Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/00844

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/00844

 

З.А-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2021/00559 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч З.А-ийн хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2020/00734 тоот дугаартай Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар З.А-, Ө.М- нараас 41 438 62.83 төгрөг гаргуулж Төрийн банкинд олгох, хариуцагч нар шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар захирамжилсан. Дээрх шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад З.А-ийн өмчлөлийн, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Шүхэрчдийн 01 дүгээр гудамж, 3а тоот хаягт байрлах хүнсний дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон 170 м.кв талбайтай хувийн сууцыг үнэлүүлэхээр, 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Б ХХК-ийг шинжээчээр томилсон. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч нь надад шинжээчийн дүгнэлтийн талаар тайлбарлан хэлж ойлгуулалгүй хэд хэдэн бичиг баримт дээр шууд гарын үсэг зуруулсан. Иймд миний хувьд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Шүхэрчдийн 01 дүгээр гудамж, 3а тоот хаягт байрлах хүнсний дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон 170 м.кв талбайтай хувийн сууцыг шинжээчийн дүгнэлтээр 83 071 127.69 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч байна. Учир нь тухайн шинжээч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө, газрын үнийг тогтоохдоо зах зээлийн үнээс хэт доогуур үндэслэл муутай үнэлж, үнэгүйдүүлсэн. Тухайлбал, ойр орчмын газрууд хамгийн багадаа 12 000 000 төгрөгийн үнэлгээтэй байхад нэхэмжлэгчийн газрыг 4 915 900 төгрөгөөр үнэлсэн нь үнэлгээ хийх суурь зарчмуудтай нийцэхгүй, өмч хөрөнгийг үнэгүйдүүлсэн. Мөн хувийн сууц болон дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг мөн бодит нөхцөл байдалд нийцэхгүйгээр зах зээлийн үнээс доогуур үнэлж, үндэслэлгүйгээр үнэгүйдүүлж байна. Дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө тухайн газарт хамгийн багадаа 30 000 000 төгрөгийн үнэлгээтэй, хувийн сууц нь 60 000 000 төгрөгийн үнэлгээтэй байгаа. Иймээс дээрх үндэслэлээр шинжээчийн үнэлгээг эс зөвшөөрч байгаа тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасныг үндэслэн шүүхэд хандсан тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2020/00734 тоот дугаартай захирамжаар З.А-, Ө.М- нараас 41 438 62.83 төгрөг гаргуулж ТБ ХХК-д олгон шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд З.А-ийн өмчлөлийн, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2204031779 дугаартай Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Шүхэрчдийн 01 дүгээр гудамж, 3а тоот хаягт байрлах 48 м.кв талбайтай хүнсний дэлгүүрийн зориулалттай хувийн сууцыг 451 м.кв талбайтай газрын хамтаар, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204026207 дугаарт бүртгэлтэй дугаартай Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Шүхэрчдийн 01 дүгээр гудамж, 3а тоот хаягт байрлах 170 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд дурдсан дээрх хаягт байрлах 48 м.кв талбайтай, хүнсний дэлгүүрийн зориулалттай хувийн сууцыг 451 м.кв талбайтай газрын хамтаар мөн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204026207 дугаарт бүртгэлтэй дугаартай Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Шүхэрчдийн 01 дүгээр гудамж, 3а тоот хаягт байрлах хөрөнгүүдийг тус тус 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 20290974/01, 20290974/02 дугаар тогтоолоор тус тус битүүмжлэн, 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 2029097403 дугаар тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нараас үнийн санал авахад төлбөр төлөгч З.А-, Ө.М- нар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналаа 70 000 000 төгрөгөөр үнэлсэн үнийн саналаа 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн, төлбөр авагч Төрийн банк нь зах зээлийн үнийг шинжээч томилуулан гаргах хүсэлтийг тус тус ирүүлсэн. Талууд харилцан тохиролцоогүй тул хөрөнгийн үнэлгээний Б ХХК-ийг 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 9/452 дугаар тогтоолоор шинжээчээр томилоход 83 071 100 төгрөгөөр үнэлсэн. Шинжээчийн үнэлсэн хөрөнгийн тайланг 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 4-140/36660 дугаар албан бичгээр төлбөр төлөгч З.А-, Ө.М- нарт биечлэн хүргүүлсэн. Төлбөр төлөгч нар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасны дагуу өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах санал гаргасны дагуу шийдвэр гүйцэтгэгч мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэгт заасны дагуу 1 сарын хугацаа олгосон. Төлбөр төлөгч З.А- нь шинжээчийн үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаснаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 199 дүгээр захирамжаар түдгэлзсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу үнэлгээний талаарх гомдлоо 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно гэж заасан. Иймд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа нь хуульд нийцэх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийг баримтлан хариуцагч НШШГГ-т холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч З.А-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч З.А- давж заалдах гомдолдоо:

... Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Мөн хөрөнгийн зах зээлийн үнийг тогтооход үнэлэгдэж буй хөрөнгийн орлого олох бодит боломж, өртгийн өнөөгийн үнэ байрлал, шинж чанар, орчны хувьд адил төстэй хөрөнгийн зах зээлд худалдах санал болгож буй үнэ цэнийг жишиг судалгаа хийж харьцуулсан нь үнэлгээний тайланд тодорхой тусгагдсан байна гэжээ. Хэрэв Б ХХК нь хууль журамд заасны дагуу зөв үнэлсэн юм бол яагаад ойр, орчмын газрууд хамгийн багадаа 12 000 000 төгрөгийн үнэлгээтэй байхад 4 915 900 төгрөгөөр үнэлсэн юм. Дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь тухайн газарт хамгийн багадаа 30 000 000 төгрөг гаруй үнэлгээтэй, хувийн сууц нь 60 000 000 төгрөгийн үнэлгээтэй байхад хэт багаар үнэлсэн. Шинжээч нь үнэлгээ хийх суурь зарчмуудтай нийцэхгүй, газар, хувийн суун болон дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг бодит нөхцөл байдалд нийцэхгүйгээр зах зээлийн үнээс багаар үнэлж, үндэслэлгүйгээр үнэгүйдүүлж байхад шүүх хэт нэг талыг баримталж хууль ёсны бөгөөд үндэслэлгүй шийдвэр гаргасан.

Мөн шүүхийн шийдвэр үндэслэх хэсэгт ... хуулиар тогтоосон 7 хоногийн хугацааг хэтрүүлсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов гэжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 55.3 дахь хэсэгт шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэхээр тус тус зохицуулсан. Гэтэл шинжээчийн дүгнэлтийг 3 хоногийн дотор танилцуулсан тохиолдолд шүүхэд гомдол гаргах 7 хоногийн хугацаа хамаарах болохоос шинжээчийн дүгнэлтийг 3 хоногийн хугацаанд танилцуулаагүй тохиолдолд 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах хугацаа хамаарахгүй болох нь тодорхой байхад шүүх энэхүү хуулийг зөвхөн хариуцагчид ашигтайгаар тайлбарлан хэрэглэсэнд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, давж заалдах гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч З.А- нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зээлийн гэрээний үүрэгт 41 438 962.83 төгрөгийг гаргуулахаар ТБ ХХК нэхэмжилснийг хариуцагч З.А-, Ө.М- нар хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2020/00734 дугаар захирамжаар баталгаажуулсан байна. /хх24/

 

Хуулийн хүчин төгөлдөр уг захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй тул шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШЗ2020/08625 дугаар шүүгчийн захирамжийн дагуу мөн өдөр 183/ГХ2020/00606 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна. /хх15-16, 23/

 

Шийдвэр гүйцэтгэх байгууллага барьцааны зүйл болох З.А-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204031779 дугаартай, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Шүхэрчдийн 1 дүгээр гудамж, 3а тоот хаягт байрлах 48 м.кв талбайтай хүнсний дэлгүүрийн зориулалттай хувийн сууцыг 451 м.кв талбайтай газар өмчлөх эрхийн хамт, мөн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204026207 дугаартай, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Шүхэрчдийн 1 дүгээр гудамж, 3а тоот хаягт байрлах 170 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 20290974/01, 20290974/02, дугаар тогтоолоор битүүмжлэн, 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 20290974/03 дугаар тогтоолоор хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53, 54 дүгээр зүйлд заасан журмыг зөрчөөгүй байна.

 

Улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар битүүмжлэгдсэн хөрөнгийн үнэлгээний талаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудаас санал авахад төлбөр төлөгч З.А-, О.Мөнхцэцэг нар нь үл хөдлөх эд хөрөнгийг 70 000 000 төгрөгөөр үнэлэх санал гаргасан /хх47,48/, харин төлбөр авагч ТБ ХХК нь үнийн саналыг хүлээн зөвшөөрөөгүй тул шинжээч томилуулах хүсэлт 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр гаргажээ. /хх49/

 

Талууд үнэлгээг харилцан тохиролцож тогтоож чадаагүй тул 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 9/452 дугаар тогтоолоор шинжээчээр үнэлгээ хийлгэхээр Б ХХК-ийг томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасанд нийцнэ.

 

Томилогдсон шинжээч 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Хөрөнгө үнэлгээний тайлангаар З.А-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204031779 дугаартай, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Шүхэрчдийн 1 дүгээр гудамж, 3а тоот хаягт байрлах 48 м.кв талбайтай хүнсний дэлгүүрийн зориулалттай хувийн сууцыг 451 м.кв талбайтай газар өмчлөх эрхийн хамт, мөн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204026207 дугаартай, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Шүхэрчдийн 1 дүгээр гудамж, 3а тоот хаягт байрлах 170 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 83 071 100 төгрөгийн үнэ цэнэтэй гэж гэж тодорхойлсон байна. /хх54-75/

 

Шинжээчийн дүгнэлтийн талаарх 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 4-140/36660 тоот мэдэгдлийг төлбөр төлөгч З.А-, Ө.М- нар нь тухайн өдөр хүлээн авч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар өөрөө худалдан борлуулахаар 1 сарын хугацаа хүссэн хүсэлтийг бичгээр гаргасан /хх79/ ч үнэлгээг эс зөвшөөрч шүүхэд хандсан, шүүх нэхэмжлэлийг 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авчээ.

 

Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт хөрөнгийн үнэлгээний талаар талуудаас гомдол гаргаагүй тохиолдолд төлбөр төлөгч энэ хуулийн 55.3-т заасан шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор өөрийн хөрөнгийг уг шийдвэрт зааснаас багагүй үнээр бие даан худалдан борлуулах тухай санал гаргаж болно гэж заасан. Хуулийн энэ зохицуулалтаас үзвэл төлбөр төлөгч нь хөрөнгийн үнэлгээний талаар гомдол гаргаагүй бол өөрөө худалдан борлуулахаар санал гаргаж болохыг заасан байна.

 

Иймд 2020 оны 11 дүгээр сард нэхэмжлэлийг хүлээн авсан тул шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт мэдэгдлийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор шүүхэд хандах гэж заасан хугацаанд нэхэмжлэгч шүүхэд хандаагүй гэж дүгнэсэн нь зөв, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Үнэлгээний тайлангийн агуулгаас үзвэл шинжээч Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасныг зөрчөөгүй, үнэлгээг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд зах зээлийн хандлагаар ижил байршилд байрлах хувийн сууц болон газрын үнэлгээтэй харьцуулан, хувийн сууцны талбайн хэмжээ, байрлал, чанар хийц, давуу болон сул дутагдалтай талуудыг харгалзан итгэлцүүрээр үнэлгээг тогтоосон нь хууль зөрчөөгүй, үл хөдлөх хөрөнгийг хэт доогуур үнэлж, үнэгүйдүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь үнэлгээний дээрх аргачлал, дүгнэлтийг буруу, алдаатай болохыг баримтаар няцаасан буюу үл хөдлөх эд хөрөнгийг хэт доогуур үнэлсэн гэх нэхэмжлэлийн үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй тул түүний шаардлагаар үнэлгээг хүчингүй болгох үндэслэлгүй болно.

 

Иймд анхан шатны шүүх үнэлгээг зөвшөөрөхгүй талаарх нэхэмжлэлийн үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчөөгүй, хэргийн баримтыг маргаанд хамааралтай, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болсон байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэх давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2021/00559 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

А.ОТГОНЦЭЦЭГ