Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/02115

 

 

2022 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/02115

 

 

А, Б- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч М.Баясгалан, Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2022/03415 дугаар шийдвэртэй,

А, Б- нарын нэхэмжлэлтэй

В-, Г-, Д-, Ц- нарт холбогдох,

8,476,210 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Г-ын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч, нэхэмжлэгч Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А, хариуцагч Г-, хариуцагч Д-, Ц- нарын өмгөөлөгч Ц.Жадамба, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нар нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж, АОС 45 дугаар байрны 1 болон 3 давхарт ***1 болон ****2-д оршин суудаг. Хариуцагч В-, Г- нар нь тус орон сууцны дунд хэсэгт буюу 2 давхарт амьдардаг. Тус амины орон сууцны засвар үйлчилгээг оршин суугчид бид харилцан тохиролцож хийсээр ирсэн. Тус орон сууц нь 1993 онд ашиглалтад орсон бөгөөд 2020 оноос эхлэн дээвэр муудаж, ус нэвтэрдэг болсон. Хариуцсан талбайн дээд талын дээврийг доор нь байгаа айлууд хуваалцаж засвар хийхээр болсон ба Г- нь завсар хийхийг зөвшөөрсөн тул 2020 оны 4 дүгээр сараас эхлэн дээврийн ажлын засварын ажлыг эхлүүлсэн. Гэтэл Г- нь манайд хамааралгүй гэх үндэслэлээр мөнгө өгөхгүй байсны улмаас засварын ажил зогссон. Үүний улмаас засварын ажил зогсож, орон сууцны 1 дүгээр давхар хүртэл ханаараа ус урсан орж, 3 давхарт байрлах цахилгааны шийд рүү ус нэвтэрсэн. Нэгэнт засварын ажил эхэлсэн, байр бүхэлдээ аюултай байдалд орсон учраас засвар хийхээс өөр арга байгаагүй. Дээврийн ажлын засварын хөлсийг тус дээврийн доор амьдардаг гурван айлдаа хуваасан.

Нэхэмжлэгч нь 2020 оны 04 дүгээр сараас, 06 дугаар сар хүртэл нэг давхраа шинэчилж, засвар хийсэн байсан. Гэтэл Г-оос 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ус алдсан ба 2021 онд дахин засвар хийсэн. Иймээс ус алдсан хохирлын мөнгөө нэхэмжилж байна. Мөн 2020 оны 6 дугаар сард оршин суугчид тохиролцоод байрны гадна фасад хийлгэсэн бөгөөд Г- нь фасадны материалын мөнгө өгсөн боловч ажлын хөлсний мөнгийг өгөөгүй.

Хариуцагч нар орон сууцаа бусдад худалдсан гэж хэлдэг боловч одоог хүртэл амьдарч байгаа. Иймээс хариуцагч нараас дээврийн ажлын төлбөрт 2,815,000 төгрөг, 1

давхарт халуун ус алдсан болон дээврийн ус гоожсоноос 3 давхарт гарсан засварын төлбөрт 5,581,210 төгрөг, гадна фасадны ажлын төлбөр 80,000 төгрөг, нийт 8,476,210 төгрөгийн зардлыг хариуцагч нараас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч В-, Г- нарын татгалзал, тайлбарын агуулга: Тус орон сууц нь хуучирснаас болж зун болгон дээврээс ус алддаг. 2020 оны зун ус алдахад нэхэмжлэгч нар аялалаар явсан байсан. Манайхаас ус алдаагүй, нэхэмжлэгч нар ариун цэврийн өрөөндөө засвар хийж байгаад ус алдаж байсан. Мөн тухайн байрны зохион байгуулалтыг өөрчилснөөс ус алдалт үүсдэг. Тухайн хохирлоо надаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Гадна талын фасадны ажлын хөлсний төлбөрийг нэхэмжлэгчид төлсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

 

3. Хариуцагч Д-, Ц- нарын татгалзал, тайлбарын агуулга: Д-, Ц- нар нь Г-оос Баянгол дүүрэг, 10 дугаар хороолол, 6 дугаар хороо, АОС-ны 45 дугаар байрны 2 тоотод байрлах 86 м.кв талбайтай, орон сууцыг 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр худалдан авч, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсон. Маргаан бүхий үйл явдал орон сууц худалдан авахаас өмнө буюу 2020 оноос эхэлсэн байна. Д-, Ц- нар орон сууцны дээврээс ус нэвтэрдэг асуудлыг огт мэдэхгүй бөгөөд худалдан авахад Г- энэ талаар хэлээгүй. Мөн А, Б-, В-, Г- нарын хооронд яригдсан дээврийн засвар үйлчилгээ хийлгэх, зардал мөнгийг хуваан төлөх асуудлыг огт мэдэхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас бидэнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

4. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга: В-, Г- нар нь нэхэмжлэгчийн мөнгийг өгөх нь зүйтэй. Д-, Ц- нар нь хамаагүй гэж үзэж байна.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч В-, Г- нараас гэм хорын хохиролд 8,476,210 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ат 6,517,210 төгрөг, нэхэмжлэгч Б- 1,959,000 төгрөгийг олгож, хариуцагч Д-, Ц- нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

6. Хариуцагч Г-ын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүхийн бодит гэм хор учирсан эсэхийг тогтоож чадаагүй, шинжээч томилсон боловч тодорхой дүгнэлт гаргаагүй. Шүүх хуралдаанд дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах хүсэлт гаргасныг хүлээж аваагүй. Хэрэгт АОС-ны 45 дугаар байрны 2 тоотоос ус алдсан талаар тогтоосон баримт байхгүй байхад 3 давхрын дээрээс алдсан ус 3 давхар, 1 давхрын айлуудад учирсан хохирлыг төлүүлж байгаа нь үндэслэлгүй байна.

Шүүх нотлох баримт дутуу үнэлсэн, хэргийг тал бүрээс нь шинжлэн судлаагүй. Нэхэмжлэгч нар өөрсдөө үндэслэлгүй өндөр дүнгээр үнэлгээ хийлгэсэн. Гэм хор учраагүй, гэм буруутай эсэх нь бодитоор тогтоогдоогүй байхад шийдвэр гаргасан нь үндэслэлгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч Г- тухайн орон сууцыг 2017 онд худалдаж авахад ус алддаг хуучны орон сууц байсан гэх тайлбарыг өгсөн. 2020 он хүртэл Г-ын гэрт ус алдаж байгаагүй. Г-ын паар нь хагараад халуун ус алдсан, үүний тодорхойлолт гаргуулж, шинжээч томилуулаад хохирлын үнэлгээг тогтоолгож нэхэмжилсэн. Мөн хувийн орон сууц учраас коридорын засвар үйлчилгээг өөрсдөө хийдэг. Тухайн орон сууц олон жил болсон учраас дундын өмчлөлийн цахилгааны шийд рүү ус орж аюултай байдал үүссэн. Өмнөх жил нь засвар хийнэ гэж ярилцсан хэдий ч Г- мөнгө өгөөгүй.

Г-ыг анх хариуцагчаар татахад тухайн орон сууцад амьдардаггүй гэх тайлбар өгч удаа дараа зугтаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатайгаар саад учруулж худал мэдүүлэг өгсөн. 2 жилийн хугацаанд надад хамааралгүй гэх тайлбар өгсөөр шүүх хуралдаанд оролцохдоо шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Бүх засварыг хийж дууссаны дараа шинжээч дүгнэлт гаргах боломжгүй учраас энэ талаар гомдолд дурдсан нь үндэслэлгүй. Ус алдсан шалтгаан нь дундын өмчлөлийн засвар үйлчилгээг хийхгүй байснаас үүдсэн бөгөөд амины орон сууц бүхэлдээ цахилгаангүй болох аюултай байсан.

 

8. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч Д-, Ц- нарын өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Уг маргаан Ц-, Д- нар тухайн орон сууцны өмчлөгч болохоос өмнө үүссэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, үнэн зөв талаас нь үнэлж чадаагүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйг залруулан дүгнэж шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч А нь 2020, 2021 онд хийсэн дээврийн засварын ажлын зардал 2,815,000 төгрөг, гадна фасадны засварын ажлын зардал 80,000 төгрөг, ус алдсаны улмаас учирсан хохирол 3,621,500 төгрөг, үндэслэл заалгүй 10 төгрөг, нийт 6,516,510 төгрөг,

нэхэмжлэгч Б- дээврээс ус алдсаны улмаас учирсан хохирол 1,959,700 төгрөг тус тус нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан.

 

3. Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж, АОС 45 дугаар байранд 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Г-, В- нарын эзэмшиж ашиглаж буй 2 тоот орон сууцнаас ус алдсаны улмаас ***1од байрлах Аын орон сууцанд хохирол учирсан, үүнийг хариуцагч Г-, В- нар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хариуцан арилгах үүрэгтэй болохыг Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв 14-ийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн орон сууцад гарсан гэмтлийн дүгнэлт, 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 9****2 албан бичиг /1хх 7, 176-177/, хохирлын үнэлгээний тайлан зэрэгт үндэслэн анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

3.1 Ашид билгүүн ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн үнэлгээний тайлан, хэрэгт авагдсан дансны хуулгаар Аын өмчлөлийн орон сууцанд 2,509,850 төгрөгийн хохирол учирсан /1хх 23-76/, үнэлгээний зардалд 194,700 төгрөг төлсөн /1хх 21/, эд хөрөнгийн хохиролд хивс 54,200 төгрөгөөр угаалгасан болох нь баримтаар тогтоогдсон тул дээрх 2,758,750 төгрөгийн хохирлыг ус алдаж гэм хор учруулсан буруутай хариуцагч Г-, В- нараас гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ.

 

3.2 Харин нэхэмжлэгчийн тодорхойлсон шатаж гэмтсэн эд зүйлсээс 128,000 төгрөгийн бодит хохирол учирсан болох нь баримтаар тогтоогдоогүй, ус алдсаны улмаас орцонд учирсан хохирол 734,750 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй болохоо нэхэмжлэгч нотлоогүй байхад хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй тул 862,750 төгрөгийн хохирол гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно.

 

4. Нэхэмжлэгч Б- нь дээврээс ус алдсаны улмаас учирсан хохирол 1,959,700 төгрөгийг Ашид билгүүн ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн үнэлгээний тайланд үндэслэн нэхэмжилснийг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэснийг хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж зааснаар гэм хор учруулсан гэм буруу бүхий этгээдийн үйлдэл, эс үйлдэл нь учирсан хохиролтой шууд шалтгаант холбоотой байх гэм хорын бүрэлдэхүүнийг хуульчилсан байдаг.

Хариуцагч Г-, В- нарыг дээврийн засварын зардлыг тухай бүр нь өгөөгүйн улмаас байрны дээврээс ус алдаж нэхэмжлэгч Б-ын эд хөрөнгөд хохирол учирсан гэж үзэх гэм буруугийн шалтгаант холбоо тогтоогдохгүй, анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлтийг өгөөгүй тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулах нь зүйтэй.

 

5. 2020, 2021 онд хийсэн дээврийн засварын ажлын зардал 2,815,000 төгрөг, гадна фасадны засварын ажлын зардал 80,000 төгрөгийг нэхэмжлэгч А нэхэмжилсэн.

Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж, АОС 45 дугаар байранд А, Г- ба В-, мөн Б- нар тус тус орон сууц өмчилж, эзэмшдэг боловч Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д зааснаар нийтийн зориулалттай орон сууцны нэг байшинд хоёр буюу түүнээс дээш өрх сууц өмчлөгч болсон тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор сууц өмчлөгчдийн холбоог байгуулаагүй байна.

Мөн тухайн байрны дээврийн засварыг 2020, 2021 онд хийхдээ нэхэмжлэгч А нь Г- ба В- нартай хуульд заасан шаардлагыг хангаж, харилцан хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авч хэлцэл байгуулсан гэх үндэслэл тогтоогдохгүй.

Иймд Аын 2020, 2021 онд хийсэн дээврийн засварын ажил болон гадна фасадны ажлын үр дүнгээр Г- ба В- нарыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжиж, мөн хуулийн 493 дугаар зүйлийн 493.1, 493.6 дахь хэсэгт зааснаар шилжүүлсэн хөрөнгийг ашиглаж олсон үр шимийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлөх үүрэгтэй гэж үзэхгүй.

Энэ талаар анхан шатны шүүх дүгнэлт өгөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй залруулж, 2020, 2021 онд хийсэн дээврийн засварын ажлын зардал 2,815,000 төгрөг, гадна фасадны засварын ажлын зардал 80,000 төгрөг буюу нийт 2,895,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

6. Иргэдийн төлөөлөгч нь хариуцагч Г-, В- нараас мөнгө гаргуулан нэхэмжлэгчид олгуулах дүгнэлтийг гаргасан ба анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж буй өөрчлөлтийг энэхүү дүгнэлтийн хүрээнд хийлээ.

 

7. Тухайн байрны 2 тоот хаягт байрлах орон сууц 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр худалдах, худалдан авах гэрээний дагуу Д-, Ц- нарын өмчлөлд шилжсэн /1хх 175, 217-218, 220/. Ийнхүү өмчлөл шилжсэний дараа Г-, В- нар үргэлжлүүлэн тухайн орон сууцыг эзэмшиж, ашиглаж буй үйл баримт тогтоогдсон тул анхан шатны шүүх хариуцагч Д-, Ц- нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

8. Анхан шатны шүүх нь улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилахдаа баримталбал зохих хуулийн зохицуулалтыг хэрэглээгүйг залруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээнд улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилсан өөрчлөлтийг шийдвэрт оруулна.

Мөн нэхэмжлэлийн шаардлагад үндэслэл заагаагүй 10 төгрөгийн шаардлага буйг дурдах нь зүйтэй.

 

9. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг анхан шатны шүүх зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрх хуульд зааснаар хангасан байх ба хариуцагчийн шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтийг 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШТ2022/00430 дугаар тогтоолоор хангахгүй орхисон нь үндэслэлтэй тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй.

 

10. Нийт өгсөн дүгнэлтээр давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч Г-, В- нараас 2,758,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ат олгож, нэхэмжлэгч А, Б- нарын нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,717,460 төгрөгт /862,750+1,959,700+2,895,000+10/ холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон, мөн зохих хуулийн хэрэглээний нэмэлт өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2022/03415 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч В-, Г- нараас 2,758,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ат олгож, нэхэмжлэгч А, Б- нарын нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,717,460 төгрөг гаргуулах хэсгийг болон хариуцагч Д-, Ц- нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А, Б- нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150,570 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч В-, Г- нараас 59,090 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ат олгосугай гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч Г-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150,570 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Т.БАДРАХ