Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2021/00744

 

 

 

 

 

 

 

 

 

 

Н К Ф К  ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 сарын 05-ны өдрийн 183/ШШ2021/00341 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н Ф К ББСБ ХХК-ийн хариуцагч М.Энхсаруулд холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 28 866 576 төгрөг, үүргээ гүйцэтгээгүйгээс гарсан зардал 60 000 төгрөг, нийт 28 926 576 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Одгэрэл, Б.Мөнхцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: М.Энхсаруултай 2017 оны 07 сарын 20-ны өдөр 106205226 тоот зээлийн гэрээ байгуулж, 12 000 000 төгрөгийг, 12 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй зээлсэн. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж, 48 дугаар байрны Б1 давхрын 52, 53 тоотод байрлалтай, авто зогсоолын зориулалттай тус тус 13,5 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан.

Мөн 2017 оны 07 сарын 24-ний өдөр 106205228 тоот зээлийн гэрээ байгуулж, 8 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй зээлсэн. Энэхүү гэрээний үүрэгт дээрх хаягийн 60 тоот хаягт байрлалтай 13,5 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай улсын бүртгэлийн Ү-2206048751 дугаартай үл хөдлөх хөрөнгө, 61 тоот хаягт байрлах 18 м,кв талбайтай авто зогсоолын зориулалттай улсын бүртгэлийн Ү-2206048755 дугаартай үл хөдлөх хөрөнгийг тус тус барьцаалсан.

2017 оны 07 сарын 20-ны өдрийн 106205226 тоот зээлийн гэрээний дагуу хариуцагч 2018 оны 01 сарын 30-ны өдрийн төлөлтөөс өөр төлөлт хийгээгүй, үндсэн зээл 8 233 765 төгрөг, хүү 7 189 474 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 437 894 төгрөг, нийт 16 861 133 төгрөг, 2017 оны 07 сарын 24-ний өдрийн 106205228 тоот зээлийн гэрээний дагуу хариуцагч нь 2017 оны 11 сарын 23-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй, үндсэн зээл 5 678 705 төгрөг, хүү 5 315 475 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 011 263 төгрөг, нийт 12 005 442 төгрөг, бичиг баримтыг нотариатаар баталгаажуулсан зардал 60 000 төгрөг, нийт 28 926 576.16 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг Баталгаат ипотек-ийн гэрээнд заасан эд хөрөнгөөр хангуулж өгнө үү.

Хариуцагч М.Энхсаруулд зээлийн төлбөрөө хугацаандаа төлөхийг удаа дараа мэдэгдэж байсан боловч уг баримтуудыг хэрэгт хавсаргаагүй. Мөн хариуцагч нь хаягтаа байгаагүй учир бид шүүхэд хандаж эрэн сурвалжлуулаад хаягийг нь тогтоож байж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Манай банк бус санхүүгийн байгууллага хуульд заасны дагуу зохих байгууллагын зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаагаа явуулдаг, үйл ажиллагаа явуулах эрхийг сунгасан хуулийн дагуу ажиллаж байгаа гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: М.Энхсаруул нь нэхэмжлэгч компанитай байгуулсан 2017 оны 07 сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 12 000 000 төгрөг, 2017 оны 07 сарын 24-ний өдрийн зээлийн гэрээний дагуу 8 000 000 төгрөгийг тус тус зээлсэн талаар маргаагүй. Санхүүгийн нөхцөл байдал хүнд байсан учир зээлийг төлж чадаагүй. Энэ талаар нэхэмжлэгч талд мэдэгдэж байсан болохоос алга болсон зүйлгүй.

Нэхэмжлэгч нь М.Энхсаруулыг зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй гэсэн атлаа гэрээнээс татгалзах үүргээ биелүүлээгүй, түүнийг хайгаад олдоогүй гэсэн шалтгаанаар гэрээний хугацаа хэтрүүлж, үндэслэлгүйгээр хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг нэмэгдүүлсэн нь зээлдэгчийн эрх ашгийг зөрчиж байна. Учир нь хэрэгт авагдсан зээлийн тооцооллын баримтаар болон нэхэмжлэгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар зээлийн төлөлтийг хамгийн сүүлд 2018 оны 01 сарын 30-ны өдөр хийгээд түүнээс хойш төлөлт хийгээгүй байхад 2020 оны 10 сард шүүхэд зээлийн гэрээний үүргийг шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчид Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах эрх үүссэн байхад энэ эрхээ хэрэгжүүлээгүй, гэрээг хугацаанаас өмнө нь цуцлаагүй. Гэрээг цуцлах талаар болон зээлийг эргэн төлөх талаар хариуцагчид удаа дараа мэдэгдсэн талаар баримт хэрэгт огт байхгүй, эрэн сурвалжилж хаягийг нь олсон гэдэг боловч уг баримт нь 2020 оны 05 сард шүүхэд хандсан баримт байна. Иймээс үндэслэлгүй нэхэмжилсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй.

Харин үндсэн зээлийн үлдэгдэл болон гэрээнд заасны дагуу зээлийг ашигласан хугацааны хүүгээ төлөхөд татгалзахгүй. Мөн нэхэмжлэгч нь үйл ажиллагаа явуулах эрхээ хугацаагүй сунгуулсан гэсэн тайлбар гаргаж байгаа нь ойлгомжгүй байна гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч М.Энхсаруулаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 20 164 944 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н К Ф К ХХК ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8 761 632 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл болох М.Энхсаруулын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж 48 байр Б1 давхар 53 тоот хаягт байрлалтай 13,5 м.кв талбайтай Ү-2206048733 дугаарт бүртгэлтэй авто зогсоол, 52 тоот хаягт байрлалтай, 13,5 м.кв талбайтай Ү-2206048729 дугаарт бүртгэлтэй авто зогсоол, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж 48 байр, Б1 давхар 61 тоот хаягт байрлалтай 18 м.кв талбайтай Ү-2206048755 дугаарт бүртгэлтэй авто зогсоол, 60 тоот хаягт байрлалтай 13,5 м.кв талбайтай Ү-2206048751 дугаарт бүртгэлтэй авто зогсоолыг тус тус албадан худалдаж, түүний үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 372 783 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 258 774 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хуралдааны үед дээрх 2 зээлийн гэрээ нь хуульд нийцсэн болох нь тогтоогдсон ба шүүх Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Зээлийн гэрээний 2.11-т тус тус зааснаар зээлдэгч зээлийг ашигласны хүү, хугацаа хэтэрсэн хариуцлага болох нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй хэмээн дүгнэсэн атлаа зээлийн хүүг 50 хувиар бууруулсан нь хуульд нийцээгүй. Учир нь, нэхэмжлэгч компанийн зүгээс хариуцагчаас гэрээний үүргээ биелүүлэх талаар удаа дараа шаардаж байсан ба зээлийн гэрээ байгуулах үед оршин сууж байсан хаягт очиж байсан, мөн зээлийн гэрээнд тэмдэглүүлсэн холбоо барих дугаарт залгаж байсан. Анх 2018 оны 08 дугаар сард Хан-Уул дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан түүнээс хойш тус шүүхэд 2 удаа, эрэн сурвалжлуулах хаяг тогтоох зорилгоор Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүхэд 1 удаа тус тус нэхэмжлэл гаргаж байсан талаар шүүх хуралд тайлбарласан ба шүүхийн цахим бүртгэлээс харах боломжтой талаар тайлбарласан, зээлдэгч М.Энхсаруул шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцоогүй бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч зээлийн эргэн төлөлт болон хэрхэн шаардаж, холбогдож байсан талаар мэддэггүй. Мөн хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн албан бичигт 2020 оны 05 сарын 07-ны өдрийн 01007 дугаартай шийдвэрээр М.Энхсаруулын хаягийг олж тогтоосон бөгөөд энэ нь бидний зүгээс хүүг нэмэгдүүлэх зорилготой байгаагүйг нотлох юм. Эрэн сурвалжлах шийдвэр гаргахаас өмнө шүүхэд хандсан, нэхэмжлэл хүлээн авах, татгалзах болон хэрэгсэхгүй болгох захирамж гарах түүнийг хүлээн авах зэрэгт ямар хугацаа шаардлагатай болдог талаар тооцоололгүй, шаардах эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзсэн нь учир дутагдалтай байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн хэрэгсэхгүй болгосон 8 761 632 төгрөгийг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

.

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Талуудын хооронд байгуулагдсан зээлийн 2 гэрээ нь 12 сарын хугацаатай байгуулагдсан бөгөөд хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ нэгэнт биелүүлж чадахаа больсон буюу зээлийн эргэн төлөлтийг 106205226 тоот гэрээний тухайд 2017 оны 11 сарын 23-ны өдөр, 106205228 тоот зээлийн гэрээний тухайд 2018 оны 01 сарын 30-ны өдөр тус тус төлж дахин ямар ч төлөлт хийгээгүй. Цаашид эргэн төлөхгүй болох нь тодорхой байхад нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 5.5-д ...өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж зээлийг буцаан дуудах... гэж заасан эрхээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй гаргасан.

Гэтэл ийнхүү эс үйлдэхүй гаргаж зээлийн гэрээний хугацаа дуусаж, гэрээний сунгалт огт хийгээгүй атал зээлийн.гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүүг 2020 оны 08 сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд тооцож үндсэн зээлийн хамт нэхэмжилж байгаа нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 5.5, 6.2.1-д заасантай нийцэхгүй. Анхан шатны шүүх энэ талаар зөв дүгнэлт хийсэн атлаа зээлийн гэрээнүүдийн дагуу нэхэмжилсэн нийт хүүг 50 хувиар л бууруулж байгаа нь дээрх дүгнэлттэй зөрүүтэй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нь үндсэн зээл, зээлийн хүүг талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаанд буюу 12 сарын хугацаанд ногдох хэсгээр төлж барагдуулах нь зүйтэй байна.

Талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 07 сарын 20-ны өдрийн 106205226 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 8 233 765 төгрөг, зээлийн хүү 2 949 534 төгрөг буюу нийт 11 183 299 төгрөг, 2017 оны 07 сарын 24-ний өдрийн 106205228 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 5 678 704 төгрөг, зээлийн хүү 1 921 368 төгрөг, нийт 7 600 072 төгрөгийг тус тус төлбөл зохино. Иймд дээрх байдлаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнгээс 1 381 573 төгрөгт ногдох хүүг хасаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх талуудын маргаанд хамааралтай хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулж, үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Н К Ф К ХХК ББСБ ХХК нь хариуцагч М.Энхсаруулд холбогдуулан 2 зээлийн гэрээний үүрэгт нийт 28 866 576.16 төгрөг, нотариатын зардал 60 000 төгрөг, бүгд 28 926 576.16 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг Баталгаат ипотекийн гэрээ-нд заасан эд хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч зарим хэсгийг нь эс зөвшөөрч маргажээ./хх1-2, 63/

Талууд 2017 оны 07 сарын 20-ны өдөр 106205226 тоот зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч Н К Ф К ХХК ББСБ ХХК нь зээлдэгч М.Энхсаруулд 12 000 000 төгрөгийг 30 хоногийн 3,5 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нь зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтан тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх9-11/ Энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор М.Энхсаруул нь өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206048733, Ү-2206048729 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж, 48 дугаар байр, Б1 давхрын 52, 53 тоот хаягт байршилтай тус бүр 13.5 м.кв талбайтай авто зогсоолыг барьцаалсан Баталгаат ипотекийн гэрээ байгуулсан. /хх12-15, 20/

 

Мөн 2017 оны 07 сарын 24-ний өдөр талууд 106205228 тоот зээлийн гэрээ болон Баталгаат ипотекийн гэрээ-г байгуулж, зээлдэгч нь 8 000 000 төгрөгийг дээрхтэй ижил нөхцөлөөр зээлдэн авч, өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206048751, Ү-2206048755 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж, 48 дугаар байр, Б1 давхрын 60, 61 тоот хаягт байршилтай 13.5 м.кв болон 18 м.кв талбайтай авто зогсоолуудыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор барьцаалуулсан байна /хх 21-27, 29/

 

Дээрх гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдал болон хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүй үйл баримтын талаар зохигчид маргаагүй. Харин зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байхад зээлдүүлэгч шаардах эрхээ хэрэгжүүлээгүйгээс хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүргийн хэмжээ нэмэгдсэн эсэх нь маргааны зүйл болсон байна.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан 106205226, 106205228 тоот Зээлийн гэрээ болон Баталгаат ипотекийн гэрээ тус бүрийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт тус тус заасантай нийцсэн, хүчин төгөлдөр талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн боловч нэхэмжлэгчийг зээлийн гэрээний 5.5, 6.2.1-д зааснаар өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах эрхээ хэрэгжүүлээгүй гэх үндэслэлээр зээлийн хүүгийн төлбөрийг 50 хувиар бууруулж, нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцээгүй болно. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн зээлийн үйл ажиллагааны хүрээнд хийгдэх гэрээгээр тогтоосон хүүгийн хэмжээг бууруулах эрхийг шүүхэд хуулиар олгоогүй болно. Өөрөөр хэлбэл, хүүг багасгасан нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт заасантай нийцэхгүй. Энэ агуулгаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоос 8 701 632 төгрөгт холбогдох хэсгийг үндэслэлтэй гэж үзэж хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Тодруулбал, нэхэмжлэгч Н К Ф К ХХК ББСБ ХХК нь банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий этгээд /хх5-7, 59-62/ байх бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна. Энэ тохиолдолд хариуцагч нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт тус тус зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг хүлээх ба зээлийн гэрээ цуцлагдсан, зээлийн гэрээний хугацаа дууссан зэрэг нөхцөл байдал нь үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Энэхүү хуулийн зохицуулалтын дагуу хариуцагч талын татгалзал, давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй. Мөн талууд дээр дурдсан зээлийн гэрээнүүдийн 2.11-д ... Гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэлх хугацаанд зээлдэгч зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлнө. Зээлийн гэрээний хугацаа дууссан нь хугацаа хэтэрсэн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад авлагыг төлөхгүй байх үндэслэл болохгүй талаар харилцан тохиролцсон байна.

 

Дээрх хууль зүйн үндэслэл болон талуудын тохиролцон байгуулсан зээлийн гэрээнүүдийн нөхцөлд нийцүүлэн зохигчийн маргаагүй эргэн төлөлтийг дүнг хасч тооцвол нэхэмжлэгч нь 2017 оны 07 сарын 20-ны өдрийн 106205226 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 8 233 765 төгрөг, хүү 7 189 474 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 437 894 төгрөг, нийт 16 861 133 төгрөг, 2017 оны 07 сарын 24-ний өдрийн 106205228 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 5 678 705 төгрөг, хүү 5 315 475 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 011 262 төгрөг, нийт 12 005 442 төгрөг буюу 28 866 576 төгрөгийг хариуцагч М.Энхсаруулаас шаардах эрхтэй.

 

Харин үүрэг гүйцэтгээгүйгээс гарсан зардал гэх 60 000 төгрөгийн шаардлагын тухайд уг зардлыг нотлох баримтгүй тул энэхүү үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй. Иймд уг үнийн дүнд хамаарах нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын тухайд хариуцагч маргаагүйн гадна барьцааны гэрээ хуульд заасан шаардлага хангасан тул М.Энхсаруул нь зээлийн гэрээний үүрэгт төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцаа хөрөнгүүдийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаанд оруулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн нь зөв.

 

Мөн нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисонтой холбогдуулан анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад үнийн дүнгийн өөрчлөлт оруулж, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үздэг бөгөөд энэхүү эрхийн хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад барьцаа хөрөнгийн өмчлөлийг нэхэмжлэгчийн гэж буруу бичсэн байгааг залруулж М.Энхсаруулын гэж өөрчилснийг дурдах нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.      Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 сарын 05-ны өдрийн 183/ШШ2021/00341 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...20 164 944... гэснийг ....28 866 576... гэж, ...8 761 332... гэснийг ...60 000... гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...нэхэмжлэгчийн... гэснийг ...М.Энхсаруулын... гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын ...258 774... гэснийг ...302 283... гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч талаас төлсөн 155 136 төгрөгийг нэхэмжлэгч талд, хариуцагч талаас төлсөн 40 000 төгрөгөөс 37 055 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 2 945 төгрөгийг хариуцагч талд тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Д.НЯМБАЗАР