Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2021/00495

 

2021 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2021/00495

 

 

Д.О-гийн  нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Нямбазар, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заадах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

     Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2021/00044 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Д.О-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч ЭСС ХХК-д холбогдох

2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн А/17 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, хариуцагчийн төлөөлөгч Д.Д, хариуцагчийн өмгөөлөгч М.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.О- миний бие тус байгууллагын захирлын 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А/03 тоот тушаалаар борлуулалтын байцаагчаар ажилд орсон. Ажилд орсон цагаасаа эхлэн өөрийн хийж гүйцэтгэх ажлыг цаг тухайд нь тогтмол гүйцэтгэж байсан. Гэтэл ЭСС ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн А/17 дугаар тушаалаар удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн, ажлын үр дүн буурсан, зан харилцааны доголдол удаа дараа гаргасан гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, албан тушаалаас чөлөөлж шийдвэрлэлээ. Хэрэгт авагдсан тодорхойлолт гээд байгаа нь удирдлагадаа тал зассан захидал байна. Хөдөлмөрийн дотоод журмын 38 дугаар зүйлийн 38.1.1-т заасныг үндэслэсэн гэсэн боловч хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хөдөлмөрийн дотоод журамд 38 гэсэн заалт ч байхгүй байна. ЭСС ХХК-ийн гүйцэтгэх захирал нь үндэслэлгүйгээр хөдөлмөрийн гэрээг цуцалж шийдвэрлэсэн гэж үзэж байгаа тул 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн А/17 дугаар тушаалыг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.О-тэй тус компани 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, борлуулалтын байцаагчийн ажилд томилж, ЭСС ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А/03 дугаар тушаал гарсан. Тэрээр ажиллаж байх хугацаандаа буюу 2020 оны 3 дугаар сард өөрийн хариуцаж авлага барагдуулдаг Соёмбо хотхоны оршин суугч Ц.Батболдод хандан ...сул эзгүй түрээслүүлэх байр байна уу, орон сууцандаа амьдруулсан тохиолдолд төлбөрийн асуудлыг шийдэж өгнө, хөнгөлж тэглэж өгнө гэх мэт саналыг тавьсан зөрчил гаргаж улмаар ЭСС ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн А/08 дугаар тушаалаар цалингийн хэмжээг 3 сарын турш 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл хүлээсэн байдаг. Ийнхүү Д.О- нь сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа  удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэлгүй 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн ажлын үр дүн тооцох хуралдаан дээр дараа сарын ажлын төлөвлөгөө биелүүлэхгүй бол ажлаас чөлөөлөх тухай сануулсаар байхад ажилдаа ахиц дэвшил гаргаагүй, мөн хамт олон, ажилчидтайгаа таарамжгүй харьцдаг, харилцааны доголдолтой хэмээн ажилчдаас гомдол ирсэн тул тус компанийн захирлын 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн А/17 дугаар тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, албан тушаалаас чөлөөлөгдсөн билээ. Бид 3 сарын хугацаанд ажлаа сайжруулах үүрэг даалгавар өгсөн, гэтэл хамт ажиллаж байсан хүмүүсийнх нь төлөвлөгөө биелсэн боловч Д.О-гийнх байхгүй, сонгуулийн сурталчилгааны материал тарааж явсан. Тэгээд ажлаа хий гээд хэлэхээр маргаад, цуг ажилладаг хүмүүстэйгээ муудалцаад таардаггүй. Тиймээс л сахилгын зөрчил гаргасан гэж үзээд арга хэмжээ авч ажлаас нь чөлөөлсөн. Үүнийг хамт ажилладаг хүмүүсийн тодорхойлолт гэрчилнэ. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч Дэлгэрэх овогт Дэнсмаагийн Оюунсүрэнг ЭСС ХХК-ийн борлуулалтын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч ЭСС ХХК-аас нэхэмжлэгч Д.О-гийн урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2 913 174 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.О-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн төлбөл зохих Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж, энэ талаар нэхэмжлэгч Д.О-гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч ЭСС ХХК-нд даалгаж, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.О- нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч ЭСС ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 61 560 төгрөг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Компанийн дотоод харилцаа, ажилтан албан хаагчид өөрийн удирдлагадаа санал, хүсэлт, гомдлоо гаргаж шийдвэрлүүлсэн байхад шүүх дахин хууль сануулж гэрчийн мэдүүлэг өгснөөр дээрх нөхцөл байдлыг үнэлж, дүгнэх боломжтой хэмээн тайлбарласан нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд "Б.Батнаран, Х.Дорждулам нар нь компанийнхаа удирдлагад таалагдахын тулд энэхүү гомдлыг бичсэн" хэмээн тайлбарласныг үндэслэл болгож хэт нэг талыг барьсан шийдвэрийг гаргасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан байх бөгөөд хариуцагчийн зүгээс татгалзлын үндэслэл болж байгаа баримт буюу Б.Батнаран, Х.Дорждулам нарын компанидаа хандаж гаргасан гомдлыг шүүхэд эх хувиар нь гаргаж өгсөн байхад тэдгээр нь зайлшгүй шүүхэд дуудагдаж гэрчээр мэдүүлэг өгсний үндсэн дээр компанидаа гаргасан гомдол нь хуульд нийцэж, шүүхэд нотлох баримтаар үнэлэгдэх боломжтой байх хуулийн зохицуулалт байхгүй юм. Иймд шийдвэрийг хүчингүй болгож. хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Д.О- нь хариуцагч ЭСС ХХК-д холбогдуулан 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн А/17 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч ажил олгогчийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/17 тоот тушаалыг хүлээн авч, ажлаас буруу халсан талаарх гомдлоо шүүхэд 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт нийцсэн байна.

Нэхэмжлэгч Д.О- нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн хариуцагч ЭСС ХХК-д борлуулалтын байцаагчийн ажилд томилогдон ажиллаж байгаад хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн А/17 дугаар тушаалаар сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа удирдлагын зүгээс өгсөн үүрэг даалгавар хангалтгүй биелүүлсэн, тухайлбал, 2020 оны 8 дугаар сарын 20-ны ажлын үр дүн тооцох хурал дээр дараа сарын ажлын төлөвлөгөө биелүүлэхгүй бол ажлаас хална гэсэн үүрэг даалгавар өгсөөр байтал ахиц идэвхи гаргаагүй, сүүлийн 3 сарын ажлын үр дүн буурсан мөн түүнчлэн ажилчидтай зүй бус харьцаа үүсгэж зан харилцааны доголдол удаа дараа гаргаж байгаа гэсэн үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 38 дугаар зүйлийн 38.1.1-д зааснаар мөн өдрөөр тасалбар болгон цуцалжээ. / хх-ийн 6, 32 /

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ...ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан... бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах талаар заасан ба зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай.

Хариуцагч ЭСС ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн А/08 тоот Сахилгын шийтгэл ноогдуулах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, 131.2, 131.4-д зааснаар цалингийн хэмжээг 3 сарын турш 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ноогдуулсан байх бөгөөд уг тушаалыг нэхэмжлэгч Д.О- зөвшөөрч гомдол гаргаагүй тул уг тушаалд заасан сахилгын зөрчил гаргасан гэж үзнэ. /хх-ийн 26/

Харин удирдлагын зүгээс өгсөн үүрэг даалгавар хангалтгүй биелүүлсэн тухайлбал, 2020 оны 8 дугаар сарын 20-ны ажлын үр дүн тооцох хурал дээр дараа сарын ажлын төлөвлөгөө биелүүлэхгүй бол ажлаас хална гэсэн үүрэг даалгавар өгсөөр байтал ахиц идэвхи гаргаагүй, сүүлийн 3 сарын ажлын үр дүн буурсан, ажилчидтай зүй бус харьцаа үүсгэж зан харилцааны доголдол удаа дараа гаргаж байгаа гэх зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Дээрх тушаалд заасан зөрчлийг ажилтан гаргасан болохыг ажил олгогч тогтоосон, хэлэлцсэн байх ёстой бөгөөд ийнхүү хэлэлцсэн, тогтоосон гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Удирдлагаас хэзээ өгсөн, ямар үүрэг даалгаврыг биелүүлээгүй болох нь тодорхойгүй, 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр ажлын үр дүн тооцох хурал болсон эсэх талаар баримт хэрэгт авагдаагүй байна.

Мөн хариуцагч Д.О-тэй хамт ажилладаг гэх Б.Батнарангийн Оюунсүрэн байцаагчийн хувьд маш сөрөг бодолтой хүн гэх, Х.Дорждуламын ...энэ хүн хамт олны дунд ихэнхдээ сөрөг уур амьсгалыг түгээж хэрэггүй үг яриа хов жив хөөцөлдөж байдаг нь миний болоод ажилчдын дүргүйцлийг их хүргэдэг. Миний хувьд хангалттай их хэл амаар доромжлуулж ажиллалаа хамтарч ажиллахад маш хүндрэлтэй байна гэсэн тодорхойлолтууд хэрэгт авагдсан байх боловч ажилтныг зөрчил гаргасныг нотлох баримт гэж үзэхгүй. Хүний зан байдлын талаарх хувийн бодол, хэзээ болсон нь тодорхой бус хувийн таарамжгүй харилцааг тодорхойлсон эдгээр тодорхойлолтоор сахилгын зөрчлийг тогтоосон гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

Мөн хариуцагч талаас нотлох баримтаар гаргасан Авлагын байцаагч нарын төлөвлөгөөний биелэлт гэх бичмэл нотлох баримтын талаар болон Хөдөлмөрийн дотоод журмын 4.1, 4.2, 4.3.6-д тус тус заасан асуудлыг анхан шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

Ажил олгогчийн 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн А/17 тоот тушаал нь хуульд нийцээгүй байх нь ажилд эгүүлэн тогтоох шаардлагын үндэслэл болох тул уг тушаалыг хүчингүй болох шаардлагагүй гэсэн шүүхийн дүгнэлт зөв.

Анхан шатны шүүх Д.О-г ЭСС ХХК-ийн борлуулалтын байцаагчийн ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт хариуцагч байгууллагаас 2 913 174 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл, хураамж төлөхийг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасантай нийцжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2021/00044 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61 561 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

Н.БАТЗОРИГ