Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 95

 

Ж.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 136 дугаар шийтгэх тогтоол, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 35 дугаар магадлалтай, 1712000600008 дугаартай эрүүгийн хэргийг Архангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Б-гийн гаргасан эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1973 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Ж-гийн Б нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Ж.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш зургаан сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэсэн байна.

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд Архангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Б гаргасан эсэргүүцэлдээ “...Магадлалын 2 дахь заалт нь илт үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцоно” гэж заасан бөгөөд дээрх бүрэн эрхийнхээ хүрээнд уг хэрэгт гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг цагдаагийн байгууллагад бүртгэсэн үеэс эхлэн прокурорын хяналтыг тасралтгүй хэрэгжүүлсэн байхад ямар үндэслэлээр прокурорын хяналт хэрэгжсэн эсэх нь эргэлзээтэй гэж үзэж байгаа нь тодорхойгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэргийг прокурорт тойргийн журмаар хуваарилах, хяналт тавьж буй прокурорыг өөрчлөхөд тусгайлан баримтлах журмыг заагаагүй бөгөөд энэ нь прокурорын байгууллагын ажлын дотоод зохион байгуулалтын асуудал юм. Өөрөөр хэлбэл, хэргийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих эрх бүхий прокурорт аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын болон түүний орлогчийн бичгээр болон амаар гаргасан шийдвэрийн дагуу шилжүүлэн хянуулж, энэ талаар байгууллагын эрүүгийн хэргийн нэгдсэн бүртгэл судалгаанд тусгадаг бөгөөд үүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хориглоогүй байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт давж заалдах шатны шүүхийн шийдвэрт дараах зүйлийг тусгана, 2.7-д “Давж заалдах шатны шүүхийн дүгнэлт, түүний үндэслэл” гэж заасан бөгөөд магадлалын 2 дахь заалтын үндэслэлийг дүгнэж бичээгүй нь дээрх заалтыг зөрчжээ. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, магадлалын 2 дахь заалтыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийг давж заалдах шатны шүүх зөрчсөн. Анхан шатны шүүх тухайн хэргийг яллах дүгнэлтийн хүрээнд шийдвэрлэсэн. Яллах дүгнэлтийн хавсралтыг гардуулж өгөөгүй нь хэргийн талаар бодитой дүгнэлт хийхэд нөлөөлөхгүй гэж үзэж байна. Мөн магадлалын 2 дахь үндэслэлийг харахад давж заалдах шатны шүүх прокурорын байгууллагад чиглэл өгсөн утгатай байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Б нь 2017 оны 7 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Архангай аймаг, Хотонт сум, Б багийн Х гэх газарт оршин суух А.Ц-тэй маргалдаж, толгой, нүүр, хөл рүү нь цохих, өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон гэж дүгнээд Ж.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая төгрөгөөр торгох ял шийтгэжээ.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэцогтын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд “прокурор 4 хуудас яллах дүгнэлт үйлдсэн атлаа 2 хуудас яллах дүгнэлт яллагдагчид гардуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 2, 6 дахь хэсэгт заасныг зөрчсөн,

Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоолыг прокурор Б.М, яллах дүгнэлтийг прокурор Б.Б үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Тойргийн журмаар хэрэг хуваарилагдсан прокурорын хяналт хэдийд, ямар шалтгаанаар, хэний шийдвэрээр нөгөө прокурорт шилжсэн нь тодорхойгүй, хэрэгт прокурорын хяналт хэрэгжсэн эсэх нь эргэлзээтэй байгааг анхаарч үзээгүй” гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.

Хавтаст хэргийн 52-55 дугаар талд 4 хуудас бүхий яллах дүгнэлт, түүний хавсралт байх бөгөөд хэргийн 56 дугаар талд 2 хуудас, 3 нүүр яллах дүгнэлт гардуулсан баримтыг прокурор хэрэгт хавсаргажээ.

Яллагдагчид гардуулах яллах дүгнэлт ямар хэсгүүдээс бүрдэх, ямар агуулгатай байхыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлээр тодорхой зохицуулсан байхад прокурор бүрдэл, агуулга дутуу яллах дүгнэлт гардуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна.

Шүүх хуралдаанаас өмнө яллах дүгнэлтийг гардуулах нь яллагдагч өөрийгөө ямар хэрэгт холбогдсон, ямар нотлох баримтаар буруутгагдаж байгаагаа мэдэх эрхийг нь эдлүүлж буй прокурорын хуулиар хүлээсэн үүрэгт хамаарах ажиллагаа бөгөөд энэхүү эрхийг зөрчсөн гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэл зөв болжээ.

Харин магадлалын “нэг прокурор эрүүгийн хэрэг үүсгэж, нөгөө прокурор яллах дүгнэлт үйлдсэн” гэх 2 дахь үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хориглоогүй үйл ажиллагаа байх тул давж заалдах шатны шүүхийн энэхүү дүгнэлтийг хууль зүйн үндэслэлгүй, энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй гэж үзнэ.

Иймд хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх тухай давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 136 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 35 дугаар магадлалыг хэвээр үлдээсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                                           Д.ГАНЗОРИГ

                                                                                           Ч.ХОСБАЯР

                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН