Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 216/МА2021/00006

 

******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

 

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, шүүгч О.Однямаа, Ерөнхий шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 134/ШШ2021/00049 дүгээр шийдвэртэй, *******гийн нэхэмжлэлтэй*******д холбогдох азарга худалдаж авсны үнэ 48 000 000 төгрөг, малчны 8 сарын цалин хөлс 4 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч*******ын давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Тэгшсуурийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Өнөржаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ариунсайхан, хариуцагчийн өмгөөлөгч М.Үүрийнтуяа нар /ZOOM/-ээр, нарийн бичгийн дарга П.Нямзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* миний бие нь 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр иргэн Н.Дэлгэрсайханаас цэвэр англи цусны Сагуар дуудлагатай азаргыг 48 000 000 төгрөгөөр худалдан авсан. Ингээд Говьсүмбэр аймагт байрлах адуу зүчээний газартаа тэжээн малладаг байсан. 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр малын эмч******* нь утсаар холбогдож азарганд чинь сайн тариа байна, та хийлгээч гэж хэлсэн. Тэр үед миний аавын бие муу, би Төв аймагт эмнэлэгт сахиж байсан. Тэгээд*******аас яг юунд сайн, ямар тариа болох талаар асуухад: Одоо үржүүлгийн үед ханиад, герпес вирус тусахгүй сайн, манай найз Морьтон адуу үржүүлгийн газрын цэвэр азарганууддаа хийдэг гэж хэлсэн. Мөн ямар нэгэн гаж нөлөө байхгүй юу, ах нь аавын бие муудаад, Төв аймагт сахиж байна гэхэд, ямар ч нөлөө байхгүй ах гэж хэлэхэд нь, за чи өөрөө малын эмч хүн мэдэж байгаа байлгүй, ямар нэгэн гаж нөлөөгүй бол хийлгэе гэж хэлсэн. Тарианы үнэ болох 225 000 төгрөгийг 5070146521 тоот дансанд хийчих, Доржгаваа гээд манай найз малын эмч залуу байгаа, тэгээд Улаанбаатар хотоос ирэхээр нь би тариад өгье гэсний дагуу мэргэжлийн хүний санал болгосон эмчилгээг, мэргэжлийн хүнээр хийлгэхээр болсон. Ингээд тариа ирж, 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр малын эмч******* нь азарганд тариаг хийсэн. Үүнээс хойш тариа тарьсан хэсэгт хавдаж эхлэхэд нь*******ыг дуудаж үзүүлсэн.******* ирж үзэхдээ энэ зүгээрээ, тарианы урвал явагдаж байгаа юм гээд явсан. Үүнээс хойш азарганы биеийн байдал улам л муудсан.*******тай холбогдох гэсэн боловч утас нь холбогдохгүй байсан тул чадаагүй. Малын эмч Д.Ундаргаар үзүүлэхэд тарьсан хэсэгтээ хавдаад халуурч байна, тариа хийсэн эмчээсээ сайн асуу, миний хувьд хүйтэн жин тавихыг зөвлөж байна гэж хэлээд, тарианы шилийг харсан ба ийм тариа байдаг эсэх, мал эмчилгээнд хэрэглэж болох, зөвшөөрөгдсөн эсэхийг мэдэхгүй, би хараагүй тариа байна гэж хэлээд явсан. Үүнээс хойш улам муудаж, цээж хэсгээрээ цэлхийж хавдсан бөгөөд******* ирж үзчихээд та Доржгаваатай ярь, эмчилгээ мэднэ гэсний дагуу холбогдож, эмчилгээ заалгаж, хийсэн боловч дээрдээгүй. Азаргаа аваад 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотын Өлзийт хороололд байдаг адуу эмчилгээний газар ирэхэд сул зүчээ байхгүй, Доржгаваа ирж эмчилгээ хийгээд явсан. 2020 оны 06 дугаар сарын 04-ний өглөө азарга үхсэн. Азарганы үхэл тариа тарьснаас шалтгаалсан гэж үзэж байна. Азарга маань байсан бол хэдэн төл авч, хэдэн гүү мөнгөөр гишгүүлэх байсан гээд бидний амьдралын санхүүгийн эх үүсвэрийн баталгаа байсан тул гомдолтой байна.

Иймд,*******аас азарга худалдаж авсны үнэ болох 48 000 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Өнөржаргал нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч******* нь сэлдий дээр нь юм гарснаас болсон эсхүл механик гэмтэл авснаас болсон гэдэг, ванкцинаас болсон гэдгийг зөвшөөрдөггүй, янз бүрийн тайлбарыг хэлж байгаа. Манайх гүү болон бусад адуундаа үржлийн өвчний шинжилгээ өгсөн байсан. Өмнөх шүүх хуралдаан дээр Р.Батбаяр шүүгчээс: 05 дугаар сарын 24-нд азарганы хүзүүн дээр хавдсан байсан уу? гэсэн асуултанд үгүй гэж хариулсан боловч 05 дугаар сарын 25-ны өдрийн бичлэг дээр хавдсан байгаа. Бичлэг дээр хавдаж, идээлээгүй байгаадаа гээд ярьж байгаа. Хариуцагч нь вакциныг санал болгосон. Вакцин зарж байсан хүнээ******* нь манай найз, нэг сургууль төгссөн гэж хэлсэн. Р.Батбаяр шүүгч тодруулж асуухдаа: Биеийн бүх хэсгээрээ хавдсан гээд байгаа юм уу? гэхэд үгүй тариа хийсэн газраасаа хавдаад цээж, хөл рүүгээ орсон гэж хэлсэн. Үржлийн өвчтэй адууны бөгс нь мурийгаад унаад өгдөг. Яг юунаас болж үхсэн талаар шалгадаг том лаборатори байдаг талаар мэдэхгүй. Харин Говьсүмбэр аймагт нийлүүлгийн өвчний лаборатори байдаг гэдэг талаар мэдэх бөгөөд*******аар өөрөөр нь шинжилгээ авахуулж байсан. Вакциныг яаж оруулж ирж, худалддаг талаар сайн мэдэхгүй байна, юунаас болж үхсэн талаар мэдэхийн тулд мэргэжлийн эмчээр задлан хийлгэсэн. Манай азарга үржилд ороогүй азарга байсан. Азарга сэлдийгээ хураагаагүй үедээ шороон дээр хөрвөөх болон гүү гишгэхдээ үс наалдах, шороо чулуу наалдах сэлдийгээ хумихаар гадна талдаа товгор бэржигэр зүйл болоод үрэвсээд улайдаг. Тэрийг маргенцтай усаар угаадаг.*******ыг тарилгад явсан хойно, малын эмч дуудаж үзүүлэхэд сэлдий нь хавдаад, гэдэс нь төмбийсөн зүйл бичлэг дээр байхгүй. Тариа хийсэн газраа хавдсан байсан. Малын эмч хүн байж, эм эмийн бүртгэлд байхгүй эм тариаг хийчихээд танай адуу угаасаа өвчтэй байсан гэж хэлж болохгүй. Манайх туслах малчин авч ажиллуулж байсан. Малчны цалинг 8 сар ажилласан гэж нэхэмжилсэн. Малчиндаа сар болгон цалин өгч маллуулдаг байсан. Азрага маань эрүүл байсан бол гүү гишгүүлээд төлийг нь зарж мөнгө төгрөг болгох байсан. Хэний ч гэсэн амьдрал учраас малаа зарж амьдралаа залгуулна. Азарга үхсэн шалтгаан нь үргүй хоосон зардал болж байгаа учраас малчны цалинг нэхэмжилсэн.

Иймд, нийт 52 000 000 төгрөгийг иргэн*******аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага болох 52 000 000 төгрөгийг надаас гаргуулах үндэслэлгүй юм. Учир нь, 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ******* ахын зүчээн дээр очиход Сагуар азаргаар гүү гишгүүлж байхтай таарсан. Тэгсэн Сагуарын сэлдийн дээр болон дотор арьсанд нүдэнд харагдахуйц бөөрөнхий улаан өнгийн цагираган хэлбэртэй цэврүүт шархнууд гарсан байсан. ... Би азарганд 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүртэл эмчилгээг ******* ахад зааж, зөвлөгөө өгөөд явсан. Үүнээс хойш ******* ахаас азарга ямар байгаа талаар асуухад сэлдийн дээгүүр гарсан бөөрөнхий улаан өнгийн цагираг хэлбэртэй цэврүүт шархнууд нь гайгүй болж байна гэсэн. ******* нь нэхэмжлэл дээр 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр утсаар холбогдож Азарганд чинь сайн тариа байна та хийлгээч гэж урьд нь вакцины талаар мэдээгүй юм шиг намайг гүтгэж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй. ******* нь надаас манай малын эмч найзын утасны дугаарыг авсан ба манай найз, ******* 2 хоорондоо холбогдоод вакциныг авахаар тохиролцоод, мөнгөө шилжүүлсэн байсан. Би 2020 оны 05 дугаар сарын 22-ны өглөө ******* ахын зүчээнд, ******* ахын гуйлтаар азарга малладаг Ц.Нямжав, Л.Отгонбаатар нараар бариулж байгаад вакциныг азарганд тарьж өгсөн. Би энэ вакциныг заавал хийлгэ гэж шахаж шаардаагүй, вакцин авах авахгүй байх нь *******гийн өөрийнх нь эрхийн нь асуудал. Вакциныхаа мөнгийг авсан хүндээ төлсөн болохоос, би энэ мөнгөний асуудалд оролцоогүй, нэг ч төгрөг дундаас нь аваагүй. Вакцин гэдэг бол тухайн өвчний эсрэг дархлааг сайжруулах биологийн бэлдмэл юм. Био бэлдмэл гэж хүний болон мал, амьтны өвчинг эмчлэх, оношлох, өвчнөөс урьдчилан сэргийлэх зориулалтаар амьд бие, бие махбодь, түүний эд, эсээс үйлдвэрлэлийн онцгой нөхцөлд гаргаж авсан бүтээгдэхүүн юм. Тийм учраас вакцин мал амьтны үхлийн шалтгаан болохгүй гэж үзэж байна. Ерөнхийдөө шинж тэмдгээр нь үржлийн өвчин байсан гэж баталж байгаа. ******* нь үржлийн өвчин мөн эсэхийг асуусан гэдгээ надад хэлж байсан. Би нэхэмжлэгчийн гуйлтаар хувиараа адуунд вакцин хийсэн, хөлс аваагүй. Бусдын малд эмчилгээ, үйлчилгээ үзүүлэхийг Мал эмнэлгийн тухай хууль болон малын эмчийн ёс зүйн дүрэм, журам дээр заасан байгаа. Энэ маргаан дээр ямар нэгэн үр дагавар гарсан тохиолдолд хувь хүнээрээ хариуцлага хүлээх байх сайн мэдэхгүй байна. Вакциныг улсын эмийн бүртгэлд бүртгэлгүй гэдэг талаар мэдээгүй, надад мэдэх үүрэг байсан, вакцинаас болоогүй гэдгийг нотлох баримт байхгүй, зураг авах боломж байгаагүй, тухайн үед сайн үзэж чадаагүй, тухайн азарга яг тэр ванкцинаас болж үхсэн эсэхийг албан ёсны дүгнэлтийг хүсч байгаа.

Иймд, *******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Иргэдийн төлөөлөгч Д.Энхчимэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгч нь тухайн худалдан авсан морио хэрхэн эмчлэх талаар ойлголт муу, мэдээ, мэдлэг тааруу, хүний амнаас, ам дамжсан байдлаар эмчилгээ хийлгэсэн.

Хариуцагч болох малын эмч нь хариуцлагатай, сайн ажиллаагүй, тухайн малын онцлог, вакцины онцлог шинжийг судалж үзэлгүйгээр бусдад санал болгосон, мөн өөрөө вакцин хийсэн гэж дүгнэж байна гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д заасныг баримтлан хариуцагч*******аас гэм хорын хохиролд 19 200 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, үлдэх 32 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 476 900 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******аас улсын тэмдэгтийн хураамжид 253 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдэж,... гомдол гаргах эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Гомдол гаргаж буй шүүхийн шийдвэр: Говьсүмбэр аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр шүүн хэлэлцээд 134/ШШ2021/00049 дугаартай шийдвэр.

Гомдлын үндэслэл: Иргэний хуулийн холбогдох заалтыг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтыг хангалттай үнэлэлгүйгээр шүүх шийдвэр гаргасан.

Гомдлын агуулга: *******гийн нэхэмжлэлтэй*******д холбогдох 52 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Говьсүмбэр аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцээд *******гийн нэхэмжилсэн 52 000 000 төгрөгийн нэхэмжлэлээс 19 200 000 төгрөгийг хариуцагч надаас гаргуулж, үлдсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр гардан авч дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна.

1. Хууль хэрэглээний талаар:

- Талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь хэсэгт зааснаар үүсэж, гэм хорын хохирлыг гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн гэж үзэж болохоор байна. *******д учирсан гэх бодит хохирол, хор уршиг нь хариуцагч******* миний вакцин хийсэн үйлдэлтэй шалтгаант холбоотойгоор уялдаж байх учиртай. Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч миний хийсэн үйлдэл нь гэм хор учруулах санаа зорилгогүй байснаас гадна үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдохгүй байна.

- Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3 дахь хэсэгт заасныг үндэслэн, 514 дугаар зүйлийн 514.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон шийдвэрлэсэн.

Мөн хуулийн 514 дүгээр зүйлийн 514.4 дэх хэсэгт заасныг үндэслэн гэм хорыг нөхөн төлөх хэмжээг багасгасан байна. Ийнхүү шийдвэрлэхдээ ямар нотлох баримтыг үндэслэл болгож шийдвэрлэснээ тодорхой дурдаагүй алдааг гаргасан.

- Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2018 оны А/53 дугаар тушаалаар батлагдсан малын эмч, мал эмнэлгийн ажилтны ёс зүйн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.3-д малын эмч нь үйл ажиллагаандаа салбарынхаа холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт байгууллагын дотоод журмыг чанд мөрдөж ажиллана гэсэн заалтыг хариуцагч******* зөрчсөн гэж үзсэн гэхдээ уг заалт нь малын эмч, мал эмнэлгийн ажилтны үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ёс зүйн дүрэм болохоос биш хариуцлага тооцох заалт биш юм.

Өөрөөр хэлбэл Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх ёс зүйн зөрчил нь захиргааны хэм хэмжээний актаар зохицуулагдах хариуцлагын асуудал байхад үүнийг бусдын эд хөрөнгөд гэм хорын хохирол учруулсан гэж үзэж байгаа хуулийн үндэслэлгүй юм.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны зохих журмын зөрчсөн:

- Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ИХШХШТХ-ийн 65 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж гаргасан. Гэхдээ нэхэмжлэлийн үндсэн шаардлага нь азарга худалдаж авсан 48 000 000 төгрөг гаргуулах талаар гаргасан.

Гэтэл шүүхээс нэхэмжлэлийн шаардлагаас давсан шийдвэр гаргаж гэм хорын хохирлыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Шүүх нэхэмжлэлд дурдаагүй асуудлыг шийдвэрлэсэн нь ИХШХШТХ-ийн 115 дугаар зүйлд заасантай зөрчилдөж байна гэж үзэж байна.

-Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу шинжээч томилж, тухайн адуунд шинжилгээ хийлгэсэн байдаг. Шинжээчийн дүгнэлтээр адууг яг ямар шалтгааны улмаас үхсэн болохыг тогтоох боломжгүй талаар дурдсан. Гэтэл шүүхээс уг адууны үхэл нь хариуцагчийн санал болгосон вакциныг хийсэнтэй шууд үүдэлтэй гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Учир нь ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтойгоор үнэлж шийдвэрлэж чадаагүй гэж үзэж байна.

Тухайлбал: Азрага вакцин хийхээс өмнө 2020 оны 05 дугаар сард клиник үзлэг хийхэд үржлийн эрхтний болон физиологийн хэвийн үйл ажиллагаа нь доголдолтой байсан анхан шатны шүүхэд миний өгсөн үзлэгийн тэмдэглэлүүдээр нотлогдоно. *******гийн зүчээгээр 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр очиход азарганы сэлдийн дээгүүр шархалсан цагираг хэлбэртэй цэврүүт шархлаа үүссэн байсныг харсан ба мэргэжлийн хүний хувьд би азаргыг хариуцаж малладаг Ц.Нямжав болон азарганы эзэнтэй зөвлөлдөж азарганы биед клиник үзлэг хийхэд биеийн халуун 39.1 хэмийн халуунтай байсан ба энэ хэвийн хэмжээнээс 2 хэмээр илүү байсан ба мэргэжлийн хүний хувьд адууны чиглэлээр дагнан ажилладаг найзтайгаа зөвлөлдөж Herpesvirus буюу адууны үржлийн зам болон амьсгалын замаар дамждаг халдварт өвчин байж болзошгүй гэж таамаг дэвшүүлсэн төдийгүй энэ өвчний талаар судалгаа хийхэд тухайн азарганд илэрсэн шинж тэмдэгтэй тохирч байсан. Тухайн өвчний талаар судлахад эмчилгээний үр дүнгээс хамааралгүй үхэлд хүргэх эрсдэлтэй гэж байв. Энэ учрыг би азарганы эзэн болох *******д хэлж байсан.

Дээрх дурдсан зүйлүүд үнэн болохыг анхан шатны шүүхэд өгсөн нэхэмжлэгч талтай харилцан бичсэн чатууд болон азарганд хэрэглэх эм тарианы мөнгийг шилжүүлсэн харилцах дансны хуулгаар батлагдана. Эдгээр нь вакцин хийхээс өмнө азарганы бие өвдөж байсан нь нотлогддог. Вакцин хийхээс өмнө азарга өвдөж эмчилгээ хийлгэж байсныг болон вакцин худалдаж авснаа ******* өөрөө хүлээн зөвшөөрдөг. Азарганы эмчилгээнд хэрэглэж байсан эм тарианы мөнгийг шилжүүлсэн нь миний нэр дээр байх харилцах дансны хуулгаар батлагдана.

Тэрнээс вакцины төлбөр миний нэр дээрх дансанд огтхон ч орж ирээгүй надаас худалдаж аваагүй юм. *******гийн азарганы сэлдийн дээр цэврүүт үрэвсэл шарх гарсан гэрч Л.Отгонбаатар нь баталж, эмчилгээ хийлгэж байсныг гэрч болох Ц.Нямжав нь баталж байна. *******гийн гуйлт болон хүсэлтээр вакциныг дүү хийгээд өгчихөөрэй ах нь аавын бие тааруу Төв аймагт байна гэхээр нь дүү нь хөдөө тарилгаар завгүй явж байгаа гэдгээ хэлсэн.

Тэгсэн тарихгүй бол чанаргүй болчих байх гээд гуйгаад байхаар нь тариад өгсөн. Тэрнээс дур мэдэн зөвшөөрөлгүй, тарьсан юм бол огт байхгүй. Тухайн вакциныг гэрч Ц.Нямжав нь хүлээн авч гэртээ хадгалж байгаад машинаасаа гаргаж өгснөө хүлээн зөвшөөрсөн байна. Вакцинаа хүлээж аваад стандартын дагуу хөргүүрт хадгалсан эсэх нь эргэлзээтэй байна.

Мөн азарганы эзэн *******гийн суурь адуунаас Говьсүмбэр аймгийн Мал эмнэлгийн лабораторид үржлийн замаар халдварладаг нийлүүлгийн өвчний шинжилгээ авахад олон тооны адуу үржлийн замаар халдварладаг нийлүүлгийн өвчний шинжилгээ авахад олон тооны адуу үржлийн замын халдварт өвчтэй гарсан нь Говьсүмбэр аймгийн мал эмнэлгийн баримтаар тогтоогддог.

Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд нийлүүлгийн өвчтэй гарсан гүүнүүд болон цэвэр азарганд өгсөн гүүнүүд нь урьд нь нэг сүрэгт, бэлчээр нэг байсан байж болзошгүй нөхцөлд байдаг хэрэгт авагдсан баримтуудаас маш тодорхой харагдаж байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ уг баримтуудыг огт үнэлээгүй болно.

3. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьсан

Учир нь уг азарга үхсэн шалтгааныг Мал эмнэлгийн мэргэжлийн лаборатори шинжилгээ хийж дүгнэлт гаргаж тогтоолгохыг малын их эмч Л.Цэрэндорж гэрчийн мэдүүлэгтээ хэлсэн байдаг ба вакцин хийснээс болж мал үхдэг гэж мэргэжлийн байгууллагууд дүгнээгүй, мөн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан гэрч Л.Цэрэндорж, Д.Ганзориг нарын мэдүүлэг, мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт, вакцин хийгдэхээс өмнө азарганд хийгдэж байсан эмчилгээний баримтууд, хариуцагч миний зүгээс гаргаж хэрэгт өгсөн баримт нотолгоонд үнэлэлт, дүгнэлт хийгээгүй, мөн уг баримтуудад няцаалт өгөлгүйгээр нэхэмжлэгч талын баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байгаа давж заалдах шатны шүүх онцгой анхаарахыг хүсэж байна.

Иймд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс бүрэн дүүрэн харж, бодитой дүгнэлтийг хийж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******т холбогдуулан түүний тарьсан вакцины улмаас азарга үхсэн гэж азаргыг худалдаж авсан үнэ болох 48000000 төгрөг, азаргыг маллуулсны хөлс 4000000 төгрөг нийт 52000000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч******* нь Eguip ENV 1.4 вакцин тарьснаас болж азарга үхсэн гэдгийг мэргэжлийн байгууллагаар нотлуулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч нь анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх шатанд малчны 8 сарын цалин хөлс гэж 4000000 төгрөг гаргуулах тухай нэмэгдүүлсэн шаардлага гаргасан байх ба тухайн азарга үхэхээс өмнө өмчлөгч буюу нэхэмжлэгчээс гарсан зардлыг хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасныг зөрчөөгүй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай болон болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэснээс үзэхэд гэм хор учруулсан санаатай болон болгоомжгүй үйлдэл

байхыг, мөн гэм хор учирсан байхыг шаардсанаас гадна уг хууль бус үйлдлээс тухайн гэм хор учирсан болох гэм буруу байгаа эсэх, өөрөөр хэлбэл, үйлдэл гэм хорын хооронд шалтгаант холбоо байгаа эсэх гэдгийг нотолсон байхыг шаардсан гэж ойлгогдохоор байна.

Хэргийн материалаас үзэхэд: 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр азарганд Eguip ENV 1.4 вакцин тарьсан ба азарга нь 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр үхсэн талаарх үйл баримтын талаар талууд маргаагүй.

Хариуцагч******* нь Монгол улсын малын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй вакциныг тарьж өгсөн үйлдэл нь Малын эмч, мал эмнэлгийн техникийн ажилтны мэргэжлийн ёс зүйн дүрмээ зөрчсөн үйлдэл мөн байх бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны дүгнэлт үндэслэлтэй байна.

Харин анхан шатны шүүх нь хариуцагчийн Малын эмч, мал эмнэлгийн техникийн ажилтны мэргэжлийн ёс зүйн дүрэм зөрчсөн буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид гэм хорын хохирол учирсан гэж үзэж азарганы үнэ гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, өөрөөр хэлбэл үйлдэл, гэм хор хоёрын хооронд шалтгаант холбоо байгаа эсэх талаар дүгнэлт хийгээгүй нь буруу байна.

Учир нь тухайн азарганы үхэл хариуцагч*******ын тарьсан вакцинаас болж үхсэн талаар албан ёсны шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч тал нь шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулах боломжит хугацаанд эрх бүхий мэргэжлийн байгуулагад хандаагүй, хэрэг хянан шийдвэрлэх шатанд дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан байх боловч Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар/хх-111/-ээс хэрэгт авагдсан нотлох баримтууд болох гэрчийн мэдүүлгүүд, фото зураг, СД-ний бичлэг зэргийг үндэслэн шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй гэх хариуг ирүүлсэн байгаа зэргээс үзэхэд үйлдэл, гэм хор хоёрын хооронд шалтгаант холбоотой болох нь тогтоогдохгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл: вакцин хийлгэснээс хойш азарганы бие муудсан, вакцин тарьсан газар нь хавдсан, вакцин тарьснаас хойш харьцангуй богино хугацааны дотор азарга үхсэн, үхсэний дараа вакцин хийсэн газрыг зүсэж үзэхэд идээтэй байсан зэрэг нөхцөл байдал байгаа хэдий ч энэ нь вакцин тариулснаас азарга нь үхсэн гэдэг таамаглал төрүүлж байгаагаас бус тухайн үхсэн азарганы цус, эд эрхтэн зэргээс дээж авч шинжлэх ухааны арга техникээр шинжлэн судалсан үнэлэлт дүгнэлт биш юм.

Иймд нэхэмжлэгчийн азарга үхсэн нь хариуцагчийн вакцин тарьсан үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дүгээр хэсгийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 134/ШШ2021/00049 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 253950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.БАЙГАЛМАА

ШҮҮГЧИД О.ОДНЯМАА

Г.ТЭГШСУУРЬ