Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 209/МА2022/00109

 

*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч Я.Туул, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  10 дугаар сарын 12-ны өдрийн 135/ШШ2022/01460 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлийн төлбөр 21,500,000 төгрөг, үндэслэлгүй хөрөнгөжсөн  25,000,000 төгрөг, нийт 46,500,000 төгрөг гаргуулах” тухай,

Иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цуурайн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цуурай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анар, хариуцагчийн өмгөөлөгч Б.Содболд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

******* нь 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 6,500,000 төгрөг,  5,000,000 төгрөг нийт 21,500,000 төгрөгийг зээлж өөрийн ******* тоот данснаас *******гийн ******* тоот дансанд шилжүүлж өгсөн.

Мөн ******* нь эхнэр чинь авсан 30,000,000 төгрөгөө өгөхгүй байна гэхэд 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 10,000,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 10,000,000 төгрөг, 2022 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр  5,000,000 төгрөг бүгд 25,000,000 төгрөгийг өгсөн.

Гэтэл ******* нь манай эхнэрт их хэмжээний өртэй байж надад худал хэлж надаас мөнгө авсан байна. Иймд *******гаас 46,500,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

  1. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2020 оноос эхлэн ******* нь *******д мөнгө зээлдүүлэн малын мах худалдан авч эргээд зарж борлуулан, олсон ашгаа хувааж хамтран ажиллаж байсан.

Гэвч ******* нь 2021 оны 10 дугаар сараас хойш авсан мөнгөө эргүүлэн өгөлгүй нийт 30,500,000 төгрөгийн тооцоо үүссэн.

Дархан-Уул аймаг дах сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурлын 2022/шцт/168 дугаар шийтгэх тогтоолоор *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцсон. Шүүх хурал хүртэл *******гийн нөхөр болох ******* эхнэр *******гийнхаа *******д өгөх ёстой мөнгийг эргүүлэн төлж байсан. Энэ талаар 2022/шцт/168 дугаар шийтгэх тогтоолын 3 дахь нүүрийн 4 дэх доголд *******ийн өгсөн мэдүүлэг дээр маш тодорхой дурдагдсан.

Энэ үйл явдлаас өмнө буюу 2021 оны 8 сарын 30, 2021 оны 10 сарын 8-ны өдрүүдэд “хуягаас, *******гаас зээл” гэсэн гүйлгээний утгатай нийт 21,500,000 төгрөгийг *******гийн дансанд шилжүүлсэн нь ******* бус эхнэр ******* нь *******гаас авсан мөнгөө эргүүлэн өгч байгаа нь хэргийн үйл баримт, *******, *******, ******* нарын дансны хуулга зэргээр тодорхой тогтоогдож байгаа юм.

Үүнээс хойш буюу 2021 оны 12 сарын 24, 2021 оны 12 сарын 27, 2022 оны 1 сарын 13-ны өдрүүдэд *******гийн дансанд “*******”, “Хуягаас” гэсэн гүйлгээний утгатай нийт 25,000,000 төгрөгийн гүйлгээнүүд нь эхнэр *******гийн *******д өгөх 30,500,000 төгрөгийг *******гийн дансанд хэсэгчлэн шилжүүлсэн.

Иймд ******* нь *******аас зээл аваагүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

  1. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 281дүгээр зүйлийн 281.1, 492 дугаар зүйлийн 492.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн гаргасан хариуцагч *******гаас 46,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 395,000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цуурай давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-д заасан хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчсөн, нэхэмжлэгчийн зүгээс *******д өгсөн мөнгөө дансаар нотолж гаргаж өгсөн байхад  яагаад үнэлээгүй талаар дүгнээгүй,  эрүүгийн хэргийн зарим баримтыг нотлох баримт гэж үзсэн бол  нэхэмжлэгчийн зүгээс гаргасан дансны хуулгыг мөн үнэлэх байсан. Иймд шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн заалтыг хангаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.                               

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг  нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цуурайн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлалгүй бүхэлд нь хянаж, гомдлыг  хүлээн авч шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

2. Анхан шатны шүүх нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх” журмыг бүрэн хэрэгжүүлээгүй, хэргийн үйл баримт болон нөхцөл байдлыг бүрэн тогтоолгүйгээр  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэсэн  нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

           3. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан зээлсэн 21,500,000 төгрөг, эхнэр *******гийн төлбөрт өгсөн 25,000,000 төгрөг, нийт 46,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анар  нь ... ******* нь *******аас зээл аваагүй байх учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх тайлбар гарган маргасан байна. /хх-20/

4. Анхан шатны шүүх, хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******аас 21,500,000 төгрөг зээлж авсан, тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн үйл баримт тогтоогдохгүй, ******* нь нөхөр *******ийн дансаар дамжуулан *******гаас авсан зээлийн төлбөрт төлсөн болох нь 168 дугаар шийтгэх тогтоолоор тогтоогдож байна.

...нэхэмжлэгч ******* нь эхнэрийнхээ  зээлсэн мөнгийг барагдуулах зорилгоор ******* руу 25,000,000 төгрөг шилжүүлсэн байх тул *******г үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т заасан үндэслэлд хамаарахгүй тул 25,000,000 төгрөг шаардах эрхгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цуурай ...анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-д заасан хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчсөн, нэхэмжлэгчийн зүгээс *******д өгсөн мөнгөө дансаар нотолж гаргаж өгсөн байхад  яагаад үнэлээгүй талаар дүгнээгүй,  эрүүгийн хэргийн зарим баримтыг нотлох баримт гэж үзсэн бол  нэхэмжлэгчийн зүгээс гаргасан дансны хуулгыг мөн үнэлэх байсан. Иймд шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн заалтыг хангаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэсэн агуулга бүхий гомдол гаргасан. /хх-73/

Хэргээс судлан үзвэл:

6. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ : *******  нь 2021 оны 08 дугаар сарын 30-нд 10,000,000 төгрөг, 10 дугаар сарын 8-нд  6,500,000 төгрөг, 5,000,000 төгрөг, нийт 21,500,000 төгрөг зээлсэн ба уг зээлийг өөрийн ******* тоот данснаас *******гийн ******* тоот данс руу,

 2021 оны 12 дугаар сарын 24-нд 10,000,000 төгрөг,  27-нд 10,000,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 13-нд 5,000,000 төгрөг, нийт 25,000 000 төгрөгийг эхнэр *******гийн төлбөрт гэж  *******гийн дансанд тус тус  шилжүүлсэн.

Гэтэл ******* нь манай эхнэрт өглөгтэй байсан мөртлөө өөрийн зээл гэж *******д өгсөн мөнгийг надаас авсан байх ба миний хувьд *******д ямар ч өглөг өр шир байхгүй тул *******гийн дансанд шилжүүлсэн нийт 46,500,000 төгрөгийг гаргуулахаар  нэхэмжилж байна гэжээ.  /хх-1/

7. Нэхэмжлэгч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цуурай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... ******* нь эхнэр *******гийн өмнөөс *******д мөнгө өгөх болсон шалтгаан нь гэрийн хаалга нүдээд орилоод хүүхдүүдийг минь айлгаад байхаар нь дараа учир нь олдоно биз гэж бодож шилжүүлсэн гэдэг. *******д мөнгө өгөх ямар ч шалтгаан байхгүй. Бид гурав багын найзууд. ******* мөнгийг 2021 оны 12 дугаар сарын 16-ний өдрийг хүртэл өгсөөр байгаад нийт 45,500,000 төгрөгийг *******д буцаагаад өгсөн байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гээд, нэхэмжлэлийн  шаардлагын эрх зүйн үндэслэлийг Иргэний хуулийн 281, 492 дугаар зүйлд зааснаар тодорхойлж,   /хх- 61/

8. Хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анар шүүх хуралдаанд: *******, ******* нарын хооронд зээлийн харилцаа 2020 оноос хойш эхэлсэн байдаг. 2021 оны сүүлээс эхлээд ******* нь *******гаас зээлсэн авсан мөнгөө эргүүлж өгөхгүй удаад байсан болохоор эрүүгийн хэрэг үүсгэж явсан. ******* нь эхнэр *******гийн мөнгийг өгч байснаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Шүүхийн шийтгэх тогтоолд *******гийн *******д өгөх ёстой мөнгө нь хасагдаж тооцогдсон байдаг. Эхнэр болох *******гийнх нь өрийг ******* *******аас авсан болохоос биш ******* болон ******* нарын хооронд  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан гэрээний үүргийн харилцаа үүсээгүй. *******аас мөнгө зээлдээгүй учир ******* нь *******т эргүүлэн өгөх үүрэг үүсэхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн агуулга бүхий тайлбарыг гаргаж  талууд  мэтгэлцсэн байна.  /хх-62/

 9. Хэрэгт авагдсан *******гийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй  хуулга /хх-48-58/, хариуцагч *******гийн ******* тоот данс руу шилжүүлсэн болон *******гаас авсан мөнгөний тооцооллын талаарх гар бичмэл /хх-47/, нэхэмжлэгч *******ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-5-8/, Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулга /хх- 9/ болон талуудын тайлбар зэргийг харилцуулан дүгнэвэл:

9.а. Хариуцагч *******, нэхэмжлэгч *******ийн эхнэр гэх ******* нарын хооронд 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 12 дугаар сарын 18-н хүртэл мөнгө шилжүүлэн өгч, авалцсан  харилцаа үүссэн.

Дээрх хугацаанд хариуцагч ******* нь *******д нийт 59,650,000 төгрөгийг “зээл” болон “махны үнэ” гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн,

*******гаас *******д 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 12 дугаар сарын 16-ны өдрийн хооронд “алимаас”, “махны үнэ”, “махны үлдэгдэл” гэх мэт гүйлгээний утгаар 43,580,000 төгрөгийн зарлагын гүйлгээ гарч *******гийн данс руу шилжигдэж, *******, ******* нарын хооронд 16,070,000 төгрөгийн тооцоо үлдсэн байна.

9.б. Нэхэмжлэгч ******* нь 2021 оны 08 дугаар сарын 30-с 2022 оны 01 дүгээр сарын 13-ны  хооронд хариуцагч *******гийн данс руу “*******”, “хуягаас”, ”алимаагаас зээл” гэх мэт гүйлгээний утгаар нийт 46,500,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийсэн зэрэг үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хооронд мөнгө шилжүүлсэн харилцаа 2021 оны 08 дугаар сарын 30, 10 дугаар сарын 08-нд 2 удаа нийт 21,500,000 төгрөг шилжүүлснээр эхэлсэн байх боловч талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь тогтоогдохгүй байна.

Харин нэхэмжлэгч *******аас хариуцагч *******гийн данс руу 2021 оны 12 дугаар сарын 24, 27, 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрүүдэд нийт 25,000,000 төгрөг, өмнөх 21,500,000 төгрөг, нийт 46,500,000 төгрөг шилжүүлсэн байх ба  эдгээрийг   *******гийн төлбөрт шилжүүлсэн гэж үзэх боломжтой.

10. Нэхэмжлэгч *******аас нийт 46,500,000 төгрөг хариуцагч *******гийн данс руу шилжигдсэн, энэ талаар талууд маргаагүй, уг 46,500,000 төгрөгөөс *******гийн төлбөрийн дутуу болох 16,070,000 төгрөгийг хасаж тооцвол 30,430,000 төгрөгийг ******* нь илүү төлсөн, энэ хэмжээгээр хариуцагч ******* нь үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхээр байна. /46,500,000 төг- 16,070,000 төг =30,430,000 төг/.

Өөрөөр хэлбэл, Хариуцагч *******гаас ******* нь нийт 59,650,000 төгрөг авсан байх бөгөөд энэ хэмжээний мөнгө өгөх байтал тэрээр *******д 43,580,000 төгрөг  өгсөн, үлдэгдэл 16,070,000 төгрөг дутуу байсан байна. Үүнийг нь нэхэмжлэгч *******аас хариуцагч *******д шилжүүлсэн 46,500,000 төгрөгөөс хасаж тооцвол, нэхэмжлэгч ******* нь 30,430,000 төгрөг илүү шилжүүлжээ. /59,650,000төг-43,580,000төг=16,070,000төг,   46,500,000төг-16,070,000 төг=30,430,000 төг/

11. Иймд хэрэгт авагдсан дансны хуулга, талуудын тайлбар, хэргийн үйл баримт болон нөхцөл байдал  зэргээс  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчсөн ...гэх гомдлыг  хүлээн авч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зохигч нарын хооронд үүрэг үүсээгүй байх тул хэргийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар зүйлчлэн шийдэх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2-т заасныг удирдлага болгон  ТОГТООХ НЬ :

           1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  10 дугаар сарын 12-ны өдрийн 135/ШШ2022/01460 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын

“Иргэний хуулийн  281 дүгээр зүйлийн 281.1, 492 дугаар зүйлийн 492.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн гаргасан хариуцагч *******гаас 46,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай”  гэснийг,

           “Иргэний хуулийн  492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч *******гаас 30,430,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16,070,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 

             Шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 395,000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй” гэснийг,

          “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар  нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 395,000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 310,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр  зүйлийн 59.3-т  зааснаар нэхэмжлэгч *******аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 395,000  төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангийн орлогоос буцаан гаргуулахыг  дурдсугай.

   3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Л.АМАРСАНАА

                                                            ШҮҮГЧИД                                    Я.ТУУЛ

                                                                                                                 Х.БАЙГАЛМАА