Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/00551

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/00551

 

Д.Оийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2021/00100 дугаар шийдвэртэй

Д.Оийн нэхэмжлэлтэй хариуцагч Т.Дд холбогдох

Үндэслэлгүй хөрөнгөжсөн 5 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.О, түүний өмгөөлөгч З.Ариунжаргал, хаиуцагч Б.Сүрэнхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжпэгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Д нь Р.О гэдэг хүнээр хэлүүлэн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр надаас нийт 5 000 000 төгрөгийг өөрийн данс руу шилжүүлж авсан. Би Т.Дд ямар нэг өргүй тул түүний данс руу шилжүүлсэн мөнгөө авахаар удаа дараа хандахад эхэндээ өгнө гэж байсан боловч одоог хүртэл өгөөгүй байна. Иймд Т.Дгийн данс руу шилжүүлсэн 5 000 000 төгрөгөө буцаан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагч Т.Д шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэрэнхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Д нь Д.О болон түүний нөхөр Б.Г нарыг огт зүс танихгүй, мэдэхгүй ба тэднээс ямар нэгэн мөнгө өгөөч гэж хэлж гуйж худал хэлж авсан зүйл байхгүй. Харин Д.Оийн нэхэмжлэлдээ дурдсанаар, Д.О нь Р.О гэх хүнтэй харилцан тохиролцож, түүний хүсэлтээр Т.Дгийн данс руу мөнгийг шилжүүлсэн байна. Иймд энэ мөнгөн төлбөр Т.Дд огт хамааралгүй. Нэхэмжлэгч Д.О, түүний нөхөр Б.Г нар нь нэхэмжилж байгаа мөнгийг анхнаасаа Р.О гэх хүнтэй харилцан тохиролцож гэрээ байгуулан, Р.Оын ...Т.Д гэх хүний данс руу шилжүүлээч гэсний дагуу шилжүүлсэн болох нь Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шийдвэрт Б.Г ...Р.Оын гуйлтаар 17 000 000 төгрөг зээлээд, 12 000 000 төгрөгийн бэлэн мөнгөөр өгөөд үлдэх 5 000 000 төгрөгийг түүний хэлсэн Т.Дгийн данс руу хийсэн гэх тайлбараар нотлогдоно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон баримтыг нотлохгүй гэж заасан. Р.О нь Д.Оийн нөхөр Б.Гаас мөнгө зээлээд уг зээлсэн мөнгөө Т.Дгийн 5556354621 данс руу нь 5 000 000 төгрөг хийсэн гэж мэдүүлдэг. Гэтэл 2017 онд Р.О нь Д.Оийн 5556450520 данс руу гурван удаагийн шилжүүлгээр нийт 5 360 000 төгрөгийг шилжүүлсэн, мөн Д.Оийн нөхөр Б.Гын Хархорин сум дахь сум дундын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг шийдвэрлэсэн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр шийдвэрт ...Р.Оын эхнэр болох Ч.Батхуягаас Д.Оийн нөхөр болох Б.Гын гурван удаа 2 655 000 төгрөг орсон талаар дурдагдсан, Д.Г үүнийг хүлээн зөвшөөрсөн, Р.О нь нийт 8 015 000 төгрөгийг төлсөн байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ШҮҮХ: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Т.Дгөөс 5 000 000 гаргуулж, нэхэмжлэгч Д.Оөд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 94 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сүрэнхүү давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Нэхэмжлэгч Д.О, түүний нөхөр Б.Г нар нь Д.Оийн өөрийн нэхэмжлэлдээ дурдсанаар болон хэрэгт авагдсан нотлох баримтаар анхнаасаа Р.О гэх хүнд нийт 17 000 000 төгрөгийг зээлэхээр харилцан тохиролцон, Р.От 12 000 000 төгрөгийг нь бэлнээр өгч, мөн Р.Оын хүсэлтээр зээлсэн 5 000 000 төгрөгийг дансаар шилжүүлж, шилжүүлгийн баримтын утга дээр О гэж бичсэн нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа. Энэ асуудал нь нэхэмжлэгч Д.Оийн нөхөр Б.Г нь Сийбактхорн ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.Оаас 17 000 000 төгрөгийг, хүү, алдангийн хамт нэхэмжилсэн ба Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 146/ШШ2019/00236 дугаар шийдвэрт дурдсанаар буюу шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Г гэрээний дагуу 17 000 000 төгрөгийг Р.От бэлнээр 12 000 000 төгрөгийг өгсөн, 5 000 000 төгрөгийг Т.Д гэж хүний данс руу шилжүүлсэн гэж тайлбар гаргасан байна хэмээн дурдсан, нэхэмжлэгч нь хариуцагч Сийбактхорн ХХК-д мөнгө шилжүүлсэн нь нотлогдоогүй хэмээн хэрэгсэхгүй болсон. Мөн нэхэмжлэгч Д.Оийн нөхөр Б.Гаас Ч.Батхуягт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хянан шийдвэрлэсэн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 146/ШШ2020/00188 дугаартай шийдвэрт дурдсанаар, гэрч Д.О шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ манай нөхөр Б.Гтай Р.О, Ч.Батхуяг нар хамт байж зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Энэ гэрээг байгуулахаас өмнө түрүүчийн гэрээ байгуулахад 12 000 000 төгрөгийг бэлнээр үлдсэн мөнгийг нь дансаар шилжүүлж өгсөн гэж /х.х 15/ мэдүүлсэн нь нотлох баримтаар хэрэгт хавсаргаатай байна. Одоо маргаж буй хэргийн нэхэмжлэгч Д.О нь тухайн үед гэрчийн мэдүүлэг өгсөн байгааг анхаарч үзнэ үү. Ийнхүү нэхэмжлэгч Д.Оийн нөхөр Б.Г нь анх Р.Отай тохиролцон гэрээ байгуулан 17 000 000 төгрөгийг зээлэхдээ 12 000 000 төгрөгийг Р.От бэлнээр өгч, мөн Р.Оын хүсэлтээр зээлсэн 5 000 000 төгрөгийг шилжүүлсэн, бусдад мөнгө зээлсэн гэх асуудал, энэ зээлсэн мөнгөө авч чадахгүй болохоор Р.Оын хүсэлтээр шилжүүлсэн мөнгийг одоо гуравдагч талаас шаардах нь үндэслэлтэй эсэх үйл баримтад шүүх үнэлэлт дүгнэлт өгөөгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иргэн Б.Г (Д.Оийн нөхөр) болон Р.О нарын хооронд зээлийн харилцаа байгааг зохих мэдүүлэг, нотлох баримтаар тогтоогдож байхад анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хууль бус шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2021/00100 тоот шийдвэрийг гаргасан хуралдаан нь хөл хорионы дэглэмийн улмаас онлайнаар явагдсан ба хуралдаан даргалагч талуудын шүүхийн өмнө эрх тэгш байх, мэтгэлцэх, хэргийн оролцогчийн эрх, үүргийг хангуулах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, хуралдааны дэгийг сахиулахгүй байсан бөгөөд нэхэмжлэгч Д.О нь орилж хашхирч, утсаа таслан удаа дараа сүлжээнээс гарч орж, ганцаар дахин дахин давтан ярьж, гэрт байгаа хажуу хүнтэйгээ байгаа ярьж зөвлөлдөн, хажууд нь байсан нөхөр Б.Г нь мөн хуралдааны дундуур хөндлөнгөөс үг хэлэн оролцож хуралдааны дэгийг ноцтой зөрчиж байсан. Энэ бүх хууль зөрчсөн үйлдлийг хуралдаан даргалагч удирдан зохицуулахгүй, маш их үймээнтэйгээр хуралдаан болж өнгөрсөн. Ийнхүү шүүх хуралдаанд оролцогч хариуцагч талын хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч Т.Дд холбогдуулан 5 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэргийн 4 дүгээр талд нэхэмжлэгч Д.Оийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга авагдсан, Д.О Т.Дгийн дансанд 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 3 000 000 төгрөг, 2 000 000 төгрөг нийт 5 000 000 төгрөгийг О гэдэг хүний нэрийг бичиж шилжүүлсэн байна. Хариуцагч Т.Д өөрийнх нь дансанд мөнгө шилжин орсныг үгүйсгээгүй байна.

Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...Т.Д Р.Оаас авах ёстой авлагаа шаардахад энэ данснаас мөнгийг шилжүүлсэн гэсэн тайлбарыг гарган маргажээ.

Нэхэмжлэгч хариуцагчид мөнгө шилжүүлэх баримтад О гэдэг нэрийг бичсэн байх боловч Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт зааснаар Д.О нь Р.Оын Т.Дд төлөх төлбөрт гүйцэтгэсэн гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байна. Учир нь Г.Оаас Т.Д нь үүрэг шаардах эрхтэй байсан, түүнийг өгөхийг Д.О гүйцэтгэсэн талаар өөр баримт хэрэгт байхгүй.

Д.Оөөс Т.Дд шилжүүлсэн мөнгийг тэрээр авах эрхтэй байсан гэдгээ нотолж чадаагүй учир Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд буцаан шаардах эрхтэй гэж зааснаар түүнийг буцаан төлөх үүрэгтэй.

Иймд анхан шатны шүүх Т.Дгөөс 5 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Оөд олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Т.Дгийн хувьд бусдаас шаардах эрхтэй 5 000 000 төгрөгийн авлагаа нэхэмжлэхэд энэ магадлал саад болохгүй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ....нэхэмжлэгч Р.Оын хүсэлтээр 5 000 000 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч талын хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн, нэхэмжлэгч шүүх хуралдааны дэгийг сахиагүй гэсэн гомдлын үндэслэлээ баримтаар нотлоогүй. Шүүх хуралдааны тэмдэглэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан баримтаас үзэхэд хэргийн оролцогчийн эрх зөрчигдөөгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэг хүлээдэг. Өөрөөр хэлбэл, хариуцагч Т.Д нь Р.Оаас авах авлага 5 000 000 төгрөгийг Д.Оөөр дамжуулсан гэх тайлбараа нотлох үүрэгтэй, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч өөрийн тайлбараа нотолсон, нэхэмжлэгчийн шаардлагыг үгүйсгэсэн баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2021/00100 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 94 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

Ц.ИЧИНХОРЛОО