Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 304

 

 

 

 

 

 

   2020            3             17                                       2020/ДШМ/304                                  

 

 

Н.Уд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Очмандах, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                               

прокурор Ц.Гансүлд,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1343 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Угийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1908029761071 дугаартай хэргийг 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Жавар элхэн овгийн Н.У, 1987 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Ховд аймгийн Дуут суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 1а хэсэг, Мамбадацан 1 дүгээр гудамжны 4 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ПД87010379/,

 

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 20
дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1
дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

 

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 520
дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1,
181 дүгээр зүйлийн 181.2.3 дахь хэсэгт зааснаар нийт 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн давж заалдах шатны
шүүхийн 871 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153
дугаар зүйлийн 153.1, 181 дүгээр зүйлийн 181.2.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жил
6 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 7 сарын хорих ял болгон өөрчилж, 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Өршөөлийн тухай хуульд хамрагдан суллагдсан;

 

Н.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2019 оны 5 дугаар сарын 27-ны шөнө 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтийн 1-4 тоотод иргэн Г.Цэдэнбалыг гэртээ байх үед нь орж “мотоциклын түлхүүр гаргаж өгсөнгүй, архи уусангүй" гэх шалтгаанаар маргалдан, нүүр, цээжин тус газар нь гар, хөлөөрөө цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Н.Угийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Жавар элхэн овогт Н.Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Уд 450 /дөрвөн зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, шүүгдэгч Н.Уд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцон хорих ялаар солихыг сануулж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Н.У нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Н.У давж заалдах гомдолдоо: “...Миний бие Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Шар хадны ам гэх газар, эх Түвшингийн хамт амьдардаг. Эх маань өндөр настай, хагас харвалттай учир хөл, гар нь хөдөлдөггүй, гэртээ ганцаараа байх боломжгүй. Миний бие дахин хэрэг үйлдэхгүй, засрал хүмүүжлээ олох болно. Иймд дээрх байдлуудыг минь харгалзан үзэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ял болгон өөрчилж өгнө үү. ...” гэжээ.

 

Прокурор Ц.Гансүлд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурорын зүгээс шүүгдэгч Н.Угийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан үзэж 450 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын санал тавьсан. Анхан шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Н.Уд 450 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1343 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, нэмж шалгах зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

 

Н.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2019 оны 5 дугаар сарын 27-ны шөнө 2 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтийн 1-4 тоотод иргэн Г.Цэдэнбалыг гэртээ байх үед нь орж “мотоциклын түлхүүр гаргаж өгсөнгүй, архи уусангүй" гэх шалтгаанаар маргалдан, нүүр, цээжин тус газар нь гар, хөлөөрөө цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн  болох нь:

            хохирогч Г.Цэдэнбалын “...2019 оны 5 дугаар сарын 27-ны шөнө 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтийн 1-4 тоот гэртээ ганцаараа байхад гадаа мотоциклын дуу гарсан. Удалгүй зүс таних У гэх залуу хаалга тогшоод, согтуу манайд орж ирээд надтай хэсэг юм ярьж байгаад “мотоциклын түлхүүр хаана байна, чи авсан” гээд миний дээр дараад гараараа нүүр рүү 2-3 удаа цохисон. Тэгээд бид хоёр барьцалдаж аваад газар унагаагаад хөлөөрөө өшиглөөд байсан хэдэн удаа гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Намайг зодож байгаад 04 цагийн үед У унтахаар нь би гэрээс гараад айлд очсон. Би гэртээ ганцаараа орон дээр хэвтэж байхад У гэх залуу орж ирээд намайг архи уу гэхээр нь уухгүй гэж хэлэхэд намайг зодсон. Бид хоёрын хажууд өөр хүн байгаагүй. ...” /хх 8-9/,

            шүүгдэгч Н.Угийн яллагдагчаар өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Шар хадын ам гэх газар ээжийн хамт амьдардаг бөгөөд 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Ар гүнтэд байдаг өвөө Цэдэнбалынд очиж хонох гээд гарсан. Би Цэдэнбал өвөөгийнд авчирсан архиа гаргаж өгөөд, ууж байгаад би харилаа гээд явах гэхэд мотоциклийн түлхүүр олдохгүй байсан. Би Цэдэнбал өвөөг авчихлаа гэж бодоод түлхүүр хаана байна гэж хэлээд хоолой руу нь тохойгоороо тулж байгаад баруун гараараа зүүн нүд хавьцаа нь цохисон. Тэгтэл Цэдэнбал өвөө миний урдаас бариад авахаар нь бид 2 ноцолдож байгаад би дээр нь дараад унасан. Цэдэнбал нь манай нутгийн өвөө байгаа юм. ...” /хх 48-52/ гэх мэдүүлгүүд,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6575 дугаартай: “...Г.Цэдэнбалын биед зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, тархи доргилт, зүүн нүдний алим, зүүн зовхи, цээжинд цус хуралт, зүүн зовхины арьсан доор хий хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. ...” /хх 18/ гэх дүгнэлт зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн, шүүгдэгч Н.Уг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн.

 

Анхан шатны шүүх, шүүгдэгч Н.Угийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар 450 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Н.У нь  “...өндөр настай, харвалттай эхийгээ асардаг, ганцаар нь байлгах боломжгүй тул нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж, ял хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “шүүх гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар” тогтоож хийлгэдэг бөгөөд шүүгдэгч Н.У нь өдөрт дөрвөөс доош цагаар нийтэд тустай ажил хийх нь бусдыг асран хамгаалах үүргээ бүрэн биелүүлэх боломжгүй байдлыг үүсгээгүй байна.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх нь эрүүгийн хариуцлагын нэг зорилго бөгөөд ялын цээрлэл нь гэмт хэрэг үйлдсэн хүний аливаа эрхийг хязгаарлах байдлаар хэрэгждэг тул үйлдсэн хэрэгтээ гэмшиж, улмаар хүмүүжих гэсэн эрмэлзлийг төрүүлдэг ач холбогдолтой.

 

Өөрөөр хэлбэл, шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн хүсэл зориг, боломжит байдалд нийцүүлэх албагүй тул “...нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар солихыг...” хүссэн шүүгдэгч Н.Угийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй болно.

 

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Угийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1343 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Угийн гаргасан давж заалдах гомдлыг  хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                   

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

                        ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ