Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2021/00216

 

 

 

 

 

 

 

                      2021              01            27

                                               183/ШШ2021/00216

 

 

 

 

 

 

 
           

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: З овогт М.Ц-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: МТ-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Р, Л.Г, гэрч Д.Э, Б.Б, П.Э, Я.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М.Ц нь “МТ” ХК-ийн хангамж үйлчилгээний хэлтэст худалдан авалт, хангалтын мэргэжилтнээр томилогдон энэ салбарт 15 жил ажиллах хугацаандаа нэг ч удаа сахилгын зөрчил гаргаж байгаагүй, үр бүтээлтэй амжилттай, хамт олонтойгоо гар нийлж ажилласаар ирсэн. Гэтэл “МТ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Б/251 тоот тушаалаар агаарын хөлгийн үйлчилгээнд хэрэглэх уусдаг болон чанадаг кофены худалдан авалтыг зохион байгуулахдаа тендерийн бичиг баримт болон “П интернэйшнл” ХХК-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээнд заасан техникийн тодорхойлолтын шаардлагад нийцээгүй бүтээгдэхүүнийг нийлүүлэлтийн хуваарь зөрчиж нэг удаа бөөнөөр нь хүлээн авч зохион байгуулснаас их хэмжээний хугацаа нь дуусаж буй кофены агуулахын үлдэгдэл бий болгосон, компанид их хэмжээний хохирол учруулах шууд эрсдэл бий болгож, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн ажил, үүргээ биелүүлээгүй, бусад ажилтнуудад гэрээний бус шаардлага тавьж улмаар албан тушаалын эрх мэдэл, эрхэлсэн ажлынхаа давуу талыг урвуулан ашигласан, компанийн мөнгөн хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан, бизнесийн үйл ажиллагаанд хохирол учруулах ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр М.Ц-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан тул уг тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. “П интернэйшнл” ХХК нь “МТ” ХК-аас зарласан “Кофе, цай, сүү, элсэн чихэр, жигнэмэг нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” цахим тендерийн 1 дүгээр багцад шалгарч, гүйцэтгэлийн баталгаа ирүүлэн агаарын хөлгийн зорчигчийн үйлчилгээнд уусдаг болон чанадаг кофег гэрээнд заасан техникийн тодорхойлолтын шаардлагын дагуу, нэр төрөл, тоо хэмжээ, нэгжийн болон нийт үнээр нийлүүлэхээр “МТ” ХК-тай 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 19/283 тоот Худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Барааны захиалгыг миний зүгээс өгөөгүй бөгөөд “МТ” ХК-ийн Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн нярав П.Э-аас нийлүүлэх кофены нэр төрөл, тоо хэмжээний захиалгыг урьдчилан авч захиалгын дагуу 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гэрээнд заасан бараа бүтээгдэхүүнийг тус компаниас нийлүүлэхээр авчирсан. Миний зүгээс “П интернэйшнл” ХХК-ийн бараа хүлээлгэн өгч байгаа захиралтай нь уулзах үед компанийн хүмүүс нь бараагаа буулгаад агуулахын үүдний хэсэгт өрсөн байсан бөгөөд захирал нь “...чанадаг кофег 22 800 ширхгийг авчирсан. Агаарын хөлөгт зориулагдсан энэ кофе нь үйлдвэрлэгчдэд бэлэн байдаггүй, бага тоо хэмжээгээр захиалга авдаггүй болохоор бид өөр том авиакомпанийн захиалгад оруулж үйлдвэрлүүлсэн. Багаар авах боломжгүй болоод байна. Хэрэв багаар нийлүүлье гэвэл бидний хувьд дараагийн том захиалгад хэзээ багтаж чадах нь тодорхойгүй, түүнээс гадна тээвэрлэлт энэ тэр гээд яг тодорхой хугацаа тооцох боломжгүй олон асуудал гардаг болохоор барааны тасалдал үүсэх өндөр магадлалтай болчхоод бид илүү тоо хэмжээгээр авчирсан...” гэж тайлбарласан. Тухайн үед манай хэлтсийн дарга гадуур ажилтай, холбогдож чадаагүй учраас би нярав Я.А-тай зөвлөлдөөд нэгэнт агуулахад буучихсан байгаа бүтээгдэхүүний тоо хэмжээн дээр тооцоолол хийж үзэн, гэрээний дагуу 1 жилийн хэрэгцээний нийт 1280 кг уусдаг кофеноос 696 кг-ыг буюу 2020 оны 01 сараас 2020 оны 7 сарыг хүртэлх хэрэглээгээр тооцон /тухайн өдрөөс хойш 14 сарын хадгалалтын хугацаатай гэдэг нь 2020 оны 6 сард хэрэглэгдэж дуусна гэж тооцвол түүнээс хойш 6 сарын дараа хугацаа дуусахаар байсан/, гэрээний дагуух нийт 22 800 ширхэг чанадаг кофеноос 20 000 ширхгийг буюу 2020 оны 01 сараас 2020 оны 10 сарыг дуусталх хэрэглээг тооцсоноор /тухайн өдрөөс хойш 14 сарын хадгалалтын хугацаатай гэдэг нь 2020 оны 10 сард хэрэглэгдэж дуусна гэж тооцвол түүнээс хойш 2 сарын дараа хугацаа дуусахаар байсан/ 2800 ширхгийг буцаасан байдаг. Маргааш нь буюу 10 дугаар сарын 09-ний өдөр хэлтсийн дарга Ж.Б-д “П интернэйшнл” ХХК-ийн нийлүүлэхээр авчирч нэгэнт агуулахад буулгасан байгаа кофены тоо хэмжээ, үүссэн нөхцөл байдлын талаар танилцуулахад хүлээж аваад “Захиалгын мэдэгдэл” үүсгэж болно гэсэн зөвшөөрөл олгосон. Миний бие бараа гаалийн баталгаат агуулахад буусны дараа Захиалгын мэдэгдэл буюу Purchase Requisition үүсгэж Санхүү нягтлан бодох бүртгэлийн хэлтэст дагалдах бичиг баримтын хамт хүлээлгэн өгөх үүргийнхээ хүрээнд 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр агуулахад буусан кофег хэлтсийн даргадаа танилцуулж, зөвшөөрөл авсны дагуу тухайн компанид мэдэгдсэнээр нэхэмжлэлийг хүлээн авч 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “Захиалгын мэдэгдэл" үүсгэн, тус худалдан авалттай холбоотой гэрээ болон нэхэмжлэлийн хамт Санхүү Нягтлан Бүртгэлийн Хэлтэст хүргүүлсэн. Барааг нярав Я.А хүлээн авсан бөгөөд Захиалгын мэдэгдлийн дагуу худалдан авалтыг нягтлан бодогч Б.Б шалгасан. Мөн захиалгын мэдэгдлийн дагуу худалдан авалтыг эцсийн байдлаар нарийвчлан ерөнхий нягтлан бодогч Д.Б хянасан байдаг. Өөрөөр хэлбэл намайг буруутгаад байгаа энэ худалдан авалтад миний оролцсон хэлбэр нь хэлтсийн даргын зөвшөөрөл олгосны дагуу “Захиалгын мэдэгдэл” л үүсгэсэн байдаг. Гэтэл худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, барааны захиалга өгсөн, барааг хүлээн авсан, барааны төлбөрийг гаргах үе шат буюу агуулахад буусан барааг гэрээний шаардлагад нийцсэн эсэхтэй тулган хянаж шалгах, түүнийг зөвшөөрч баталгаажуулан төлбөр шилжүүлсэн хүмүүс нь бүгд тодорхой байхад яагаад зөвхөн нэг хүнийг зохион байгуулсан болгож буруутгаж байгаа нь ойлгомжгүй байна. “П интернейшнл” ХХК-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-т “…захиалагчийн өгсөн нэр төрөл, тоо хэмжээгээр улиралд 1 удаа нийлүүлнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл улирал бүр тодорхой тоо хэмжээгээр нийлүүлнэ гэж заасан нийлүүлэлтийн хуваарь гэгч нь гэрээнд байхгүйгээс гадна харин захиалагчийн захиалгыг үндэслэж нийлүүлнэ гэж заасан бөгөөд тухайн гэрээ хүчин төгөлдөр үйлчлэх хугацаанд улирал тутам нийлүүлэх боловч тоо хэмжээний хувьд захиалагчийн өгсөн тоо хэмжээгээр гэж тодорхойлсон байдаг. Мөн тухайн өдөр нийт гэрээгээр нийлүүлэх 1280 кг уусдаг кофеноос 696 кг буюу нийт авах ёстой уусдаг кофены 54.3%, 22800 ширхэг чанадаг кофеноос 20000 ширхгийг буюу нийт авах ёстой чанадаг кофены 87.7%-г нийлүүлсэн байгаагаас харахад дээрх нэг удаа бөөнөөр хүлээн авч зохион байгуулсан гэдэг нь ямар ч үндэслэлгүй юм. Мөн компанид их хэмжээний хохирол учруулах шууд эрсдэлийг бий болгож гэж, гадны ямар ч хүчин зүйлийн нөлөөгүйгээр жирийн мэргэжилтэн миний шууд буруутай үйлдлээс компани хохирол амсаж, бүр цаашлаад тухайн эрсдэлийг ганцаар шийдвэр гаргаж, хохирол үүсгэх ямар ч боломжгүй субъект болох миний бие гаргасан мэтээр дурдсан. Угтаа бол өмнөх жилүүдийн хэрэглээний судалгаан дээр үндэслэн гаргасан тооцооллын дагуу бүтээгдэхүүнүүдийг хүлээн авч, тодорхой хэмжээний аюулгүйн нөөцийн эргэлттэй байдаг боловч дэлхий нийтээр үүсээд буй СО\/ID-19 цар тахлын улмаас нислэг зогссоноос урьдчилан тооцох аргагүй нөхцөл байдал үүсэж, зөвхөн энд яригдаж буй кофены асуудал гэлтгүй олон бараа бүтээгдэхүүн дээр маш хүнд байдал үүсээд байгаа. Түүнчлэн байгууллагын дотоод дахь хэлтэс хоорондын албан бичигт хүртэл гэнэт үүссэн цар тахлын улмаас ийм нөхцөл байдал үүссэн гэдгийг тодорхой дурдсан байхад энэ бүхнийг огтхон ч дурдаагүйгээр үл барам жирийн мэргэжилтэн хүнийг бүхний буруутан болгож байгаад гомдолтой байна. Мөн ажлын байрны тодорхойлолтод зааснаар мэргэжилтэн нь “Бие даан шийдвэр гаргах эрхгүй субъект" бөгөөд энэхүү кофены нийлүүлэлтийн тухайд агуулахад нэгэнт буучихсан бараа бүтээгдэхүүний тоо хэмжээний талаар хэлтсийн даргадаа танилцуулж, хүлээж авах шийдвэр сонссоноор захиалгын мэдэгдэл үүсгэж, гэрээ болон бусад дагалдах материалын хамтаар Санхүү нягтлан бодох бүртгэлийн хэлтэст буюу гэрээний төлбөрөө гаргах эсэхээ шийддэг харьяалагдах дээд шат руу явуулсан зэрэг нь өөрийн ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ гүйцэтгэсэн явдал байсан. Мөн тушаалд компанийн мөнгөн хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан гэж дурдсаныг хуулийн тодорхойлолтоос үзвэл мөнгөн хөрөнгө нь бэлэн мөнгө, Монгол банк болон бусад гадаад дотоодын банк, санхүүгийн байгууллагад байршуулсан хөрөнгийг хэлдэг бөгөөд худалдан авалт, хангалтын мэргэжилтэн ажил үүргийн хүрээнд мөнгөн хөрөнгөнд хамаарах зүйлстэй шууд харьцаж ажилладаггүй. Өөрөөр хэлбэл эдгээртэй шууд харилцаж ажилладаг санхүү, нягтлан бодох бүртгэлийн ажилтан эсвэл шууд гарын үсгээр шийдвэр гаргадаг албан тушаалтантай хамаарах юм. Мөн тушаалын  үндэслэл болсон 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Санхүүгийн аудитын тайлангаар миний бие М.Ц-ийг ажлаас халах хэмжээний үндэслэл болгохоор ямар ч дүгнэлт, буруутайг тогтоосон зүйл байхгүй. Харин худалдан авалт, хангалтын мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулж, ажил үүргүүдийг нарийвчлан тодорхойлох ажлыг зохион байгуулах, мөн компанийн хэмжээнд худалдан авах ажиллагааны төлөвлөлт, гүйцэтгэл, хяналттай холбоотой сайтар боловсруулсан, нарийн зохион байгуулагдсан бодлого дутагдаж байгаа талаар дүгнэлт гарсан. Гэтэл энэ дүгнэлтийг үндэслэн ямар ч баримт нотолгоогүйгээр, хамааралгүй зүйлд шууд буруутган, бусдад нөлөөлсөн мэтээр гүжирдэж, олон хүний оролцоотойгоор тодорхой шат дамжлагаар явагдсан үйл ажиллагаанд ганц хүнийг онцгойлон буруутгаж сэтгэл санааны хүнд байдалд оруулан үндэслэлгүйгээр ажлаас халсан үйлдэл гэж үзэж байна. Иймд “МТ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Б/251 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан “МТ” ХК-ийн хангамж үйлчилгээний хэлтэст худалдан авалт, хангалтын мэргэжилтний ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

 

Хариуцагч МТ ХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “МТ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/170 дугаартай “Агаарын хөлгийн зорчигч үйлчилгээний хүнсний бараа бүтээгдэхүүн нийлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо байгуулах тухай” тушаал гарсан бөгөөд нэхэмжлэгч М.Ц нь ажлын үүргийн хуваарийн дагуу тус үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар томилогдсон. Тус үнэлгээний хороо 5 багц тендер зарласны багц нэг нь уусдаг болон чанадаг кофе нийлүүлэх тендер байсан ба уг тендерт “П Интернэйшл” ХХК шалгарч, 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 19/283 дугаартай “Худалдах, худалдан авах тухай гэрээ”-г байгуулсан. Энэхүү гэрээ нь тендерийн баримт бичиг, гэрээний нөхцөлийн дагуу нийлүүлэх хуваарийн дагуу, тодорхой чанар, стандартын дагуу жилийн хугацаатай бүтээгдэхүүнийг нийлүүлэх нөхцөлтэй болно. Дээрх худалдан авах ажиллагааг зохион байгуулах үүрэг нь нэхэмжлэгчид байсан бөгөөд “П Интернэйшл” ХХК нь агаарын хөлгийн үйлчилгээнд хэрэглэх уусдаг болон чанадаг кофены нийлүүлэлтэд тендерийн баримт бичиг болон худалдах, худалдан авах гэрээнд заасан техникийн тодорхойлолтын шаардлагад нийцээгүй бүтээгдэхүүнийг бараа нийлүүлэлтийн хуваарийг зөрчиж, нэг удаа бөөнөөр худалдан авалт хийж, агуулахын нярвын тавьсан шаардлагыг үл тоож дур мэдэн ажил үүргээ санаатайгаар хангалтгүй биелүүлж, компанид хэрэглээний хугацаанд ашиглах боломжгүй их хэмжээний уусдаг болон чанадаг кофены үлдэгдэл нөөц бий болгож, компанид их хэмжээний хохирол учруулах шууд эрсдэл үүсэх нөхцөл байдал үүсгэсэн болох нь компанийн аюулгүй ажиллагаа, чанар, нислэгийн аюулгүй байдлын албаны 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн аудитын дүгнэлтээр илэрч ажил олгогчид албан ёсоор танилцуулагдсан тул гүйцэтгэх захирлын 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Б/251 дугаартай тушаалаар М.Ц-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халж, 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Б/253 дугаартай тушаалаар гаалийн баталгаат агуулахын нярав Я.А, Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн нягтлан Б.Б нарт сахилгын шийтгэл ногдуулсан. М.Ц-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолт, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний дагуу худалдан авалтын мэргэжилтэн нь бараа бүтээгдэхүүнийг хүлээж авахаар албан ёсны акт үйлдэхдээ гэрээ, техникийн тодорхойлолт, бараа нийлүүлэх хуваарьтай нийцэж байгааг шалгаж, тогтоосны үндсэн дээр акт үйлдэж бараа бүтээгдэхүүнийг хүлээн авах зарчмыг баримталж, ажиллах үүрэгтэй бөгөөд ажлын байрны тодорхойлолтын дөрөвт: Үндсэн үүргийн хүрээнд ажлын байранд хийгдэх ажлууд буюу гол үйл ажиллагаа 1 дүгээр үндсэн үүргийн хүрээнд: 1.3.Гэрээнд заасан чанар, эрүүл ахуй, техникийн шаардлага хангасан бараа бүтээгдэхүүнийг худалдан авч, хариуцсан няравт тоо хэмжээний дагуу хүлээлгэн өгнө, 1.4.Гүйцэтгэгч компаниудтай байгуулсан гэрээний биелэлтэд хяналт тавьж ажиллах ба уг гэрээ дуусмагц дүгнэж, акт үйлдэн дуусгавар болгоно” гэж тодорхойлсон. Гэтэл “МТ” ТӨХК болон “П Интернайшл” ХХК-тай байгуулсан 19/283 тоот “Худалдах, худалдан авах тухай гэрээ”-ний хавсралт 1-ийн 4 дэх заалтад кофены хувьд хадгалалт: Савласнаас хойш 6 сарын дотор нийлүүлнэ. Бүтээгдэхүүний хадгалалтын хугацаа 2 жил байна хэмээн заасан бөгөөд техникийн тодорхойлолтод заасан шаардлагад нийцээгүй бараа бүтээгдэхүүнийг 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 19/283 тоот “Худалдах, худалдан авах тухай гэрээ”-ний 3.1-д заасны дагуу “Барааны жагсаалт ба бараа нийлүүлэх хуваарь”-т заасан агуулахын багтаамжаас шалтгаалж, захиалагчийн “өгсөн нэг төрөл тоо хэмжээгээр улиралд 1 удаа буюу 4 хувааж нийлүүлнэ” гэсэн бараа хүлээн авах нөхцөлийг зөрчиж, Захиалагч захиалгаа өгөөгүй байхад дур мэдэн захиалж, бөөнд нь хүлээн авсан нь тогтоогдсон. П Интернэйшл ХХК-тай байгуулсан “Худалдах, худалдан авах тухай гэрээний 2.5-д “Бараа бүтээгдэхүүнийг албан ёсоор шалган хүлээн авч, акт үйлдсэний дараа нийлүүлэгчийн ирүүлсэн нэхэмжлэхийг үндэслэн төлбөрийг шилжүүлнэ”, 3.1-д “Худалдагч нь хавсралт 1-д заасан техникийн тодорхойлолтын шаардлагад нийцсэн чанар бүхий биет байдлын доголдолгүй бараа бүтээгдэхүүнийг гэрээнд гарын үсэг зурж, албан ёсоор батлагдаж, дугаар авсан өдрөөс хойш захиалагчийн өгсөн нэр төрөл тоо хэмжээгээр улиралд нэг удаа нийлүүлнэ", 5.1.4-д “Худалдагч нь шаардлага хангасан бараа бүтээгдэхүүнийг гэрээнд заасан тоо хэмжээгээр захиалсан хугацааны дотор нийлүүлэх” гэж заасан. “П Интернэйшл” ХХК-аас хүлээн авсан бараа нь Эрүүл ахуйн тухай хуулийн 8.2, 8.3 дахь заалтуудын дагуу эрүүл ахуйн шаардлага хангасан болохыг нотлох эрх бүхий байгууллагаас олгосон гэрчилгээгүй, тодруулбал 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр “А Ү” ХХК-ийн итгэмжлэгдсэн лабораториос гаргасан №М-183/111 тоот дүгнэлт, 2019 оны 7 дугаар сард хугацаа нь дуусаж байгаа “Dalmaar premium selection” 65г кофены Сорилтын дүнгийн хуудсыг үндэслэн нэхэмжлэгч М.Ц нь худалдан авагчийн эрх бүхий төлөөлөгчийн хувьд “П Интернэйшл” ХХК-аас нийлүүлж буй бараа бүтээгдэхүүний чанарын доголдлыг арилган ижил төрлийн эд хөрөнгөөр солихыг худалдагчаас шаардах, эрүүл ахуйн шаардлага хангасан болохыг нотлох эрх бүхий байгууллагаас олгосон гэрчилгээгүй барааг хүлээн авахгүй байх үүргээ эс биелүүлж, нэг дор их хэмжээгээр хадгалалтын хугацаа нь захиалагчийн шаардлагыг хангахгүй бараа бүтээгдэхүүнийг хүлээн авах ажиллагааг явуулж, гэрээнд заасан хуваарийн дагуу нийлүүлэхийг шаардахын оронд нийлүүлэгчийн бараа бүтээгдэхүүнийг акт үйлдэн хүлээн авсан ноцтой зөрчил гаргасан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсанаар Гаалийн баталгаат агуулахын нярав П.Э захиалга өгсөн гэх боловч 2019 оны 10 дугаар сард ээлжийн амралттай байсан болох нь тогтоогдсон. Тухайн үед ажиллаж байсан агуулахын нярав Я.А нь 2019 оны 10 дугаар сарын 08-нд “П интернэйшнл” ХХК-аас нийлүүлэхээр ирүүлсэн 22800 ширхэг чанадаг кофе, 696 кг уусдаг кофег агуулахад кофены нөөц их байгаа, мөн захиалга өгөөгүй тул хүлээн авахаас татгалзан, худалдан авалт хариуцсан мэргэжилтэн М.Ц-ийг дуудаж барааг хүлээн авах боломжгүй захиалга өгөөгүй гэхэд гаалийн баталгаат агуулахын нярав П.Э захиалга өгсөн гэж хэлсэн байдаг. Нярав П.Э-аас утсаар лавлаад захиалга өгөөгүй байна, барааг хүлээн авахгүй гэж удаан маргалдсаны дараа маргааш нь 2800 ширхгийг буцааж, үлдэгдэл кофег М.Ц-ээс ав гэсэн шаардлагыг няравт тавьж, 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр агуулахад оруулсан болох нь компанийн дотоод аудитаар шалгагдаж тогтоогдсон. Нэхэмжлэгчийн энэ үйлдэл нь шинэ төрлийн “Коронавирус”-ийн тархалттай холбоотой компанийн олон улсын хуваарьт нислэгүүд зогсож, олон улсын агаарын тээврийн салбар хүнд байдалд орсон, улмаар “МТ” ТӨХК-ийн санхүүгийн байдал ихээхэн хүндэрсэн үед нийт 240 сая орчим төгрөгийн үнэ бүхий кофе хэрэгцээгүй болж, компани хохирол хүлээх шууд нөхцөлийг бүрдүүлээд байна. Тендерийн баримт бичиг болон худалдах, худалдан авах гэрээнд нийлүүлэх хуваарь, тодорхой чанар, стандарт зааж өгсөн нь агаарын тээврийн компанийн хувьд дээрх эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой нөхцөл байсан. Нэхэмжлэгч нь агаарын хөлгийн үйлчилгээнд хэрэглэх уусдаг болон чанадаг кофены худалдан авалтыг зохион байгуулахдаа тендерийн баримт бичиг болон “П интернэйшнл” ХХК-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээнд заасан техникийн тодорхойлолтын шаардлагад нийцээгүй бүтээгдэхүүнийг, нийлүүлэлтийн хуваарийг зөрчиж нэг удаа бөөнөөр нь хүлээн авч зохион байгуулснаас их хэмжээний хугацаа нь дуусаж буй кофены агуулахын үлдэгдэл бий болгосон нь компанид их хэмжээний хохирол учруулах шууд эрсдэл бий болж байна. Иймд М.Ц нь ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн ажил, үүргээ биелүүлээгүй, бусад ажилтнуудад гэрээний бус шаардлага тавьж улмаар албан тушаалын эрх мэдэл, эрхэлсэн ажлынхаа давуу талыг урвуулан ашигласан, компанийн мөнгөн хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан, бизнесийн үйл ажиллагаанд хохирол учруулах ноцтой зөрчил гаргасан тул түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт, 135 дугаар зүйл, ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 6.1.2, 6.1.6, 8.1, 8.2 дахь хэсэг, 9.4.2, 9.4.4, 9.4.12 дахь заалт, Аюулгүй ажиллагаа, чанар, нисэхийн аюулгүй байдлын албаны 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 73/06 албан бичгээр ирүүлсэн 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Санхүүгийн аудитын тайланг тус тус үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан нь үндэслэлтэй” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:   

 

Нэхэмжлэгч М.Ц нь хариуцагч МТ ХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.

 

Нэхэмжлэгч нь тус компанийн захирлын 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн тушаалд гомдлоо 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр тус шүүхэд гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор гомдлоо гаргана” гэж заасантай нийцэж байна.  

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч М.Ц болон хариуцагч МТ ТӨХК-ийн хооронд 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулагдаж, М.Ц-ийг тус компанийн Хангамж үйлчилгээний хэлтэст хангамжийн мэргэжилтнээр ажиллуулахаар тохиролцсон байх бөгөөд МТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Б/251 тоот тушаалаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, 135 дугаар зүйл, Компанийн дүрмийн 8.8.9, 8.8.11 дэх заалт, ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 6.1.2, 6.1.6, 8.1, 8.2, 9.4.2, 9.4.4, 9.4.12 дахь заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 10.1.1.в, 11.9.6, Аюулгүй ажиллагаа, чанар, нисэхийн аюулгүй байдлын албаны 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 73/06 тоот албан бичгээр ирүүлсэн 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Санхүүгийн аудитын тайланг тус тус үндэслэн 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөр тасалбар болгон М.Ц-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан байна.  

 

Нэхэмжлэгч дээрх тушаалыг зөвшөөрөхгүй үндэслэлээ “...нийлүүлэх кофены нэр төрөл, тоо хэмжээний захиалгыг би өгөөгүй, Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн нярав П.Э өгсөн. ...Барааг авчрах үед компанийн захиралтай уулзахад “...чанадаг кофег 22 800 ширхгийг авчирсан. Агаарын хөлөгт зориулагдсан энэ кофе нь үйлдвэрлэгчдэд бэлэн байдаггүй, бага тоо хэмжээгээр захиалга авдаггүй, барааны тасалдал үүсэх өндөр магадлалтай тул илүү тоо хэмжээгээр авчирсан...” гэж тайлбарласан. Тухайн үед манай хэлтсийн дарга гадуур ажилтай, холбогдож чадаагүй учраас би нярав Я.А-тай зөвлөлдөөд нэгэнт агуулахад буучихсан байгаа бүтээгдэхүүний тоо хэмжээн дээр тооцоолол хийж, гэрээний дагуу 1 жилийн хэрэгцээний нийт 1280 кг уусдаг кофеноос 696 кг-ыг, 22 800 ширхэг чанадаг кофеноос 20 000 ширхгийг хүлээн авч, 2800 ширхгийг буцаасан. Маргааш нь хэлтсийн дарга Ж.Б-д энэ талаар танилцуулахад “Захиалгын мэдэгдэл” үүсгэж болно гэсэн зөвшөөрөл олгосны дагуу 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “Захиалгын мэдэгдэл" үүсгэн, тус худалдан авалттай холбоотой гэрээ болон нэхэмжлэлийн хамт Санхүү Нягтлан Бүртгэлийн Хэлтэст хүргүүлсэн. Барааг нярав Я.А хүлээн авсан, Захиалгын мэдэгдлийн дагуу худалдан авалтыг нягтлан бодогч Б.Б шалгасан, худалдан авалтыг эцсийн байдлаар ерөнхий нягтлан бодогч Д.Б хянасан байдаг. Миний хувьд хэлтсийн даргын зөвшөөрөл олгосны дагуу “Захиалгын мэдэгдэл” л үүсгэсэн” гэж тайлбарласан.

 

Ажил олгогч нь ажилтныг ажлаас халах тохиолдол бүрд эрхийн акт буюу тушаал гаргах ба энэхүү тушаал нь эрх зүйн үр дагавар үүсгэж, хуульд нийцсэн байхыг шаарддаг тул ажилтныг ажлаас халсан тушаалд баримталсан Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл, заалт нь ажлаас халсан үндэслэлтэй тохирсноор Хөдөлмөрийн хуульд нийцэх ёстой.

 

Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох нэг үндэслэл нь ажил олгогчийн санаачилгаар цуцлах зохицуулалт бөгөөд энэ үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зохицуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “...хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт харш үйлдэл, эс үйлдлийг ойлгох ба ажил олгогч, ажилтан нь ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг шаарддаг.

 

Талууд хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа гэрээний 9 дүгээр зүйлийн 9.3-т хөдөлмөрийн харилцааг шууд дуусгавар болгох ноцтой зөрчлийн нэр төрлийг тухайлан тусгасан байх тул дээрх гэрээ нь талуудын чөлөөт байдлыг хангасан, хөдөлмөрлөх гол нөхцөлийг тохиролцсон Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт нийцсэн гэрээ гэж шүүх дүгнэсэн бөгөөд хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн тушаал нь хөдөлмөрийн гэрээний Хөдөлмөрийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.4.2-т “Албан тушаалын эрх мэдэл, эрхэлсэн ажлынхаа аливаа давуу тал, хангамж, хүлээлгэсэн итгэлийг хувийн ашиг сонирхолд ашиглах буюу урвуулан ашигласан, бусдад ашиглуулах боломжийг  бүрдүүлж өгсөн /шан харамж авсан, хувьдаа үйлчилгээ хийлгэсэн, байгууллагын өмч хөрөнгийг хувьдаа завшсан, бусдад зориуд ашиглуулсан завшуулсан, байгууллагын зардлаар хувийн хэрэгцээгээ хангасан, бизнесээ дэмжсэн/”, 9.4.4-т “Ажил олгогч болон түүний эрх олгосон албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр дур мэдэн компанийн бизнест хор хохирол учруулах үйл ажиллагаа явуулсан”, 9.4.12-т “Иргэний нисэхийн хууль, дүрэм, заавар, компанийн үндсэн зааварт тусгагдсан үйл ажиллагаа, заавар, дүрэм, журмын холбогдох заалтыг зөрчсөн бол” гэж тус тус заасныг үндэслэл болгосон.

 

“МТ” ТӨХК-иас зарласан “Кофе, цай, сүү, элсэн чихэр, жигнэмэг нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” цахим тендерийн 1 дүгээр багцад “П Интернэйшл” ХХК шалгарч, талуудын хооронд 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 19/283 дугаартай “Худалдах, худалдан авах тухай гэрээ” байгуулагдсан байх бөгөөд тус гэрээгээр чанадаг кофе 22 800 ширхэг, уусдаг кофе /100 гр/ 10 240 ширхэг, уусдаг кофе /50 гр/ 5120 ширхэг нийт 240 860 000 төгрөгийг бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авахаар талууд тохиролцжээ.

Улмаар шүүхийн хэлэлцүүлэгт, гэрээгээр тохиролцсон бараа бүтээгдэхүүнийг нэг удаагийн нийлүүлэлтээр нийлүүлсэн шалтгаанаа мэдүүлсэн гэрч “П Интернэйшл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Э-ийн “...нярав П.Э-ийн 2019 оны 6 дугаар сард өгсөн захиалгын дагуу, мөн өмнөх жилүүдэд нэг удаагийн худалдан авалтаар нийлүүлдэг байсан тул бүх барааг 2019 оны 10 дугаар сард нийлүүлэхээр авчирсан. ...Их хэмжээгээр захиалга өгөөгүй гэсэн асуудал гарсан тул гэрээнд заасан хугацаанд барааны тасалдал үүсэх өндөр магадлалтай байдлыг харгалзан нэгэнт буулгасан бараанаас тодорхой хувийг хүлээлцсэн” гэх мэдүүлэг нь хэрэгт авагдсан, Санхүү нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн гаалийн баталгаат агуулахын нярав П.Э-ийн ажлын байрны тодорхойлолтын “...бараа материалын хангалтын нөөцөд хяналт тавьж, гадаадаас авах бараа материалын захиалгыг 3 сарын өмнө, дотоодоос авад бараа материалыг 1 сарын өмнө захиалга бичиж хангамж үйлчилгээний хэлтэст өгөх” гэх хэсэг болон тус компанийн Аюулгүй ажиллагаа, чанар, нислэгийн аюулгүй байдлын албаны 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн аудитын тайлангийн Илэрсэн асуудлууд: “...сүүлийн 3 жилийн нийлүүлэлтийн байдлыг харахад бөөнөөр нийлүүлэлт хийгдсэн байна, гэрээнд захиалагчийн өгсөн нэр төрөл, тоо хэмжээгээр улиралд 1 удаа нийлүүлнэ гэж тусгасан нь учир дутагдалтай” гэх дүгнэлтээр тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, дээрх баримтуудаар хариуцагчийн “...М.Ц-д ...захиалагч захиалгаа өгөөгүй байхад дур мэдэн захиалсан” гэх тайлбар үгүйсгэгдэж байна.

 

Мөн хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч М.Ц-ийг “...техникийн тодорхойлолтод заасан шаардлагад нийцээгүй бараа бүтээгдэхүүнийг ...захиалагч захиалгаа өгөөгүй байхад дур мэдэн захиалж, бөөнд нь хүлээн авсан, ...2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр “А Ү” ХХК-ийн итгэмжлэгдсэн лабораториос гаргасан №М-183/111 тоот дүгнэлт, 2019 оны 7 дугаар сард хугацаа нь дуусаж байгаа “Dalmaar premium selection” 65г кофены Сорилтын дүнгийн хуудсыг үндэслэн ...акт үйлдэн хүлээн авсан” гэж татгалзлаа тайлбарласан боловч гэрээт газруудаас ирж байгаа бараа материалыг эрүүл ахуйн шаардлага хангасан эсэх, барааны бүрэн бүтэн байдал, үйлдвэрлэсэн он, сар өдөр, дуусах хугацаа зэрэгт хяналт тавьж ажиллах нь гаалийн баталгаат агуулахын нярвын буюу тухайн үед барааг хүлээж авсан Я.Аын ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн ажил үүрэгт хамаарахаар байна.   

 

Мөн хариуцагч нь М.Ц-ийг “...МТ ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2007 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 23/07 дугаар тогтоолоор баталсан “...Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг”-т тусгагдсан “Бараа материалын захиалгын хуудас”-ыг бөглөөгүй нь Хөдөлмөрийн гэрээний 9.4.12-т “Иргэний нисэхийн хууль, дүрэм, заавар, компанийн үндсэн зааварт тусгагдсан үйл ажиллагаа, заавар, дүрэм, журмын холбогдох заалтыг зөрчсөн бол” гэж заасан зөрчилд хамаарна” гэж тайлбарласан боловч хэрэгт хавсаргаж өгсөн бодлогын баримт бичигт тухайн захиалгын хуудсыг хэн бөглөх талаар тусгасан хэсэг нь авагдаагүй, хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан татгалзлаа нотлох үүргээ биелүүлээгүй, мөн хэрэгт авагдсан нэхэмжлэгч М.Ц-ийн ажлын байрны тодорхойлолтод энэ талаар тусгаагүй, харин гадаадаас авах барааны захиалгыг 3 сарын өмнө нийлүүлэгчид өгөх үүргийн ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн гаалийн баталгаат агуулахын нярвын ажил үүрэгт илүү хамааралтай байна.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч М.Ц-ийн “...хэлтсийн дарга Ж.Б нь “Захиалгын мэдэгдэл” үүсгэх зөвшөөрөл олгосон, үүний дагуу 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “Захиалгын мэдэгдэл" үүсгэж,  гэрээ болон нэхэмжлэлийн хамт Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн, уг мэдэгдлийн дагуу худалдан авалтыг нягтлан бодогч Б.Б шалгасан, худалдан авалтыг эцсийн байдлаар ерөнхий нягтлан бодогч Д.Б хянасан” гэж тайлбарласныг хариуцагч няцаагаагүй байхаас гадна хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г шүүхийн хэлэлцүүлэгт “...2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр тус барааг хүлээж авах эсэхтэй холбоотойгоор маргаан үүссэн” гэж тайлбарласан атал тус байгууллага гэрээний 5.2.2-т “Худалдагчийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд худалдан авагч нь төлбөрийг шилжүүлэхгүй байх” гэж заасан эрхээ хэрэгжүүлээгүй, захиалга хийгдсэнээс 8 хоногийн дараа 2019 оны 10 дугаар  сарын 16-ны өдөр 179 913 000 төгрөгийг худалдагч талд шилжүүлжээ.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч байгууллага нэхэмжлэгчийг гэрээгээр тохиролцсон тоо хэмжээнээс илүү хэмжээгээр, мөн шаардлага хангаагүй бараа бүтээгдэхүүнийг хүлээж авсан гэж үзвэл гэрээний дээрх заалтаар төлбөрийг төлөхгүй байх боломжтой байсан, энэхүү эрхээ хэрэгжүүлээгүй байна.    

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “...Ковид19 цар тахлын улмаас нислэг бүрэн зогсоогүй бол ийм нөхцөл байдал үүсэхгүй байхыг үгүйсгэхгүй” гэх тайлбар,

Тус компанийн Аюулгүй ажиллагаа, чанар, нислэгийн аюулгүй байдлын албаны 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн аудитын тайлангийн, Илэрсэн асуудлууд: ...2 төрлийн кофены худалдан авалтын төлөвлөлт, тооцооллыг ...2019 оны нислэгийн цагийн хуваарийн төлөвлөлтийг үндэслэн хийхэд уусдаг кофе 1280 ширхэг, чанадаг кофе 1666 ширхэг нийт 21 050 700 төгрөгийг хэтрэлттэйгээр төлөвлөжээ,

Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд: ...нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас хамаарал бүхий бараа бүтээгдэхүүний зохистой нөөцийн хэмжээ, төлөвлөлт, хадгалалт, худалдан авалт, бэлтгэн нийлүүлэлтийн хугацаа, ашиглалт, захиалгын оновчтой тоо хэмжээ зэргийг тодорхойлж, хяналт тавих ажлыг холбогдох хэлтэс нэгжүүдтэй хамтран зохион байгуулах, ...худалдан авалт, хангамжийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулж, ажил үүргүүдийг нарийвчлан тодорхойлох ажлыг зохион байгуулах,

Дүгнэлт: ...Компанийн хэмжээнд худалдан авах ажиллагааны төлөвлөлт, гүйцэтгэл, хяналттай холбоотой сайтар боловсруулсан, нарийн зохион байгуулагдсан бодлого дутагдаж байна. Тухайлбал худалдан авалтыг төлөвлөх, гүйцэтгэх, хянах, тайлагнах гээд бүх ажиллагаа нэг хэлтэс нэгж дээр төвлөрсөн байна. Нэг дор төвлөрсөн учир бүх зүйл бүдүүн тойм судалгаа, арга аргачлалаар хийгдэж байна” гэж дурдсан зэрэг үйл баримтаар “...компанид хэрэглээний хугацаанд ашиглах боломжгүй их хэмжээний уусдаг болон чанадаг кофены үлдэгдэл нөөц бий болгож, их хэмжээний хохирол учруулах шууд эрсдэл үүсэх нөхцөл байдал үүсгэсэн” асуудалд зөвхөн нэхэмжлэгч М.Ц-ийг буруутгах боломжгүй байхаас гадна М.Ц-ийн үүсгэсэн мэдэгдэл нь тус хэлтсийн дарга, Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн нягтлан бодогч, ерөнхий нягтлан бодогч нараар хянагдаж, улмаар компаниас төлбөр хийгдсэн атал М.Ц-ийг хөдөлмөрийн харилцааг шууд дуусгавар болгохоор тохиролцсон хөдөлмөрийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.4.2, 9.4.4, 9.4.12-т заасан зөрчлийг гаргасан гэж үзэж ажлаас халсан нь үндэслэлгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч М.Ц-ийг “МТ” ХК-ийн хангамж үйлчилгээний хэлтэст худалдан авалт, хангалтын мэргэжилтний ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилтныг ажилд эргүүлэн тогтоосон бол түүний ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгохоор хуульчилсны дагуу дундаж цалин хөлсийг Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д зааснаар ажилтны 6 дугаар сарын цалин 1 967 360 төгрөг, 7 дугаар сарын цалин 815 000 төгрөг, 8 дугаар сарын цалин 1 600 720 төгрөгөөс дундаж цалин хөлсийг 1 461 026 төгрөгөөр тодорхойлж, 1 өдрийн цалин 67 955 төгрөгийг ажилгүй байсан 90 хоногоор тооцож, нийт 6 155 950 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч М.Ц-ийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгахаар шийдвэрлэв.  

 

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1 дэх хэсэгт зааснаар ...байгууллага, аж ахуйн нэгж, тэдгээрийн албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанд хуульд заасны дагуу гомдол гаргасан тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 113 445 төгрөгийг хариуцагчаас гаргуулж улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.Ц-ийг МТ ХК-ийн хангамж үйлчилгээний хэлтэст худалдан авалт, хангалтын мэргэжилтний ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт хариуцагчаас 6 155 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Ц-д олгож, хариуцагч байгууллагад нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг даалгасугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч М.Ц нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас113 445 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.МӨНГӨНТУУЛ

е