Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 757

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл даргалж, 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч “Ж*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ү.У*******, Ц.А******* нарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х*******, хариуцагч Ү.У*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 1.Нэхэмжлэлийн шаардлагын агуулга: “Нийслэлийн Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ү.У*******, Ц.А******* нарын 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 35/0001913 тоот актыг хүчингүй болгуулах” гэжээ. 

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд: Манай компани 2008 онд үүсгэн байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулсаар өдийг хүрсэн. Энэ хугацаанд Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчид нь компанийн үйл ажиллагааны санхүүгийн баримт бичигт хяналт шалгалт хийж, “Ж*******” ХХК нь 2012 онд “Д*******” ХХК-аас 454,545.4 мянган төгрөгийн хий бичилт хийсэн падаанаар худалдан авалтыг хасч тооцсон зөрчилд татварын хяналт шалгалт хийх томилолт, Татварын ерөнхий газрын даргын 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 1/67-8 албан тоотын дагуу хэсэгчлэн шалгалт хийж, уг зөрчилд 45,454.5 мянган төгрөгийн нөхөн татвар, 13,636.4 мянган төгрөгийн торгууль, 13,029,6 мянган төгрөгийн алданги, нийт 72,120,5 мянган төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэн 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 35/0001913 тоот акт үйлдсэн. 

Уг актыг үл зөвшөөрч Нийслэлийн татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан боловч Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.7 дахь хэсэгт заасныг удирдлага болгон мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 35 дугаар зүйлийн 35.3, нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь заалтыг тус тус үндэслэн татварын улсын байцаагчийн 35/0001913 тоот актыг хэвээр баталсан. Энэхүү тогтоолыг бидэнд 2015 оны 12 сард гардуулан өгсөн, авсан. 

Улмаар Нийслэлийн татварын хэлтсийн маргаан таслах зөвлөлийн тогтоолыг эс зөвшөөрч Гааль, татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан бөгөөд гомдлыг хянаад 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 07 дугаар тогтоолоор улсын байцаагчдын дээрх актыг хэвээр баталж шийдвэрлэсэн. 

Хэдийгээр татварын улсын байцаагчдын актыг хэвээр баталсан ч Нийслэлийн маргаан таслах зөвлөл нь гомдлын дагуу хяналт шалгалт хийж, “Д*******” ХХК-ийн хий бичилттэй падаан ашигласан эсэхэд нотлох баримт гаргуулахаар Улсын мөрдөн байцаах газрын ЭЗГХТХ-т албан бичиг хүргүүлсэн бөгөөд албан бичгийн хариуд “Д*******” ХХК-ийн захирал Ш.Ж******* нь байцаагдсан мэдүүлэгтэй НӨАТ-ын хуурамч падаан бичсэн болохоо хүлээн зөвшөөрсөн байдаг. Үүнээс үзвэл “Д*******” ХХК нь 454,545.4 мянган төгрөгийн хуурамч НӨАТ-ын падаан бичиж өгснөөрөө хариуцлага хүлээх ёстой. Манай компанийн хувьд “Д*******” ХХК-д залилуулсан болох нь нэгэнт нотлогдсон бөгөөд НӨАТ-ын падаанаар хийгдэж буй борлуулалтад Татварын алба зохих хяналт тавьж ажиллаагүйгээс хохироод байна. Хэн нэгэн зальт этгээд татварын албаны хяналтгүй ажиллагаа, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлдэггүйг нь ашиглаж татварыг завшсан нь татвараа шударгаар төлдөг, хуулиа сахин биелүүлж, мөрддөг этгээдэд дахин дахин татвар ногдуулах үндэслэл болох ёсгүй юм. 

Иймд Татварын ерөнхий хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.3-т заасны дагуу татварын улсын байцаагчийн актыг хүчингүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье. 

Мөн анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ” мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэл тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна” гэж заасны дагуу дээрх улсын байцаагчдын акт нь дээрх хуулийн үйлчлэлд хамаарч байна. 

Иймд анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.3 дахь заалт, 10.2 дахь заалтын дагуу татварын актын хүү, торгууль алданги болох 13 636,4 мянган төгрөгийн торгууль, 13 029,6 мянган төгрөгийн алдангийн өршөөлд хамруулж, нөхөн татвар 45 454,5 мянган төгрөгийг ногдуулсан улсын байцаагчийн актыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчдын 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 35/0001913 дугаар актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч “Ж*******” ХХК нь 2008 онд үүсгэн байгуулагдсанаас хойш барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. 2010 онд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Ургах наран” хорооллын 12, 20 дугаар байруудыг бие даан барьсан байдаг. Барилгыг барьж байх хугацаандаа Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст татварын тайлан, мэдээгээ хууль, тогтоомжид заасны дагуу өгч байсан.

Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 454,545.445 төгрөгийн хуурамч НӨАТ-ын падаан бичиж “Д*******” ХХК-аас авсан гэсэн үндэслэлээр маргаан бүхий актыг тогтоосон байдаг. Нэхэмжлэгч “Ж*******” ХХК-ийн зүгээс актыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж ярилцлагын тэмдэглэлд болон актыг гардуулахад албан ёсоор мэдэгдэж байсан. Актыг үндэслэлгүй тогтоогдсон гэж үзсэн учраас Татварын еренхий газрын маргаан таслах зөвлөлд хандсаны үндсэн дээр шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан.

“Ж*******” ХХК-нд ногдуулсан нөхөн татвар, торгууль, хүү, алдангийг үндэслэлгүйгээр тогтоосон гэж үзэж байна. Тус компани нь Татварын тухай хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасны дагуу татварын тайлан, мэдээгээ гаргаад явж байсан. Худалдан авалтыг хуульд заасны дагуу

явуулсан.

“Д*******” ХХК нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох ажил үйлчилгээг явуулсан. “Ж*******” ХХК нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан журмын дагуу НӨАТ ногдуулах нь үндэслэлтэй юм гэж үзээд НӨАТ-ын падааныг “Д*******” ХХК-аас авч байсан. “Д*******” ХХК НӨАТ-ын падааныг бичиж өгсөн бөгөөд арматурын төмөр авсан гэдгийг тодорхой дурдсан байгаа. Манай зүгээс НӨАТ-ын падааныг хуурамч, бодит бус гэдийг тухайн үед мэдээгүй, мэдэх боломжгүй байсан. Худалдан авсан арматурын төмрийг барьж буй “Ургах наран” хорооллын барилгын ажилд ашигласан.

“Д*******” ХХК-аас НӨАТ-ын баримт шаардахад албан ёсны бүртгэл, дугаар бүхий баримтыг өгсөн. “Ж*******” ХХК-ийн зүгээс тамга, тэмдэг дарж баримтыг авсан байдаг. Бид НӨАТ-ын баримтыг хуурамч гэж үзэх үндэслэл байхгүй. Уг НӨАТ-ын баримтыг авсны дагуу НӨАТ-ын тайланд энэ баримтаа оруулан тайлагнасан.

“Д*******” ХХК-ийн захирал Ш.Ж*******тай холбоотой асуудал Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасагт хянан шалгагдсан. Улмаар хуурамч НӨАТ-ын баримтад бичилт хийж байсан үйлдлүүдийг бүгдийг нь илрүүлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байдаг. Дээрх хяналт, шалгалтаар “Ж*******” ХХК-д хуурамч НӨАТ-ын баримтад бичилт хийж өгсөн гэдэг нь тогтоогдоогүй.

Энэ нь Ш.Ж*******гийн мэдүүлэг болон цагдаагийн байгууллагаас байцаасан тэмдэглэлд “Ж*******” ХХК-ийн нэр байдаггүй. Мөн “Ж*******” ХХК-тай холбоотой НӨАТ-ын баримтыг хуурамч гэдгийг цагдаагийн болон холбогдох байгууллагуудаас нотлох баримт байхгүй. Нэхэмжлэгч компанийн зүгээс “Д*******” ХХК-аас худалдан авалт хийж, НӨАТ-ын баримтыг авсан. Уг худалдан авалтаа нуун дарагдуулалгүй, хуулийн дагуу татварын байгууллагад тайлагнасан.

Тэгэхээр НӨАТ-ын баримтуудыг хуурамч гэдгийг холбогдох байгууллагуудаас тогтоогоогүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч компани нь үнэн зөвөөр татварын тайлан мэдээгээ тайлагнасны төлөө хохироод явах үндэслэл байхгүй.

“Д*******” ХХК нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3 дахь заалтуудыг зөрчиж татвар ногдох орлогыг нуун дарагдуулсан зөрчил тогтоогдож, үүнийхээ дагуу хариуцлагаа хүлээгээд явсан. Тэгэхээр “Ж*******” ХХК, “Д*******” ХХК-уудын асуудал нь нэг л асуудал. “Далай дорж” ХХК-ийн гаргасан үйлдлээс шалтгаалан нэхэмжлэгч “Ж*******” ХХК давхар байдлаар хариуцлага хүлээх ёсгүй гэж үзэж байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлд албан татвар ногдуулах хугацааг тооцох талаар зааж өгсөн. Уг хуулийн 10.2.1-д борлуулагч энэ хуулийн 4.1.3-т заасан падаан үйлдсэн өдрөөр албан татвар ногдуулах хугацааг тогтооно гэж заасан байгаа. Үүнээс үзэхэд “Д*******” ХХК нь борлуулалт хийсэн. Борлуулалт хийсэн өдрөөр НӨАТ-ын падааныг бичиж нэхэмжлэгч компанид өгсөн. “Д*******” ХХК нь НӨАТ-ын падаантай холбоотой асуудлаараа хариуцлагаа хүлээгээд явсан. Нэхэмжлэгч компани хуульд заасны дагуу татварын тайлангаа мэдүүлснийхээ төлөө хариуцлага хүлээгээд явах боломжгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжпэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ. 

2.Хариуцагчийн хариу тайлбарт

Хариуцагч Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбарт: “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Ч.А*******, Ү.У******* нар нь “Ж*******” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд “Татварын хяналт шалгалт хийх (35/13)0206 тоот томилолт”, “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”, “Татварын ерөнхий газрын даргын 2013 оны 03 сарын 20-ны өдрийн 1/6 7-8 тоот албан тоот”-ын дагуу хэсэгчилсэн шалгалтыг 2013 оны 04 дүгээр сарын 08-аас 2013 оны 12 дугаар сарын 23-ний өдөр хийж гүйцэтгэсэн.

Уг албан бичигт “Ж*******” ХХК нь 2012 онд 5364736 тоот регистрийн дугаартай “Д*******” ХХК-аас 454545.4 мянган төгрөгийн хий бичилт хийсэн падаанаар худалдан авалтыг хасч тооцсон зөрчилд шалгалт хийж хариуцлага тооцно уу гэсэн байсан.

Томилолтын дагуу тус компанийн захирал Н.А*******тэй уулзаж ярилцлага хийхэд Санхүү татварын тайланг түрээсийн барьцаанд байгаа учир авч ирэх боломжгүй гэсэн. Хэсэгчилсэн шалгалтын явцад Татварын албанд тайлагнасан тайлан болон тоон гарын үсгээр илгээсэн тайланд “Д*******” ХХК-ийн 2012 оны 04 сард 10079517 тоот хий бичилт хийсэн падаанаар буюу бодит байдал дээр ямар нэгэн худалдан авалт хийгээгүй атлаа 454545.4 мянган төгрөгийг нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр авсан хэсэгт тусгаж төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчил нь Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойшхи хугацаанд энэ хуулийн 7,8,11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно; 14.1.1 “үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн”; 14.3 “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэх, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтанд тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй..” гэж заасныг зөрчсөн учир Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6, 33 дугаар зүйлийн 33.2.2, 34 дүгээр зүйлийг үндэслэн 45454.5 мянган төгрөгийн нөхөн татвар, 13636.4 мянган төгрөгийн торгууль, 13029.6 мянган төгрөгийн алданги бүгд 72120.5 мянган төгрөгийн төлбөр ногдуулсан болно. Ннйслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл болон Гааль татварын Ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлөөс актыг үндэслэлтэй гэж үзэж хэвээр баталсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд татвар төлөгчийн үүргийг зааж өгсөн. Үүнд татварын хяналт шалгалтад хамрагдахдаа хяналт, шалгалтад шаардлагатай бичиг баримтыг гарган өгөх үүрэгтэй байдаг. Нэхэмжлэгч “Ж*******” ХХК нь энэ үүргээ биелүүлээгүй, анхан шатны баримтыг гаргаж өгөөгүй. Энэ татварын улсын байцаагчийн акт тавих үндэслэл болсон.

2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 326 дугаар прокурорын тогтоолоор “Д*******” ХХК, “Х*******” ХХК-уудад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон үндэслэл нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан. Нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаар нэг хэрэгт хоёр хариуцлага хүлээгээд байгаа зүйл огт биш. “Д*******” ХХК, “Х*******” ХХК-уудад Эрүүгийн хуулийн 233 дугаар зүйлд зааснаар баримт бичиг хуурамчаар үйлдэх гэсэн эрүүгийн хэргийг үйлдсэн. Дээрх компаниуд нь нэхэмжлэгч компаниас гадна олон аж, ахуйн нэгжүүдэд баримт бичгийг хуурамчаар үйлдэж, бодитоор худалдан авалт хийлгүйгээр НӨАТ-ын падаанд бичилт хийн өгч татвараас зайлсхийх боломжийг олгосон.

Улмаар өршөөлийн тухай хууль гарч дээрх компаниуд нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч бодитойгоор борлуулалт хийгээгүй, нөгөө талууд маань худалдан авалт хийгээгүй гэдгийг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр Өршөөлийн тухай хуульд хамрагдаж хэрэг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэгдсэн байгаа.

Нэмэгдсэн өртгийн албан тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж заасан үндэслэлээр татварын улсын байцаагчийн акт тогтоогдсон байгаа. Мөн Сангийн сайд, Үндэсний статистикийн хорооны даргын 2012 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 82/51 дүгээр хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтын 1-д Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан гэдэг нь борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний нэр төрөл, тоо хэмжээ, тэдгээрийн нэгжийн болон нийт үнэ, түүнчлэн нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээг тусгасан, нэгдсэн дугаар бүхий нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт бичиг юм гэж зааж өгсөн.

Дээрх тушаалын 1 дүгээр хавсралтын 4-д Падаанд тусгагдах мэдээллийг үнэн зөв, бүрэн бичиж, түүнийг үйлдсэн ажилтан гарын үсгээ зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно. Падааны бүрдэлт, үнэн зөвийг түүнийг олгосон, хүлээн авсан татвар төлөгч хариуцна гэж зааж өгсөн. Иймд нэхэмжлэгчийн падааны үнэн зөвийг мэдэх боломжгүй гэдэг хариу тайлбар нь үндэслэлгүй юм.

Мөн нэхэмжлэгчийн зүгээс татварын байгууллага тайланг шалган хүлээн авдаг байсан бол бид ийм зүйл гаргахгүй байсан гэж үзэж байна. Татварын ерөнхий хуульд зааснаар татвар төлөгч татварын ногдлоо өөрөө тодорхойлж тайлангаа ирүүлдэг байгаа. Татварын алба тайланг хүлээн аваад зөвхөн архиметик алдааг хянадаг. Түүнээс НӨАТ-ын падааныг хуурамч, хий бичилттэй байгааг хянах боломжгүй. Иймд татварын хяналт шалгалт гэж байдаг. Хяналт шалгалтаар дээрх зөрчил илэрч акт тогтоогдсон байгаа. Нэхэмжлэгч компанид ямар ч анхан шатны баримт байгаагүй. Арматурын төмөр авсан гэж байгаа боловч төлбөр төлсөн баримт, гэрээ хэлцлүүд байхгүй, гаргаж өгөөгүй. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Нийслэлийн Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ү.У*******, Ц.А******* нарын 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 35/0001913 тоот актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

Нэхэмжлэгчээс “Манай компани “Д*******” ХХК-иас бодит худалдан авалтыг хийж НӨАТ-ын падаан авсан. Нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хуурамч гэдгийг бид мэдэхгүй, тогтоох боломжгүй. “Д*******” ХХК нь 454,545.4 мянган төгрөгийн хуурамч НӨАТ-ын падаан бичсэн тул хариуцлага хүлээх ёстой. Гэтэл Татварын алба зохих хяналт тавьж ажиллаагүйгээс хохироод байна” гэж маргажээ. 

Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ү.У*******, Ц.А******* нараас Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн хяналт шалгалтын хэлтсийн даргын 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн татварын хяналт шалгалт хийх (35/13)0206 тоот томилолт (хх 31)-ыг үндэслэж Гааль, татварын ерөнхий газрын даргын 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 1/6 7-8 тоот албан тоотын дагуу нэхэмжлэгч “Ж*******” ХХК-ийн 2013 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 23-ний өдрийн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн шалгалт хийжээ. 

Уг маргаан бүхий актаар 2013 онд “Ж*******” ХХК-ийн 010079517 дугаар падаанаар бараа материал худалдан аваагүй, нягтлан бодох бүртгэл хөтлөөгүй Нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулж тооцсон 454,545,400 төгрөгийн зөрчилд 45,454,500 төгрөгийн нөхөн татвар, 13,636,400 төгрөгийн торгууль, 13,029,600 төгрөгийн алданги, нийт 72,120,500 төгрөгийн төлбөрийг нэхэмжлэгч компанид ногдуулжээ (хх-32).

Нэхэмжлэгч маргаан бүхий захиргааны актыг эс зөвшөөрч Гааль, татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасныг тус зөвлөл хянан хэлэлцээд 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 07 дугаар тогтоолоор татварын улсын байцаагчийн актыг хэвээр үлдээжээ (хх-10-12).  

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т зааснаар санхүүгийн тайлан нь үнэн, зөв материал, бодитой мэдээнд үндэслэх зарчимд нийцэхээр заажээ. 

“Ж*******” ХХК нь санхүүгийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаа үнэн зөв баримтад үндэслэн гаргаснаа нотолж чадаагүй, өөрөөр хэлбэл барилгын материалыг худалдан авсан гэх боловч уг нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар ямар бараа бүтээгдэхүүнийг худалдан авсан нь тодорхой бичигдээгүй, бодит худалдан авалт хийсэн гэдгийг нотолж чадахгүй байна. 

Мөн тус шүүх нь 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 1/7214 тоот албан бичгээр /хх-27/ “Ж*******” ХХК-аас “Д*******” ХХК-аас авсан 010079517 дугаар нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар бодит худалдан авалт хийснийг нотлох орлого, зарлагын баримт, дансны хуулга, худалдах худалдан авах гэрээ зэрэг санхүүгийн анхан шатны баримтуудыг шаардсан боловч гаргаж өгөөгүй байна. 

Харин “Д*******” ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор хуурамч буюу хий бичилттэй падааныг “Ж*******” ХХК-д худалдсан гэдэг нь дараах баримтуудыг харьцуулан үнэлэхэд тогтоогдож байна. Үүнд:

         - Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас ирүүлсэн “Д*******” ХХК-ийн албан татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан татварын улсын байцаагчийн 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 350000155 тоот дүгнэлт (хх 70-72),

         - “Д*******” ХХК-ийн захирал Ш.Ж*******г сэжигтнээр байцаасан тэмдэглэл (xx 84-85, 88-95).

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т "Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол албан татварыг хасч тооцохгүй" гэж, Үндэсний татварын ерөнхий газрын даргын 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 236 дугаар түшаалаар баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг хэрэгжүүлэх аргачлалын 4.3.2-т "Худалдан авагчийн бэлтгэн нийлүүлэгчид төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар нь бэлтгэн нийлүүлэгчийн бичсэн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нэхэмжлэлгүй, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол татварыг хасч тооцохгүй" гэж тус тус заасны дагуу уг хуурамч буюу хий бичилттэй падааныг үндэслэж төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасалт хийх үндэслэлгүй юм. 

Иймд Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 35/0001913 тоот актаар “Ж*******” ХХК-д 454,545,400 төгрөгийн зөрчилд 45,454,500 төгрөгийн төлбөр ногдуулсан нь Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасантай нийцсэн бөгөөд нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь тогтоогдохгүй байх тул актыг хүчингүй болгох үндэслэлгүй байна. 

Гэвч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 4 дүгээр зүйлийн 4.3-т “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ”, 10 дугаар зүйлийн 10.2-т “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна” гэжээ. Түүнчлэн Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-д “татварын хууль тогтоомж зөрчсөн татвар төлөгчид энэ хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэнэ”, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна”, 74.2-т “татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын дүнд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна”, 74.3-т “энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд татварын хууль тогтоомж зөрчсөн зөрчил, түүнд хүлээлгэж байгаа хариуцлага болох торгууль, алданги нь захиргааны шийтгэл байна. Иймээс маргаан бүхий захиргааны актад заасан торгууль, алданги нь  захиргааны зөрчил гаргаж шийтгэл хүлээсэн этгээдэд өршөөл үзүүлэхээр заасан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарахаар байна.

Түүнчлэн нэхэмжлэгч “Ж*******” ХХК-ийг татварын хууль тогтоомж зөрчсөн хэмээн үзэж захиргааны хариуцлага болох торгууль, алданги ногдуулсан татварын улсын байцаагчийн 35/0001913 тоот акт нь 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр үйлдэгдсэн байна. Иймд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасан хугацаанд хамаарч байна. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасны дагуу торгууль, алданги нь захиргааны шийтгэлд хамаарах тул татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 35/0001913 тоот актын тогтоох хэсгээр татварын хууль, тогтоомж зөрчсөн 454,545,400 төгрөгийн зөрчилд ногдуулсан 45,454,500 төгрөгийн төлбөрөөс 13,636,400 төгрөгийн торгууль, 13,029,600 төгрөгийн алдангийг өршөөлд хамруулах нь зүйтэй байна.

Иймд шүүх нэхэмжлэгч “Ж*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ү.У*******, Ц.А******* нараас 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гаргасан 35/0001913 дугаартай актаар 454,545,400 төгрөгийн зөрчилд ногдуулсан 45,454,500 төгрөгийн төлбөрөөс “13,636,400 төгрөгийн торгууль, 13,029,600 төгрөгийн алданги” ногдуулсан хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.6, 106.3.13-д заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1.Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ү.У*******, Ц.А******* нарын 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 35/0001913 тоот актын 454,545,400 төгрөгийн зөрчилд ногдуулсан 45,454,500 төгрөгийн төлбөрөөс 13,636,400 төгрөгийн торгууль, 13,029,600 төгрөгийн алдангийг хүчингүй болгож, 45,454,500 төгрөгийн нөхөн татвар ногдуулсныг хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагын хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35.100 (гучин таван мянга нэг зуун) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               А.САРАНГЭРЭЛ