Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2023/00032

 

Б.Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч М.Батсуурь, Н.Баярмаа, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 135/ШШ2022/01460 дугаар шийдвэртэй,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 209/МА2022/00109 дүгээр магадлалтай,

Б.Бийн нэхэмжлэлтэй

А.Нд холбогдох  

Зээлийн төлбөр 21,500,000 төгрөг, үндэслэлгүй хөрөнгөжсөн 25,000,000 төгрөг, нийт 46,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Аын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц(цахимаар), хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагчийн өмгөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч А.Нд холбогдуулан зээлийн төлбөр 21,500,000 төгрөг, үндэслэлгүй хөрөнгөжсөн 25,000,000 төгрөг, нийт 46,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 135/ШШ2022/01460 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 492 дугаар зүйлийн 492.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Бийн гаргасан хариуцагч А.Нгаас 46,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 395,000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 209/МА2022/00109 дүгээр магадлалаар: Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 135/ШШ2022/01460 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 492 дугаар зүйлийн 492.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Бийн гаргасан хариуцагч А.Нгаас 46,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэснийг, “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч А.Нгаас 30,430,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16,070,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, Шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 395,000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй” гэснийг, “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Баас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 395,000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Нгаас улсын тэмдэгтийн хураамжид 310,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Бт олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

4. Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.1 Нэхэмжлэгч Б.Бийн эхнэр М.Ань 2020 оноос эхлэн хариуцагч А.Нгаас мөнгө авч бизнес хийн олсон ашгаа хуваах замаар хамтран ажилладаг байсан. Гэвч М.Ань 2021.08.30-ны өдөр 10,000,000 төгрөг, 2021.10.08-ны өдөр 6,500,000 төгрөг, 5,000,000 төгрөг нийт 21,500,000 төгрөгийг нөхрийнхөө данснаас А.Нд шилжүүлснээс хойш дахин авсан мөнгөө эргүүлэн өгөлгүй байсаар М.Ань А.Нд нийт 30,500,000 төгрөгийн өглөгийн тооцоо үүссэн. Энэ мөнгөө өгөлгүй удсан учир А.Н нь М.Аг залилах гэмт хэрэг үйлдсэн хэргээр цагдаагийн байгууллагад гомдол гаргаж М.Ань Дархан-Уул аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.05.02-ны өдрийн 2022/шцт/168 дугаар шийтгэх тогтоолоор залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч Б.Б нь эхнэр болох М.Агийнхаа А.Нд өгөх ёстой өр төлбөрийг барагдуулж 2021.12.24-ний өдөр 10,000,000 төгрөг, 2021.12.27-ны өдөр 10,000,000 төгрөг, 2022.01.13-ны өдөр 5,000,000 төгрөг нийт 25,000,000 төгрөгийг шүүх хурал болох хүртэл А.Нд шилжүүлсэн. Энэ талаар 2022/шцт/168 дугаар шийтгэх тогтоолын 5 дахь нүүрний Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар хэсэгт: “ ... М.Агийн нөхөр Х.Батхуягаас 25,000,000 төгрөг, ... А.Нд шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.”, 3 дахь нүүрийн 4 дэх доголд Б.Бийн өгсөн мэдүүлэг дээр “Ингээд би эхнэрийн зээлсэн мөнгийг А.Нд барагдуулах зорилгоор эхнээс нь төлөөд эхэлсэн бөгөөд саяхан 5,000,000 төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэгт нь маш тодорхой дурдагдсан байгаа.

Хэргийн үйл баримтаас харахад Б.Б нь нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд нийцсэн үйлдэл буюу эхнэрийнхээ зээлсэн мөнгийг зээлдүүлэгчид нь шилжүүлж байсан нь цаашлаад энэхүү мөнгийг тус хэргийн хохирогч А.Нд шилжүүлснээр шүүгдэгч М.Ань бусдад төлөх өр төлбөргүй гэж тооцогдон хөнгөрүүлэх нөхцөлтэйгөөр шийтгүүлсэн нь тун тодорхой харагдаж байна.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.10.12-ны өдрийн 135/ШШ2022/01460 дугаар шийдвэрт энэ үйл баримтыг сайн тодорхойлж нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд зээлийн эрх үүргийн харилцаа үүсээгүй, мөн хариуцагч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн асуудал тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн боловч Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.12.13-ний өдрийн 209/МА2022/00109 дугаар магадлалд: “Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч А.Н нарын хооронд мөнгө шилжүүлсэн харилцаа 2021 оны 08 дугаар сарын 30, 10 дугаар сарын 08-нд 2 удаа нийт 21,500,000 төгрөг шилжүүлснээр эхэлсэн байх боловч талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь тогтоогдохгүй байна.” гэж дүгнэсэн нь нэхэмжлэгчийн эхнэр М.Ань хариуцагч А.Нд нөхрийнхөө данснаас авсан мөнгөө ашгийн хамт эргүүлэн шилжүүлсэн, энэ талаар 2022/шцт/168 дугаар шийтгэх тогтоолд М.Аөөрөө баталж мэдүүлсэн байхад уг мөнгийг нөхөр болох нэхэмжлэгч Б.Б шилжүүлсэн гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан агуулгыг зөрчиж шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон асуудлыг дахин үнэлж, дүгнэсэн байна.

Нэхэмжлэгчийн эхнэр М.Ад хариуцагч А.Н мөнгө өгч М.Атүүнийг нь эргэлдүүлэн бизнес хийж ашиг олон, олсон ашгаасаа тодорхой хувийг анх авсан мөнгөний хамт эргүүлэн өгдөг байсан учир нэхэмжлэгч Б.Б, М.Анарын данснаас А.Нгийн дансанд шилжигдсэн мөнгө А.Нгийн данснаас Б.Б, М.Анарын дансанд шилжигдсэн мөнгөнөөс их байх нь зүйн хэрэг юм Ашиг гэж илүү шилжүүлж байсан тэрхүү мөнгийг А.Н үндэслэлгүйгээр олж авсан гэж үзэх нь нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахуунаас гажуудсан, өрөөсгөл ойлголт болох юм.

Мөн магадлалд “Харин нэхэмжлэгч Б.Баас хариуцагч А.Нгийн данс руу 2021.12.24, 27, 2022.01.13-ны өдрүүдэд нийт 25,000,000 төгрөг, өмнөх 21,500,000 төгрөг, нийт 46,500,000 төгрөг шилжүүлсэн байх ба эдгээрийг М.Агийн төлбөрт шилжүүлсэн гэж үзэх боломжтой”, “10. Нэхэмжлэгч Б.Баас нийт 46,500,000 төгрөг хариуцагч А.Нгийн данс руу шилжигдсэн, энэ талаар талууд маргаагүй, уг 46,500,000 төгрөгөөс М.Агийн төлбөрийн дутуу болох 16,070,000 төгрөгийг хасаж тооцвол 30,430,000 төгрөгийг Б.Б нь илүү төлсөн, энэ хэмжээгээр хариуцагч А.Н нь үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхээр байна. /46,500,000 төг-16,070,000 төг=30,430,000 төг/.” гэж үнэлж дүгнэсэн нь М.Агийн шилжүүлсэн мөнгийг Б.Б шилжүүлсэн мэтээр хольж хутгаж дүгнэсэн, Иргэний хуулийн үндэслэлгүйгээр хөрөнгөжих заалтыг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж шийдвэрлэжээ.

Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон баримтыг дахин нотолсон, эхнэр нь нөхрийнхөө дансаар мөнгө шилжүүлсэн, нөхөр нь эхнэрийнхээ өр төлбөрийг төлсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд нийцсэн асуудалд хуулийг хэрэглэхдээ Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн байна. Цаашлаад эхнэр нь нөхрийнхөө дансаар бусдад өгөх өр төлбөрөө шилжүүлж тухайн өр төлбөрөө хаалгачхаад буцаагаад нөхөр нь иргэний шүүхэд нэхэмжлэл үүсгээд авч болохоор, эхнэрийнхээ ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал үүсгэх зорилгоор хохирогчийн өр төлбөрийг нөхөр нь барагдуулж байгаад шийдвэр хүчин төгөлдөр болсон хойно нь иргэний шүүхээр нэхэмжлээд өгсөн мөнгөө эргүүлээд авч болохоор буруу жишиг нийгэмд үүсгэж болзошгүй шийдвэрийг Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх гаргасан байна.

Иймд хяналтын шатны шүүх гомдлыг минь хүлээн авч магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цхяналтын журмаар гаргасан гомдолд дараах тайлбарыг гаргажээ: “..: Хариуцагч А.Н нь Б.Баас 2021.08.30-нд 10,000,000 төгрөгийг зээлж авсан нь Б.Бийн 5054065979 тоот данснаас А.Нгийн 5055155943 тоот дансанд /хуягаас/ гэж шилжсэнээр, 2021.12.24-нд мөн Б.Бийн данснаас 10,000,000 төгрөг /99377703/ гэсэн утгаар, 2021.12.27-нд 10,000,000 төгрөгийг төлбөр зэрэг гэх мэтээр А.Нд өөрийнхөө данснаас шилжүүлж өгсөн байдаг. Гэтэл А.Н нь Б.Бийн эхнэр М.Ад 2021.10.15-наас 2021.11.22-ны өдрийг хүртэлх хугацаанд 30,500,000 төгрөг дансаар өгч мөн буцаагаад 2021.12.16-ны өдрийг хүртэл хугацаанд М.Ань 16 удаагийн гүйлгээгээр А.Нд 30,500,000 төгрөгөө өсгөн 43,580,000 төгрөг болгож өгсөн нь Агийн 50547323 тоот данснаас А.Нгийн 5055155943 тоот данс руу хийсэн гүйлгээгээр харагддаг. Гэтэл анхан шатны шүүх 2020 онд зээлж байсан мөнгийг нөхөр Б.Б төлсөн мэтээр буруу дүгнэж буруу шийдсэн. Давж заалдах шатны шүүх нотлох баримтыг хуульд нийцүүлэн зөв шийдвэрлэсэн. Иймд магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

6. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчдийн хуралдааны 2023.02.02-ны өдрийн 001ШХТ2023/000143 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.

ХЯНАВАЛ:

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Аын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

8. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч А.Нд холбогдуулан 46,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба шаардлагын үндэслэлээ “... А.Нд 2021.08.30-ны өдрөөс 2021.10.08-ны өдрийн хооронд зээл гэж шилжүүлсэн 21,500,000 төгрөгийг, эхнэр М.Агийн өмнөөс өрийг нь төлсөн гэж ойлгон шилжүүлсэн 25,000,000 төгрөгийг тус тус буцаан гаргуулна. ... М.Ань А.Нгаас авлагатай байсныг мэдээгүй” гэж тодорхойлсон бол хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч “... Б.Бийн эхнэр М.Ань 2021.10 дугаар сараас хойш авсан мөнгөө эргүүлэн өгөлгүй нийт 30,500,000 төгрөгийн тооцоо үүссэн. Шүүхийн шийтгэх тогтоолоор М.Аг Эрүүгийн хуулийн 17.3.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон. Энэ үйл явдлаас өмнө 21,500,000 төгрөгийг  ... хойш ... 25,000,000 төгрөг шилжүүлэн авсан. ... М.Аг өрөө төлсөн гэж ялыг хөнгөрүүлсэн. ... хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримт” гэж маргасан байна.

9. Анхан шатны шүүх Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.05.02-ны өдрийн 2022/ШЦТ/168 дугаар шийтгэх тогтоолд “... 2021.10.15-ны өдрөөс хойш 10 удаагийн гүйлгээгээр М.Агийн данснаас 26,950,000 төгрөг, Б.Баас 25,000,000 төгрөг, нийт 51,950,000 төгрөг хохирогч А.Нд шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. Иймд шүүгдэгч М.Аг гэмт хэргийн улмаас учирсан хохирол 30,500,000 төгрөгийг төлсөн гэж үзэх үндэстэй тул 25,500,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгов” гэж дүгнэснийг болон тус шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан асуулт, хариултыг үнэлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасныг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. 

10. Давж заалдах шатны шүүх “... А.Н, М.Анар нь 2021.10.15-2021.12.18-ны өдрийг хүртэл харилцан мөнгө өгөлцөж, авалцсан. ... энэ хугацаанд А.Нгаас М.Ад нийт 59,650,000 төгрөгийг, ... М.Агаас А.Нд 43,580,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн. ... 16,070,000 төгрөгийн тооцоо үлдсэн. Нэхэмжлэгч Б.Б 2021.08.30-2022.01.13-ны өдрийг хүртэлх хугацаанд “Агаас зээл” гэх мэт утгаар 46,500,000 төгрөг шилжүүлсэн, ... Б.Б, А.Н хоёрын хооронд зээлийн харилцаа үүссэн нь тогтоогдохгүй. ... уг 46,500,000 төгрөгөөс М.Агийн А.Нд өгөх үлдэгдэл тооцоо 16,070,000 төгрөгийг хасвал 30,430,000 төгрөгийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэн буцаан гаргуулах эрхтэй” гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулжээ.  

11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ба түүний өмгөөлөгч нар хяналтын шатны шүүх хуралдаанд давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрөн тайлбарлахдаа шүүх бүрэлдэхүүн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсгийг буруу хэрэглэсэн, маргаан бүхий 46,500,000 төгрөгийн талаар Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.05.02-ны өдрийн 2022/ШЦТ/168 дугаар шийтгэх тогтоолд өгсөн дүгнэлтийг хэрхэн дүгнэсэн нь ойлгомжгүй гэх агуулгаар маргаж байна.

12. Хэрэгт цугларсан баримтаас дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

12.1. Нэхэмжлэгч Б.Б болон талуудын маргаанд дурдагдаж буй М.Ань эхнэр, нөхөр бөгөөд М.Ань Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.05.02-ны өдрийн 2022/ШЦТ/168 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.3.1-д заасан гэмт хэрэгт ял шийтгүүлсэн М.Амөн болох.

12.2. Маргааны зүйл болох 46,500,000 төгрөг нь нэхэмжлэгч Б.Б болон түүний эхнэр М.Агийн дундын эд хөрөнгө мөн эсэх талаар талууд маргаагүй, Б.Б 46,500,000 төгрөгийг М.Ад хамааралгүй, өөрийн хуваарьт хөрөнгө гэж тайлбарлаагүй. Харин “миний эхнэр М.Ань А.Нд өргүй байсныг хожим мэдсэн тул 25,000,000 төгрөгийг А.Нд үндэслэлгүй шилжүүлсэн, 21,500,000 төгрөгийг зээлдүүлсэн тул буцаан шаардана” гэж мэтгэлцсэн. Өөрөөр хэлбэл, уг нөхцөл байдлаас хэрэв М.АА.Нд өртэй бол эхнэрийнхээ өрийг түүний өмнөөс төлөх хүсэл зоригтой байсан гэж дүгнэхээр байна.

13. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан 168 дугаартай шийтгэх тогтоолд “Шүүгдэгч М.Ань найз А.Нгаас Дархан-Уул аймгийн Хонгор сумаас малын мах худалдан авч хиамны цехэд худалдан борлуулна, мал худалдан авсан, малаа зараад буцааж өгнө гэж хуурч 2021.10.15-ны өдөр 7,500,000 төгрөг, 2021.11.16-ны өдөр 5,000,000 төгрөг, 2021.11.17-ны өдөр 8,000,000 төгрөг, 2021.11.22-ны өдөр 10,000,000 төгрөг, нийт 30,500,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь ... тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.” гэж дүгнэснээс үзвэл нэхэмжлэгч Б.Бийн эхнэр М.Ахариуцагч А.Нгаас 30,500,000 төгрөгийг залилсан гэмт хэрэгт буруутай нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогджээ.

14. Дээр дурдсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2022.05.02-ны өдөр болсон байх ба зохигчийн өгсөн ба авсан, буцааж өгөх үндэслэлгүй, эсхүл өөртөө үлдээх үндэстэй гэж харилцан маргаж байгаа 46,500,000 төгрөгтэй холбогдох шилжүүлгүүд тус шүүх хуралдааны үеэр нэгэнт хийгдчихсэн байсан, дээрх мөнгөн хөрөнгийг залилсан эсэхийг тогтоох шүүх хурал дээр хэлэлцэгдэж, дүгнэгдсэн гүйлгээ байна. Энэ нь хавтаст хэргийн 35 дугаар талд авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлд “Хохирогчийн өмгөөлөгч: М.Агийн нөхөр н.Бийн данснаас таны данс руу 25,000,000 төгрөг, мөн М.Агийн өгсөн мөнгө нийлээд 46,500,000 төгрөг өгсөн ...”, “Хохирогч: М.А2021.08.30-ны өдөр 10,000,000 төгрөгийг нөхөр болох н.Б, тус оны 10.08-ны өдөр 6,500,000 төгрөгийг, 11.08-ны өдөр 5,000,000 төгрөгийг нөхрийнхөө дансаар над руу хийсэн. Сүүлд нөхөр н.Б нь 2021.12.24-ний өдөр 10,000,000 төгрөг, 2022.01.13-ны өдөр 5,000,000 төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэг, хохирогчийн өмгөөлөгчийн “М.Агийн танд өгөх мөнгөнөөс 46,500,000 төгрөг данс руу орж ирсэн гэж ойлгож болох уу” гэх асуултад хохирогч А.Нгийн “болно” гэж өгсөн хариулт тусгагдсанаар тус тус тогтоогдсон байна.

15. Эрүүгийн хэрэгт хохирогчоор оролцсон А.Н нь М.Ад холбогдуулан эрүүгийн журмаар анх гомдол гаргасан, шүүх уг гомдлоос 30,500,000 төгрөгийг залилуулсан гэж дүгнэсэн байх ба хохирогч 30,500,000 төгрөгөөс гадна нэмж  25,500,000 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзэн эрүүгийн хэрэгтэй хамтатган нэхэмжилснийг эрүүгийн хэргийн шүүх үндэслэлгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгосон байна.

16. Эрүүгийн хэргийн шүүх тус хэрэгтэй хамтатган А.Нгийн иргэний журмаар гаргасан 25,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохдоо “... тус тусын дансны хуулгыг тулган гүйлгээ тус бүрийг тэмдэглэн баталгаажуулж шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн баримт зэргээс үзэхэд яллах дүгнэлт үйлдсэн эхний үйлдэл буюу 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс хойш ... нийт 51,950,000 төгрөгийг хохирогч А.Нд шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. ... шүүгдэгч М.Аг гэмт хэргийн улмаас учирсан хохирол 30,500,000 төгрөгийг төлсөн гэх үндэслэлтэй байх тул А.Нгийн 25,500,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв” гэж дүгнэжээ. Энэхүү дүгнэлтээс М.Ань А.Нг 30,500,000 төгрөгийг залилсан гэмт хэрэгт буруутгасныг шүүх тогтоож шийдвэрлэсэн, уг 30,500,000 төгрөгөө М.Атөлж барагдуулсан болох нь илэрхий байна. Үүнээс гадна дээрх дүгнэлтэд М.А, Б.Б нар эрүүгийн хэргийн хохирол 30,500,000 төгрөгөөс 21,450,000 төгрөг илүү буюу нийт 51,950,000 төгрөгийг маргаан бүхий хугацаанд төлсөн гэх нөхцөл байдал дээрх дүгнэлтээс давхар тогтоогдсон болно. Шүүх хуралдаан 2022.05.02-ны өдөр болсон байх ба иргэний хэргийн явцад буцаан гаргуулахаар шаардаж байгаа тухайн 46,500,000 төгрөгийн гүйлгээ 2021.10.18-ны өдрөөс 2022.01.23-ны өдөрт хамаарч байх тул дээрх 51,950,000 төгрөгт уг дүн багтсан гэж үзэх үндэстэй.

17. Хариуцагч А.Н 46,500,000 төгрөгийн шаардлагыг эс зөвшөөрөхдөө бидний хооронд хамтын ажиллагаа байсан тул шилжүүлсэн мөнгөө ашгийн хамт буцааж авах эрхтэй, энэ агуулгаар шилжүүлснээсээ илүү их мөнгө надад орж ирсэн байх учиртай гэх байдлаар маргаж байгаа. Нэгэнт эрүүгийн хэргийн хохиролд Б.Б болон М.Анараас шилжүүлсэн гэж үзсэн 51,950,000 төгрөгт иргэний хэргийн журмаар нэхэмжилж байгаа 46,500,000 төгрөг багтсан бол нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас агуулгын хувьд 21,450,000 төгрөгт холбогдох хэсэг нь (51,950,000-30,500,000 төгрөг) маргааны зүйл болно. Нэхэмжлэгчийн шаардаж буй 46,500,000 төгрөгөөс 25,050,000 (46,500,000-21,450,000) төгрөг нь эрүүгийн хэргийн явцад М.Ад залилуулсны хохиролд А.Н шаардах эрхтэй гэж үзсэн 30,500,000 төгрөгт нэгэнт тооцогдсон тул 25,050,000 төгрөгийг А.Н өөртөө үлдээх эрхтэй. Энэ үндэслэлээр  25,050,000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Харин 46,500,000 төгрөгөөс үлдэх хэсэг болох 21,450,000 төгрөг нь эрүүгийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол 30,500,000 төгрөгөөс илүү төлсөн төлбөр байх тул энэ хэмжээний мөнгийг хариуцагч А.Н өөртөө үлдээх эрхтэй болохоо нотлох үүрэгтэй болно.

18. Хариуцагч эрүүгийн хэргийн явцад түүнд учирсан хохирол (30,500,000 төгрөг)-соо нэхэмжлэгчийн илүү төлсөн 21,450,000 төгрөгийг ашиг гэж үзэн авч үлдэх эрхтэй гэж маргаж байна. Гэвч дараах хоёр үндэслэлээр хариуцагчийн татгалзал үндэслэлгүй гэж үзнэ. Тодруулбал:

18.1. Энэ хэмжээний хөрөнгийг хамтын ажиллагааны ашиг байсан гэж тайлбарлаж байгаа бол тэдгээрийн хооронд хамтын ажиллагаа байсан, ашиг, алдагдал хуваарилах зарчим, уг ажиллагаанаас 21,450,000 төгрөг, эсхүл түүнээс илүү хэмжээний ашиг олсон гэх нөхцөл байдлыг нотлох үүргийг хариуцагч хүлээнэ. Хариуцагч А.Н энэ үүргээ биелүүлсэнгүй.

18.2. Тэрээр М.Атай байгуулсан хамтран ажиллах гэрээний ашиг, орлого гэх үндэслэлээр мөнгөн дүнг өөртөө үлдээнэ гэх шаардлагаа гэрээлэгч нөгөө талын эсрэг гаргах боломжтой бөгөөд ийм үндэслэлээр гэрээний оролцогч биш Б.Бийн эсрэг татгалзал гаргах хууль зүйн боломжгүй.

19. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч А.Нгийн 21,450,000 төгрөгтэй тэнцэх мөнгөн дүнг өөртөө үлдээх эрхтэй гэж нэхэмжлэгч Б.Бийн шаардлагыг үгүйсгэсэн татгалзал үндэслэлгүй болжээ. Нэхэмжлэгч Б.Б түүний эхнэр М.Абусдыг залилсан үйлдэлд эрүүгийн журмаар шалгуулах явцад уг үйлдлээс учирсан хохирлыг арилгах зорилгоор тодорхой хөрөнгийг хохирогч талд сайн дурын үндсэн дээр өөрөө шилжүүлж, М.А, Б.Б нар эрүүгийн хэргийн хохирол болох 30,500,000 төгрөгийг бүхэлд нь арилгасан байна. Харин эрүүгийн хэргийн хохирлыг арилгах явцдаа дээр дурдсанчлан 21,450,000 төгрөгийг илүү төлсөн үйл баримт тогтоогдож байх ба уг дүнг хариуцагч А.Н өөртөө үлдээхийг шаардах эрхгүй байна. Иймд нэхэмжлэгч Б.Баас А.Нд үндэслэлгүй шилжүүлсэн 21,450,000 төгрөгийг хариуцагч А.Нгаас гаргуулж нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

20. Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд аливаа зээлийн гэрээ байгуулагдаагүй бөгөөд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу шаардах эрх нэхэмжлэгчид үүсээгүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзнэ. Хоёр шатны шүүхийн зарим дүгнэлтийг залруулж,  дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 209/МА2022/00109 дүгээр магадлалын 1 дэх заалт, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 135/ШШ2022/01460 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч А.Нгаас 21,450,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Бт олгон нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 25,050,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 395,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Нгаас 265,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бт олгосугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагч А.Н хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023.01.17-ны өдөр төлсөн 310,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

 

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Г.АЛТАНЧИМЭГ

                           ШҮҮГЧИД                                                         М.БАТСУУРЬ

                                                                                                         Н.БАЯРМАА

                                                                                                           П.ЗОЛЗАЯА

                                                                                                           Х.ЭРДЭНЭСУВД