Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2017/0083

 

“Жанхар цамхаг” ХХК-ийн  нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хишигбаяр, хариуцагч Ү.Ууганбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Дуламсүрэн нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 757 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Жанхар цамхаг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ү.Ууганбаяр, Ц.Амгалан нарт холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 757 дугаар шийдвэрээр:  Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ү.Ууганбаяр, Ц.Амгалан нарын 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 35/0001913 тоот актын 454,545,400 төгрөгийн зөрчилд ногдуулсан 45,454,500 төгрөгийн төлбөрөөс 13,636,400 төгрөгийн торгууль, 13,029,600 төгрөгийн алдангийг хүчингүй болгож, 45,454,500 төгрөгийн нөхөн татвар ногдуулсныг хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагын хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлд заасныг үндэслэл болгон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

Дээрх шүүхийн шийдвэрээр Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчдын 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 35/0001913 тоот актын 454.545.400 төгрөгийг зөрчилд ногдуулсан 45.454.000 төгрөгийн нөхөн татварын хүчингүй болгохыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

Дээрх шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт дурдсан 13.636.400 төгрөгийн торгууль, 13.029.600 төгрөгийн алдангийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ” мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдож байна” гэж заасныг баримталж хангаж шийдвэрлэсэнд маргахгүй, шүүх зөв шийдвэрлэсэн.

Харин Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчдын 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 35/0001913 тоот актын 454.545.400 төгрөгийг нөхөн татвар ногдуулсан 45.454.000 төгрөгийн нөхөн татварыг торгууль, алданги ногдуулсныг хүчингүй болгосон шиг шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж үзэж байна.

Учир нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбоотой холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан.  Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ”, 10 дугаар зүйлийн 10.2-т “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна” гэж заасан.

Дээрх хуулийн үйлчлэлд Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчдын 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 35/0001913 тоот акт бүхэлдээ хамаарч байхад шүүх зөвхөн торгууль, алданги нь хамаарна гэж ойлголтоор үнэлж, дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна. Хуульд энэ акт бүхэлдээ хамаарч, өршөөлд хамрагдах болохыг тодорхой тусгасан байна. Цаг хугацааны хувьд ч дээрх хуулийн 10.2-т заасан хугацаанд хамаарч байна. Иймд маргааны бүхий акт нь өршөөлд хамрагдах бүрэн үндэслэлтэй гэж үзэхээр байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэрийн Тогтоох хэсгийн зөрчилд ногдуулсан 45.454.500 төгрөгийн нөхөн татвар ногдуулсныг хэрэгсэхгүй болгосныг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, өршөөлд хамруулж өгөхийг хүсье” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлийн дагуу хэргийг хянаад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Жанхар цамхаг” ХХК-аас “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ү.Ууганбаяр, Ц.Амгалан нарын  2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 35/0001913 тоот актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт, шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ү.Ууганбаяр, Ц.Амгалан нар “Жанхар” ХХК-ийн 2013 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн шалгалт хийж, татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 35/0001913 тоот актаар нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогоо бууруулсан гэх зөрчил тогтоон, нөхөн татвар, торгууль, алданги, нийт 72.120.000 төгрөгийн төлбөр ногдуулсан, Гааль, татварын ерөнхий газрын дэргэдэх татварын Маргаан таслах зөвлөлийн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 07 дугаар тогтоолоор татварын улсын байцаагчийн 2013 оны 35/0001913 тоот актыг хэвээр үлдээжээ.

Нягтлан бодох бүртгэлийн тухай /2001 оны/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн зөв гаргах үндэслэл болно”, 7 дугаар зүйлийн 7.4-д “аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичилт хийж бүрдүүлнэ”, 7.6-д “Анхан шатны баримтын бүрдэлт, үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна”, 7.7-д “анхан шатны баримтгүй ажил гүйлгээг бүртгэл, тайланд тусгахыг хориглоно”, 8.2-т “Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлд давхар бичилт хэрэглэнэ” гээд падааны үнэн зөв эсэхийг бэлтгэн нийлүүлэгч буюу худалдан авагч болон худалдагч хариуцахаар заажээ.

Мөн Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх”, 18.1.3-д “анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах үүрэгтэй”, 43 дугаар зүйлийн 43.1-д “Татвар төлөгч холбогдох баримт, бүртгэлд үндэслэн хуулийн дагуу төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлон татварын тайланд тусгаж, бэлэн болон бэлэн бус хэлбэрээр татвар төлнө” гэж,

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д ““нэгдсэн дугаар бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын падаан” гэж борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний нэр төрөл, тоо хэмжээ, тэдгээрийн нэгжийн болон нийт үнэ, түүнчлэн нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээг тусгасан, татварын албанаас олгосон нэгдсэн дугаар бүхий нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт бичгийг” ойлгохоор, 14 дүгээр зүйлийн 14.3-т “худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж тус тус зааснаас үзэхэд нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дангаараа нэмэгдсэн өртгийн албан татвар төлснийг нотлохгүй, бэлтгэн нийлүүлэгч талын бараа материалаа худалдсан зарлагын баримтаас гадна худалдан авагч талын “...нягтлан бодох бүртгэлийн бусад баримт” буюу төлбөрийн нэхэмжлэл, худалдах, худалдан авах гэрээ, ажил, гүйлгээ гарсныг нотлох дансны дебет, кредит бичилт, журнал, бүртгэл гэх мэт санхүүгийн анхан шатны баримт, бүртгэлд уг гүйлгээ гарсан нь тусгагдсан тохиолдолд уг худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцохоор байна.

“Жанхар цамхаг” ХХК нь “Далайдорж” ХХК-аас 2012 онд нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар бараа материал худалдан авсан гэж санхүүгийн анхан шатны баримт, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан зэрэгт тусгасан боловч “Далайдорж” ХХК нь “Жанхар цамхаг” ХХК-д борлуулалт хийж байгаагүй, нэхэмжлэгч дээрх нэмэгдсэн өртгийн албан татварын падаануудаар бодит худалдан авалт хийсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, худалдан авалт бодитойгоор хийгдээгүй, хий бичилттэй баримтыг санхүүгийн тайланд тусгасан нь “...үнэн зөв, бодит баримтад тулгуурлан санхүүгийн тайлан үйлдэгдэнэ” гэсэн шаардлага нөхцөлийг хангаагүй байна.

Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 757 дугар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:      

            ШҮҮГЧ                                                            О.НОМУУЛИН

            ШҮҮГЧ                                                            Э.ХАЛИУНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Э.ЗОРИГТБААТАР