Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2021/00044

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 2021             01            12                                                 183/ШШ2021/00044

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

     Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

     Нэхэмжлэгч: Б дүүрэг, 00 дугаар хороо, 00 дүгээр гудамж, 0000 тоотод оршин суух Д овогт Д.О /РД:0000000/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х дүүрэг, 00 дүгээр хороо,  гудамж, Зайсан центр-000, 000 тоотод байрлах ЭСС ХХК /РД:/-д холбогдох

2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн А/17 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар  сарын 27-ны өдөр хүлээн авч, 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, хариуцагчийн төлөөлөгч Д.Д, хариуцагчийн өмгөөлөгч М.Ц /ШТҮД 000/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Солонго нар оролцов.  

                                                                          

                                                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.О миний бие тус байгууллагын захирлын 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А/03 тоот тушаалаар борлуулалтын байцаагчаар ажилд орсон. Ажилд орсон цагаасаа эхлэн өөрийн хийж гүйцэтгэх ажлыг цаг тухайд нь тогтмол гүйцэтгэж байсан. Гэтэл ЭСС ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/17 дугаартай тушаалаар удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг хангалтгүй биелүүлсэн ,ажлын үр дүн буурсан, зан харилцааны доголдол удаа дараа гаргасан гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, албан тушаалаас чөлөөлж шийдвэрлэлээ. Миний бие үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлж өөрийн хариуцдаг байрны хэрэглээний мөнгийг цаг тухайд нь авч ирсэн, мөн ажилчидтай зүй бус харьцах үйлдлийг гаргахын оронд харин ч шинээр ирсэн ажилтан бүрд өөрийн мэдэх бүхнийг зааж хэлж байсан. ЭСС ХХК-ийн гүйцэтгэх захирал нь ямар ч үндэслэлгүйгээр хөдөлмөрийн гэрээг цуцалж шийдвэрлэсэн гэж үзэж байгаа тул 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/17 дугаартай тушаалыг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. ЭСС ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/17 тоот тушаал нь үндэслэлгүй, Д.Ог ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4 дүгээр заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 38 дугаар зүйлийн 38.1.1 заалт, ажилчдаас ирсэн гомдлуудыг үндэслэн гаргасан гэсэн байна. Гэвч Д.Ог мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй гэж тогтоогдсон зүйл байхгүй, энэ талаар дүгнэлтийг ажил олгогч ч өөрөө гаргахгүй, ямар үүрэг даалгавар өгсөн тэрийг нь биелүүлээгүй гэдэг нь тодорхойгүй, сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж байгаа нь нотлох баримтгүй, ажилчидтай зүй бусаар харьцсан гэж байгаа боловч харин ч зааж зөвлөж өгдөг байсан гэж нэхэмжлэгч хэлдэг. Хэрэгт авагдсан тодорхойлолт гээд байгаа нь удирдлагадаа тал зассан захидал байна. Мөн Хөдөлмөрийн дотоод журмын 38 дугаар зүйлийн 38.1.1 үндэслэсэн гэсэн байж хариуцагчийн шүүхэд ирүүлсэн Хөдөлмөрийн дотоод журамд 38 гэсэн заалт ч байхгүй байна. Ийм үндэслэлгүй тушаал гаргаж Д.Ог ажлаас нь чөлөөлсөн байгаа тул ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 78 хоногийн цалин гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх хүсэлтэй байна гэв. 

           

            Хариуцагчийн төлөөлөгч Д.Д шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Огийн гаргасан 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/17 дугаартай тушаалыг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч дараах хариу тайлбар гаргаж байна. Д.Отэй тус компани 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулж, борлуулалтын байцаагчийн ажилд томилж, ЭСС ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А/03 дугаартай тушаал гарсан. Тэрээр ажиллаж байх хугацаандаа буюу 2020 оны 03 дугаар сард өөрийн хариуцаж авлага барагдуулдаг Соёмбо хотхоны оршин суугч Ц.Батболдод хандан “...сул эзгүй түрээслүүлэх байр байна уу, орон сууцандаа амьдруулсан тохиолдолд төлбөрийн асуудлыг шийдэж өгнө, хөнгөлж тэглэж өгнө” гэх мэт саналыг тавьсан зөрчил гаргаж улмаар ЭСС ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/08 дугаартай тушаалаар цалингийн хэмжээг 3 сарын турш 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл хүлээсэн байдаг. Ийнхүү Д.О нь сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа  удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэлгүй 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн ажлын үр дүн тооцох хуралдаан дээр дараа сарын ажлын төлөвлөгөө биелүүлэхгүй бол ажлаас чөлөөлөх тухай сануулсаар байхад ажилдаа ахиц дэвшил гаргаагүй, мөн хамт олон, ажилчидтайгаа таарамжгүй харьцдаг, харилцааны доголдолтой хэмээн ажилчдаас гомдол ирсэн тул тус компанийн захирлын 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/17 дугаартай тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, албан тушаалаас чөлөөлөгдсөн билээ. Иймд Д.Огийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй  болгож өгөхийг хүсэж байна.

Д.О нь алдаа дутагдал гаргаад арга хэмжээ авагдсан байгаа. Бид 3 сарын хугацаанд ажлаа сайжруулах үүрэг даалгавар өгсөн, гэтэл хамт ажиллаж байсан хүмүүсийнх нь төлөвлөгөө биелэсэн боловч Д.Огийнх байхгүй, сонгуулийн сурталчилгааны материал тарааж явсан. Тэгээд ажлаа хий гээд хэлэхээр маргаад, цуг ажилладаг хүмүүстэйгээ муудалцаад таардаггүй. Хамт ажилладаг хүмүүсийн ажлын төлөвлөгөө биелэсэн гээд гаргахад муудалцаад хэл амаар доромжлоод шуугиан үүсгэсэн, энэ талаар ажилчид байтугай талбай түрээслэдэг газрууд хүртэл мэднэ. Тиймээс л сахилгын зөрчил гаргасан гэж үзээд арга хэмжээ авч ажлаас нь чөлөөлсөн. Үүнийг хамт ажилладаг хүмүүсийн тодорхойлолт гэрчилнэ. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

            Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

    ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч ЭСС ХХК-д холбогдуулан 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн А/17 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар шаардах эрхтэй бөгөөд мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон, удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг хангалтгүй биелүүлсэн, ажлын үр дүн буурсан, ажилчидтай зүй бус харьцаа үүсгэж зан харьцааны доголдол удаа дараа гаргасан гэж ажлаас чөлөөлсөнийг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг сахилгын зөрчлийг давтан гаргасан, ажилчдын дунд таагүй уур амьсгал буюу маргаан үүсгэж зөрчил гаргасан, ажлын гүйцэтгэлийг хангалтгүй биелүүлсэн тул ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж маргасан.

 

Шүүх нэхэмжлэгч Д.Ог ЭСС ХХК-ийн борлуулалтын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоох дараах үндэслэл байна гэж дүгнэлээ.

 

            ЭСС ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, албан тушаалаас чөлөөлөх тухай” А/17 тоот захирлын тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4 дахь заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх заалт, Д.Од 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн сахилгын шийтгэл ноогдуулсан тушаал, ажилчдаас ирсэн гомдлуудыг тус тус үндэслэн Борлуулалтын байцаагч ажилтай Дэнсмаа овогтой О нь сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа удирдлагын зүгээс өгсөн үүрэг даалгавар хангалтгүй биелүүлсэн тухайлбал 2020 оны 8 дугаар сарын 20-ны ажлын үр дүн тооцох хурал дээр дараа сарын ажлын төлөвлөгөө биелүүлэхгүй бол ажлаас хална гэсэн үүрэг даалгавар өгсөөр байтал ахиц идэвхи гаргаагүй, сүүлийн 3 сарын ажлын үр дүн буурсан мөн түүнчлэн ажилчидтай зүй бус харьцаа үүсгэж зан харилцааны доголдол удаа дараа гаргаж байгаа тул хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож албан тушаалаас чөлөөлжээ. /хэргийн 6-р хуудас/

Нэхэмжлэгч ажлаас чөлөөлсөн тухай 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/17 тоот тушаалыг хүлээн авч, ажлаас буруу халсан талаарх гомдлоо тус шүүхэд 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг /нэг сар/ хэтрүүлээгүй, энэ тухайд талууд маргаагүй болно.

 

Нэхэмжлэгч Д.О нь ЭСС ХХК-нд борлуулалтын байцаагчаар 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 4-5, 7-10-р хуудас/

            Зохигч 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний хувьд маргаагүй.

             Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь мэргэжил, ур чадварын хувьд ажилдаа тэнцэхгүй гэдгийг мэргэжлийн байгууллагаар тогтоосон баримтгүй, сахилгын зөрчил давтан гаргасан гэдэг нь үндэслэлгүй, хамт ажиллагсадтай маргаан үүсгэсэн гэдэг нь нотлох баримтгүй, хөдөлмөрийн дотоод журамд байхгүй заалтыг баримталсан гэж тайлбарласан.

Хариуцагчийн өмгөөлөгч нь ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2, Хөдөлмөрийн дотоод журмын 38.1.1-д заасныг баримталсан гэсэн боловч энэ үндэслэлээр ажлаас чөлөөлөөгүй, тушаал техникийн алдаатай бичигдсэн, Д.Ог ажлаас чөлөөлсөн үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д зааснаар сахилгын зөрчлийг давтан гаргасан, сүүлийн 3 сарын ажлын үр дүн буурсан, гүйцэтгэл хангалтгүй байсан, ажиллагсадтай маргаан үүсгэж дахин зөрчил гаргасан, Хөдөлмөрийн гэрээний 10.2.8, Хөдөлмөрийн гэрээний 9.1-д заасныг тус тус зөрчсөн гэж мэтгэлцсэн. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан” бол ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заажээ.

Мөн Хөдөлмөрийн гэрээний 10.2.8-д “үйлчлүүлэгчтэй болон хамтран ажиллагсадтай зүй бусаар харьцсан ёс зүйн зөрчил удаа дараа гаргасан энэ нь компанийн нэр хүндэд нөлөөлөх хэмжээнд хүрсэн”, Хөдөлмөрийн дотоод журмын 9.1-д “ажилчид албан хаагчдын үйл ажиллагаанд хуулиар хориглосон зүйлийг хийх болон албан үүргээ биелүүлээгүй, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн, ажлын байранд болон ажлын цагаар албан үүргээ гүйцэтгэж яваад согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, түүнчлэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын цагаас удаа дараа хоцорсон, ажил тасалсан ажлын байрыг хангалтгүй ашигласан, удирдлагаас өгсөн хууль ёсны үүрэг даалгаварыг биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, анх удаа буюу давтан үйлдсэнийг харгалзан хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасныг үндэслэн тохирох сахилгын шийтгэл ноогдуулна” гэж тус тус заасан байна.

Хариуцагч ЭСС ХХК нь ажил олгогчийн санаачилгаар Д.Отэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д зааснаар сахилгын зөрчил давтан гаргасан буюу удирдлагын зүгээс өгсөн үүрэг даалгавар хангалтгүй биелүүлсэн, 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн ажлын үр дүн тооцох хурал дээр үр дүн дараа сарын ажлын төлөвлөгөө биелүүлээгүй бол ажлаас хална гэсэн үүрэг даалгавар өгсөөр байтал ахиц идэвхи гаргаагүй, сүүлийн 3 сарын ажлын үр дүн буурсан, ажилчидтай зүй бусаар харьцаа үүсгэж зан харьцааны доголдол удаа дараа гаргасан болох нь хэрэгт авагдсан 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/08 тоот ЭСС ХХК-ийн “Сахилгын шийтгэл ноогдуулах тухай” захирлын тушаал, Авлагын байцаагч нарын төлөвлөгөөний биелэлт, шүүхэд ирүүлсэн Б.Батнаран, Х.Дорждулам нарын тодорхойлолтоор тус тус нотлогдоно гэсэн.

Хэрэгт авагдсан 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/08 тоот ЭСС ХХК-ийн “Сахилгын шийтгэл ноогдуулах тухай” захирлын тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, 131.2, 131.4-д зааснаар цалингийн хэмжээг 3 сарын турш 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ноогдуулсан байх бөгөөд энэ талаар зохигч талууд маргаагүй болно. /хэргийн хуудас/

Хариуцагч, түүний өмгөөлөгч нар нь нэхэмжлэгчийг сахилгын зөрчлийг давтан гаргасан буюу удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэсэн боловч удирдлагаас ямар үүрэг даалгавар өгөгдсөн эсэх нь тодорхойгүй, 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн ажлын үр дүн тооцох хурал дээр үүрэг даалгавар өгөгдсөн гэсэн боловч энэ талаар шүүхэд баримтаар нотлоогүй болно.

Мөн хариуцагчийн ажлын үр дүн буурсан, ахиц идэвх гаргаагүй нь “Авлагын байцаагч нарын төлөвлөгөөний биелэлт”-ээр нотлогдоно, Д.Огийн ажлын биелэлт нь 100 хувиас 52 хувь байхад хамт ажилладаг Х.Дорждуламынх 100 хувиас 100 хувь, Б.Батнарангийнх 100 хувиас 122 хувийн гүйцэтгэлтэй байна гэсэн боловч хэрэгт авагдсан “Авлагын байцаагч нарын төлөвлөгөөний биелэлт”-ийн сүүлийн 3 сар буюу 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд Д.Огийнх 7 сард гүйцэтгэл 49 хувь, 8 сард 54 хувь, 9 сард 54 хувь нийт 100 хувиас 52 хувийн гүйцэтгэлтэй байх бөгөөд сүүлийн 3 сарын ажлын үр дүн буурсан гэдэг нь тогтоогдохгүй, мөн ажлын үр дүнг хэрхэн тооцсон эсэх нь тодорхойгүй байна гэж үзэв.

            Хөдөлмөрийн дотоод журмын 4.1-д “алба нэгжүүд жил бүрийн эхний сард багтаан чиг үүргийн хүрээнд тухайн жилд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг нарийвчлан гаргаж гүйцэтгэх захирлаар батлуулна”, 4.2-д “...алба нэгжүүд тухайн жилд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг нарийвчлан гаргаж биелэлтийг хагас жил /6дугаар сарын 25-нд/, жилийн эцсийн байдлаар /12дугаар 20-нд / нэгтгэн боловсруулж зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн дүгнэж үнэлгээг өгнө”, 4.3-д “алба нэгжүүд ажилчдын ажлын тайланг дүгнэсэн үнэлгээг үндэслэн гүйцэтгэх захирал дараах эрхийг хэрэгжүүлж болно”, 4.3.6-д “сахилгын арга хэмжээ авах / сануулах, цалин тодорхой хувиар бууруулах, ажлаас халах, эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх дарааллаар/ гэж заасан байх бөгөөд тухайн жилд ямар ажлын төлөвлөгөө гаргасан, уг төлөвлөгөөг дүгнэж үнэлгээ өгсөн эсэх нь тодорхойгүй, уг ажлын тайланг дүгнэсэн үнэлгээг үндэслэн сахилгын арга хэмжээ авна гэж Хөдөлмөрийн дотоод журамдаа заасныг зөрчсөн байна.  

Нэхэмжлэгч Д.Ог хамт ажиллагсадтай таагүй харилцаа үүсгэж, маргаан гаргасан болох нь Б.Батнарангийн “О байцаагчийн хувьд маш сөрөг бодолтой хүн”, Х.Дорждуламын “...энэ хүн хамт олны дунд ихэнхдээ сөрөг уур амьсгалыг түгээж хэрэггүй үг яриа хов жив хөөцөлдөж байдаг нь миний болоод ажилчдын дүргүйцлийг их хүргэдэг. Миний хувьд хангалттай их хэл амаар доромжлуулж ажиллалаа хамтарч ажиллахад маш хүндрэлтэй байна” гэсэн тодорхойлолтуудаар нотлогдоно гэсэн боловч уг тодорхойлолт нь нотлох баримтаар үнэлэгдэхгүй, хуульд заасан журмыг зөрчсөн буюу хууль сануулж гэрчийн мэдүүлэг өгөөгүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй болно.

            Хариуцагч нь шүүх хуралдаанд маргаан үүсгэж, чимээ шуугиан гаргасан гэдгийг манай ажлын байранд ажиллаж байгаа түрээслэгч нар нотлоно гэсэн боловч тайлбараа баримтаар нотлоогүй, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх нотлох баримтыг өөрөө шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримт цуглуулах, гаргаж өгөх эрхээ хэрэгжүүлээгүй байх тул нэхэмжлэгчийг ажиллагсадтай зүй бус харилцаа үүсгэж, зан харилцааны доголдол гаргаж, маргаан үүсгэсэн гэдэг нь нотлогдохгүй байна гэж дүгнэв.

Хэрэгт авагдсан 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/17 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх заалтыг тус тус үндэслэсэн боловч хариуцагч, түүний өмгөөлөгч нар нь тушаал техникийн алдаатай бичигдсэн, ажлаас чөлөөлөх үндэслэл нь биш гэж тайлбарласан. Гэвч ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх шаардлагатай бөгөөд тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэлтэй нь тохирч байх нь хуульд нийцэх бөгөөд уг тушаал нь ажилтны хувьд эрх зүйн үр дагавар үүсгэдэг болно.             

          Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Д.Ог ЭСС ХХК-ийн борлуулалтын байцаагчийн ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалинг гаргуулах нь зүйтэй байна.

            Нэхэмжлэгч нь 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/17 дугаартай тушаалыг хүчингүй болгуулахаар шаардлага гаргасан боловч шүүхээс ажил олгогчийн гаргасан тушаалын хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж  ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоохоор шийдвэрлэсэн бөгөөд цаашид эрх зүйн үр дагавар үүсгэхгүй учир уг тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзэв.

 

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх дундаж цалинг тооцохдоо түүний нийгмийн даатгалын №1487337 тоот дэвтрийн бичилтийг үндэслэн Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журмын” 7-ын А-д зааснаар тооцвол нэг сарын дундаж цалин 821 666 төгрөг /872 500+875 000+717 500=2 465 000:3=821 666 төгрөг/ байх тул түүний ажилгүй байсан хугацааны 3 сар 12 хоногийн цалин нийт 2 913 174 төгрөгийг /821 666х3сар=2 464 998төгрөг, 821 666:22 хоног=37 348төгрөг, 12хоног х 37 348төгрөг=448 176төгрөг, 2 464 998+448 176=2 913 174 төгрөг/ хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

Хариуцагчийн өмгөөлөгчөөс нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа болох 78 хоногт хөл хориотой байсан, байгууллага ажиллаагүй учраас цалинг олгох боломжгүй гэсэн боловч 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн улс орон даяар Гамшгаас хамгаалах болон бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн бөгөөд энэ хугацаанд ЭСС ХХК нь ажиллаагүй, цалин хөлсийг олгоогүй талаарх баримтыг хэрэгт ирүүлээгүй болно.

           Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй”, 46.2-т “ ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

           Иймд хариуцагч ЭСС ХХК-нд нэхэмжлэгч Д.Огийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг үүрэг болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:                        

                                                                                                                    

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч Дэлгэрэх овогт Дэнсмаагийн Ог ЭСС ХХК-ийн борлуулалтын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

 

           2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч ЭСС ХХК-иас нэхэмжлэгч Д.Огийн урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2 913 174 /хоёр сая есөн зуун арван гурван мянга нэг зуун далан дөрвөн/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Од олгосугай.

 

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн төлбөл зохих Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж, энэ талаар нэхэмжлэгч Д.Огийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч ЭСС ХХК-нд даалгасугай.

 

4.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.О нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч ЭСС ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 61 560 төгрөг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                              

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                               Д.ХУЛАН