Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 134/ШШ2021/00049

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч П.Цогзолмаа даргалж, шүүгч Б.Наранчимэг, Ц.Наранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1984 онд төрсөн, эрэгтэй, 37 настай, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, 4-8-127 тоотод оршин суух, Өгзөөн овогт Л-ын /РД:..........., утас: 99087761, 91117861/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1993 онд төрсөн, эрэгтэй, 28 настай, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 2 дугаар баг, Сансарын 111 тоотод оршин суух, Хаалай овогт Н-н М /РД:..........., утас: ................/-д холбогдох

Адуу худалдаж авсны үнэ 48 000 000 төгрөг, малчны 8 сарын цалин хөлс 4 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Өнөржаргал, хариуцагч*******, иргэдийн төлөөлөгч Д.Энхчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Азжаргал нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* миний бие нь 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр иргэн Н.Дэлгэрсайханаас цэвэр англи цусны Сагуар дуудлагатай азаргыг 48 000 000 төгрөгөөр худалдан авсан. Ингээд Говьсүмбэр аймагт байрлах адуу зүчээний газартаа тэжээн малладаг байсан. 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр малын эмч******* нь утсаар холбогдож азарганд чинь сайн тариа байна, та хийлгээч гэж хэлсэн. Тэр үед миний аавын бие муу, би Төв аймагт эмнэлэгт сахиж байсан. Тэгээд*******аас яг юунд сайн, ямар тариа болох талаар асуухад: Одоо үржүүлгийн үед ханиад, герпес вирус тусахгүй сайн, манай найз Морьтон адуу үржүүлгийн газрын цэвэр азарганууддаа хийдэг гэж хэлсэн. Мөн ямар нэгэн гаж нөлөө байхгүй юу, ах нь аавын бие муудаад, Төв аймагт сахиж байна гэхэд, ямар ч нөлөө байхгүй ах гэж хэлэхэд нь, за чи өөрөө малын эмч хүн мэдэж байгаа байлгүй, ямар нэгэн гаж нөлөөгүй бол хийлгэе гэж хэлсэн. Тарианы үнэ болох 225 000 төгрөгийг 5070146521 тоот дансанд хийчих, Доржгаваа гээд манай найз малын эмч залуу байгаа, тэгээд Улаанбаатар хотоос ирэхээр нь би тариад өгье гэсний дагуу мэргэжлийн хүний санал болгосон эмчилгээг, мэргэжлийн хүнээр хийлгэхээр болсон. Ингээд тариа ирж, 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр малын эмч******* нь азарганд тариаг хийсэн. Үүнээс хойш тариа тарьсан хэсэгт хавдаж эхлэхэд нь*******ыг дуудаж үзүүлсэн.******* ирж үзэхдээ энэ зүгээрээ, тарианы урвал явагдаж байгаа юм гээд явсан. Үүнээс хойш азарганы биеийн байдал улам л муудсан.*******тай холбогдох гэсэн боловч утас нь холбогдохгүй байсан тул чадаагүй. Малын эмч Д.Ундаргаар үзүүлэхэд тарьсан хэсэгтээ хавдаад халуурч байна, тариа хийсэн эмчээсээ сайн асуу, миний хувьд хүйтэн жин тавихыг зөвлөж байна гэж хэлээд, тарианы шилийг харсан ба ийм тариа байдаг эсэх, мал эмчилгээнд хэрэглэж болох, зөвшөөрөгдсөн эсэхийг мэдэхгүй, би хараагүй тариа байна гэж хэлээд явсан. Үүнээс хойш улам муудаж, цээж хэсгээрээ цэлхийж хавдсан бөгөөд******* ирж үзчихээд та Доржгаваатай ярь, эмчилгээ мэднэ гэсний дагуу холбогдож, эмчилгээ заалгаж, хийсэн боловч дээрдээгүй. Азаргаа аваад 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотын Өлзийт хороололд байдаг адуу эмчилгээний газар ирэхэд сул зүчээ байхгүй, Доржгаваа ирж эмчилгээ хийгээд явсан. 2020 оны 06 дугаар сарын 04-ний өглөө азарга үхсэн. Азарганы үхэл тариа тарьснаас шалтгаалсан гэж үзэж байна. Азарга маань байсан бол хэдэн төл авч, хэдэн гүү мөнгөөр гишгүүлэх байсан гээд бидний амьдралын санхүүгийн эх үүсвэрийн баталгаа байсан тул гомдолтой байна.

Иймд,*******аас азарга худалдаж авсны үнэ болох 48 000 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Өнөржаргал нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч******* нь сэлдий дээр нь юм гарснаас болсон эсхүл механик гэмтэл авснаас болсон гэдэг, ванкцинаас болсон гэдгийг зөвшөөрдөггүй, янз бүрийн тайлбарыг хэлж байгаа. Манайх гүү болон бусад адуундаа үржлийн өвчний шинжилгээ өгсөн байсан. Өмнөх шүүх хуралдаан дээр Р.Батбаяр шүүгчээс: 05 дугаар сарын 24-нд азарганы хүзүүн дээр хавдсан байсан уу? гэсэн асуултанд үгүй гэж хариулсан боловч 05 дугаар сарын 25-ны өдрийн бичлэг дээр хавдсан байгаа. Бичлэг дээр хавдаж, идээлээгүй байгаадаа гээд ярьж байгаа. Хариуцагч нь вакциныг санал болгосон. Вакцин зарж байсан хүнээ******* нь манай найз, нэг сургууль төгссөн гэж хэлсэн. Р.Батбаяр шүүгч тодруулж асуухдаа: Биеийн бүх хэсгээрээ хавдсан гээд байгаа юм уу? гэхэд үгүй тариа хийсэн газраасаа хавдаад цээж, хөл рүүгээ орсон гэж хэлсэн. Үржлийн өвчтэй адууны бөгс нь мурийгаад унаад өгдөг. Яг юунаас болж үхсэн талаар шалгадаг том лаборатори байдаг талаар мэдэхгүй. Харин Говьсүмбэр аймагт нийлүүлгийн өвчний лаборатори байдаг гэдэг талаар мэдэх бөгөөд*******аар өөрөөр нь шинжилгээ авахуулж байсан. Вакциныг яаж оруулж ирж, худалддаг талаар сайн мэдэхгүй байна, юунаас болж үхсэн талаар мэдэхийн тулд мэргэжлийн эмчээр задлан хийлгэсэн. Манай азарга үржилд ороогүй азарга байсан. Азарга сэлдийгээ хураагаагүй үедээ шороон дээр хөрвөөх болон гүү гишгэхдээ үс наалдах, шороо чулуу наалдах сэлдийгээ хумихаар гадна талдаа товгор бэржигэр зүйл болоод үрэвсээд улайдаг. Тэрийг маргенцтай усаар угаадаг.*******ыг тарилгад явсан хойно, малын эмч дуудаж үзүүлэхэд сэлдий нь хавдаад, гэдэс нь төмбийсөн зүйл бичлэг дээр байхгүй. Тариа хийсэн газраа хавдсан байсан. Малын эмч хүн байж, эм эмийн бүртгэлд байхгүй эм тариаг хийчихээд танай адуу угаасаа өвчтэй байсан гэж хэлж болохгүй. Манайх туслах малчин авч ажиллуулж байсан. Малчны цалинг 8 сар ажилласан гэж нэхэмжилсэн. Малчиндаа сар болгон цалин өгч маллуулдаг байсан. Азрага маань эрүүл байсан бол гүү гишгүүлээд төлийг нь зарж мөнгө төгрөг болгох байсан. Хэний ч гэсэн амьдрал учраас малаа зарж амьдралаа залгуулна. Азарга үхсэн шалтгаан нь үргүй хоосон зардал болж байгаа учраас малчны цалинг нэхэмжилсэн.

Иймд, нийт 52 000 000 төгрөгийг иргэн*******аас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлага болох 52 000 000 төгрөгийг надаас гаргуулах үндэслэлгүй юм. Учир нь, 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ******* ахын зүчээн дээр очиход Сагуар азаргаар гүү гишгүүлж байхтай таарсан. Тэгсэн Сагуарын сэлдийн дээр болон дотор арьсанд нүдэнд харагдахуйц бөөрөнхий улаан өнгийн цагираган хэлбэртэй цэврүүт шархнууд гарсан байсан. ... Би азарганд 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүртэл эмчилгээг ******* ахад зааж, зөвлөгөө өгөөд явсан. Үүнээс хойш ******* ахаас азарга ямар байгаа талаар асуухад сэлдийн дээгүүр гарсан бөөрөнхий улаан өнгийн цагираг хэлбэртэй цэврүүт шархнууд нь гайгүй болж байна гэсэн. ******* нь нэхэмжлэл дээр 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр утсаар холбогдож Азарганд чинь сайн тариа байна та хийлгээч гэж урьд нь вакцины талаар мэдээгүй юм шиг намайг гүтгэж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй. ******* нь надаас манай малын эмч найзын утасны дугаарыг авсан ба манай найз, ******* 2 хоорондоо холбогдоод вакциныг авахаар тохиролцоод, мөнгөө шилжүүлсэн байсан. Би 2020 оны 05 дугаар сарын 22-ны өглөө ******* ахын зүчээнд, ******* ахын гуйлтаар азарга малладаг Ц.Нямжав, Л.Отгонбаатар нараар бариулж байгаад вакциныг азарганд тарьж өгсөн. Би энэ вакциныг заавал хийлгэ гэж шахаж шаардаагүй, вакцин авах авахгүй байх нь *******гийн өөрийнх нь эрхийн нь асуудал. Вакциныхаа мөнгийг авсан хүндээ төлсөн болохоос, би энэ мөнгөний асуудалд оролцоогүй, нэг ч төгрөг дундаас нь аваагүй. Вакцин гэдэг бол тухайн өвчний эсрэг дархлааг сайжруулах биологийн бэлдмэл юм. Биобэлдмэл гэж хүний болон мал, амьтны өвчинг эмчлэх, оношлох, өвчнөөс урьдчилан сэргийлэх зориулалтаар амьд бие, бие махбодь, түүний эд, эсээс үйлдвэрлэлийн онцгой нөхцөлд гаргаж авсан бүтээгдэхүүн юм. Тийм учраас вакцин мал амьтны үхлийн шалтгаан болохгүй гэж үзэж байна. Ерөнхийдөө шинж тэмдгээр нь үржлийн өвчин байсан гэж баталж байгаа. ******* нь үржлийн өвчин мөн эсэхийг асуусан гэдгээ надад хэлж байсан. Би нэхэмжлэгчийн гуйлтаар хувиараа адуунд вакцин хийсэн, хөлс аваагүй. Бусдын малд эмчилгээ, үйлчилгээ үзүүлэхийг Мал эмнэлгийн тухай хууль болон малын эмчийн ёс зүйн дүрэм, журам дээр заасан байгаа. Энэ маргаан дээр ямар нэгэн үр дагавар гарсан тохиолдолд хувь хүнээрээ хариуцлага хүлээх байх сайн мэдэхгүй байна. Вакциныг улсын эмийн бүртгэлд бүртгэлгүй гэдэг талаар мэдээгүй, надад мэдэх үүрэг байсан, вакцинаас болоогүй гэдгийг нотлох баримт байхгүй, зураг авах боломж байгаагүй, тухайн үед сайн үзэж чадаагүй, тухайн азарга яг тэр ванкцинаас болж үхсэн эсэхийг албан ёсны дүгнэлтийг хүсч байгаа.

Иймд, *******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Иргэдийн төлөөлөгч Д.Энхчимэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Нэхэмжлэгч нь тухайн худалдан авсан морио хэрхэн эмчлэх талаар ойлголт муу, мэдээ, мэдлэг тааруу, хүний амнаас, ам дамжсан байдлаар эмчилгээ хийлгэсэн.

Хариуцагч болох малын эмч нь хариуцлагатай, сайн ажиллаагүй, тухайн малын онцлог, вакцины онцлог шинжийг судалж үзэлгүйгээр бусдад санал болгосон, мөн өөрөө вакцин хийсэн гэж дүгнэж байна гэжээ.

Нэхэмжлэл, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******д холбогдуулан азарга худалдаж авсны үнэ 48 000 000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад малчны 8 сарын цалин хөлс 4 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

1. Азарга худалдаж авсны үнэ 48 000 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгчээс ... Малын эмч хүн вакцин байгаа тухай зөвлөөд, өөрөө вакциныг хийгээд, зуучлан борлуулж, тарьсанд гомдолтой байна ... гэж,

Хариуцагчаас ... Герпес вирус өвчний хувьд үхэх өндөр магадлалтай, ... би азаргыг энэ өвчнөөс болоод үхсэн үү, эсвэл механик гэмтэл авснаас болоод үхсэн үү гэдгийг сайн мэдэхгүй байна ... гэж маргана.

Нэхэмжлэгч ******* нь Сагуар нэртэй, англи цусны азаргыг 48 000 000 төгрөгөөр худалдан авсан болох нь 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Англи азарга худалдах, худалдан авах тухай гэрээ, нэхэмжлэгчийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх3-5, 12/, гэрч Д.Ганзориг, Ц.Нямжав, Л.Цэрэндорж нарын мэдүүлэг, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2018 оны А/53 дугаарын тушаалаар батлагдсан Малын эмч, мал эмнэлгийн техникийн ажилтны мэргэжлийн ёс зүйн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.3-д ... малын эмч нь үйл ажиллагаандаа салбарынхаа холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт, байгууллагын дотоод журмыг чанд мөрдөж ажиллана, 3.20-д Монгол улсын малын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, ...эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнээр үйлчилгээ үзүүлэх, дэмжиж сурталчлах, түгээх үйлчилгээг үйлчлүүлэгчид санал болгох, сурталчлахгүй байх гэж заасныг хариуцагч******* нь зөрчиж, Монгол улсын малын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй /Equip EHV/ вакциныг санал болгож, 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр азарганд тарьсан болох нь Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 01/995 дугаар албан бичиг, малын эмч гэх Доржгаваагаас вакцин худалдан авч, түүний 5070146521 тоот дансанд вакцины үнэ болох 225 000 төгрөг шилжүүлсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар, ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хариуцагч*******ын ... би вакциныг заавар болон шилнээс нь харж азарганы хүзүүний булчинд тарьсан ... гэх тайлбар, гэрч Ц.Нямжавын ... Вакцин хийхээс өмнө азарганд ямар нэгэн өөрчлөлт байгаагүй, ...Н.Мягмаржав вакцин хийсний маргаашнаас азарга өвдсөн... гэх, гэрч Л.Отгонбаатарын ... Азарга эрүүл гүүгээ гишгэж байгаад*******ыг вакцин хийсний маргаашнаас эхлээд хүзүүнээсээ эхлээд хавдаж эхэлсэн гэх мэдүүлэг, CD болон флашны бичлэг зэргээр нотлогдож байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй ба хариуцагч*******ын дээрх гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч *******гийн эд хөрөнгөнд гэм хорын хохирол учирсан байна.

Гэвч Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3-д гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ гэж заасныг үндэслэн улсын бүртгэлд бүртгэгдээгүй тариаг зарж, борлуулсан этгээд нь хохирлыг хамтран хариуцах үүрэгтэй байна.

Тодруулбал,******* нь уг вакциныг худалдан борлуулаагүй, 5070146521 тоот дансанд вакцины үнэ болох 225 000 төгрөг шилжүүлсэн тухай нэхэмжлэгчийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хариуцагчийн ... Манай найз н.Доржгаваа, ******* 2 хоорондоо холбогдоод вакциныг авахаар тохиролцоод мөнгөө шилжүүлсэн ... гэх тайлбар, мөн малын эмч гэх н.Доржгаваагаас вакцин худалдан авсан талууд маргаагүй зэрэг хэргийн үйл баримтаар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл уг вакциныг малын эмч гэх н.Доржгаваа худалдсан, харин хариуцагч******* нь санал болгосон, уг вакциныг *******гийн азарганд тарьсан байх тул азарга худалдаж авсны үнэ 48 000 000 төгрөгийн 50 хувь буюу 24 000 000 төгрөгийн хохирлыг хариуцагч*******, 50 хувь буюу 24 000 000 төгрөгийн хохирлыг вакцин худалдсан этгээд нь хариуцах нь хуульд нийцнэ.

Түүнчлэн нэхэмжлэгч ******* нь Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5-д Малчин, амьтан маллагч, мал, амьтан өмчлөгч малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй эм худалдан авах, хэрэглэхийг хориглоно гэж заасныг зөрчиж, малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй /Equip EHV/ вакциныг худалдан авч, эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эсэхийг шалгах хуульд заасан үүргээ биелүүлээгүй байна.

Иймд, Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д гэм хор учрах буюу түүнээс гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэж заасныг үндэслэн хариуцагчаас гаргуулах хохирлын 24 000 000 төгрөгийн 20 хувь буюу 4 800 000 төгрөгийг хасч, 80 хувь буюу 19 200 000 төгрөгийг хариуцагч*******д хариуцуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн болгоомжгүй үйлдэл нь хохирол учрахад нөлөөлсөн гэж үзэж, хариуцагч*******ын хариуцах гэм хорын хэмжээг багасгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

2. Малчны 8 сарын цалин хөлс 4 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ... уг азаргыг маллуулахаар Ц.Нямжавтай гэрээ байгуулж, сарын 500 000 төгрөгийн цалин хөлс олгосон нь*******ын буруутай үйлдлээс болж, нэхэмжлэгчид учирсан үргүй зардал гэж тайлбарлаж, харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрнө.

Хариуцагчийн гэм буруутай үйлдэл малчны цалин хөлс гаргуулах шаардлага хоёрын хооронд шалтгаант холбоогүй байна. Өөрөөр хэлбэл, адуу үхэхээс өмнө өмчлөгчөөс гарсан зардлыг хариуцагч*******ын буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй байх тул энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагч нь ... адууны үхэл герпес вирус болон механик гэмтэл авснаас болсон гэх боловч энэ талаар нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй.

Мөн иргэдийн төлөөлөгч нь нэхэмжлэгч болон хариуцагчийн хэн аль нь гэм буруутай гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Дээрхийг дүгнэж, хариуцагч*******аас гэм хорын хохиролд нийт 19 200 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, үлдэх 32 800 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 476 900 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгийн хураамж 253 950 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д заасныг баримтлан хариуцагч*******аас гэм хорын хохиролд 19 200 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, үлдэх 32 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 476 900 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******аас улсын тэмдэгтийн хураамжид 253 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр, аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ            П.ЦОГЗОЛМАА

                     ШҮҮГЧИД            Б.НАРАНЧИМЭГ

                                                             Ц.НАРАНЧИМЭГ