Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2021/00341

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 2021             02            05                                                 183/ШШ2021/00341

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 0 дугаар хороо, Чингисийн оффис, 0 давхарт байрлах НФ ББСБ ХХК /РД:0000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 00 дугаар хороо, Рояал таун хаус 000 амины орон сууц 0, 0 дүгээр байруудад /Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, 0 хэсэг, Туул 0 гудамж, 0 тоот/ оршин суух Б овогт М.Э /РД:00000/-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 28 866 576 төгрөг, үүргээ гүйцэтгээгүйгээс гарсан зардал 60 000 төгрөг, нийт 28 926 576,16 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч НФ ББСБХХК-ийн салбарын захирал Э.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн М.Э нь 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар, Хан-Уул дүүргийн 11-р хороо Зайсан Дүнжингарав гудамж 48 байр Б1 давхар байрлах 52 тоот хаягт байрлалтай 13.5 мкв талбайтай авто зогсоолын зориулалттай улсын бүртгэлийн Ү-2206048729 дугаартай үл хөдлөх хөрөнгө, Улаанбаатар, Хан-Уул дүүргийн 11-р хороо Зайсан Дүнжингарав гудамж 48 байр Б1 давхар байрлах 53 тоот хаягт байрлалтай 13.5 мкв талбайтай авто зогсоолын зориулалттай улсын бүртгэлийн Ү-2206048733 дугаартай үл хөдлөх хөрөнгө барьцаалан 12 000 000 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай, сарын 3,5% хувийн хүүтэйгээр NC-106205226 тоот зээлийн гэрээ байгуулж, мөн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар, Хан-Уул дүүргийн 11-р хороо Зайсан Дүнжингарав гудамж 48 байр Б1 давхар байрлах 60 тоот хаягт байрлалтай 13.5 мкв талбайтай авто зогсоолын зориулалттай улсын бүртгэлийн Ү-2206048751 дугаартай үл хөдлөх хөрөнгө, Улаанбаатар, Хан-Уул дүүргийн 11-р хороо Зайсан Дүнжингарав гудамж 48 байр Б1 давхар байрлах 61 тоот хаягт байрлалтай 18 мкв талбайтай авто зогсоолын зориулалттай улсын бүртгэлийн Ү-2206048755 дугаартай үл хөдлөх хөрөнгө барьцаалан 12 000 000 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай, сарын 3,5% хувийн хүүтэйгээр NC-106205228 тоот зээлийн гэрээ байгуулж тус тус зээлсэн болно. Зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй олон сар хугацаа хэтрүүлсэн. Тус компаний зүгээс удаа дараа сануулж зээлийг төлүүлэх талаар өдөр бүр утсаар ярьж, хаягаар байнга очиж уулзаж байсан. Иймд иргэн М.Э хоёр зээлийн нийт 28 926 576.16 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг “Баталгаат ипотек”-ийн гэрээнд заасан эд хөрөнгөөр хангуулж өгнө үү.

NC-106205226 тоот гэрээний үндсэн зээл 8 233 765.20 төгрөг, үндсэн хүү 7 189 474.48 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 437 894.90 төгрөг, бичиг баримт нотариатын зардал 30 000 төгрөг, нийт 16 891 134.58 төгрөг, NC-106205228 тоот гэрээний үндсэн зээл 5 678 704.51 төгрөг, үндсэн хүү 5 315 474.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 011 262.21 төгрөг, бичиг баримт нотариатын зардал 30 000 төгрөг, нийт 12 035 441.58 төгрөг, нийт  2 зээлийн гэрээний дагуу 28 926 576.16 төгрөгийг М.Эаас гаргуулахаар, тус бүрийн үүргийн гүйцэтгэлийг “Баталгаат ипотек”-ийн гэрээнд заасан эд хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилж байгаа болно гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа. Манай банк бус санхүүгийн байгууллага нь хариуцагч М.Этай 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр №106205226 тоот зээлийн гэрээ байгуулж 12 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэйгээр зээлсэн. Уг зээлийн гэрээний дагуу хариуцагч 2018 оны 01 дүгээр сарын 30-ний өдөр төлөлт хийсэн, өөр төлөлт хийгээгүй тул үндсэн зээл 8 233 765 төгрөг, хүү 7 189 474 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 437 894 төгрөг, нийт 16 861 133 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр №106205228 тоот зээлийн гэрээ байгуулж 8 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэйгээр зээлсэн. Уг зээлийн гэрээний дагуу хариуцагч нь 2017 оны 11 дүгээр сарын 23-наас хойш төлөлт хийгээгүй, тиймээс үндсэн зээл 5 678 705 төгрөг, хүү 5 315 475 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 011 263 төгрөг, нийт 12 005 442 төгрөгийг тус тус гаргуулахаар, зээлийн гэрээний үүргийг “Баталгаат ипотек”-ийн гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасан.  

Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахад 2 зээлийн гэрээний дагуу нийт 28 866 576 төгрөгийг, бичиг баримтыг нотариатаар баталгаажуулсан зардал 60 000 төгрөг, нийт 28 926 576 төгрөгийг нэхэмжилж байгаа юм. 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний дагуу нийт 12 000 000 төгрөгийг зээлсэн, 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээний дагуу нийт 8 000 000 төгрөгийг тус тус зээлсэн. Нэхэмжлэлд алдаатай бичигдсэн байна. Гэхдээ зээлийн тооцоолол бол зөв байгаа. Бид зээлийн гэрээний дагуу төлбөрөө төлөхийг хариуцагч М.Эд удаа дараа мэдэгдэж байсан боловч уг баримтуудыг хэрэгт хавсаргаагүй байна. Мөн хариуцагч нь хаягтаа байгаагүй учир бид шүүхэд хандаж эрэн сурвалжлуулаад хаягийг нь тогтоож байж шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Манай банк бус санхүүгийн байгууллага хуульд заасны дагуу зохих байгууллагын зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг, үйл ажиллагаа явуулах эрхийг сунгасан хуулийн дагуу ажиллаж байгаа гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн  шаардлагаа дэмжиж байгаа. Хэрэгт 2 зээлийн гэрээний дагуу тооцооллыг гаргаж ирүүлсэн байгаа. Хариуцагч нь өөрөө зээлээ төлөөгүй гэдгийг мэдэж байгаа болохоор ирж уулзах боломжтой байсан, мөн зээлээ төлөхийг бид байнга сануулж байсан болно гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцсан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч М.Э нь  2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 12 000 000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 8 000 000 төгрөгийг тус тус зээлж авсан талаар маргаан байхгүй. Уг зээлийн зориулалт нь ажилчдын цалин тавихаар авсан байдаг. Зээлээ төлөх гэсэн боловч санхүүгийн нөхцөл байдал хүнд байсан учир төлж чадаагүй нь үнэн. Түүнээс хаягтаа байхгүй, олдохгүй байсан зүйл байхгүй. Төлөх боломжгүй байгаа талаараа мэдэгдэж байсан байдаг. Гэтэл нэхэмжлэгч нар нь М.Эыг зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй гэсэн атлаа гэрээнээс татгалзах үүргээ биелүүлээгүй, хариуцагчийг хайгаад олдоогүй гэсэн шалтгаанаар гэрээний хугацаа хэтрүүлж, үндэслэлгүйгээр хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмэгдүүлсэн байгаа нь зээлдэгчийн эрх ашгийг зөрчиж байна гэж үзэж байна. Учир нь хэрэгт авагдсан зээлийн тооцооллын баримтаар болон нэхэмжлэгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар зээлийн төлөлтийг хамгийн сүүлд 2018 оны 01 дүгээр сарын 30-ний өдөр хийгээд түүнээс хойш төлөлт хийгээгүй байхад 2020 оны 10 сард шүүхэд зээлийн гэрээний үүргийг шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчид Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээнээс татгалзах эрх үүссэн байхад энэ эрхээ хэрэгжүүлээгүй, гэрээг хугацаанаас өмнө нь цуцлаагүй байгаа. Гэрээг цуцлах талаар болон зээлийг эргэн төлөх талаар хариуцагчид удаа дараа мэдэгдсэн гэдэг боловч энэ талаарх баримт хэрэгт огт байхгүй, эрэн сурвалжилж байж хаягийг нь олсон гэдэг боловч уг баримт нь 2020 оны 5 сард л шүүхэд хандсан гэсэн баримт байна. Тиймээс үндэслэлгүй нэхэмжилсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй. Харин үндсэн зээлийн үлдэгдэл болон гэрээнд заасны дагуу зээлийг ашигласны хугацааны хүүгээ төлөхөд татгалзахгүй. Мөн нэхэмжлэгч нь үйл ажиллагаа явуулах эрхээ хугацаагүй сунгуулсан гэсэн тайлбар гаргаж байгаа нь ойлгомжгүй байна гэж үзэж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, зохигч талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч НФ ББСБХХК нь хариуцагч М.Э холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 28 866 576 төгрөг, үүргээ гүйцэтгээгүйгээс гарсан зардал 60 000 төгрөг, нийт 28 926 576.16 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч НФ ББСБХХК нь хариуцагч М.Э 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр №106205226 тоот зээлийн гэрээ байгуулж, 12 000 000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 12 сарын хугацаатай цалин олгох зориулалтаар зээлж, зээлийн барьцаанд 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн №106205226 тоот баталгаат ипотекийн гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж 48 байр Б1 давхар 53 тоот хаягт байрлалтай 13,5 м.кв талбайтай Ү-2206048733 дугаарт бүртгэлтэй автозогсоол, 52 тоот хаягт байрлалтай, 13,5 м.кв талбайтай Ү-2206048729 дугаарт бүртгэлтэй автозогсоолыг барьцаалсан,

мөн 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр №106205228 тоот зээлийн гэрээ байгуулж, 8 000 000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 12 сарын хугацаатай бараа материал татах зориулалтаар зээлж, зээлийн барьцаанд 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн №106205228 тоот баталгаат ипотекийн гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж 48 байр, Б1 давхар 61 тоот хаягт байрлалтай 18 м.кв талбайтай Ү-2206048755 дугаарт бүртгэлтэй автозогсоол, 60 тоот хаягт байрлалтай 13,5 м.кв талбайтай Ү-2206048751 дугаарт бүртгэлтэй автозогсоолыг тус тус барьцаалсан болох нь хэрэгт авагдсан зээлийн болон баталгаат ипотекийн №106205226, №106205228 тоот гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны хуулбар, зээлийн хорооны хурлын шийдвэр, зээл хүсэгчийн өргөдөл, анкет, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000532026, №000532028, №000532037, 000532039 дугаар гэрчилгээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 9-31-р хуудас/

Нэхэмжлэгч нь хариуцагч М.Эн зээлийн гэрээний дагуу үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, зээлээ хугацаандаа төлөөгүй тул 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн №106205226 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн үлдэгдэл 8 233 765 төгрөг, төлөгдөөгүй зээлийн хүү 7 189 474 төгрөг, гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс нэмэгдүүлсэн хүү 1 437 894 төгрөг, нийт 16 861 133 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр №106205228 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн үлдэгдэл 5 678 704 төгрөг, төлөгдөөгүй зээлийн хүү 5 315 475 төгрөг, гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс нэмэгдүүлсэн хүү 1 011 263 төгрөг, нийт 12 005 443 төгрөг, нотариатын зардал болох 60 000 төгрөг, нийт 28 926 576 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, зээлийн гэрээнүүдийн хугацааг 12 сараар байгуулсан, гэрээний хугацаа нь 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр дууссан тул хугацаа дууссанаас хойших хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилсэн нь үндэслэлгүй, мөн гэрээний үүргээ биелүүлээгүй зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн байхад гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах эрхээ хэрэгжүүлээгүйгээс хүү, нэмэгдүүлсэн хүүг ихэсгэж зээлдэгчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн, банк бус санхүүгийн үйл ажиллагаа явуулах эрхийг хугацаагүй сунгасан гэдэг нь эргэлзээтэй гэж маргасан.  

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 451.2-т “зээлийн гэрээг бичгээр хийнэ” гэж зааснаар нэхэмжлэгч НФ ББСБХХК нь 12 000 000 төгрөг болон 8 000 000 төгрөгийг тус тус хариуцагч М.Э шилжүүлсэн ба зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул нэхэмжлэгч үүргийн биелэлтийг шаардсан нь үндэслэлтэй, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзэв.

Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн НФ ББСБХХК-ийн 5255961 регистрын дугаартай 9015001146 дугаарт бүртгэгдсэн №000044541 тоот Улсын бүртгэлийн гэрчилгээнд банк бус санхүүгийн зээл, гадаад валютын арилжаа эрхлэх үйл ажиллагааны зөвшөөрлийг 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр ажиллах хугацааг хугацаагүй сунгасныг бүртгэж, Санхүүгийн зохицуулах хорооны 2008 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 256 дугаар тогтоолоор банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрч Тусгай зөвшөөрлийн №ТЗ101/134 тоот гэрчилгээ олгосон болох нь тогтоогдож байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэгчийг банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл нь эргэлзээтэй гэсэн тайлбар нь үндэслэлгүй байна. /хэргийн 5-6, 58-61-рхуудас/

Нэхэмжлэгч нь 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн №106205226 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 8 233 765 төгрөг, хүү 7 189 474 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 437 894 төгрөг, нийт 16 861 133 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр №106205228 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 5 678 704 төгрөг, хүү 5 315 475 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 011 263 төгрөг, нийт 12 005 443 төгрөг, нийт 28 866 476 төгрөгийн үүргээ гүйцэтгээгүй гэсэн.

            Хариуцагч нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн зээлийн тооцооллын талаар маргаагүй бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн №106205226 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 8 233 765 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр №106205228 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 5 678 704 төгрөгийг, ашигласан хугацааны хүүтэй нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн боловч гэрээний хугацаа дууссанаас хойших хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцсэн.

            Зохигч талуудын хооронд 2017 оны 07 дугаар сарын 20, 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр тус тус зээлийн гэрээг 12 сарын хугацаатай байгуулж, гэрээний хугацаа нь 2018 оны 07 дугаар сарын 20-ний өдөр дууссан боловч Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасан, мөн талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.11-д энэ талаар харилцан тохиролцсон байх тул хариуцагч нь нэхэмжлэгчийн шаардсан зээлийг ашигласны хүү, хугацаандаа төлөөгүйн хариуцлага болох нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байна.

            Гэвч нэхэмжлэгч нь зээлдэгчийг зээлээ хугацаандаа төлөөгүй гэж хэтэрсэн хугацааны хүү, мөн зээлийг хугацаандаа төлөөгүйн хариуцлага гэж нэмэгдүүлсэн хүү тус тус нэхэмжилсэн боловч талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.5-д “өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлаж, зээлийг буцаан дуудах” эрхээ хэрэгжүүлээгүй, 6.2.1-д “зээлдэгч гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, үндсэн зээл, зээлийн хүүг төлбөрийг хуваарьт хугацаанд төлөөгүй нөхцөлд гэрээг хугацаанаас өмнө цуцлана” гэж зааснаар хариуцагч нь 2017 оны 11 дүгээр сарын 23, 2018 оны 01 дүгээр сарын 30-ний өдрөөс эхлэн зээл, зээлийн хүүг хуваарьт хугацаанд төлөөгүй үүргээ хугацаандаа биелүүлээгүй байхад нэхэмжлэгч гэрээнд заасан эрхээ хэрэгжүүлээгүй буруутай байна гэж үзэж, нэхэмжлэгчийн нэхэмжилсэн зээлийн хүүг 50 хувиар бууруулж, нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.   

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагчид зээлийг төлөх талаар мэдэгдэж байсан, оршин суугаа хаяг нь тодорхойгүй байсан учраас эрэн сурвалжилж олсон гэсэн боловч энэ талаарх тайлбараа баримтаар нотлоогүй, шүүхэд нотлох баримтаар ирүүлээгүй болно. Мөн эрэн сурвалжилж хаягийг нь тогтоосон гэсэн боловч Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн албан бичигт 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2020/01007 дугаартай шийдвэрээр М.Эын оршин суугаа хаягийг олж тогтоосон гэсэн байх тул 2018 оноос хойш эрэн сурвалжилсан гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэв. /хэргийн 32-р хуудас/

            Иймд хариуцагч М.Э 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн №106205226 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 8 233 765 төгрөг, хүү 7 189 474 төгрөгний 50 хувь болох 3 694 737 төгрөг, нийт 11 828 502 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн №106205228 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 5 678 704 төгрөг, хүү 5 315 475 төгрөгний 50 хувь болох 2 657 737 төгрөг, нийт 8 336 442 төгрөгийг буюу нийт зээлийн гэрээний үүрэгт 20 164 944 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч НФ ББСБХХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 8 701 632 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв. /8 233 765+7 189 474:2=3 594 737=11 828 502, 5 678 705+5 315 475:2=2 657 737=8 336 442, 11 828 502+8 336 442=20 164 944, 28 866 576-20 164 944=8 701 632/

            Мөн нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлдээ хавсаргасан бичмэл нотлох баримтыг шүүхэд ирүүлэхдээ нотариатчаар гэрчлүүлсэн зардал гэж нотариатын зардалд 60 000 төгрөгийг нэхэмжилсэн.

            Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д “үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж заасан боловч нэхэмжлэгч нь нотариатын зардлын баримтыг шүүхэд ирүүлээгүй тул хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан бөгөөд зохигч талууд 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Баталгаат Ипотекийн гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж 48 байр Б1 давхар 53 тоот хаягт байрлалтай 13,5 м.кв талбайтай Ү-2206048733 дугаарт бүртгэлтэй автозогсоол, 52 тоот хаягт байрлалтай, 13,5 м.кв талбайтай Ү-2206048729 дугаарт бүртгэлтэй автозогсоолыг, мөн 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр №106205228 тоот Баталгаат Ипотекийн гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж 48 байр, Б1 давхар 61 тоот хаягт байрлалтай 18 м.кв талбайтай Ү-2206048755 дугаарт бүртгэлтэй автозогсоол, 60 тоот хаягт байрлалтай 13,5 м.кв талбайтай Ү-2206048751 дугаарт бүртгэлтэй автозогсоолыг тус тус барьцаалжээ. /хэргийн 12-15-р хуудас/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь баталгаат ипотекийн гэрээ байгуулсан талаараа маргаагүй бөгөөд зохигчийн хооронд байгуулагдсан баталгаат ипотекийн гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-д заасан шаардлагыг тус тус хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

Нэхэмжлэгч НФ ББСБХХК нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагчтай байгуулсан баталгаат ипотекийн гэрээгээр барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан байх бөгөөд талуудын хооронд байгуулагдсан барьцаат зээлийн гэрээний 1.2-д энэ талаар харилцан тохиролцсон байна. /хэргийн 24-27-р хуудас/

            Иймд хариуцагч М.Э нь үүргээ гүйцэтгэхгүй буюу зохих ёсоор гүйцэтгэхгүй бол барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, түүний үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон   

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3-д зааснаар хариуцагч М.Эаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 20 164 944 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч НФ ББСБХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8 761 632 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл болох нэхэмжлэгчийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж 48 байр Б1 давхар 53 тоот хаягт байрлалтай 13,5 м.кв талбайтай Ү-2206048733 дугаарт бүртгэлтэй автозогсоол, 52 тоот хаягт байрлалтай, 13,5 м.кв талбайтай Ү-2206048729 дугаарт бүртгэлтэй автозогсоол, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж 48 байр, Б1 давхар 61 тоот хаягт байрлалтай 18 м.кв талбайтай Ү-2206048755 дугаарт бүртгэлтэй автозогсоол, 60 тоот хаягт байрлалтай 13,5 м.кв талбайтай Ү-2206048751 дугаарт бүртгэлтэй автозогсоолыг тус тус албадан худалдаж, түүний үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 372 783 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 258 774 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

           

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                                Д.ХУЛАН