Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2021/00100

 

 

 

 

 

 

 

 

2021                01              18 

                                    183/ШШ2021/00100

 

 

 

 

 

 

 

           

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: С овогт Д.О-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Т.Д-д холбогдох,

 

Үндэслэлгүй хөрөнгөжсөн 5 000 000  төгрөгийг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”...Т.Д нь Р.О гэдэг хүнээр хэлүүлэн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр надаас нийт 5 000 000 төгрөгийг өөрийн данс руу шилжүүлүүлж авсан. Би Т.Д-д ямар нэг өргүй тул түүний данс руу шилжүүлсэн мөнгөө авахаар удаа дараа хандахад эхэндээ өгнө гэж байсан боловч одоог хүртэл өгөөгүй байна. Р.О, Б.Г нарын хоорондох зээлийн асуудал энд хамааралгүй, мөн энэ зээлийг төлүүлэх талаар ямар нэг шүүхийн шийдвэр гараагүй юм. Иймд Т.Д-гийн данс руу шилжүүлсэн 5 000 000 төгрөгөө буцаан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэв.

 

Хариуцагч Т.Д- шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Т.Д- нь Д.О болон түүний нөхөр Б.Г нарыг огт зүс танихгүй, мэдэхгүй ба тэднээс ямар нэгэн мөнгө өгөөч хэлж гуйж худал хэлж авсан зүйл байхгүй. Харин Д.О-ийн нэхэмжлэлдээ дурдсанаар, Д.О нь Р.О гэх хүнтэй харилцан тохиролцож, түүний хүсэлтээр Т.Д-гийн данс руу мөнгийг шилжүүлсэн байна. Иймд энэ мөнгөн төлбөр Т.Д-д огт хамааралгүй. Нэхэмжлэгч Д.О, түүний нөхөр Б.Г нар нь нэхэмжилж байгаа мөнгийг анхнаасаа Р.О гэх хүнтэй харилцан тохиролцож гэрээ байгуулан, Р.О-ын “...Т.Д гэх хүний данс руу шилжүүлээч” гэсний дагуу шилжүүлсэн болох нь Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шийдвэрт Б.Г “...Р.О-ын гуйлтаар 17 000 000 төгрөг зээлээд, 12 000 000 төгрөгийн бэлэн мөнгөөр өгөөд үлдэх 5 000 000 төгрөгийг түүний хэлсэн Т.Д-гийн данс руу хийсэн” гэх тайлбараар нотлогдоно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон баримтыг нотлохгүй гэж заасан. Р.О нь Д.О-ийн нөхөр Б.Г-аас мөнгө зээлээд уг зээлсэн мөнгөө Т.Д-гийн ХХХХХХХ данс руу нь 5 000 000 төгрөг хийсэн гэж мэдүүлдэг. Гэтэл 2017 онд Р.О нь Д.О-ийн ХХХХХХХ данс руу гурван удаагийн шилжүүлгээр нийт 5 360 000 төгрөгийг шилжүүлсэн, мөн Д.О-ийн нөхөр Б.Г-ын Хархорин сум дахь сум дундын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг шийдвэрлэсэн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр шийдвэрт “...Р.О-ын эхнэр болох Ч.Батхуягаас Д.О-ийн нөхөр болох Б.Г-ын гурван удаа 2 655 000 төгрөг орсон” талаар дурдагдсан, Д.Г үүнийг хүлээн зөвшөөрсөн, Р.О нь нийт 8 015 000 төгрөгийг төлсөн байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.О хариуцагч Т.Д-д холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 5 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрчээ.  

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “...Т.Д-гийн данс руу мөнгө шилжүүлсэн, Т.Д- нь 5 000 000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн тул үүнийгээ буцаан гаргуулна” гэж тайлбарласан. 

  

Хавтаст хэрэг авагдсан баримтаар 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгч Д.О-ийн эзэмшдэг Хаан банк дахь ХХХХХХ тоот данснаас “О” гэсэн гүйлгээний утгатайгаар хариуцагч Т.Д-гийн Хаан банк дахь 5024348013 тоотод дансанд нийт 5 000 000 төгрөг шилжсэн болох нь тогтоогдох бөгөөд талууд уг мөнгийг шилжүүлсэн, хүлээн авсан эсэхэд маргаагүй. 

 

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүрэг үүссэн гэж дүгнэхэд тухайн эд хөрөнгө олдсон эсхүл хадгалагдсан байх, уг эд хөрөнгийг бусдын зардлаар олж авсан, эсхүл хадгалсан байх, хохирч буй талын эд хөрөнгө багасдаг, хөрөнгийг олж авсан этгээдийн эд хөрөнгө нэмэгдсэн байх, ийнхүү хөрөнгө олсон, хадгалсан явдал хууль болон гэрээнд үндэслээгүй байх гэсэн урьдчилсан нөхцөлийг шаарддаг.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “...Т.Д- Р.О-аас авах ёстой авлагаа нэхэхэд энэ данснаас мөнгийг шилжүүлсэн, энэ нь Д.О-ийн “...Р.О гэх хүнтэй харилцан тохиролцон, түүний хүсэлтээр мөнгийг шилжүүлсэн” гэх тайлбар, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шийдвэрт “...Р.О-ын гуйлтаар ...үлдэх 5 000 000 төгрөгийг түүний хэлсэн Т.Д-гийн данс руу хийсэн” гэж тусгагдсан нэхэмжлэгч Д.О-ийн нөхөр Б.Г-ын тайлбараар нотлогдоно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон баримтыг нотлохгүй гэж заасан тул  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж маргасан.  

 

Хэрэгт авагдсан, нэхэмжлэгч Б.Г-ын нэхэмжлэлтэй, хариуцагч С Х ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 41 706 000 төгрөг гаргуулах тухай хэргийг шийдвэрлэсэн Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 236 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт “...нэхэмжлэгч Б.Г гэрээний дагуу 17 000 000 төгрөгийг Р.От бэлнээр 12 000 000 төгрөгийг өгсөн, 5 000 000 төгрөгийг Т.Д- гэж хүний данс руу шилжүүлсэн, баримт байхгүй гэж тайлбар гаргасан” гэж тусгагдсан боловч Б.Г болон С ХХХК-ийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээ бодитоор хэрэгжээгүй, нэхэмжлэгчид шаардах эрх үүсээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  

мөн шүүхийн Б.Г-ын нэхэмжлэлтэй Ч.Б-т холбогдох 43 750 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 188 тоот шийдвэрийн үндэслэх хэсэгт Ч.Б-ийн “...Б.Г нь манай нөхөр н.О-ыг зээлж авсан мөнгөө төлөхгүй байна, гэрээ хий гэж гарын үсэг зуруулсан. ...Нөхөр н.О-с асуухад ... наад мөнгийг чинь ...Д нар хэлж авахуулсан, тэр 2 төлөх юм гэсэн” гэх тайлбарыг тусгаж, гэрээний дагуу 29 500 000 төгрөгийг шилжүүлсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр мөн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан бөгөөд дээрх шүүхийн шийдвэрүүдээр нэхэмжлэгч Д.О-ийн нөхөр Б.Гт зээлийн төлбөрийг олгохоор шийдвэрлээгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.    

 

Ийнхүү зохигчдын хооронд ямар нэг гэрээний харилцаа үүсээгүй атал нэхэмжлэгч Д.О н.О-ын гуйлтаар хариуцагч Т.Д-гийн данс руу нийт 5 000 000 төгрөг шилжүүлсэн болох нь тогтоогдсон, н.О-аас зээлийн төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн ямар нэг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэргүй тул нэхэмжлэгч нь хуульд заасан эрхийнхээ хүрээнд хариуцагчаа тодорхойлж нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй, уг шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

 

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй”, 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж тус тус зааснаар хариуцагч Т.Д-гөөс 5 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.О-д олгож, ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 94 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Т.Д-гөөс 5 000 000 гаргуулж, нэхэмжлэгч Д.О-д олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 94 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоугай.   

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.МӨНГӨНТУУЛ