Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2021/00594

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2021/00594

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 Нэхэмжлэгч: С.Б-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  М Э ХХК-д холбогдох

 

Дутуу олгосон цалин, ээлжийн амралтын олговорт нийт 7 902 800 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүү нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Нарантүвшин нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2021 оны 01 сарын 14-ний өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч С.Б нь М Э ХХК-д 2009 оноос тасралтгүй ажилласан бөгөөд уг хугацаанд ажил үүргээ сайн гүйцэтгэж, албан тушаал дэвшиж байсан. Гэтэл С.Б-г 2019 оны 07 дугаар сарын 09-ны өдөр гүйцэтгэх захирлын тушаалаар ажлаас нь үндэслэлгүй халсан. Шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал нь С.Б-гажлаас нь үндэслэлгүй халснаа хүлээн зөвшөөрсөн тул 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн шүүгчийн захирамжаар Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Улмаар хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч С.Б-г ажилд нь эгүүлэн оруулахгүй байсаар 2020 оны 1 сарын 16-ны өдөр Хөдөлмөрийн гэрээг шинээр байгуулж, урьд эрхэлж байсан ажилд нь эргүүлэн ажиллуулсан хэдий ч С.Б-ийн цалинг 2020 оны 2 сараас бүрэн олгохгүй хохироосон. Хөдөлмөрийн гэрээнд сарын цалинг хамгийн багадаа 2 500 000 төгрөгийн байна гэж тохирсон боловч 2020 оны 2,3,4,5,6 саруудад цалинг дутуу бодож олгосон ба ээлжийн амралтын олговрыг дутуу бодож олгосон. Дээрх саруудад дутуу олгосон цалингийн 6 527 842 төгрөг, дутуу олгосон амралтын мөнгө 1 374 958 төгрөг, нийт 7 902 800 төгрөгийг гаргуулж өгнө үү. Бид энэ асуудлаар шүүхэд анх нэхэмжлэлээ 2020 оны 7 сард нэхэмжлэлээ гаргасан бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2020.10.30-ны өдрийн захирамжаар урдчилан шийдвэрлэх журам зөрчсөн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд хариуцагч М Э ХХК-ийн хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдлоо гаргасан боловч хариу өгөөгүй тул дахин шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Харин шүүх хуралдаанаас өмнө тус комисс нь хуралдаж, гомдлыг хангаагүй гэсэн хурлын тэмдэглэлийг ирүүлсэнтэй танилцсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагч М Э ХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбарыг дэмжиж хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Ажил олгогч М Э ХХК нь 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б/159 дугаартай ажилд эгүүлэн тогтоох тушаалаар нэхэмжлэгч С.Б-гажилд эгүүлэн авсан байна. Ажилд эгүүлэн авахад Албан тушаалын нэр, үндсэн цалин хөлс /Хөдөлмөрийн тухай хуулийн 21.1 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн харилцааны гол нөхцөл өөрчлөгдөөгүй бол хөдөлмөрийн гэрээг шинээр байгуулаагүй. Харин 2020 оны 01 сарын 16-ны өдөр хөдөлмөрийн гэрээг байгуулсан бөгөөд гэрээний 5.1-ажилтны үндсэн цалинг 950 000 төгрөг гэж тохирсон. Манай байгууллага ажилтны ажлын үр дүнгээр цалингийн урамшуулалыг олгодог бөгөөд гэрээний 5.2-т энэ талаар тохиролцсон байгаа. Мөн нэмэгдэл хөлс, урамшуулал олгох журмын 2-т энэ талаар зохицуулсан. Гэтэл С.Б нь 2020 оны 3 сараас ажил таслах, ямар нэг шалтгаангүйгээр чөлөө авах байдал ихэссэн, энэ хүн өөрийн дураар ажиллаж байсан. Цагийн бүртгэлийн баримтан дээр энэ бүгд тооцоолол байна. Бид өгөх ёстой цалин урамшуулалаа хуулийн дагуу өгсөн бөгөөд үндэслэлгүйгээр цалингийн зөрүү нэхэмжилснийг зөвшөөрөхгүй. Дэлхий нийтээр тархаад байгаа Корона вирусын халдвар цар тахал Улаанбаатар хотод маш их тархсан учраас Улсын онцгой комисс болон Нийслэлийн онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу Манай компани нь 2020.11.12-ны өдрөөс 2020.12.13-ны өдөр дуустал, 2020.12.23-ны өдрөөс 2021.01.10-ны өдрийг дуустал үйл ажиллагаа явуулахгүй тэг зогсолт хийгээд 2021.01.11-нээс 2021.02.10-ны өдрийг дуустал гэсэн хэсэгчилсэн хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байгаа.Үйл ажиллагаа явуулахдаа ажилчидыг бүрэн тоогоор ажиллуулахгүй зөрүүлэн ажиллуулж байгаа болно. Манай байгууллага Маргаан таслах комисстой бөгөөд энэ цаг үеийн байдалтай холбогдуулан хөдөлмөрийн маргаан таслах комиссыг хуралдуулж чадахгүйд нөхцөл байдалтай байсан бөгөөд нэхэмжлэгч С.Б нь дээрх маргаантай асуудлыг байгууллагад хандаж, шийдвэрлүүлэлгүй шууд шүүхэд хандсан нь хууль зөрчсөн. Дээрх байдлыг дурдаж шүүх 2020.10.30-ны өдрийн 00000 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Үүний дараа буюу 2020.11.12-ний өдөр компанийн маргаан таслах комисст хандасныг 2021.03.02-ны өдөр Хөдөлмөрийн маргаан таслах комисс хуралдаж, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд хурлын тэмдэглэлийг хэрэгт ирүүлсэн. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан ажилгүй байсан хугацааны цалин хөлсний маргаан бол Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5 дахь хэсэгт зааснаар шүүхээр хянан шийдвэрлэгдэх маргаан. Харин цалин хөлсний зөрүүг нэхэмжилж буй маргаан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасан Хөдөлмөрийн маргаан таслах комиссын маргаан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлав.               

            ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч М Э ХХК-д холбогдуулан дутуу олгосон цалингийн 6 527 842 төгрөг, дутуу олгосон амралтын мөнгө 1 374 958 төгрөг, нийт 7 902 800 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүү нөхөн төлүүлэхээр шаарджээ.

  Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

  Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2020 оны 1 сарын 16-ны өдөр Хөдөлмөрийн гэрээг шинээр байгуулж, урьд эрхэлж байсан ажилд нь эргүүлэн ажиллуулсан хэдий ч С.Б-ийн цалинг 2020 оны 2 сараас бүрэн олгохгүй хохироосон. Хөдөлмөрийн гэрээнд сарын цалинг хамгийн багадаа 2 500 000 төгрөгийн байна гэж тохирсон боловч 2020 оны 2,3,4,5,6 саруудад цалинг дутуу бодож олгосон ба ээлжийн амралтын олговрыг дутуу бодож олгосон. ... гэснийг хариуцагчийн төлөөлөгч ...С.Б-ийн цалин, урамшлууллыг зохих хууль, журмын дагуу олгосон цалин хөлсний маргаан нь шүүхээр харьяалан шийдвэрлэх маргаан биш... гэж маргажээ.

Хэрэгт авагдсан С.Б-тай байгуулсан 2020.01.16-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний 5.1-т үндсэн цалинг 950 000 төгрөг, 5.2-т ажилтанд сард 1 000 000 төгрөг ба түүнээс дээш төгрөгийн урамшуулал олгоно. ...Ажилтан тухайн сард бүтэн ажилласан тохиолдолд нийт цалин нь хамгийн багадаа 2 500 000 төгрөг байхаар тохирчээ. /хх-ийн 9-14/

Мөн М Э ХХК-ийн нэмэгдэл хөлс, урамшуулал олгох журмын 2.2-т ажлын үр дүнгээр гүйцэтгэлээр урамшуулал олгох талаар зохицуулсан байх ба С.Б-ийн цагийн бүртгэл болон цалин олгосон баримтуудаас 2020 оны 2 сараас 7 сар хүртэл түүнд олгосон цалинг дутуу олгосон гэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч талаас гаргаж ирүүлсэн цагийн бүртгэл болон цалин олгосон баримтуудыг нэхэмжлэгч тал үгүйсгэсэн тайлбар гаргаагүй, энэ талаар маргаагүй болно./хх-ийн 66-71/

Эдгээрээс дүгнэхэд хариуцагч М Э ХХК-ийг нэхэмжлэгч С.Б-ийн цалин, хөлсийг дутуу олгосон гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч С.Б дээрх маргаантай асуудлаа шийдвэрлүүлэхээр 2020.07.08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, тус шүүх шүүгчийн 2020.10.30-ны өдрийн 00000 дугаар захирамжаар ...Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д Шүүх хянан шийдвэрлэхээр зааснаас бусад маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс анх дутам хянан шийдвэрлэнэ, гэсэн заалтыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан Шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч нь 2020.11.12-ны өдөр М Э ХХК-ийн Маргаан таслах комисст гомдлоо гаргасан талаарх баримт хэрэгт авагджээ. /хх-ийн 6-9,15/

Нөгөөтэйгүүр, М Э ХХК-ийн тайлбарт гүйцэтгэх захирлын 2020.01.22-ны өдрийн 0/00 дугаар тушаалаар Хөдөлмөрийн маргаан таслах комиссыг байгуулсан талаар тайлбарласан байх ба нэхэмжлэгч С.Б нь цалин, хөлс дутуу олгосонтой холбоотой асуудлаар хуульд заасан дээрх хугацаанд хөдөлмөрийн маргаан таслах комисст хандсан эсэхээ баримтаар нотлоогүй байна.

Өөрөөр хэлбэл дээрх маргаан нь шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш бөгөөд шүүхэд хандсан эсэхээс үл хамаарч хуульд заасан хугацаанд харьяалах байгууллагад гомдлоо гаргахаар заасан байгаа нь дээрх хугацааг хүндэтгэх шалтгаанаар хэтрүүлсэн гэх үндэслэлд хамаарахгүй юм.

 

Иймд нэхэмжлэгч С.Б-г Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй. гэснийг зөрчсөн гэж үзэхээр байна.

 

Эдгээрээс дүгнэхэд С.Б нь 2020 оны 2,3,4,5,6 сарын цалин, амралтын мөнгийг дутуу 7 902 800 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т Шүүхэд иргэний хэрэг маргаан үүсгэснээс хойш талууд хамтарч хүсэлт гаргасан, эсхүл шүүгч эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэх нь зохистой гэж үзэж санал болгосныг талууд зөвшөөрсөн тохиолдолд эвлэрүүлэн зуучлах ажиллагааг явуулж болно., гэж, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т Хөдөлмөрийн эрх зүйн маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн 126.1-д заасан хөдөлмөрийн маргаан таслах комиссоор хянан шийдвэрлэсэн нь тухайн маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн 127.1-д заасны дагуу шүүх хянан шийдвэрлэхдээ эвлэрүүлэн зуучлах ажиллагааг ашиглахад саад болохгүй. гэж зааснаар талуудад эвлэрүүлэн зуучлах ажиллагааг санал болгосон боловч нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Ц уг ажиллагаанд оролцов шаардлагагүй гэснийг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

                                                 ТОГТООХ нь:

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Б-ийн хариуцагч М Э ХХК-иас дутуу олгосон цалин, амралтын мөнгө нийт 7 902 800 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүү нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 141 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ