Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2021/00559

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2021/00559

Улаанбаатар хот

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Нэхэмжлэгч:  М овогт З.А-ийн нэхэмжлэлтэй,  

 

Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, 

 

Үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, гэрч С.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2020/00734 тоот дугаартай “Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжаар иргэн З.А, Ө.М нараас 41 438 62,83 төгрөг гаргуулж Төрийн банканд олгох, хариуцагч нар шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар захирамжилсан. Дээрх шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад З.А-ийн өмчлөлийн ХХХ дүүргийн 4 дүгээр хороо, 0001 дүгээр гудамж, 3а тоот хаягт байрлах хүнсний дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон 170 м.кв талбайтай хувийн сууцыг үнэлүүлэхээр, 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр “Баян модот” ХХК-ийг шинжээчээр томилсон. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч З.А намайг хуулийн мэдлэг дутмаг байдлыг ашиглан шинжээчийн дүгнэлтийн талаар тайлбарлан хэлж ойлгуулалгүй хэд хэдэн бичиг баримт дээр шууд гарын үсэг зуруулсан. Иймд миний хувьд ХХХ дүүргийн 4 дүгээр хороо, 0001 дүгээр гудамж, 3а тоот хаягт байрлах хүнсний дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон 170 м.кв талбайтай хувийн сууцыг шинжээчийн дүгнэлтээр 83 071 127,69 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч байна. Учир нь тухайн шинжээч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө, газрын үнийг тогтоохдоо зах зээлийн үнээс хэт доогуур үндэслэл муутай үнэлж, үнэгүйдүүлсэн. Тухайлбал, ойр орчмын газрууд хамгийн багадаа 12 000 000 төгрөгийн үнэлгээтэй байхад нэхэмжлэгчийн газрыг 4 915 900 төгрөгөөр үнэлсэн нь үнэлгээ хийх суурь зарчмуудтай нийцэхгүй, өмч хөрөнгийг үнэгүйдүүлсэн. Мөн хувийн сууц болон дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг мөн бодит нөхцөл байдалд нийцэхгүйгээр зах зээлийн үнээс доогуур үнэлж, үндэслэлгүйгээр үнэгүйдүүлж байна. Дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө тухайн газарт хамгийн багадаа 30 000 000 төгрөгийн үнэлгээтэй, хувийн сууц нь 60 000 000 төгрөгийн үнэлгээтэй байгаа юм. Иймээс дээрх үндэслэлээр шинжээчийн үнэлгээг эс зөвшөөрч байгаа тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасныг үндэслэн шүүхэд хандсан тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2020/00734 тоот дугаартай захирамжаар З.А, Ө.М нараас 41 438 62,83 төгрөг гаргуулж Төрийн банк ХХК-д олгон шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд З.А-ийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай ХХХ дүүргийн 4 дүгээр хороо, 0001 дүгээр гудамж, 3а тоот хаягт байрлах 48 м.кв талбайтай хүнсний дэлгүүрийн зориулалттай хувийн сууцыг 451 м.кв талбайтай газрын хамтаар, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000001 дугаарт бүртгэлтэй дугаартай ХХХ дүүргийн 4 дүгээр хороо, 0001 дүгээр гудамж, 3а тоот хаягт байрлах 170 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд дурдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай ХХХ дүүргийн 4 дүгээр хороо, 0001 дүгээр гудамж, 3а тоот хаягт байрлах 48 м.кв талбайтай, хүнсний дэлгүүрийн зориулалттай хувийн сууцыг 451 м.кв талбайтай газрын хамтаар мөн эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000001 дугаарт бүртгэлтэй дугаартай ХХХ дүүргийн 4 дүгээр хороо, 0001 дүгээр гудамж, 3а тоот хаягт байрлах хөрөнгүүдийг тус тус 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 20290974/01, 20290974/02 дугаар тогтоолоор тус тус битүүмжлэн, 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 2029097403 дугаар тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нараас үнийн санал авахад төлбөр төлөгч З.А, Ө.М нар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналаа 70 000 000 төгрөгөөр үнэлсэн үнийн саналаа 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн, төлбөр авагч Төрийн банк нь зах зээлийн үнийг шинжээч томилуулан гаргах хүсэлтийг тус тус ирүүлсэн. Талууд харилцан тохиролцоогүй тул хөрөнгийн үнэлгээний  “Баян-Модот” ХХК-ийг 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 9/452 дугаар тогтоолоор шинжээчээр томилоход 83 071 100 төгрөгөөр үнэлсэн. Шинжээчийн үнэлсэн хөрөнгийн тайланг 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 4-140/36660 дугаар албан бичгээр төлбөр төлөгч З.А, Ө.М нарт биечлэн хүргүүлсэн. Төлбөр төлөгч нар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасны дагуу өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах санал гаргасны дагуу шийдвэр гүйцэтгэгч ШШГТХ-ийн 62.2-д заасны дагуу 1 сарын хугацаа олгосон. Төлбөр төлөгч З.А нь шинжээчийн үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаснаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 199 дүгээр захирамжаар түдгэлзсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу үнэлгээний талаарх гомдлоо 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44.3-т иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно гэж заасан. Иймд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа нь хуулийн дагуу байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч З.А нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөржээ. 

 

           Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт талууд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо мөн хуулийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргахаар хуульчилсан бөгөөд уг хугацааг алдсан явдал нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болдог.

 

Хэргийн баримтаас үзэхэд улсын бүртгэлийн Г-00000000ХХ дугаартай, ХХХ дүүгийн 4 дүгээр хороо, 0001 дүгээр гудамж, 3а тоот хаягт байршилтай, 451 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газар, улсын бүртгэлийн Ү-0000000001 дугаартай, ХХХ дүүгийн 4 дүгээр хороо, 0001 дүгээр гудамж, 3а тоот хаягт байрлах, 170 м.кв талбайтай, хувийн сууц зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай,  ХХХ дүүгийн 4 дүгээр хороо, 0001 дүгээр гудамж, 3а тоот хаягт байрлах 48 м.кв талбайтай, хүнсний дэлгүүрийн зориулалтай үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгч нь З.А байх бөгөөд Төрийн банк ХХК, З.А, Ө.М нарын хооронд 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дээрх эд хөрөнгүүдийг барьцаалсан байна.  

 

Зээлдэгч З.А, Ө.М нар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас зээлдүүлэгч Төрийн банк ХХК нь шүүхэд хандаж, улмаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2020/00734 дугаар захирамжаар хариуцагч З.А, Ө.М нараас 41 438 962,83 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 217 672 төгрөгийг тус тус гаргуулж, хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл гэрээний үүрэг хангуулах барьцаа хөрөнгө болох , ХХХ дүүгийн 4 дүгээр хороо, 0001 дүгээр гудамж, 3а тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Г-00000000ХХ дугаартай 451 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газар ХХХ дүүгийн 4 дүгээр хороо, 0001 дүгээр гудамж, 3а тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-0000000001 дугаартай, 170 м.кв талбайтай, хувийн сууц зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө, ХХХ дүүгийн 4 дүгээр хороо, 0001 дүгээр гудамж, 3а тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, 48 м.кв талбайтай, хүнсний дэлгүүр зориулалтай үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэжээ.    

 

Дээрх захирамжид шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 183/ГХ2020/00606 тоот гүйцэтгэх хуудас олгосон байх бөгөөд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар уг гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, төлбөрөө төлөх талаар мэдэгдэн, 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 20290974/01 дүгээр эд хөрөнгийг битүүмжлэх тухай тогтоолоор З.А-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай,  ХХХ дүүгийн 4 дүгээр хороо, 0001 дүгээр гудамж, 3а тоот хаягт байрлах 48 м.кв талбайтай, хүнсний дэлгүүрийн зориулалтай үл хөдлөх хөрөнгө, 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 20290974/02 дугаар эд хөрөнгийг битүүмжлэх тухай тогтоолоор З.А-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-0000000001 дугаартай, ХХХ дүүгийн 4 дүгээр хороо, 0001 дүгээр гудамж, 3а тоот хаягт байрлах, 170 м.кв талбайтай, хувийн сууц зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө, 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 20290974/03 дугаар эд хөрөнгийг битүүмжлэх тухай тогтоолоор З.А-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Г-00000000ХХ дугаартай, ХХХ дүүгийн 4 дүгээр хороо, 0001 дүгээр гудамж, 3а тоот хаягт байршилтай, 451 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газар буюу дээр үл хөдлөх хөрөнгүүдийг хураан авсан үйл баримт тогтоогдож байна. 

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоож болдог ба төлбөр төлөгч, өмчлөгч нар зөрүүтэй үнийн санал өгснөөс Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 9/452 тоот “Шинжээч томилох тухай” тогтоолоор дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг тогтоолгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцсэн байна. 

 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалыг “...тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртөгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж заажээ. 

 

“Б” ХХК нь хөрөнгөд зах зээлийн, орлогын, өртөгийн хандлагын арга тус бүрээр үнэлгээ хийж, үнэлэгдэж буй хөрөнгийг хөрөнгийн үнэлгээний зардлын хандлага болон барилгын төсөвт тооцооллоор, газрыг нормативын аргаар үнэлж, улсын бүртгэлийн Г-00000000ХХ дугаартай, ХХХ дүүгийн 4 дүгээр хороо, 0001 дүгээр гудамж, 3а тоот хаягт байршилтай, 451 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газар, улсын бүртгэлийн Ү-0000000001 дугаартай, ХХХ дүүгийн 4 дүгээр хороо, 0001 дүгээр гудамж, 3а тоот хаягт байрлах, 170 м.кв талбайтай, хувийн сууц зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай,  ХХХ дүүгийн 4 дүгээр хороо, 0001 дүгээр гудамж, 3а тоот хаягт байрлах 48 м.кв талбайтай, хүнсний дэлгүүрийн зориулалтай үл хөдлөх хөрөнгүүдийн зах зээлийн үнэ цэнийг 83 071 127,69  төгрөгөөр тогтоосон байна. Мөн хөрөнгийн зах зээлийн үнийг тогтооход үнэлэгдэж буй хөрөнгийн орлого олох бодит боломж, өртөгийн өнөөгийн үнэ байрлал, шинж чанар, орчны хувьд адил төстэй хөрөнгийн зах зээлд худалдах санал болгож буй үнэ цэнийг жишиг судалгаа хийж харьцуулсан нь үнэлгээний тайланд тодорхой тусгагдсан байна. 

 

Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх шинжээчийн үнэлсэн хөрөнгийн тайланг 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 4-140/36660 дугаар албан бичгээр төлбөр төлөгч З.А, Ө.М нарт биечлэн хүлээлгэж өгсөн, төлбөр төлөгч нар өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулахад 1 сарын хугацаа шаардлагатай байгаа талаар хүсэлт гаргасан зэрэг нь хэргийн баримтаар тогтоогддог. 

 

Иймд нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой мэдэгдлийг 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авсан атал 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд хандан нэхэмжлэлийн шаардлага гаргаснаар хуулиар тогтоосон 7 хоногийн хугацааг хэтрүүлсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэрз гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч З.А-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  





 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.МӨНГӨНТУУЛ