүхээс урьдчилсан хэлэлцүүлэг явуулаагүй атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн 1.2 -т заасан үндэслэлээр хэргийг прокурорт буцаах зохицуулалтыг хэрэглэсэн нь буруу юм.

Мөн шүүгчийн захирамжлах хэсгийн 4 дэх заалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг прокурор эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 тав хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэй гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /орсон нэмэлт өөрчлөлтөөр/ 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт...”хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй”....гэж заажээ.

Шүүхээс дээрх зохицуулалтыг дурдаагүй орхигдуулсан нь хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэл бүхий болжээ.

Гэтэл шүүхээс дээрх зохицуулалтыг дурдаагүй зөвхөн прокурор эс зөвшөөрвөл гэж орхигдуулсан нь хэргийн оролцогч буюу яллагдагч, тэдгээрийн өмгөөлөгчийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 7.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Яллагдагч нь шүүх, прокурор, өмгөөлөгч, мөрдөгчийн ажиллагаа, шийдвэрт гомдол гаргах эрхтэй...", мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 -д “...мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүхийн ажиллагаа, шийдвэрт гомдол гаргах...” гэж заасан хуулиар олгосон эрхийг хязгаарлаж хуулийг зөрчсөн гэж үзнэ.

Иймд яллагдагч О.Б- нарт холбогдох хэргийг прокурорт буцаасан 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЗ/634 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаалгахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

Шүүгдэгч О.Б-ын өмгөөлөгч Д.Ганхуяг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Энэ хэрэгт шүүхээс урьдчилсан хэлэлцүүлэг зарлалгүй явуулсан атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийг прокурорт буцааж байгаа нь үндэслэлгүй байна. ...” гэв.

Прокурор Т.Оюунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хохирогчоос дахин шинжээч томилж өгөхийг хүссэн. Шинжээч томилох эрх хэмжээ прокурор, шүүх аль алинд байгаа. Гэтэл заавал шинжээч томилуулахаар прокурорт буцааж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалга гэсэн атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн ийм ийм шинж байна гэж үндэслэлээ тайлбарлаагүй. Яагаад шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэрэг байж болзошгүй гэж үзээд байгаа нь ойлгомжгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэрэгтэй адил төстэй шинжүүд байгаа. Гэхдээ бусад нийгмийн хэв журам зөрчөөд, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулаад, эд хөрөнгө эвдэж сүйтгээд, олныг хамруулаад байгаа нөхцөл байдал байхгүй. Зөвхөн шүүгдэгч, хохирогч нар хоорондоо сөргөлдөөд идэвхитэй үйлдэл үүсгэсэн болохоос олон нийт рүү чиглэсэн идэвхитэй үйлдэл байхгүй байсан. Тэгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд зааснаар давхар зүйлчлэх үндэслэлгүй байна. Мөн шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх, Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх ёстой. Гэтэл урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцүүлээгүй байж гэм буруугийн хуралдаанаас хэргийг прокурорт буцааж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр яллагдагч болон түүний өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид давж заалдах гомдол гаргах эрхтэй болсныг шүүгчийн захирамжид тусгаагүй. Тэгэхээр уг шүүгчийн захирамж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...”  гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх О.Б-, Э.Б-, Э.Т-, М.Ц- нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэлд дурьдсан асуудлаар хязгаарлалгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг бүхэлд нь хянахад, хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх тул “шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх” тухай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Тодруулбал, тус шүүгчийн захирамжийн “шүүгдэгч нарын холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуульд заасан ямар гэмт хэргийн шинжтэй болохыг бүрэн шалгаж тогтоогоогүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй эсэхэд мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх, түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн зарим хүндрүүлэх шинжийг орхигдуулсан” гэсэн дүгнэлтүүд нь хэргийг шүүхээс хянан шийдвэрлэхэд зайлшгүй ач холбогдолтой юм.

Шүүгдэгч О.Б-, Э.Б-, Э.Т- нар нь Sea гэх бааранд хохирогч Б.Мөнхбаатар, Д.Эрдэнэбаатар, М.Шийрэвнямбуу нарыг зодож, эрүүл мэндэд нь тус бүр хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Э.Т-, М.Ц- нар нь мөн бааранд хохирогч Э.Төрмөнхийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь нэр бүхий хохирогчоос гадна тухайн үйлчилгээ эрхэлж байсан байгууллага, аж ахуйн нэгжийн хэвийн үйл ажиллагаа алдагдсан, түүгээр үйлчлүүлж байсан бусад иргэдийн эрх чөлөө, хэвийн аж төрөх ёсонд харшилсан байж болохоор байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн тохирох хэсгүүдээс гадна Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн тохирох хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн заасан бөгөөд прокуророос шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэхдээ “бүлэглэж” гэсэн ганц хүндрүүлэх шинжийг заасан байхад шүүх нэмж, “хоёр буюу түүнээс олон хүнийг” хөнгөн хохирол учруулсан гэж шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг хүндрүүлэн шийдвэрлэх боломжгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЗ/634 дугаартай захирамжийг хэвээр үлдээж, прокурор Н.Анхбаярын бичсэн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 17 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.МЯГМАРЖАВ

 

ШҮҮГЧ                                                                                    О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧ                                                                                    Б.ЗОРИГ