Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 1343

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр, улсын яллагч Ц.Гансүлд, шүүгдэгч Н.У нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ж элхэн овгийн Н.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 02976 1071 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ж овгийн Н.У, Монгол Улсын иргэн, 1987 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Ховд аймгийн Дуут суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, яс үндэс урианхай, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Хадагтай фүүдс” ХХК-д угсралтын ажилтан ажилтай, ам бүл гурав, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар ***, урьд:

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 520 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1, 181 дүгээр зүйлийн 181.2.3 дахь хэсэгт зааснаар 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 871 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1, 181 дүгээр зүйлийн 181.2.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жил 6 сарын хугацааны хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 7 сарын хорих ял болгон өөрчилж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр өршөөлийн тухай хуулиар суллагдсан.

            Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Н.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 05 дугаар сарын 27-ны шөнө 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, *** тоотод иргэн Г.Ц-ыг гэртээ байх үед нь орж “мотоциклын түлхүүр гаргаж өгсөнгүй, архи уусангүй” гэх шалтгаанаар маргалдан, нүүр, цээжин тус газар нь гар, хөлөөрөө цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч Ж овгийн Н.У нь 2019 оны 05 дугаар сарын 27-ны шөнө 02 цагийн үед буюу согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, *** тоотод хохирогч Г.Ц-ыг “мотоциклын түлхүүр гаргаж өгсөнгүй, архи уусангүй” гэсэн шалтгаанаар нүүр, цээж рүү нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж, түүний бие махбодод “...зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, тархи доргилт, зүүн нүдний алим, зүүн зовхи, цээжинд цус хуралт, зүүн зовхины арьсан доор хий хуралт...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсанүйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Н.У-гийн шүүх хуралдаанд өгсөн: “...Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Яллах дүгнэлтэд бүх зүйл үнэн зөв тусгагдсан байгаа учир шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч Г.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын 27-ны шөнө 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, ***  тоот гэртээ ганцаараа байхад гадаа мотоциклын дуу гарсан. Удалгүй зүс таних У гэх залуу хаалга тогшоод, согтуу манайд орж ирээд надтай хэсэг юм ярьж байгаад “мотоциклын түлхүүр хаана байна, чи авсан” гээд миний дээр дараад гараараа нүүр рүү 2-3 удаа цохисон. Тэгээд бид хоёр барьцалдаж аваад газар унагаагаад хөлөөрөө өшиглөөд байсан хэдэн удаа гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Намайг зодож байгаад үүрийн 04 цагийн үед У унтахаар нь би гэрээс гараад айлд очсон... би гэртээ ганцаараа орон дээр хэвтэж байхад Улаанхүү гэх залуу орж ирээд намайг архи уу гэхээр нь уухгүй гэж хэлэхэд намайг зодсон. Бид хоёрын хажууд өөр хүн байгаагүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 8-9 дүгээр хуудас);

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 6575 дугаартай шинжээчийн: “...Г.Ц-ын биед зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, тархи доргилт, зүүн нүдний алим, зүүн зовхи, цээжинд цус хуралт, зүүн зовхины арьсан доор хий хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна...” гэсэн дүгнэлт (хх-ийн 18 дугаар хуудас);

4. Шүүгдэгч Н.У-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 57 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 68 дугаар хуудас), шийтгэх тогтоол, шүүгчийн захирамжийн хуулбарууд (хх-ийн 71-80 дугаар хуудас);

5. Шүүгдэгч Н.У-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Шар хадын ам гэх газар ээжийн хамт амьдардаг бөгөөд 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Ар гүнтэд байдаг өвөө Ц-ынд очиж хонох гээд гарсан... Би Цэдэнбал өвөөгийнд авчирсан архиа гаргаж өгөөд архиа ууж байгаад би харилаа гээд явах гэхэд мотоциклийн түлхүүр олдохгүй байсан. Би Цэдэнбал өвөөг авчихлаа гэж бодоод түлхүүр хаана байна гэж хэлээд хоолой руу нь тохойгоороо тулж байгаад баруун гараараа зүүн нүд хавьцаа нь цохисон. Тэгтэл Ц өвөө миний урдаас бариад авахаар нь бид 2 ноцолдож байгаад би дээр нь дараад унасан. Цэдэнбал нь манай нутгийн өвөө байгаа юм...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 48-52 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Г.Ц-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.

Шүүгдэгч Н.У-гийн үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Г.Ц-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байгаа нь түүнийг өөрийн үйлдлээ ухамсарлаж, хүсэж үйлдсэн гэж үзэх үндэслэл болох тул гэмт хэрэг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Н.У-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Г.Ц нь мөрдөн байцаалтын шатанд баримтаар нэхэмжилсэн хохиролгүй байх тул шүүгдэгч Н.У-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Н.У гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч Н.У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж хэлсэн эрүүгийн хариуцлагын талаарх саналдаа: “...торгох ял оногдуулж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Н.У нь урьд хоёр удаа хорих ял шийтгүүлсэн бөгөөд 2015 онд Өршөөлийн хуульд хамрагдан суллагдсан боловч нийгэмшээгүй, дахин согтуурсан үедээ бусдын эрх чөлөөнд халдаж хүний эрүүл мэндэд хохирол учруулсан байгаа учир түүнд торгох ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилгыг хангахгүй.

Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.У-д дөрвөн зуун тавин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, түүний хувийн байдалд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж үзлээ. 

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.У нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Ж овгийн Н.Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.У-д дөрвөн зуун тавин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Шүүгдэгч Н.У-д нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.У нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

5.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Н.У-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА