Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2021/00771

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2021/00771

 

С.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2021/00594 дугаар шийдвэртэй

С.Бгийн нэхэмжлэлтэй хариуцагч М ХХК-д холбогдох

Дутуу олгосон цалин, ээлжийн амралтын олговорт нийт 7 902 800 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүү нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.Б нь М ХХК-д 2009 оноос ажилласан гэтэл С.Бг 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр гүйцэтгэх захирлын тушаалаар ажлаас нь үндэслэлгүй халсан. Шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал нь С.Бг ажлаас нь үндэслэлгүй халснаа хүлээн зөвшөөрсөн тул 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн шүүгчийн захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хариуцагч тал С.Бтай 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Хөдөлмөрийн гэрээг шинээр байгуулж, урьд эрхэлж байсан ажилд нь эргүүлэн ажиллуулсан хэдий ч С.Бгийн цалинг 2020 оны 2 сараас бүрэн олгохгүй хохироосон. Хөдөлмөрийн гэрээнд сарын цалинг хамгийн багадаа 2 500 000 төгрөгийн байна гэж тохирсон боловч 2020 оны 2, 3, 4, 5, 6 саруудад цалинг дутуу бодож олгосон ба ээлжийн амралтын олговрыг дутуу бодож олгосон. Дээрх саруудад дутуу олгосон цалингийн 6 527 842 төгрөг, дутуу олгосон амралтын мөнгө 1 374 958 төгрөг, нийт 7 902 800 төгрөгийг гаргуулж өгнө үү. Бид энэ асуудлаар шүүхэд анх нэхэмжлэлээ 2020 оны 7 сард нэхэмжлэлээ гаргасан бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн захирамжаар урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд хариуцагч М ХХК-ийн хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдлоо гаргасан боловч хариу өгөөгүй тул дахин шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Харин шүүх хуралдаанаас өмнө тус комисс нь хуралдаж, гомдлыг хангаагүй гэсэн хурлын тэмдэглэлийг ирүүлсэнтэй танилцсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Учралт шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажил олгогч М ХХК нь 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б/159 дугаартай ажилд эгүүлэн тогтоох тушаалаар нэхэмжлэгч С.Бг ажилд эгүүлэн авсан байна. Ажилд эгүүлэн авахад Албан тушаалын нэр, үндсэн цалин хөлс /Хөдөлмөрийн тухай хуулийн 21.1 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн харилцааны гол нөхцөл өөрчлөгдөөгүй бол хөдөлмөрийн гэрээг шинээр байгуулаагүй. Харин 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хөдөлмөрийн гэрээг байгуулсан бөгөөд гэрээний 5.1-д ажилтны үндсэн цалинг 950 000 төгрөг гэж тохирсон. Манай байгууллага ажилтны ажлын үр дүнгээр цалингийн урамшуулалыг олгодог бөгөөд гэрээний 5.2-т энэ талаар тохиролцсон байгаа. Мөн нэмэгдэл хөлс, урамшуулал олгох журмын 2-т энэ талаар зохицуулсан. Гэтэл С.Б нь 2020 оны 3 сараас ажил таслах, ямар нэг шалтгаангүйгээр чөлөө авах байдал ихэссэн, энэ хүн өөрийн дураар ажиллаж байсан. Цагийн бүртгэлийн баримтан дээр энэ бүгд тооцоолол байна. Бид өгөх ёстой цалин урамшуулалаа хуулийн дагуу өгсөн бөгөөд үндэслэлгүйгээр цалингийн зөрүү нэхэмжилснийг зөвшөөрөхгүй. Дэлхий нийтээр тархаад байгаа Корона вирусын халдвар цар тахал Улаанбаатар хотод маш их тархсан учраас Улсын онцгой комисс болон Нийслэлийн онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу Манай компани нь 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр дуустал, 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал үйл ажиллагаа явуулахгүй тэг зогсолт хийгээд 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг дуустал хэсэгчилсэн хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байгаа.Үйл ажиллагаа явуулахдаа ажилчидыг бүрэн тоогоор ажиллуулахгүй зөрүүлэн ажиллуулж байгаа болно. Манай байгууллага Маргаан таслах комисстой бөгөөд энэ цаг үеийн байдалтай холбогдуулан хөдөлмөрийн маргаан таслах комиссыг хуралдуулж чадахгүйд нөхцөл байдалтай байсан бөгөөд нэхэмжлэгч С.Б нь дээрх маргаантай асуудлыг байгууллагад хандаж, шийдвэрлүүлэлгүй шууд шүүхэд хандсан нь хууль зөрчсөн. Дээрх байдлыг дурдаж шүүх 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 15248 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Үүний дараа буюу 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр компанийн маргаан таслах комисст хандасныг 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Хөдөлмөрийн маргаан таслах комисс хуралдаж, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд хурлын тэмдэглэлийг хэрэгт ирүүлсэн. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан ажилгүй байсан хугацааны цалин хөлсний маргаан бол Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар шүүхээр хянан шийдвэрлэгдэх маргаан. Харин цалин хөлсний зөрүүг нэхэмжилж буй маргаан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасан Хөдөлмөрийн маргаан таслах комиссын маргаан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ШҮҮХ: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Бгийн хариуцагч Метро экспресс ХХК-иас дутуу олгосон цалин, амралтын мөнгө нийт 7 902 800 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүү нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Бгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 141 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо ... цагийн бүртгэлийн баримтуудыг нэхэмжлэгч тал үгүйсгэсэн тайлбар гаргаагүй, энэ талаар маргаагүй болно, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт ... гурван сарын дотор ... гомдлоо гаргах эрхтэй гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна гэж дүгнэлт хийсэн нь үнэн зөв туйлбартай дүгнэлт хийж чадаагүй, эргэлзсэн байдалтай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангаж чадаагүй гэж үзэж байна... цагийн бүртгэлийн баримтуудыг нэхэмжлэгч тал үгүйсгэсэн тайлбар гаргаагүй, энэ талаар маргаагүй болно гэх дүгнэлтээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь яав ч байж боломгүй шийдвэр юм. Учир нь Нэхэмжлэгч нь 2020 оны 2 дугаар сард ажлын 17 өдөр буюу 136 цаг ажиллахаас 18 өдөр буюу 144 цаг /1 өдөр буюу 8 цаг илүү/ ажиллаад 1 346 260 төгрөгийн цалин авсан байхад бусад сард нь ажлын цаг дутуу гэдгээр илүү цаг ажилласан сарын цалинг дутуу олгосон ажил хариуцагчийн хууль бус үйлдлийг зөвтгөсөн нь илт шударга бус байна. Ажилласан цаг дутуу гэх 3 сард 22 өдөр буюу 176 цаг ажиллахаас 17 өдөр буюу 136 цаг ажилласан нь нийт ажиллах цагийн 77,27 хувьд ажилласан байх тул цалингийн оногдох хувийг олгох ёстой. Гэтэл 3 сард 77,27 хувьд оногдох 1 931 750 төгрөг авахаас 734 090 төгрөг авсан нь авах байсан цалингийнхаа 38 хувийг л авсан байна. 4 сард 22 өдөр буюу 176 цаг ажиллахаас 21 өдөр буюу 168 цаг ажилласан 95,45%-д оногдох цалин 2 386 250 төгрөг, дутуу (1 479 432 төгрөг), 5 сард 21 өдөр буюу 168 цаг ажиллахаас 20 өдөр буюу 160 цаг ажилласан 95,23%-д оногдох цалин 2 380 750 төгрөг, дутуу (1 475 989 төгрөг) 6 сард 19 өдөр буюу 152 цаг ажиллахаас 18 өдөр буюу 144 цаг ажилласан 94,73%-д оногдох цалин 2 368 250 төгрөг дутуу (1 486 250 төгрөг) нийт (5 639 331 төгрөг) байна. Нэхэмжлэлдээ захирамжаар хэрэгсэхгүй болгосон өмнөх хэргийн баримтуудыг нотлох баримтаар хавсаргаж өгөх хүсэлт гаргасныг хангаж Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын архиваас хэргийг татан авсан байсан. Гэтэл Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 183/Ш32020/10076 тоот захирамжаар иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэгдэж байгаа хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар Урьдчилан шийдвэрлүүлэх журам-ыг хангуулчхаад хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон нь илт нэг талыг барьсан, шударга бус шийдэл болжээ. Шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2021/00594 дугаартай шийдвэрээр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хангуулахаар гарсан захирамжийнхаа зорилгыг, хүчин төгөлдөр байдлыг үгүйсгэж байна. Нэхэмжлэгчийн ажилласан цагтаа ногдох цалинг үнэн зөв, бодитоор тооцож, тогтоож чадаагүй, 1 өдөр ажиллаагүй сарын цагийн бүртгэлийг үндэслэл болгон илүү цаг ажилласан сарын цалингийн дутуу гаргуулах шаардлагыг хамруулан бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон бол уг шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангаж чадахгүй шийдвэр болно. Иймд дээр дурдсанаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2021/00594 дугаартай шийдвэр нь Шударга ёсыг бэхжүүлэх, шударга шүүхээр шүүлгэх иргэний эрхийг хангах шүүхийн эрхэм зорилго-ыг биелүүлж чадаагүй, Хүний эрх, эрх чөлөөг хамгаалж, шударга ёсыг хангана гэсэн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны эрхэм зарчмыг зөрчсөн, Хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангаж чадаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч М ХХК-д холбогдуулан 7 902 800 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүү нөхөн төлүүлэхээр нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2020 оны 2, 3, 4, 5, 6 дугаар саруудад дутуу олгосон цалингийн 6 527 842 төгрөг болон дутуу олгосон амралтын мөнгө 1 374 958 төгрөг гэж тайлбарласан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд М ХХК, С.Б нарын хооронд 2020 оны 02 дүгээр сарын 16-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан, уг гэрээний 5.1-т үндсэн цалинг 950 000 төгрөг, 5.2-т ажилтанд сард 1 000 000 төгрөг ба түүнээс дээш төгрөгийн урамшуулал олгоно. ...Ажилтан тухайн сард бүтэн ажилласан тохиолдолд нийт цалин нь хамгийн багадаа 2 500 000 төгрөг байхаар заасан байна. Мөн Метро экспресс ХХК-ийн нэмэгдэл хөлс, урамшуулал олгох журмын 2.2-т ажлын үр дүнгээр гүйцэтгэлээр урамшуулал олгох талаар зохицуулжээ. /хх.9-14, 70-71/

Хэргийн 66-67 дугаар талд нэхэмжлэгч С.Бгийн 2020 оны 1-6 дугаар сард ажилласан цагийн бүртгэл, түүнд олгосон цалингийн тооцооллыг нотлох баримтаар гаргажээ. Дээрх баримтаас үзэхэд нэхэмжлэгч 2020 оны 2 дугаар сард 18 хоног, 3 дугаар сард 17 хоног, 4 дүгээр сарын 21 хоног, 5 дугаар сард 20 хоног, 6 дугаар сард 18 хоног ажилласан үйл баримт тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх хариуцагч М ХХК-ийг нэхэмжлэгч С.Бгийн цалин, хөлсийг дутуу олгосон гэх үндэслэл тогтоогдохгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Нэхэмжлэгч С.Б М ХХК-ийн Маргаан таслах комисст 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гомдлоо гаргасан, тус комиссын 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн ХШ/01 дугаар тэмдэглэлээр нэхэмжлэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд уг шийдвэрийг С.Бд танилцуулсан баримт хэрэгт авагдаагүй байна. /хх. 6-9,15, 72-74 /

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч С.Б шүүхэд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр 2020 оны 7 дугаар сард нэхэмжлэл гаргасан гэж тайлбарласан, түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэгчийг 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан талаар дүгнэсэн байх тул давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн 4, 5, 6 дугаар сарын цалингийн зөрүүгээ авах нэхэмжлэл гаргах хугацаа нь хуульд заасан хугацааг зөрчөөгүй байна гэж үзэж 2020 оны 4, 5, 6 дугаар сарын цалингийн зөрүүг ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээнд заасан 2 500 000 төгрөгөөр тооцож нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Иймд М ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сараас 06 дугаар сарын С.Бгийн ажилласан цагийг үндэслэн хариуцагч М ХХК-аас 4 дүгээр сард ажилласан 21 хоногт авах байсан цалингийн зөрүү 1 476 545 төгрөг, 5 дугаар сард ажилласан 20 хоногт авах байсан цалингийн зөрүү 1 476 190 төгрөг, 6 дугаар сард ажилласан 18 хоногт авах байсан цалингийн зөрүү 1 468 428 төгрөг нийт 4 421 163 төгрөгийг гаргуулах нэхэмжлэгч С.Бд олгох нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2021/00594 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг баримтлан М ХХК-аас 4 421 163 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 481 637 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Бгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 141 500 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч М ХХК-аас 85 688 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Бд олгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч С.Бгийн төлсөн 141 400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Ц.ИЧИНХОРЛОО