Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 340

 

 

 

 

 

 

    2020            3             24                                      2020/ДШМ/340                                                            

 

 

С.Хд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч                     С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                               

прокурор Э.Ариунболд

яллагдагч С.Хагийн өмгөөлөгч С.Давааравдан

хохирогч Л.Энхсайхан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Баярмаа, тэдгээрийн өмгөөлөгч О.Алтанчулуун,

иргэний нэхэмжлэгч Э.Баяраа, түүний өмгөөлөгч Ч.Ням,  

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 26 дугаартай шүүгчийн  захирамжийг эс зөвшөөрч дээд шатны прокурор Х.Баярмаагийн бичсэн 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 1 дугаартай эсэргүүцлээр яллагдагч С.Хд холбогдох эрүүгийн 1907003840175 дугаартай хэргийг 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Кыстаубай овгийн С.Х, 1979 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Баян-Өлгий аймгийн Алтанцөгц суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, 4 хүүхдийн хамт Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Алтай 8 дугаар гудамжны 13 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: СА79100805/;

 

С.Х нь Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн урд асфалтан зам дээр Тоёота Приус маркийн 47-99 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр жолоодож яваад авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Тоёота приус 20 маркийн 45-64 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зорчигч Ц.Цэвэлмаагийн биед хүндэвтэр, Л.Энхсайханы биед хүндэвтэр, Ц.Анунгоогийн биед хүнд хохирол, Тоёота приус 11 маркийн 47-99 улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч А.Маржангүлийн биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: С.Хгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Налайх, Багахангай дүүргийн прокурорын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 173 дугаартай яллах дүгнэлтээс үзэхэд: 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 173 дугаартай яллах дүгнэлтийн тогтоох, тэмдэглэх хэсэгт “Яллагдагч С.Х нь Тоёота приус 11 маркийн 47-99 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр жолоодож яваад авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар зүйлчлэхээр тогтоосон” гэжээ. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт “яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэхийг тусгана” гэж хуульд заасан. Гэтэл яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 37 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “жолооч С.Х нь Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө”, 3 дугаар зүйлийн 3.7-д жолоочид дараах зүйлийг хориглоно. “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна” гэх шинжээчийн дүгнэлт гарсан байхад яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт “Яллагдагч С.Х нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэж ерөнхий заалтыг зааж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар зүйлчлэхээр тогтоосон нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын ямар журам, заалт зөрчсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.17 дахь хэсэгт заасан “эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол албан ёсоор танилцуулаагүй болон уг тогтоол ойлгомжгүй” гэх үндэслэл тогтоогдож байна.

             Иймд яллагдагч С.Хд холбогдох 1907003840175 дугаартай эрүүгийн хэргийг Тээврийн прокурорын газарт буцааж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

                            

Прокурор Х.Баярмаагийн бичсэн эсэргүүцэл болон прокурор Э.Ариунболд шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.17-д” зааснаар гэж хэргийн буцаасан хуулийн заалт нь “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай” хуульд байхгүй байна.  Харин “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.17-д” “эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол албан ёсоор танилцуулаагүй болон уг тогтоол ойлгомжгүй” гэх хуулийн заалт байдаг. Хуульд байхгүй үндэслэлээр хэргийг буцаасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг зөрчсөн байна. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс мөрдөн байцаалтын шатанд нэг ч удаа мөрдөгч болон прокурорт хэрэгт ажиллагаа хийлгүүлэх талаар хүсэлт гаргаж байгаагүй. Мөн түүнчлэн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.17 дахь заалтад” заасанчлан “эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол албан ёсоор танилцуулаагүй болон уг тогтоол ойлгомжгүй” гэх үндэслэлээр гомдол гаргаагүй, ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй болно. “Захиргааны хэм хэмжээний акт” гэдэг нь /Захиргааны ерөнхий хуулийн 59.1-д зааснаар/ хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрсөн” гэх ойлголтод Замын хөдөлгөөний дүрэм болох захиргааны хэм хэмжээний акт нь өөрөө хамаарагдаж байгаа юм. Шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 37 дугаартай дүгнэлтээр “Жолооч С.Х нь Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө”, мөн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7-д “Жолооч дараах зүйлийг хориглоно. Тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг зөрчсөн болох нь тогтоогдсон.

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах болон яллах дүгнэлтэд “Яллагдагч С.Х нь Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн урд асфалтан зам дээр Тоёота Приус-11 маркийн 47-99 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр  жолоодон яваад авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Тоёота приус-20 маркийн 45-64 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зорчигч Ц.Цэвэлмаа, Л.Энхсайхан, А.Маржангүль нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Ц.Анунгоогийн эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан” гэж үзэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилсэн хууль зүйн үндэслэлтэй байна. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд “Замын хөдөлгөөний дүрмийн” холбогдох заалтыг бичээгүй нь шүүхээс үндэслэл болохгүй ба “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол ойлгомжгүй” гэж үзэх үндэслэлгүй юм. Хавтас хэргийн 180 дугаар хуудсанд Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой яллагдагч болон түүний өмгөөлөгч нар танилцаж гарын үсгээ зурсан байдаг.  С.Хд холбогдох хэргийг хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжтойгоос гадна нэмж мөрдөн шалгах ажиллагаа хийж хохирогч, шүүгдэгчийг чирэгдүүлэхгүйгээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд хэргийн бодит байдалд нийцээгүй гаргасан Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 26 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг гэм буруугийн шүүхийн хэлэлцүүлэгт буцааж өнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч С.Хагийн өмгөөлөгч С.Давааравдан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1, 1.2 дугаар зүйлүүдэд заасан ажиллагаа хэрэгжих боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн. Уг ажиллагааг хэрэгжүүлэх ёстой субъект нь холбогдох хуулийн ямар заалт зөрчсөн болох талаар тодорхой бичээгүй учир анхан шатны шүүхийн захирамж үндэслэлтэй гарсан гэж үзэж хэвээр үлдээх саналтай ...” гэв.

 

Хохирогч Л.Энхсайханы өмгөөлөгч О.Алтанчулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Яллах дүгнэлтэд “захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас” гэж хуулийн заалтыг дурдаагүй. Гэвч яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 37 дугаартай шинжээчийн дүгнэлтийг үндэслэж гэм бурууг шийдвэрлэх боломжтой. “Захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас” гэж дүгнэсэн нь яллах дүгнэлтэд байвал зохих асуудлууд тавигдсан гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Э.Баяраагийн өмгөөлөгч Ч.Ням тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар хуульд заасан заалт байхгүй байхад өөр заалт хэрэглэж буцаасан нь үндэслэлгүй. Иймд хэргийг дахин мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг гэм буруугийн шүүхийн хэлэлцүүлэгт буцааж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогч Л.Энхсайхан тус шүүх хуралдаанд: “...Хэлэх тайлбаргүй. ...”

Хохирогч Э.Баярмаа тус шүүх хуралдаанд: “...Хэлэх тайлбаргүй. ...”

 

Иргэний нэхэмжлэгч Э.Баяраа тус шүүх хуралдаанд: “...Хэлэх тайлбаргүй. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

С.Х нь Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн урд аспалтан зам дээр Тоёота Приус маркийн 47-99 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр жолоодож яваад авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Тоёота приус 20 маркийн 45-64 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зорчигч Ц.Цэвэлмаагийн биед хүндэвтэр, Л.Энхсайханы биед хүндэвтэр, Ц.Анунгоогийн биед хүнд хохирол, Тоёота приус 11 маркийн 47-99 улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч А.Маржангүлийн биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Прокурор яллах дүгнэлтийн  тэмдэглэх хэсэгтээ: 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 37 дугаартай шинжээчийн дүгнэлтэд 4564 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ч.Цэнд-Аюуш нь Замын хөдөлгөөний дүрмийн 23 дугаар зүйлийн 23.9 дэх хэсэгт “Дараах тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно: Жолоочийн өвөр дээр, эсвэл энэ дүрмийн 23.8-д дурдсанаас бусад тохиолдолд суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт зорчигчийн өвөр дээр” гэсэн заалтыг зөрчсөн байна. Энэ нь зам тээврийн осол болоход нөлөөлөөгүй, 4799 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С.Х нь Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.3-т “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавж өгнө”, 3 дугаар зүйлийн 3.7-д “Жолооч дараах зүйлийг хориглоно. тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж, харин яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт “С.Х нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зорчигч Ц.Цэвэлмаагийн биед хүндэвтэр, Л.Энхсайханы биед хүндэвтэр, А.Маржангүйлийн биед хүндэвтэр, Ц.Анунгоогийн биед хүнд хохирол учруулсан хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлий 2 дахь хэсгийн 2.2, 2.3  дахь заалтад зааснаар зүйлчилсүгэй “ хэмээн тогтоожээ.

 

Анхан шатны шүүх хэдийгээр прокурорыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлий 2 дахь хэсгийн 2.2, 2.3  дахь заалтад зааснаар зүйлчлэл тогтоохдоо авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын ямар журам заалтыг зөрчсөн нь яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт дүгнээгүй нь ойлгомжгүй, хууль зөрчсөн гэж үзсэнд үндэслэл байгаа боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2,2 дахь хэсэгт “ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн” мөн хуулийн 2.3 -т “хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж” гэж хүндрүүлэх шинжийг хуульд тодорхой  заасан байх тул зөвхөн энэ үндэслэлээр хэргийг прокурорт буцаахгүйгээр Замын цагдаагийн газрын шинжээчийн дүгнэлт, бусад баримт, мөн хэрэг хэлэлцэх шатанд прокурорын тайлбар дүгнэлтээр тодруулан хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнд  хууль зүйн дүгнэлт хийж хэргийг эцэслэн  шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Иймд  дээд шатны прокурор Х.Баярмаагийн бичсэн 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 1 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 26 дугаартай шүүгчийн  захирамжийг хүчингүй болгон хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатанд шилжүүлэн   хэлэлцүүлэх нь  зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Налайх үүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 26 дугаартай шүүгчийн  захирамжийг хүчингүй болгож, С.Хд  холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатанд шилжүүлж хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хэлэлцтэл С.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ        

 

 

ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ                           

 

 

            ШҮҮГЧ                                                           О.ЧУЛУУНЦЭЦЭГ