Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/00858

 

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/00858

 

 

 

 

М.Ц-ийн  нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2021/00216 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч М.Ц-ийн  нэхэмжлэлтэй, байрлах, МИАТ ТӨХК цаашид / МИАТ ТӨХК/ -д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Р, Л.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Ц- нь Монголын иргэний агаарын тээвэр ХК-ийн хангамж үйлчилгээний хэлтэст худалдан авалт, хангалтын мэргэжилтнээр томилогдон энэ салбарт 15 жил ажиллах хугацаандаа нэг ч удаа сахилгын зөрчил гаргаж байгаагүй, үр бүтээлтэй амжилттай, хамт олонтойгоо гар нийлж ажилласаар ирсэн. Гэтэл МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Б/251 тоот тушаалаар агаарын хөлгийн үйлчилгээнд хэрэглэх уусдаг болон чанадаг кофены худалдан авалтыг зохион байгуулахдаа тендерийн бичиг баримт болон Просум интернэйшнл ХХК-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээнд заасан техникийн тодорхойлолтын шаардлагад нийцээгүй бүтээгдэхүүнийг нийлүүлэлтийн хуваарь зөрчиж нэг удаа бөөнөөр нь хүлээн авч зохион байгуулснаас их хэмжээний хугацаа нь дуусаж буй кофены агуулахын үлдэгдэл бий болгосон, компанид их хэмжээний хохирол учруулах шууд эрсдэл бий болгож, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн ажил, үүргээ биелүүлээгүй, бусад ажилтнуудад гэрээний бус шаардлага тавьж улмаар албан тушаалын эрх мэдэл, эрхэлсэн ажлынхаа давуу талыг урвуулан ашигласан, компанийн мөнгөн хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан, бизнесийн үйл ажиллагаанд хохирол учруулах ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр М.Ц-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан тул уг тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Просум интернэйшнл ХХК нь МИАТ ТӨХК-аас зарласан Кофе, цай, сүү, элсэн чихэр, жигнэмэг нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах цахим тендерийн 1 дүгээр багцад шалгарч, гүйцэтгэлийн баталгаа ирүүлэн агаарын хөлгийн зорчигчийн үйлчилгээнд уусдаг болон чанадаг кофег гэрээнд заасан техникийн тодорхойлолтын шаардлагын дагуу, нэр төрөл, тоо хэмжээ, нэгжийн болон нийт үнээр нийлүүлэхээр МИАТ ТӨХК-тай 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 19/283 тоот Худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Барааны захиалгыг миний зүгээс өгөөгүй бөгөөд МИАТ ТӨХК-ийн Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн нярав П.Энхбуянгаас нийлүүлэх кофены нэр төрөл, тоо хэмжээний захиалгыг урьдчилан авч захиалгын дагуу 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гэрээнд заасан бараа бүтээгдэхүүнийг тус компаниас нийлүүлэхээр авчирсан. Миний зүгээс Просум интернэйшнл ХХК-ийн бараа хүлээлгэн өгч байгаа захиралтай нь уулзах үед компанийн хүмүүс нь бараагаа буулгаад агуулахын үүдний хэсэгт өрсөн байсан бөгөөд захирал нь ...чанадаг кофег 22 800 ширхгийг авчирсан. Агаарын хөлөгт зориулагдсан энэ кофе нь үйлдвэрлэгчдэд бэлэн байдаггүй, бага тоо хэмжээгээр захиалга авдаггүй болохоор бид өөр том авиа компанийн захиалгад оруулж үйлдвэрлүүлсэн. Багаар авах боломжгүй болоод байна. Хэрэв багаар нийлүүлье гэвэл бидний хувьд дараагийн том захиалгад хэзээ багтаж чадах нь тодорхойгүй, түүнээс гадна тээвэрлэлт энэ тэр гээд яг тодорхой хугацаа тооцох боломжгүй олон асуудал гардаг болохоор барааны тасалдал үүсэх өндөр магадлалтай болчхоод бид илүү тоо хэмжээгээр авчирсан... гэж тайлбарласан. Тухайн үед манай хэлтсийн дарга гадуур ажилтай, холбогдож чадаагүй учраас би нярав Я.Алтансувдтай зөвлөлдөөд нэгэнт агуулахад буучихсан байгаа бүтээгдэхүүний тоо хэмжээн дээр тооцоолол хийж үзэн, гэрээний дагуу 1 жилийн хэрэгцээний нийт 1280 кг уусдаг кофеноос 696 кг-ыг буюу 2020 оны 01 сараас 2020 оны 7 сарыг хүртэлх хэрэглээгээр тооцон /тухайн өдрөөс хойш 14 сарын хадгалалтын хугацаатай гэдэг нь 2020 оны 6 сард хэрэглэгдэж дуусна гэж тооцвол түүнээс хойш 6 сарын дараа хугацаа дуусахаар байсан/, гэрээний дагуух нийт 22 800 ширхэг чанадаг кофеноос 20 000 ширхгийг буюу 2020 оны 01 сараас 2020 оны 10 сарыг дуусталх хэрэглээг тооцсоноор /тухайн өдрөөс хойш 14 сарын хадгалалтын хугацаатай гэдэг нь 2020 оны 10 сард хэрэглэгдэж дуусна гэж тооцвол түүнээс хойш 2 сарын дараа хугацаа дуусахаар байсан/ 2800 ширхгийг буцаасан байдаг. Маргааш нь буюу 10 дугаар сарын 09-ний өдөр хэлтсийн дарга Ж.Баасанбатад Просум Интернэйшнл ХХК-ийн нийлүүлэхээр авчирч нэгэнт агуулахад буулгасан байгаа кофены тоо хэмжээ, үүссэн нөхцөл байдлын талаар танилцуулахад хүлээж аваад Захиалгын мэдэгдэл үүсгэж болно гэсэн зөвшөөрөл олгосон. Миний бие бараа гаалийн баталгаат агуулахад буусны дараа Захиалгын мэдэгдэл буюу Purchase Requisition үүсгэж Санхүү нягтлан бодох бүртгэлийн хэлтэст дагалдах бичиг баримтын хамт хүлээлгэн өгөх үүргийнхээ хүрээнд 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр агуулахад буусан кофег хэлтсийн даргадаа танилцуулж, зөвшөөрөл авсны дагуу тухайн компанид мэдэгдсэнээр нэхэмжлэлийг хүлээн авч 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Захиалгын мэдэгдэл" үүсгэн, тус худалдан авалттай холбоотой гэрээ болон нэхэмжлэлийн хамт Санхүү Нягтлан Бүртгэлийн Хэлтэст хүргүүлсэн. Барааг нярав Я.Алтансувд хүлээн авсан бөгөөд Захиалгын мэдэгдлийн дагуу худалдан авалтыг нягтлан бодогч Б.Болормаа шалгасан. Мөн захиалгын мэдэгдлийн дагуу худалдан авалтыг эцсийн байдлаар нарийвчлан ерөнхий нягтлан бодогч Д.Батжаргал хянасан байдаг. Өөрөөр хэлбэл, намайг буруутгаад байгаа энэ худалдан авалтад миний оролцсон хэлбэр нь хэлтсийн даргын зөвшөөрөл олгосны дагуу Захиалгын мэдэгдэл л үүсгэсэн байдаг. Гэтэл худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, барааны захиалга өгсөн, барааг хүлээн авсан, барааны төлбөрийг гаргах үе шат буюу агуулахад буусан барааг гэрээний шаардлагад нийцсэн эсэхтэй тулган хянаж шалгах, түүнийг зөвшөөрч баталгаажуулан төлбөр шилжүүлсэн хүмүүс нь бүгд тодорхой байхад яагаад зөвхөн нэг хүнийг зохион байгуулсан болгож буруутгаж байгаа нь ойлгомжгүй байна. Просум интернейшнл ХХК-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-т захиалагчийн өгсөн нэр төрөл, тоо хэмжээгээр улиралд 1 удаа нийлүүлнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл улирал бүр тодорхой тоо хэмжээгээр нийлүүлнэ гэж заасан нийлүүлэлтийн хуваарь гэгч нь гэрээнд байхгүйгээс гадна харин захиалагчийн захиалгыг үндэслэж нийлүүлнэ гэж заасан бөгөөд тухайн гэрээ хүчин төгөлдөр үйлчлэх хугацаанд улирал тутам нийлүүлэх боловч тоо хэмжээний хувьд захиалагчийн өгсөн тоо хэмжээгээр гэж тодорхойлсон байдаг. Мөн тухайн өдөр нийт гэрээгээр нийлүүлэх 1280 кг уусдаг кофеноос 696 кг буюу нийт авах ёстой уусдаг кофены 54,3 хувь, 22800 ширхэг чанадаг кофеноос 20000 ширхгийг буюу нийт авах ёстой чанадаг кофены 87.7 хувийг нийлүүлсэн байгаагаас харахад дээрх нэг удаа бөөнөөр хүлээн авч зохион байгуулсан гэдэг нь ямар ч үндэслэлгүй юм. Мөн компанид их хэмжээний хохирол учруулах шууд эрсдэлийг бий болгож гэж, гадны ямар ч хүчин зүйлийн нөлөөгүйгээр жирийн мэргэжилтэн миний шууд буруутай үйлдлээс компани хохирол амсаж, бүр цаашлаад тухайн эрсдэлийг ганцаар шийдвэр гаргаж, хохирол үүсгэх ямар ч боломжгүй субьект болох миний бие гаргасан мэтээр дурдсан. Угтаа бол өмнөх жилүүдийн хэрэглээний судалгаан дээр үндэслэн гаргасан тооцооллын дагуу бүтээгдэхүүнүүдийг хүлээн авч, тодорхой хэмжээний аюулгүйн нөөцийн эргэлттэй байдаг боловч дэлхий нийтээр үүсээд буй СО\/ID-19 цар тахлын улмаас нислэг зогссоноос урьдчилан тооцох аргагүй нөхцөл байдал үүсэж, зөвхөн энд яригдаж буй кофены асуудал гэлтгүй олон бараа бүтээгдэхүүн дээр маш хүнд байдал үүсээд байгаа. Түүнчлэн байгууллагын дотоод дахь хэлтэс хоорондын албан бичигт хүртэл гэнэт үүссэн цар тахлын улмаас ийм нөхцөл байдал үүссэн гэдгийг тодорхой дурдсан байхад энэ бүхнийг огтхон ч дурдаагүйгээр үл барам жирийн мэргэжилтэн хүнийг бүхний буруутан болгож байгаад гомдолтой байна. Мөн ажлын байрны тодорхойлолтод зааснаар мэргэжилтэн нь Бие даан шийдвэр гаргах эрхгүй субъект" бөгөөд энэхүү кофены нийлүүлэлтийн тухайд агуулахад нэгэнт буучихсан бараа бүтээгдэхүүний тоо хэмжээний талаар хэлтсийн даргадаа танилцуулж, хүлээж авах шийдвэр сонссоноор захиалгын мэдэгдэл үүсгэж, гэрээ болон бусад дагалдах материалын хамтаар Санхүү нягтлан бодох бүртгэлийн хэлтэст буюу гэрээний төлбөрөө гаргах эсэхээ шийддэг харьяалагдах дээд шат руу явуулсан зэрэг нь өөрийн ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ гүйцэтгэсэн явдал байсан. Мөн тушаалд компанийн мөнгөн хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан гэж дурдсаныг хуулийн тодорхойлолтоос үзвэл мөнгөн хөрөнгө нь бэлэн мөнгө, Монгол банк болон бусад гадаад дотоодын банк, санхүүгийн байгууллагад байршуулсан хөрөнгийг хэлдэг бөгөөд худалдан авалт, хангалтын мэргэжилтэн ажил үүргийн хүрээнд мөнгөн хөрөнгөнд хамаарах зүйлстэй шууд харьцаж ажилладаггүй. Өөрөөр хэлбэл эдгээртэй шууд харилцаж ажилладаг санхүү, нягтлан бодох бүртгэлийн ажилтан эсвэл шууд гарын үсгээр шийдвэр гаргадаг албан тушаалтантай хамаарах юм. Мөн тушаалын  үндэслэл болсон 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Санхүүгийн аудитын тайлангаар миний бие М.Ц-ийг ажлаас халах хэмжээний үндэслэл болгохоор ямар ч дүгнэлт, буруутайг тогтоосон зүйл байхгүй. Харин худалдан авалт, хангалтын мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулж, ажил үүргүүдийг нарийвчлан тодорхойлох ажлыг зохион байгуулах, мөн компанийн хэмжээнд худалдан авах ажиллагааны төлөвлөлт, гүйцэтгэл, хяналттай холбоотой сайтар боловсруулсан, нарийн зохион байгуулагдсан бодлого дутагдаж байгаа талаар дүгнэлт гарсан. Гэтэл энэ дүгнэлтийг үндэслэн ямар ч баримт нотолгоогүйгээр, хамааралгүй зүйлд шууд буруутган, бусдад нөлөөлсөн мэтээр гүжирдэж, олон хүний оролцоотойгоор тодорхой шат дамжлагаар явагдсан үйл ажиллагаанд ганц хүнийг онцгойлон буруутгаж сэтгэл санааны хүнд байдалд оруулан үндэслэлгүйгээр ажлаас халсан үйлдэл гэж үзэж байна. Иймд Монголын иргэний агаарын тээвэр ХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Б/251 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан МИАТ ТӨХК-ийн хангамж үйлчилгээний хэлтэст худалдан авалт, хангалтын мэргэжилтний ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ренчинболд, Л.Ганчимэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/170 дугаартай агаарын хөлгийн зорчигч үйлчилгээний хүнсний бараа бүтээгдэхүүн нийлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо байгуулах тухай тушаал гарсан бөгөөд нэхэмжлэгч М.Ц- нь ажлын үүргийн хуваарийн дагуу тус үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар томилогдсон. Тус үнэлгээний хороо 5 багц тендер зарласны багц нэг нь уусдаг болон чанадаг кофе нийлүүлэх тендер байсан ба уг тендерт Просум Интернэйшл ХХК шалгарч, 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 19/283 дугаар худалдах, худалдан авах тухай гэрээг байгуулсан. Энэхүү гэрээ нь тендерийн баримт бичиг, гэрээний нөхцөлийн дагуу нийлүүлэх хуваарийн дагуу, тодорхой чанар, стандартын дагуу жилийн хугацаатай бүтээгдэхүүнийг нийлүүлэх нөхцөлтэй болно. Дээрх худалдан авах ажиллагааг зохион байгуулах үүрэг нь нэхэмжлэгчид байсан бөгөөд Просум Интернэйшл ХХК нь агаарын хөлгийн үйлчилгээнд хэрэглэх уусдаг болон чанадаг кофены нийлүүлэлтэд тендерийн баримт бичиг болон худалдах, худалдан авах гэрээнд заасан техникийн тодорхойлолтын шаардлагад нийцээгүй бүтээгдэхүүнийг бараа нийлүүлэлтийн хуваарийг зөрчиж, нэг удаа бөөнөөр худалдан авалт хийж, агуулахын нярвын тавьсан шаардлагыг үл тоож дур мэдэн ажил үүргээ санаатайгаар хангалтгүй биелүүлж, компанид хэрэглээний хугацаанд ашиглах боломжгүй их хэмжээний уусдаг болон чанадаг кофены үлдэгдэл нөөц бий болгож, компанид их хэмжээний хохирол учруулах шууд эрсдэл үүсэх нөхцөл байдал үүсгэсэн болох нь компанийн аюулгүй ажиллагаа, чанар, нислэгийн аюулгүй байдлын албаны 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн аудитын дүгнэлтээр илэрч ажил олгогчид албан ёсоор танилцуулагдсан тул гүйцэтгэх захирлын 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Б/251 дугаартай тушаалаар М.Ц-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халж, 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Б/253 дугаартай тушаалаар гаалийн баталгаат агуулахын нярав Я.Алтансувд, санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн нягтлан Б.Болормаа нарт сахилгын шийтгэл ногдуулсан. М.Ц-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолт, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний дагуу худалдан авалтын мэргэжилтэн нь бараа бүтээгдэхүүнийг хүлээж авахаар албан ёсны акт үйлдэхдээ гэрээ, техникийн тодорхойлолт, бараа нийлүүлэх хуваарьтай нийцэж байгааг шалгаж, тогтоосны үндсэн дээр акт үйлдэж бараа бүтээгдэхүүнийг хүлээн авах зарчмыг баримталж, ажиллах үүрэгтэй бөгөөд ажлын байрны тодорхойлолтын дөрөвт: Үндсэн үүргийн хүрээнд ажлын байранд хийгдэх ажлууд буюу гол үйл ажиллагаа 1 дүгээр үндсэн үүргийн хүрээнд: 1.3-т гэрээнд заасан чанар, эрүүл ахуй, техникийн шаардлага хангасан бараа бүтээгдэхүүнийг худалдан авч, хариуцсан няравт тоо хэмжээний дагуу хүлээлгэн өгнө, 1.4-т гүйцэтгэгч компаниудтай байгуулсан гэрээний биелэлтэд хяналт тавьж ажиллах ба уг гэрээ дуусмагц дүгнэж, акт үйлдэн дуусгавар болгоно гэж тодорхойлсон. Гэтэл МИАТ ТӨХК болон Просум Интернайшл ХХК-тай байгуулсан 19/283 тоот худалдах, худалдан авах тухай гэрээний хавсралт 1-ийн 4 дэх заалтад кофены хувьд хадгалалт: Савласнаас хойш 6 сарын дотор нийлүүлнэ. Бүтээгдэхүүний хадгалалтын хугацаа 2 жил байна хэмээн заасан бөгөөд техникийн тодорхойлолтод заасан шаардлагад нийцээгүй бараа бүтээгдэхүүнийг 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 19/283 тоот худалдах, худалдан авах тухай гэрээний 3.1-д заасны дагуу барааны жагсаалт ба бараа нийлүүлэх хуваарьт заасан агуулахын багтаамжаас шалтгаалж, захиалагчийн өгсөн нэг төрөл тоо хэмжээгээр улиралд 1 удаа буюу 4 хувааж нийлүүлнэ гэсэн бараа хүлээн авах нөхцөлийг зөрчиж, Захиалагч захиалгаа өгөөгүй байхад дур мэдэн захиалж, бөөнд нь хүлээн авсан нь тогтоогдсон. Просум Интернэйшл ХХК-тай байгуулсан худалдах, худалдан авах тухай гэрээний 2.5-д бараа бүтээгдэхүүнийг албан ёсоор шалган хүлээн авч, акт үйлдсэний дараа нийлүүлэгчийн ирүүлсэн нэхэмжлэхийг үндэслэн төлбөрийг шилжүүлнэ, 3.1-д худалдагч нь хавсралт 1-д заасан техникийн тодорхойлолтын шаардлагад нийцсэн чанар бүхий биет байдлын доголдолгүй бараа бүтээгдэхүүнийг гэрээнд гарын үсэг зурж, албан ёсоор батлагдаж, дугаар авсан өдрөөс хойш захиалагчийн өгсөн нэр төрөл тоо хэмжээгээр улиралд нэг удаа нийлүүлнэ, 5.1.4-д худалдагч нь шаардлага хангасан бараа бүтээгдэхүүнийг гэрээнд заасан тоо хэмжээгээр захиалсан хугацааны дотор нийлүүлэх гэж заасан. Просум Интернэйшл ХХК-аас хүлээн авсан бараа нь Эрүүл ахуйн тухай хуулийн 8.2, 8.3 дахь заалтуудын дагуу эрүүл ахуйн шаардлага хангасан болохыг нотлох эрх бүхий байгууллагаас олгосон гэрчилгээгүй, тодруулбал 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Арвайн үндэс ХХК-ийн итгэмжлэгдсэн лабораториос гаргасан №М-183/111 тоот дүгнэлт, 2019 оны 7 дугаар сард хугацаа нь дуусаж байгаа Dalmaar premium selection 65г кофены Сорилтын дүнгийн хуудсыг үндэслэн нэхэмжлэгч М.Ц- нь худалдан авагчийн эрх бүхий төлөөлөгчийн хувьд Просум Интернэйшл ХХК-аас нийлүүлж буй бараа бүтээгдэхүүний чанарын доголдлыг арилган ижил төрлийн эд хөрөнгөөр солихыг худалдагчаас шаардах, эрүүл ахуйн шаардлага хангасан болохыг нотлох эрх бүхий байгууллагаас олгосон гэрчилгээгүй барааг хүлээн авахгүй байх үүргээ эс биелүүлж, нэг дор их хэмжээгээр хадгалалтын хугацаа нь захиалагчийн шаардлагыг хангахгүй бараа бүтээгдэхүүнийг хүлээн авах ажиллагааг явуулж, гэрээнд заасан хуваарийн дагуу нийлүүлэхийг шаардахын оронд нийлүүлэгчийн бараа бүтээгдэхүүнийг акт үйлдэн хүлээн авсан ноцтой зөрчил гаргасан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсанаар Гаалийн баталгаат агуулахын нярав П.Энхбуян захиалга өгсөн гэх боловч 2019 оны 10 дугаар сард ээлжийн амралттай байсан болох нь тогтоогдсон. Тухайн үед ажиллаж байсан агуулахын нярав Я.Алтансувд нь 2019 оны 10 дугаар сарын 08-нд Просум интернэйшнл ХХК-аас нийлүүлэхээр ирүүлсэн 22800 ширхэг чанадаг кофе, 696 кг уусдаг кофег агуулахад кофены нөөц их байгаа, мөн захиалга өгөөгүй тул хүлээн авахаас татгалзан, худалдан авалт хариуцсан мэргэжилтэн М.Ц-ийг дуудаж барааг хүлээн авах боломжгүй захиалга өгөөгүй гэхэд гаалийн баталгаат агуулахын нярав П.Энхбуян захиалга өгсөн гэж хэлсэн байдаг. Нярав П.Энхбуянгаас утсаар лавлаад захиалга өгөөгүй байна, барааг хүлээн авахгүй гэж удаан маргалдсаны дараа маргааш нь 2800 ширхгийг буцааж, үлдэгдэл кофег М.Ц-ээс ав гэсэн шаардлагыг няравт тавьж, 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр агуулахад оруулсан болох нь компанийн дотоод аудитаар шалгагдаж тогтоогдсон. Нэхэмжлэгчийн энэ үйлдэл нь шинэ төрлийн Коронавирус-ийн тархалттай холбоотой компанийн олон улсын хуваарьт нислэгүүд зогсож, олон улсын агаарын тээврийн салбар хүнд байдалд орсон, улмаар МИАТ ТӨХК-ийн санхүүгийн байдал ихээхэн хүндэрсэн үед нийт 240 сая орчим төгрөгийн үнэ бүхий кофе хэрэгцээгүй болж, компани хохирол хүлээх шууд нөхцөлийг бүрдүүлээд байна. Тендерийн баримт бичиг болон худалдах, худалдан авах гэрээнд нийлүүлэх хуваарь, тодорхой чанар, стандарт зааж өгсөн нь агаарын тээврийн компанийн хувьд дээрх эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой нөхцөл байсан. Нэхэмжлэгч нь агаарын хөлгийн үйлчилгээнд хэрэглэх уусдаг болон чанадаг кофены худалдан авалтыг зохион байгуулахдаа тендерийн баримт бичиг болон Просум интернэйшнл ХХК-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээнд заасан техникийн тодорхойлолтын шаардлагад нийцээгүй бүтээгдэхүүнийг, нийлүүлэлтийн хуваарийг зөрчиж нэг удаа бөөнөөр нь хүлээн авч зохион байгуулснаас их хэмжээний хугацаа нь дуусаж буй кофены агуулахын үлдэгдэл бий болгосон нь компанид их хэмжээний хохирол учруулах шууд эрсдэл бий болж байна. Иймд М.Ц- нь ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн ажил, үүргээ биелүүлээгүй, бусад ажилтнуудад гэрээний бус шаардлага тавьж улмаар албан тушаалын эрх мэдэл, эрхэлсэн ажлынхаа давуу талыг урвуулан ашигласан, компанийн мөнгөн хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан, бизнесийн үйл ажиллагаанд хохирол учруулах ноцтой зөрчил гаргасан тул түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт, 135 дугаар зүйл, ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 6.1.2, 6.1.6, 8.1, 8.2 дахь хэсэг, 9.4.2, 9.4.4, 9.4.12-т, Аюулгүй ажиллагаа, чанар, нисэхийн аюулгүй байдлын албаны 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 73/06 албан бичгээр ирүүлсэн 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн санхүүгийн аудитын тайланг тус тус үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан нь үндэслэлтэй гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.Ц-ийг МИАТ ХК-ийн хангамж үйлчилгээний хэлтэст худалдан авалт, хангалтын мэргэжилтний ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт хариуцагчаас 6 155 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Ц-д олгож, хариуцагч байгууллагад нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч М.Ц- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас 113 445 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Р давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан болох нь тогтоогдож байхад анхан шатны шүүх хэрэгт авагдсан. 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр "МИАТ" ТӨХК болон Просум Интернайшл" ХХК-ийн хооронд байгуулагдсан №19/283 тоот худалдах, худалдан авах тухай гэрээний дагуу худалдагч "Просум Интернэйшл" ХХК-аас агаарын хөлгийн үйлчилгээнд хэрэглэх уусдаг болон чанадаг кофены захиалга огт хийгдээгүй байхад М.Ц- нь "Просум Интернайшл" ХХК-ийн захирал Д.Эрдэнийн гаргасан "...манай компани найдвартай агуулах савны дутагдалтай, барааны тасалдал үүсэх өндөр магадлалтай" гэх хүсэлтийн дагуу нярав барааны захиалга өгөөгүй, агуулахын үлдэгдэл маш их байхад агуулахад хүлээн авах хууль бус шаардлагыг нярвуудад тавьсан болох нь хэрэгт авагдсан М.Ц-ийн "гүйцэтгэх захирал Д.Баттөр танаа" гэсэн гарчигтай аудитын тайланд гаргасан тайлбар, Д.Эрдэнийн мэдүүлэг, агуулахын нярвуудын гэрчийн мэдүүлгээр нотлогдоно. Анхан шатны шүүх ААЧНАБА-аас гаргасан аудитын дүгнэлтийг эсрэгээр нь тайлбарласан. Учир нь тус дүгнэлтэнд барааны нийлүүлэлтийг захиалгын хугацаа, тоо хэмжээг үндэслэн бэлтгэдэггүй. Сүүлийн 3 жилийн нийлүүлэлтийн байдлыг харахад бөөнөөр нийлүүлэлт хийгдсэн байна. Мөн 18/283 тоот гэрээний 3.1-д "захиалагчийн өгсөн нэр төрөл, тоо хэмжээгээр улиралд 1 удаа нийлүүлнэ гэж тусгасан нь учир дутагдалтай. Агуулахын үлдэгдэл, хэрэгцээ шаардлага, нийлүүлэлт хоорондын хугацаа зэргийг харгалзан хувиар гаргаж, гэрээнд тусгах шаардлагатай гэсэн нь барааг агуулахад бөөнөөр нь нийлүүлэхийг зөвтгөсөн утга агуулгыг огтоос агуулаагүйгээс гадна тус дүгнэлтэнд буй Үл тохирол хэсэгт М.Ц- нь ажлын байрны тодорхойлолтын Дөрөв: Үндсэн үүргийн хүрээнд ажлын байранд хийгдэх ажлууд буюу гол үйл ажиллагаа 1 дүгээр үндсэн үүргийн хүрээнд:

1.3           Гэрээнд заасан чанар, эрүүл ахуй, техникийн шаардлага хангасан бараа бүтээгдэхүүнийг худалдан авч, хариуцсан няравт тоо хэмжээний дагуу хүлээлгэн өгнө.

1.4           Гүйцэтгэгч компаниудтай байгуулсан гэрээний биелэлтэнд хяналт тавьж ажиллах ба уг гэрээ дуусмагц дүгнэж акт үйлдэн дуусгавар болгоно, гэсэн үүргээ сүүлийн 3 жилийн хугацаанд дараалан зөрчиж, байгаа болохыг тогтоосон.

Нэхэмжлэгч нь сүүлийн 3 жилийн хугацаанд агаарын хөлгийн үйлчилгээнд "Просум Интернэйшл" ХХК-аас нийлүүлж буй уусдаг болон чанадаг кофены худалдан авалтын нийлүүлэлтэнд хяналт тавьж, тендер шалгаруулах үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан тендерийн бичиг баримтуудаар тогтоогдож байна. Асуудлыг ковид-19 цар тахалтай холбон тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгчийн дур мэдэн шийдвэр гаргаж байсан үйлдэл нь нислэг зогсоогүй бол мэдэгдэхгүй өнгөрөх боломжтой байсан мэт харагдаж байгаа болно. Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээний 9.4.2-д "албан тушаалын эрх мэдэл, эрхэлсэн ажлын аливаа давуу тал, хүлээлгэсэн итгэлийг бусдад ашиглуулсан, хөдөлмөрийн гэрээний 9.4.4-д "ажил олгогч болон түүний эрх олгосон алабн тушаалтны зөвшөөрөлгүй дур мэдэн компанийн бизнест хор хохирол учруулах үйл ажиллагаа явуулж хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан тухайд:

Нэхэмжлэгч нь "Просум Интернэйшл" ХХК-аас нийлүүлж буй уусдаг болон чанадаг кофены худалдан авалтын нийлүүлэлтийг тухайн үед ажиллаж байсан Б.Б гэдэг дарга өгсөн учраас захиалгын мэдэгдэл үүсгэсэн гэж тайлбарладаг. Тус захиалгын мэдэгдэл дээр нэхэмжлэгч М.Ц-ийн гарын үсэг байдаг бөгөөд хэлтсийн даргын зөвшөөрөл олгогдоогүй байдаг. Энэ хэрэгт Б.Б-ыг гэрчээр асуулгах хүсэлт гаргаагүй бөгөөд Б.Б нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн болно. Анхан шатны шүүх танай санхүүгийн хэлтсийн ажилтан болон ерөнхий нягтлан мөнгөн шилжүүлгийг хийхгүй боломжтой байсан учраас М.Ц-ийг буруутгах нь үндэслэлгүй хэмээн тайлбарлаж байгаа нь учир дутагдалтай байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй, хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан эсэхэд дүгнэлт хийж хэрэг маргааныг шийдвэрлэх ёстой. МИАТ ТӨХК-ийн хувьд хариуцлага алдсан албан тушаалтнуудад шат дараалан арга хэмжээ авч байгаа бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн хариуцлагатай холбогдох учиргүй юм.

2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 11/17 дугаартай Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ-ний 1.1 дэх заалтын дагуу "ажилтан хөдөлмөрлөх явцдаа өөрийн буруугаас компанид эд хөрөнгийн хохирол учруулсан тохиолдолд сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага ногдуулсан эсэхийг үл харгалзан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээнэ, түүнчлэн 2.3 дахь заалтын дагуу ажилтан захиргаанаас үл хамаарах шалтгаанаар хохирол учруулвал учруулсан хохирлоо бүрэн хэмжээгээр төлж байгууллагыг хохиролгүй болгох" хэмээн заасан.

МИАТ ТӨХК-ийн санхүүгийн дотоод аудитын 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн дүгнэлтээр Dallmayr Premium нэр бүхий 17 679 ширхэг чанадаг кофе, Dallmayr Gold нэр бүхий уусдаг кофе 4 553 ширхэг нэр төрлийн кофе нь 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн №19/283 тоот худалдах, худалдан авах тухай гэрээний Хавсралт 1-д заасан дараах шаардлагад үл нийцэж байна. Үүнд:

- Тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтын А-4, Б-4 хэсэгт заасан Хадгалалт нь: Савласнаас хойш 6 сарын дотор нийлүүлнэ. Бүтэгдэхүүний хадгалалтын хугацаа 2 жил байна гэж заасан. Бүтээгдэхүүн дээр хадгалах хугацаа нь зөвхөн 2020 оны 12 дугаар сар гэж тэмдэглэгдсэн.

- Тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтын А-7, Б-7 хэсэгт заасан химийн үзүүлэлт кофе нь физик, химийн болоод эрүүл ахуйн аюулгүй байдлын үзүүлэлтүүдийн шаардлагыг хангасан байх бөгөөд тухайн бараа бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээ тохирлын гэрчилгээ, эрүүл ахуйн шинжилгээний дүгнэлтийг тендерийн хамт ирүүлнэ. Ochratoxin найрлага байхгүйг нотлох лабораторийн гэрчилгээтэй байна гэж заажээ. Тохирлын гэрчилгээгүй, эрүүл ахуйн шинжилгээний дүгнэлтгүй, Ochratoxin-ийн найрлага байхгүйг нотлох лабораторийн дүгнэлтгүй бараа бүтээгдэхүүн нийлүүлэгдсэн байна.

-Тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтын А-8d, Б-8d хэсэгт заасан бусад шаардлага: Үйлдвэрлэгдсэн болон хадгалалтын хугацаа тодорхой ойлгомжтой байх ёстой бөгөөд шаардлагад нийцээгүй гэж тус тус дүгнэсэн.

Мөн Просум Интернэйшл" ХХК-аас хүлээн авсан бараа нь Эрүүл ахуйн тухай хуулийн 8.2, 8.3 дахь заалтуудын дагуу эрүүл ахуйн шаардлага хангасан болохыг нотолсон эрх бүхий байгууллагаас олгосон гэрчилгээгүй. Тодруулбал, 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Арвайн үндэс" ХХК-ийн итгэмжлэгдсэн лабораториас гаргасан №М-183/111 тоот дүгнэлт. 2019 оны 7 дугаар сард хугацаа нь дуусаж байгаа "Dalmayar premium selection 70 гр кофены Сорилтын дүнгийн хуудсыг үндэслэсэн байсан. Тус дүгнэлтээр нийт 133 041 050 төгрөг буюу 17 679 ширхэг чанадаг кофе /нэгжийн үнэ 4 950 төгрөг/, 4 553 ширхэг уусдаг кофе /нэгжийн үнэ 10 000 төгрөг/-ны хугацаа нь дуусч хэрэглэх боломжгүй болсон талаар дүгнэсэн.

Иймд нэхэмжлэгч нь агаарын хөлгийн үйлчилгээнд хэрэглэх уусдаг болон чанадаг кофены худалдан авалтыг зохион байгуулахдаа тендерийн баримт бичиг болон "Просум интернэйшнл ХХК-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээнд заасан техникийн тодорхойлолтын шаардлагад нийцээгүй бүтээгдэхүүнийг, нийлүүлэлтийн хуваарийг зөрчиж нэг удаа бөөнөөр нь хүлээн авах ажиллагааг зохион байгуулснаас их хэмжээний хугацаа нь дуусч буй кофены агуулахын үлдэгдэл бий болгосон, компанид их хэмжээний хохирол учрууллах шууд эрсдэл бий болгож, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн ажил, үүргээ биелүүлээгүй, бусад ажилтнуудад гэрээний бус шаардлага тавьж улмаар албан тушаалын эрх мэдэл, эрхэлсэн ажлынхаа давуу талыг урвуулан ашигласан, компанийн мөнгөн хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан, бизнесийн үйл ажиллагаанд хохирол учруулах ноцтой зөрчил гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, 135 дугаар зүйл, ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 6.1.2, 6.1.6, 8.1, 8.2, 9.4.2, 9.4.4, 9.4.12, Аюулгүй ажиллагаа, чанар, нисэхийн аюулгүй байдлийн албаны 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 73/06 албан бичгээр ирүүлсэн 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Санхүүгийн аудитын тайланг тус тус үндэслэн хөдөлморийн гэрээг цуцалж, ажлаас халсан нь хуульд нийцэж буй тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч М.Ц- нь хариуцагч МИАТ ТӨХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч компанийн хангамж үйлчилгээний хэлтэст нэхэмжлэгч нь худалдан авалт, хангалтын мэргэжилтнээр ажиллаж байсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй бөгөөд хариуцагч компанийн захирлын 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Б/251 дүгээр тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцалж ажлаас халжээ. /хх-ийн 57/

Ажлаас буруу халсан тухай гомдлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааны дотор нэхэмжлэгч шүүхэд гаргасан талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн ба энэ талаар талууд маргаагүй.

 

Ажил олгогчийн дээрх тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасан заалтыг тус тус баримталжээ. / хх-ийн 57 /

Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх хоёр зүйлд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах, сахилгын шийтгэл ногдуулах ажил олгогчийн бүрэн эрх гэсэн хоёр асуудлыг зохицуулсан байгаа боловч хөдөлмөрийн гэрээнд тухайлан заагдсан ноцтой зөрчил гаргасан ажилтанд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалд ч мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан хугацаа нэгэн адил хамаардаг.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах боломжтой ба мөн хуулийн 131.2 дахь хэсэгт зааснаар сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна.

М.Ц-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалд заасан ...агаарын хөлгийн үйлчилгээнд хэрэглэх уусдаг болон чанадаг кофены худалдан авалтыг зохион байгуулахдаа тендерийн баримт бичиг болон Просум Интернэйшл ХХК-тай байгуулсан худалдах, худалдан авах тухай гэрээнд заасан техникийн тодорхойлолтыг зөрчиж хугацаа нь дуусаж буй кофе авч, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн ажил үүргээ биелүүлээгүй, албан тушаалаа урвуулан ашиглаж бизнесийн үйл ажиллагаанд хохирол учруулах ноцтой зөрчлийг 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гаргасан... гэж хариуцагч тал тайлбарласан. / хх-ийн 30, 158, 160 /

Мөн давж заалдах шатны шүүх хуралдаанд энэ талаар тодруулахад 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гэж тайлбарласан зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гаргасан гэх зөрчилд ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дэх хэсэгт заасныг зөрчиж, сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сарын хугацаа өнгөрсөн байхад 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсан нь уг тушаал хууль зүйн үндэслэлгүй болсон байна.

Иймд нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуульд нийцжээ.

Ажил олгогч сахилгын зөрчлийг гаргаснаас хойш хуульд заасан хугацаа өнгөрсөн байхад ажлаас халах тушаал гаргасан тул уг зөрчлийг нотлогдсон эсэх талаар дүгнэлт хийх нь хэрэгт ач холбогдолгүй болно.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2021/00216 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 114 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

Н.БАТЗОРИГ