Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2023/00033

 

Ч.Ө, Ч.Аын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч М.Батсуурь, Н.Баярмаа, П.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2022/03415 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 210/МА2022/02115 дугаар магадлалтай,

Ч.Ө, Ч.Аын нэхэмжлэлтэй

Х.О, Л.Б, Х.М, Ц.Бнарт холбогдох  

8,476,210 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Ч.Өын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Ө, хариуцагч Л.Б, хариуцагч Х.М, Ц.Бнарын өмгөөлөгч Ц.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч Ч.Ө, Ч.А нь хариуцагч Х.О, Л.Б, Х.М, Ц.Бнарт холбогдуулан 8,476,210 гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2022/03415 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.О, Л.Б нараас гэм хорын хохиролд 8,476,210 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Өт 6,517,210 төгрөг, нэхэмжлэгч Ч.А1,959,000 төгрөгийг олгож, хариуцагч Х.М, Ц.Бнарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150,570 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 120,456 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Өт, улсын тэмдэгтийн хураамж 30,114 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 210/МА2022/02115 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2022/03415 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.О, Л.Б нараас 2,758,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Өт олгож, нэхэмжлэгч Ч.Ө, Ч.Аын нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,717,460 төгрөг гаргуулах хэсгийг болон хариуцагч Х.М, Ц.Бнарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Ө, Ч.Аын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150,570 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.О, Л.Б нараас 59,090 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Өт олгосугай” гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч Л.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150,570 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгч Ч.Ө хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.1 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2022/03415 дугаартай шийдвэрт Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд. нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 510 дугаар зүйлийн 510.1 “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.”-г тус тус үндэслэсэн боловч Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд 492 дугаар зүйлийн 492.1.1 “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон”-г үндэслэж шийдвэрлэсэн ба анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхээс гэм хор учруулснаас үүсэх үүрэг буюу эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгах гэж үзсэн бол давж заалдах шатны шүүхээс бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүрэг гэж үзсэн байна.

4.2 Нийслэлийн Иргэний хэргийн давж шатны шүүхийн 2022.12.14-ний өдрийн 210/МА2022/02115 дугаартай магадлалын хянавал хэсэгт Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжиж, 493 дугаар зүйлийн 493.1, 493.6 дахь хэсэгт зааснаар шилжүүлсэн хөрөнгийг ашиглаж олсон үр шимийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлөх үүрэгтэй гэж үзэхгүй гэж дүгнэсэн” гэсэн атлаа тогтоох хэсэгтээ 492.1.1-ийг үндэслэсэн нь ойлгомжгүй болжээ. Түүнчлэн дээврийн засварын ажлыг хийхдээ 2020, 2021 онд нэхэмжлэгч Ч.Ө нь Л.Б ба Х.О нартай хуульд заасан шаардлагыг хангаж, харилцан хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авч хэлцэл байгуулсан гэх үндэслэл тогтоогдоогүй” гэж дүгнэсэн байна. Гэтэл хавтаст хэрэгт ярилцаж байсан талаар нотлох баримт хангалттай байгаа бөгөөд хариуцагч нартай энэ талаар тохиролцсон нь тогтоогдсон байдаг.

4.3 Мөн магадлалын хянавал хэсэгт Иргэний хуулийн 493.1, 493.6 хэсгийг үндэслэсэн боловч тогтоох хэсэгт орхигдуулсан. Харин анхан шатны шүүхийн шийдвэрт үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэсэн зүйл байхгүй юм. Үүнээс үзвэл давж заалдах шатны шүүхийн 210/МА2022/02115 магадлал хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, үндэслэл бүхий байх шаардлага хангахгүй байна.

4.4 Нэхэмжлэгчийн тодорхойлсон шатаж гэмтсэн эд зүйлсээс 128,000 төгрөгийн бодит хохирол учирсан болох нь баримтаар тогтоогдсонгүй, ус алдсаны улмаас учирсан хохирол 734,750 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй болохоо нэхэмжлэгч нотлоогүй байхад хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй гэж давж заалдах шатны шүүхээс үзсэн нь хавтаст хэрэгт энэ талаар бэхжүүлсэн фото зураг болон бусад нотлох баримтыг бүрэн, үнэн зөв үнэлээгүй байна.

4.5 Хариуцагч Л.Б, Х.О нар нь дээврийн зардлыг тухай бүрд нь өгөөгүй учраас байрны дээврээс ус алдаж нэхэмжлэгч *******ын эд хөрөнгөд хохирол учирсан үйл баримт хангалттай тогтоогдож, энэ талаар анхан шатны шүүхээс дүгнэсэн байхад давж заалдах шатны шүүхээс гэм буруугийн шалтгаант холбоо тогтоогдохгүй, анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчдийн хуралдааны 2023.02.02-ны өдрийн 001ШХТ2023/000142 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Өын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

7. Нэхэмжлэгч Ч.Ө нь хариуцагч Х.О, Л.Б, Х.М, Ц.Бнарт холбогдуулан 2020, 2021 онд хийсэн дээврийн засварын ажлын зардалд 2,815,000 төгрөг, гадна фасадны засварын ажлын зардал 80,000 төгрөг, ус алдсаны улмаас учирсан хохирол 3,621,500 төгрөг, нийт 6,516,510 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шаардлагын үндэслэлээ “... Манай байр 1993 онд ашиглалтад орсон 3 давхар амины орон сууц ... 1993 оноос нэг ч удаа завсар хийгээгүй байсан бөгөөд дээвэр муудсан тул дээврээс ус алдаад байсан. Бид олон удаа засвар хийх талаар ярилцаад 2020 оны 04 дүгээр сард засварын ажил хийсэн. Нэхэмжлэгч Ч.А3 давхарт, хариуцагч Л.Б 2 давхарт, манайх 1 давхарт амьдардаг. Хариуцсан талбайн дээд талын дээврийг доор нь байгаа айлууд хуваалцаж засвар хийхээр болсон. Эзэмшиж байгаа талбай хувийнх бөгөөд СӨХ гэж байхгүй тул өөрсдөө хийдэг. ... Мөн Л.Бынхоос 2020.12.10-ны өдөр ус алдсан. ... Би 2020 оны 04 дүгээр сараас 06 дугаар сар хүртэл нэг давхартаа шинэчилсэн засвар хийж бүх зүйлээ зассан. Дээврийн засварын ажлыг хийлгэхэд надад Л.Бтой маргах шаардлага байхгүй ба 2021 онд хийсэн засварын төлбөрөө өгөөгүй....” гэж тайлбарласан байна.

8. Нэхэмжлэгч Ч.Ань хариуцагч Х.О, Л.Б, Х.М, Ц.Бнарт холбогдуулан 1,959,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба шаардлагын үндэслэлээ “... Ч.Абайрны гуравдугаар давхарт амьдардаг бөгөөд хариуцагч нар дээврийн засварын зардлын ногдох хэсгээ төлөөгүй явдал нь дээврээс ус алдаж манай байранд хохирол учрахад нөлөөлсөн” гэх агуулгаар тодорхойлжээ.

9. Хариуцагч Х.О, Л.Б нар нь Ч.Ө, Ч.Аын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч “...Ус алдсан гэдэг асуудал манайхаас болоогүй. Муудсан барилга, дээвэртэй холбоотой. Зун бороо ороход байнгын ус алддаг. ... Манайхаас ус алдаагүй, нэхэмжлэгч өөрсдөө засвар хийж байгаад нойлын өрөөнөөсөө ус алдсан байсан. ... Бороо орж ус алдсан тул манайх өөрсдөө засна гэж гурван удаа завсар хийсэн. Хэрэгцээ шаардлагатай үед төлбөрөө өгч байсан. ... Нэхэмжлэгч тухайн байрны зохион байгуулалтыг өөрчилсөн явдлаас ус алдалт үүсдэг. Одоо энэ байр нурахад бэлэн болсон байгаа. Дөрвөн айл байдаг байсныг найман айл оруулж өрөөнүүдийг түрээслэхдээ зураг төслийг өөрчилсөн байдаг. Давхар шугамын хоолойг өөрчилснөөс болж ус алдалтын асуудал их гардаг. Борооны уснаас болж гурван давхраас нэг давхар руу тэр чигтээ ус алддаг. Энэ хохирлоо надаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.” гэж маргасан байна.

10. Хариуцагч Х.М, Ц.Бнар нь нэхэмжлэгч Ч.Ө, Ч.Аын нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... Бид Л.Боос ...................-ны ...................байрны 2 тоотод байрлах 86 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 2 давхрын үл хөдлөх эд хөрөнгийг 2020.07.27-ны өдөр худалдан авч, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсон. Маргаан бүхий үйл явдал намайг орон сууц худалдан авахаас өмнө буюу 2020 оноос эхэлж амины орон сууцны дээврээс ус гоожиж эхэлсэн байна. ... Тус амины орон сууцны 2 дугаар давхарт манайх амьдардаг бөгөөд дээвэр муудаж, ус гоожсоны улмаас 1 болон 3 дугаар давхрын айлуудын хийсэн засварын хөлс, гадна фасадын ажлын хөлсийг бид хариуцах ёсгүй бөгөөд нэхэмжлэгч нартай засварын ажлын талаар ярилцаж, тохиролцсон зүйлгүй...” гэж маргажээ.

11. Анхан шатны шүүх хариуцагч Х.О, Л.Б нараас гэм хорын хохиролд нийт 8,476,210 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Өт 6,517,210 төгрөгийг, нэхэмжлэгч *******т 1,959,000 төгрөгийг тус тус олгуулахаар, хариуцагч Х.М, Ц.Бнарт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба “... хариуцагч Х.О Л.Б нар гэм буруугүй болохоо баримтаар нотлоогүй, оршин суугч өөрийн өмчлөлийн эд зүйлээ хамгаалах, арчлах, засвар үйлчилгээ хийх, засаж сайжруулах үүрэгтэй тул бусдад учруулсан хохирлоо төлөх нь зүйтэй, харин хариуцагч Х.М, Ц.Бнар маргаан бий болсон цаг хугацаанаас хойш өмчлөгч болсон тул тэдэнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй” гэж үзсэн.

12. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Х.О, Ч.Б нараас 2,758,750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Өт олгон үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, *******ын бүх хариуцагчид холбогдуулсан нэхэмжлэлийн шаардлага болон Ч.Өын хариуцагч Х.М, Ц.Бнарт холбогдуулан гаргасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Магадлалд үндэслэлээ “... 2020.12.10-ны өдөр ус алдсаны улмаас 2,758,750 төгрөгийн хохирол учирсан баримтаар тогтоогдсон тул хариуцагч Х.О, Л.Б нараас гаргуулж Ч.Өт олгох, ... сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдаагүй, Ч.Ө, Х.О, Л.Б нарын хооронд хэлцэл хийгээгүй тул үлдэх хэсэг болох дээврийн засвар, зардалтай холбоотой шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй. Нэхэмжлэгч *******т учирсан гэх хохиролд хариуцагч Л.Б, Х.О нарын зардал төлөөгүй гэх эс үйлдэл шалтгаант холбоотой нь тогтоогдохгүй, нэхэмжлэгч нар хариуцагч Х.М, Ц.Бнараас шаардах эрхгүй” гэж дүгнэжээ.

13. Нэхэмжлэгч Ч.Ө, Ч.А нь хэд хэдэн хариуцагч тодорхойлон гурван ялгаатай үндэслэлээр мөнгөн хөрөнгө гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэх явцдаа нэхэмжлэгч тус бүрийн хариуцагч бүрт холбогдуулсан нэхэмжлэлийн шаардлагыг ялган тодорхойлж, харилцаа тус бүрт үндэслэл бүхий дүгнэлт өгч чадаагүйн улмаас шийдвэр үндэслэл бүхий бөгөөд хууль ёсны болсонгүй. Харин давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч тус бүрийн гаргасан шаардлагыг хариуцагч бүрт холбогдуулан хэрэгт авагдсан баримтын хүрээнд тодорхойлж, маргаантай эрх зүйн харилцааг зөв тогтоон, шаардах эрх тус бүрээр дүгнэлт өгсөн нь үндэслэл бүхий болсон ба анхан шатны шүүхийн алдааг хуулийн дагуу, зохих ёсоор залруулсан байна.

Иргэний хэргийн шүүхийн ажиллагаа нь хувийн эрх зүйн тэгш эрхийн харилцаанд бий болсон маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа тул нэхэмжлэгч хэнд холбогдуулан ямар шаардлага гаргах нь түүний бүрэн эрх байдаг бол гаргасан шаардлагаа өөрөө нотлох нь түүний үүргийн асуудал болно. Нэхэмжлэгч анхан шатны шүүхэд нэхэмжлэлээ гаргахдаа хариуцагч тус бүрт холбогдуулсан шаардлагыг холбогдох үйл баримттай уялдуулан ялгавартай тайлбарлаж чадаагүй байх боловч шүүхэд мэдүүлэх үндсэн эрхийг хангах үүднээс нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн шүүхийн ажиллагааг буруутгах үндэслэлгүй. Улмаар шүүхээс хэрэгт цугларсан баримт, шүүх хуралдааны хэлэлцүүлэг, холбогдох бусад ажиллагааг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар тодотгон дүгнэснийг нэхэмжлэгч зөв болсон гэж тайлбарлан маргаагүй байна. Үүнд:

13.1.Нэхэмжлэгч Ч.Ө хариуцагч Х.О, Л.Б, Х.М, Ц.Бнарт холбогдуулан

- 2020, 2021 онд хийсэн дээврийн засварын ажлын зардалд 2,815,000 төгрөг,

- гадна фасадны засварын ажлын зардал 80,000 төгрөг,

- ус алдсаны улмаас учирсан хохирол 3,621,500 төгрөг, нийт 6,516,510 төгрөгийг гаргуулах;

13.2.Нэхэмжлэгч *******, хариуцагч Х.О, Л.Б, Х.М, Ц.Бнарт холбогдуулан

-дээврийн засварын зардлаа хугацаандаа төлөөгүйн улмаас дээврээс борооны ус алдаж учирсан хохиролд 1,959,700 төгрөг гаргуулах гэж тодорхойлсон.  

14. Зохигчид маргааны зүйл болох барилга нь ..................., 1993 онд баригдсан, 3 давхар, 12 айлын нэг орцтой үл хөдлөх эд хөрөнгө болох, тус барилгын дээр дороо байрлалтай гурван айлын сууцанд нэгдүгээр давхарт нэхэмжлэгч Ч.Ө, хоёрдугаар давхарт хариуцагч Х.О, Л.Б (2020.07 сараас Х.М, Ц.Бнарын өмчлөлд шилжсэн), гуравдугаар давхарт Ч.Аамьдардаг үйл баримтын тухайд маргаагүй. Түүнчлэн тус сууцны барилга нийтдээ 12 сууцанд хуваагдан сууц өмчлөгчдийн холбоо байгуулах ёстой олон өмчлөгч бүхий сууцанд хамаарч буй боловч ийм холбоо байгуулаагүй өнөөдрийг хүрсэн үйл баримтын тухайд зохигч маргаагүй. Зохигчийн амьдарч буй барилгын дээвэрт засвар хийгээгүй удсаны улмаас борооны ус их хэмжээгээр гоожиж нэвчдэг, доод айлуудыг бүхэлд нь хамарсан ус алдалт болж байсан нөхцөл байдлын талаар зохигч адил агуулга бүхий тайлбар гаргаж байх ба уг нөхцөл байдлыг арилгахаар 2020 оны 04 дүгээр сард дээврийн засварын ажил эхэлсэн гэжээ.

15. Хариуцагч Х.О нь хариуцагч Л.Бын төрсөн эх байх ба 2017.12.21-ний өдөр ...................дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлж, өмчлөх эрхийг хүү Л.Бт 2019.07.29-ний өдөр шилжүүлжээ /хх-ийн 69, 70 дугаар тал/. Мөн байрны нэг давхарт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү...........дугаартай сууцыг Ч.Ө өмчилдөг талаар шүүх хуралдаанд тайлбарлаж байх ба тус сууц нь нийт 105, 106, 107, 108 гэх дөрвөн дугаар бүхий хаягтайгаас 105 тоот нь 81 м2 талбайтай талаарх баримт хэрэгт авагдсан байна. Барилгын гуравдугаар давхарт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү...........дугаар бүртгэсэн 6 тоот сууцыг Ч.Аөмчилдөг, түүний өмчилж буй талбай 86 м2 болох тухай баримт мөн хэрэгт авагджээ. Өөрөөр хэлбэл, тус барилгын нийт 12 сууцны өмчлөгчийн 3 нь Ч.Ө, *******, Л.Б (2020.07.28-ны өдрийг хүртэлх хугацаанд) нар байсан үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

 16. Нэхэмжлэгч Ч.Ө барилгын дээврийн чанар муудсаны улмаас борооны ус нэвчиж, энэ муудсан дээврээс доош харгалзах 3 сууцны айлуудад ус нэвт алддаг тул дээврийн засварыг хийлгэхээс өөр аргагүй байдалд хүрч 2020.04 дүгээр сард эхлүүлсэн засварын зардал 8,445,000 төгрөг болсныг 3 сууцны өмчлөгчид тэнцүү хувааж нэг айлд ногдох зардал 2,815,000 төгрөгийг Х.О, Л.Б, Х.М, Ц.Бнараас гаргуулна гэж маргажээ. Тус шаардлагыг давж заалдах шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон байх ба хариуцагч Х.О, Х.М, Ц.Бнар тухайн үед сууцны өмчлөгч байгаагүй гэж, харин хариуцагч Л.Бтой зардал хуваах талаарх холбогдох гэрээ хэлцлийг байгуулаагүй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй байна.

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.3-т “Орон сууцны дээвэр ... тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээ, даатгал болон холбогдох бусад зайлшгүй зардлыг санхүүжүүлэхэд сууц өмчлөгчийн оролцох хэмжээг тодорхойлохдоо сууц эзэмшигчийн дангаар өмчлөх талбайг, тухайн орон сууцны байшингийн дангаар өмчлөх өмчлөлд байгаа нийт талбайд харьцуулан гаргана.” гэж заасан Өөрөөр хэлбэл, сууцны зориулалттай барилгын дангаар өмчлөлийн нийт талбайн дүн “х” хэмжээтэй, нэг өмчлөгчийн дангаар эзэмшлийн талбай “у” хэмжээтэй бол “х” талбайг 100 хувь гэж үзвэл “у” талбайн “х” талбайд ногдох хувийг тогтоох замаар дундын өмчид гарсан зардлаас өмчлөгч тус бүрийн хариуцах хувийг тодорхойлох үндсэн зарчим баримтлах учиртай.

 Тухайн барилга нийт 12 сууцтай бөгөөд 3 сууц өмчлөгчийн хооронд маргаан үүссэн байх ба нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаар харгалзах дээврийн зардлыг түүний дор амьдарч байгаа гурван өмчлөгч хариуцахаар тохирсон гэжээ. Тус үндэслэлийг нотолсон баримт хэрэгт үгүй байна. Аливаа барилгын дангаар өмчлөлийн хэсэгт дундын өмчийн зүйл шууд бэхлэгдсэн (жишээлбэл, хамгийн дээд давхарт амьдарч байгаа айлын хувьд түүний дээр байрлах дээврийн хэсэг, захад байрлаж буй айлын хувьд шууд харгалзах барилгын гадна ханын хэсэг г.м) нь тухайн хэсгийн засварыг уг өмчлөгч хариуцах үр дагаврыг бий болгохгүй. Аливаа эд хөрөнгийг дундаа өмчлөх гэдэг нь тухайн эд хөрөнгийг бодит хэсгээр хуваах асуудал бус, хийсвэр байдлаар хувилан тооцож ногдол хувийг тогтоохыг хэлнэ.

Иймд засвар шаардлагатай дээврийн хэсэг гурван айлд шууд харгалзаж буй нь тухайн зардлыг гурван өмчлөгч хариуцна гэж дүгнэхгүй. Гэвч тухайн этгээдүүд бусад өмчлөгчдөд хариуцуулахгүйгээр гагцхүү өөрсдөө хариуцахаар тусгайлан тохирч болохыг үгүйсгэхгүй. Харин энэ тохиолдолд энэ тухай тохиролцоо хангалттай тодорхой байх учиртай. Учир нь тус тохиролцоо хуулиар тусгайлан тогтоосон сууц өмчлөгч нарын дундын өмчийн зүйлийн арчлалт хамгаалалт, их засвартай холбоотой зардлыг хэрхэн хариуцах тухай тодорхой дүрмээс өөрөөр тохирсон зохицуулалт болно.

Нэхэмжлэгч Ч.Ө дээрх агуулга бүхий тохиролцоо гурван өмчлөгч нарын хооронд хийгдсэн гэж үзэн Л.Бын утсанд илгээсэн гэх зурвасуудын гэрэл зургийг шүүхэд өгчээ. Гэвч хариуцагч ингэж тохироогүй гэж мэтгэлцэн тайлбар, цахим нотолгоог үгүйсгэж буй тохиолдолд эдгээр зургууд нь нотлох баримтын шаардлага хангасан байдлаар хэрэгт авагдсан байх учиртай. Энэ шаардлагыг нэхэмжлэгчийн баримтууд хангаагүй буюу нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу шаардлагын үндэслэлээ нотлох үүргээ биелүүлсэнгүй.

Нийт өмчлөгчдийн дангаар өмчлөлийн талбай тодорхойгүй, нэхэмжлэгчийн өмчилж байгаа сууцыг 105, 106, 107, 108 гэх тоогоор дугаарлан хаягласан байх ба 105 дугаарт хамаарах сууцны талбайн хэмжээ гэрчилгээнд дурдагдсан, *******, Л.Б нарын эзэмшиж байгаа болон байсан сууцнаас бусад сууц өмчлөгчдийн талбай, дангаар өмчлөх нийт болон ногдох талбайн хэмжээ тодорхойгүйгээс дээврийн засварын зардал гэх дүнгээс сууц өмчлөгч бүрт ногдох хэсгийг эргэлзээгүй тооцох боломжгүй байна. Эдгээр болон өмнө дурдсанчлан гурван өмчлөгчийн хоорондын тохиролцоо байсан нь тогтоогдоогүй гэх үндэслэлээр дээврийн засварын зардал 2,815,000 төгрөг, гадна фасадны зардал 80,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэстэй.

17. Нэхэмжлэгч Ч.Өын хариуцагч Л.Б, Х.О нарт холбогдуулан гаргасан 2020.12.10-ны өдөр ус алдсаны улмаас учирсан хохиролд 3,621,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 2,758,750 төгрөгт холбогдох хэсгийг нотлох баримтыг үнэлэн хангаж шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэл бүхий гэж үзнэ. Хариуцагч нарын буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч Ч.Өын сууцанд 2,509,850 төгрөгийн хохирол учирч засвар хийгдсэн, үнэлгээний зардалд 194,700 төгрөг төлсөн, 54,200 төгрөгөөр хивсээ угаалгасан зэрэг нөхцөл байдал нь хуулийн шаардлага хангасан нотлох баримтаар тогтоогдсон байх ба хоёр шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийг тус тус зөв тайлбарлан хэрэглэжээ.

 18. Нэхэмжлэгч Ч.Ө хяналтын журмаар гаргасан гомдолдоо давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй гэсэн боловч тогтоох хэсэгтээ тус заалтыг баримталсан нь хууль зөрчсөн талаар дурдсан байна. Нэхэмжлэгч Ч.Ө нь хариуцагч Л.Б болон байрыг эзэмшилдээ байлган амьдарч байсан Х.О нараас тэдний ус алдсан буруутай үйлдлээс учирсан гэм хороо арилгуулах эрх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар үндэслэлтэй гэж хоёр шатны шүүх дүгнэсэн.  Харин дээврийн засварын зардлаас зохих хэсгийг хариуцагчаас шаардах нэхэмжлэгчийн эрхийн үндэслэл тус бүрийг шалгасан болохоо илтгэж Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан зохицуулалтыг магадлалын тогтоох хэсэгтээ баримталсныг буруутгахгүй.

19. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч *******ын хариуцагч нарт холбогдуулан гаргасан шаардлага, нэхэмжлэгч Ч.Өын хариуцагч Х.М, Ц.Бнарт холбогдуулан гаргасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй буюу магадлалд дурдсан гэм буруугийн байдал, үйлдэл, үр дагаврын шалтгаант холбооны талаарх хууль зүйн дүгнэлтийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Иймд нэхэмжлэгч Ч.Өын хариуцагч Х.М, Ц.Бнараас 6,516,510 төгрөг гаргуулах, нэхэмжлэгч *******ын хариуцагч Х.О, Л.Б, Х.М, Ц.Бнараас 1,959,700 төгрөг гаргуулах тухай шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээнэ.

20. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Өын хяналтын журмаар гаргасан “... хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлээгүй, магадлалын үндэслэл ба тогтоох хэсэг зөрүүтэй, гэм буруугийн шалтгаант холбоогийн талаар үндэслэлгүй дүгнэсэн” гэх агуулга бүхий гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 210/МА2022/02115 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Өын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Ч.Ө хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023.01.10-ны өдөр төлсөн 106,431 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ЭРДЭНЭСУВД

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                   Г.АЛТАНЧИМЭГ

                           ШҮҮГЧИД                                                          М.БАТСУУРЬ

                                                                                                           Н.БАЯРМАА

                                                                                                            П.ЗОЛЗАЯА