Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 130/ШШ2021/00201

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багт оршин суудаг, Баян-Өлгий аймгийн Х банкны салбарын Төв тооцооны төвийн харилцааны менежер ажилтай, Х.Р-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Х банкны салбарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Р-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Е, хариуцагч Баян-Өлгий аймгийн Х банкны салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Даулетжан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймаг дахь Х банкны салбарын захирлын 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 5180/118 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах тухай.

Нэхэмжлэгч Х.Р шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус аймгийн Х банканд 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Х банкны төвөөс дотоод Аудитын газраас шалгалт ирж шалгах үеэр миний бие 2020 оны 4 дүгээр сарын 06, 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрүүдэд Өлгий сумын иргэдэд олгосон хохирол учруулаагүй болно. Х банкны төвөөс ирсэн Аудитын шалгалтаар зөрчлөө арилгасан тул ямар нэгэн сахилгын шийтгэл тооцоогүй ба 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Х банкны салбарын захирал Л.Ө нь тухайн өдөр зөрчлийг илрүүлсэн мэт “Зөрчил тогтоосон акт”-ыг танилцуулсан үеэр би гарын үсэг зурахаас татгалзаж, татгалзах шалтгаанаа тайлбар бичиж өгсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1-д зааснаар “сануулах” сахилгын шийтгэл тооцсон тушаалаа 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Х банкны захиргаа хүний нөөцийн ажилтан Б.О надад ямар нэгэн баримтад гарын үсэг зуруулахгүйгээр өгснийг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан болно. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-д сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, ирүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан байхад надад зөрчил гаргаснаас хойш 8 сар, илрүүлснээс хойш 1 сар 13 хоногийн дараа сахилгын шийтгэл оногдуулсан тул дээрх сануулах сахилгын шийтгэл ногдуулах тухай 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 5180\118 дугаартай тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Х банкны салбарын захирал Л.Ө шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Аливаа байгууллага болон тэр дундаа банк санхүүгийн байгууллагад дотооддоо санхүүгийн шалгалтыг тогтмол хийдэг бөгөөд энэ нь аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой байдаг. Үүний нэг адил Х банкны Дотоод Аудитын газраас системийн хэмжээнд Улаанбаатар хот болон аймаг сумдад байрлах салбар, тооцооны төвүүдэд ч мөн адил жилдээ 1-2 удаа ээлжит шалгалт хийн тухайн салбар, тооцооны төвүүдээс гаргасан зөрчил, алдаа дутагдлыг арилгуулах тал дээр зөвлөмж зөвлөгөө өгч ажилладаг. Х банкны Дотоод Аудитын газраас 2020 оны 10 дугаар сард Баян-Өлгий салбарт ээлжит шалгалт хийгдэж, шалгалтын мөрөөр тус салбарт гарсан алдаа дутагдлын талаар зөвлөмж зөвлөгөө анхааруулга өгч ажилласнаар бидний зүгээс цаашид алдаа дутагдлын талаар зөвлөмж зөвлөгөө анхааруулга өгч ажилласнаар бидний зүгээс цаашид алдаа дутагдал гаргахгүйн тулд шалгалтаар илэрсэн зөрчлийг нэг бүрчлэн нягталж 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр зөрчил гаргасан ажилтнуудад “Зөрчил тогтоосон акт”-ыг гардуулж гарын үсэг зуруулсан. Банкны зүгээс Дотоод Аудитын газраас алдаа дутагдлыг илрүүлж цаашид эрсдэл үүсгэхгүй тал дээр анхааруулж зөвлөгөө, зөвлөмж хүргүүлдгээс ямар нэгэн арга хэмжээ авч шийтгэл ногдуулдаггүй болно. Харин тухайн салбарын зүгээс шалгалтаар илэрсэн алдаа дутагдлыг нэг бүрчлэн нягтлан Х банкны ОНИБ (Орон нутгийн Иргэдийн банк) болон Хүний нөөцийн газарт зөрчил гаргасан ажилтанд ногдуулах сахилгын арга хэмжээний талаар санал хүргүүлэн холбогдох арга хэмжээ авч ажилладаг болно. Иймээс ДАГ-ын шалгалтын дараагаар салбараас ажилтнуудын гаргасан алдаа дутагдлыг нягталсны дүнд харилцааны менежер Х.Р-д 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гаргасан алдаа зөрчлийг нь танилцуулан “Зөрчил тогтоосон акт” хүргүүлж, холбогдох сахилгын арга хэмжээг ногдуулсан болно. Иймд салбарын зүгээс ямар нэгэн хууль зөрчөөгүй тул харилцааны менежер Х.Р-гийн гаргасан Баян-Өлгий аймгийн Х банкны салбарын захирлын 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 5180\118 тоот тушаалыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Х.Р-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Е шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Миний эхнэр Х.Р-г Баян-Өлгий аймаг дахь Х банкны салбарт 13 дах жилдээ ажиллаж байна. Эхнэрийнхээ хүсэлтээр эрх зүйч мэргэжилтэй гэдгээрээ би итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэл дээрээ дурдсанаар Х банк дээр аудитын шалгалт ирсэн нь үнэн. Өчигдөр шүүхэд гаргаж өгсөн албан ёсны нотлох баримт дээр Х банкны аудитын тайланд байж байгаа аудит хийсэн хугацаа нь 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 10 дугаар сарын 31-ны өдөр хүртэл хэлэлцээд, энэ бүх аудитын шалгалтаар илэрсэн зөрчлийг тайландаа тусгасан байгаа. Энэ тайланд тусгасан Х.Р-д холбоотой зээлийн үйл ажиллагаанд үүссэн болон үүсэж болзошгүй эрсдэл гэж бичсэн байгаа. Энэ бол 222 сая төгрөгийн зээлийн барьцаа хөрөнгийн журмыг буруу тооцоолсноор ингэж хийсэн гэдгийг тогтоосон. Гэхдээ тухайн аудитын шалгалтын явцад энэ зөрчлөө арилгасан буюу аудитын тайланд үл хөдлөх хөрөнгө болон, хөдлөх хөрөнгө нэмж барьцаалсан гээд тусгаж өгсөн байгаа. Тэгээд дараагаар нь зөрчил гээд тогтоосон 4 зээлийг ямар хугацаанд гаргасан зээл гэдгийг заагаад өгсөн байгаа. Жишээлбэл иргэн Н-т 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан 100 сая төгрөгийн шуурхай бичил зээл, иргэн Сапарт 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан 100 сая төгрөгийг бичил зээл, иргэн М-д 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 15 сая төгрөгийн шуурхай бичил зээл, иргэн Е-д 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 20 төгрөгийн шуурхай бичил зээл. Энэ бүх зээлийг гаргахад хяналт тавьж ажилласан ажилчид бүгд энэ зээлийн олгох журам, хяналт дутуу байна гэснийг анхнаасаа өөрсдөө буруу ойлгосон байсан. Энэ тайлбарласан хэсгийг аудитын дүгнэлтийн хойно тавьсан байгаа.  Зөрчил гаргасан шалтгаан нь, зээл гаргасан болон хяналт тавьсан ажилчид нь бичил зээл олгох журмыг буруу ойлгож, хэрэглэсэн байна гэж тодорхой тайлбарлаж, ийм учраас гаргасан зөрчлүүдээ арилгасан тухай тусгасан байна. Энд гаргасан зээлүүдийн хамгийн сүүлчийн зээл нь 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр иргэн Е-д олгосон зээл байна. Тухайн зөрчил гаргасан нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-д “Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасан байгаа. Гэтэл уг зөрчил гаргаснаас хойш 6 сар 4 хоног өнгөрсөн байхад захирал Л.Ө гэдэг хүн зөрчил тогтоосон акт үйлдэж өгсөн. Уг актыг 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр үйлдэж өгөхөд Х.Р хүлээж авахаас татгалзаж, болсон асуудлын талаар тайлбар бичиж өгсөн. Тайлбарын агуулга нь зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрч байна, мөн зөрчлөө арилгасан гэдгээ тайлбарлаад гэхдээ хөөн хэлэлцэх хугацаа нь өнгөрсөн байна гэдгээ хэлсэн. Мөн дараагийн зүйл нь мөн хуулийн 131.2-д “Сахилгын зөрчил илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэж байгаа. Гэтэл энэ аудит, аудитын байгууллага шалгалт хийгээд, аудит хийгээд зөрчил тогтоогоод, илрүүлээд 1 сар 8 хоногийн дараа зөрчил тогтоох акт үйлдээд, зөрчил тогтоох сахилгын шийтгэл оногдуулсан байгаа. Өнөөдөр 12 дугаар сарын 07-ны өдөр гээд байгаа тушаалыг гаргахад ямар нэгэн зөвлөлийн хурал хийгээгүй, зөвлөлийн хурал хуралдаагүй, тэмдэглэл үйлдээгүй, энэ хүний зөрчил үйлдсэнийг тогтоогоогүй, энэ хүнд оногдуулах сахилгын шийтгэл оногдуулсан тухайгаа өөрт нь мэдэгдэж гардуулж өгөөгүй. Мөн тушаал гаргасан өдрийг засварласан байдалтай 17 эсхүл 7 гэдэг нь эргэлзээтэй тушаалыг хуулбарлаад нотариатаар батлуулаад хэрэгт хавсаргаж өгсөн байгаа. Ийм учраас хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэсэн үндэслэлээр Баян-Өлгий аймгийн Х банкны салбарын захирлын 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 5180/118 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулж өгнө үү гэв.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Х банкны салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: 2020 оны 10 дугаар сард Баян-Өлгий аймаг дахь Х банкны салбарт Х банкны аудитын газраас ээлжит баримтын шалгалт хийсэн. Тус шалгалтаар манай 9 нэгж тооцооны төвд шалгалт хийж тус бүрд нь гарсан зөрчилтэй холбоотой тайлан бичээд тухайн салбар тооцоонд танилцуулсны дараа манайд нэгдсэн тайлангаа захирлын зөвлөлөөр танилцуулдаг. Энэ нэгдсэн тайланг 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр танилцуулсан. Нэхэмжлэгч Х.Роза нь сахилгын арга хэмжээг оногдуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж маргаж байгаа болохоос огт зөрчил гаргаагүй гэж маргаагүй. Х.Р-гийн гаргасан тухайн зөрчил нь ямар түвшний зөрчил, шар түвшин, улаан түвшний зөрчил эсэх талаар тайлан дээрээ оруулсан байгаа. Ийм учраас тухайн зөрчил гаргасан ганцхан Х.Р-д биш, бусад зөрчил гаргасан хүмүүст бас сахилгын шийтгэл оногдуулсан. Хөдөлмөрийн тухай хуульд заасан зөрчил илрүүлснээс хойш 1 сарын дотор гэсэнд холбогдуулан тайлбарлахад манай зөвлөлөөр 11 дүгээр сарын 05-ны өдөр танилцуулахад уг хугацаа нь 12 дугаар сарын 05-ны өдөрт дуусдаг юм байна. Гэхдээ 12 дугаар сарын 05-ны өдөр нь амралтын өдөр байсан болохоор 12 дугаар сарын 07-ны өдөр зөрчилд холбогдуулан оногдуулсан сахилгын шийтгэлийн актыг гаргасан байна. Зөрчил гаргаснаас хойш 6 сарын дотор илрүүлэх гээд байгаа. Нэхэмжлэгчийн гаргасан зөрчил нь зээлийн гэрээтэй холбоотой зөрчил, зээлийн гэрээ 5,10 жил хүртэлх хугацаанд хийгддэг. Гэхдээ аудит бол 6 сарын дотор аудит хийдэггүй. Заримдаа жилийн дотор, заримдаа 2 жилийн хугацаанд ингэж шалгалт хийдэг. Тэгэхээр нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаар 4 дүгээр сард гаргасан зөрчилд 8, 10 сарын дараа сахилгын шийтгэл оногдуулж байна, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэдэг нь үндэслэлгүй. Зөрчил илрүүлснээс хойш 30 хоногийн дотор бид нар арга хэмжээ авсан. Мөн бид огт зөрчил гаргаагүй хүнд арга хэмжээ авсан биш зөрчил нь тогтоогдсон хүнд сахилгын арга хэмжээ авсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Р нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-д “Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, ирүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасан байхад надад зөрчил гаргаснаас хойш 8 сарын дараа хууль зөрчиж сануулах сахилгын шийтгэл ногдуулсан гэж эс зөвшөөрч хариуцагч Баян-Өлгий аймгийн Х банкны салбарын захирал Л.Ө-ын 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн №5180/118 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулахаар маргасан байна.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Х банкны салбарын захирал Л.Ө нь 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 5180/118 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1, Банкны Хөдөлмөрийн дотоод журмын 9.1 дэх заалт  болон ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн ажилдаа хайхрамжгүй хандан зээлийн барьцаа хөрөнгө эрсдэх нөхцөлийг бүрдүүлсэн, зээлийн судалгаа шинжилгээг хангалтгүй хийсний улмаас харилцагчийн санхүүгийн чадварыг бодитой бус тооцоолсон, зээлийн хувийн хэргийн бүрдэл дутуу байхад зээл олгосон зэрэг үйлдлээр Х банкны Хөдөлмөрийн дотоод журмын 4.4.17, Х банкны ёс зүйн дүрмийн 5.1.1, 5.2.1, ажлын байрны тодорхойлолтын 2.1, 2.2, 2.4, 2.5, 2.6, ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3.2.5, 3.2.6, 3.2.9, Зээлийн үйл ажиллагааны журмын 5.7.3, 6.4, бизнесийн зээлийн бодлого журмын 5.2, 6.2 дах заалтыг тус тус зөрчсөн тул нэхэмжлэгч Баян-Өлгий аймаг дахь Х банкны салбарын Төв тооцооны төвийн харилцааны менежер Х.Р-д сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч М.Р-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь, хавтаст хэрэгт авагдсан Х банкны салбарын Дотоод аудитын газрын “Дотоод аудитын тайлан” (Баян-Өлгий салбарын Төв тооцооны төв)-гийн 1.Ерөнхий зүйл: 

Баримт хамрах хугацаа:...одоогийн аудит: 2019.11.21 - 2020.09.30;

Аудит хийсэн хугацаа: 2020.10.12 - 2020.10.31 (аудитын эхлэх өдрөөс аудитын тайланг танилцуулсан хугацааг ойлгоно)

3.Аудитын дүгнэлт.Эрсдэлийн удирдлага: “Нэгжийн эрсдэлийн самбар хөтлөх аргачлал”-ын дагуу удирдах ажилтны зүгээс эрсдэл тодорхойлох байдал хангалтгүй байна. Аудитаар анхаарах шаардлагатай дараах асуудлууд гарсан. Үүнд:

Зээлийн үйл ажиллагаанд үүссэн болон үүсэж болзошгүй эрсдэл: Шуурхай бичил зээл судалж олгохдоо зээлийн дүнгийн 20 хувьд ЭТҮ бүхий тээврийн хэрэгсэл барьцаалж байгаа боловч үлдэх 80 хувьд ҮХХөрөнгө болон хөдлөх хөрөнгө барьцаалаагүй байна. Энэ нь ажилтнууд журмын заалтыг буруу хэрэгжүүлсэнтэй холбоотой байна. Нийт 4 зээлдэгчийн 220.0 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлд барьцаа хөрөнгийн эрсэл үүссэн байна. (Аудитын хугацаанд ҮХХ болон хөдлөх хөрөнгө нэмж барьцаалгасан) 

5.Тайлангийн мөрөөр хийх ажил. Зөрчлийг арилгах, зөвлөмжийн хэрэгжилтийн хариу тайлан гэдэгт: Аудитаар тайланд тусгасан зөрчлийг арилгах, тайлангаар өгсөн санал зөвлөмжийн хэрэгжилтийн талаар ажилласан хариу тайланг 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор Баян-Өлгий салбарт хүргүүлэхийг Төв тооцооны төвийн захирал С.С-т хариуцуулсан байна. 

Аудит хийсэн хугацаа: 2020.10.12-2020.10.31 (аудитын эхлэх өдрөөс аудитын тайланг танилцуулсан хугацааг ойлгоно) гэж тусгасныг Х.Р-д алдаа зөрчлийг танилцуулсан хугацаа гэж тооцох үндэслэл тогтоогдохгүй байгаа ба “Дотоод аудитын тайлан”-нд тусгасан зөрчлийг арилгах, тайлангаар өгсөн санал зөвлөмжийн талаар хариу тайланг 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор Баян-Өлгий аймгийн Х банкны салбарт хүргүүлэхийг Төв тооцооны төвийн захирал С.С-т хариуцуулсан  болох нь нотлогдож байна.

Х банкны салбарын Дотоод аудитын газар нь “Дотоод аудитын тайлан”-нд тусгасан зөрчлийг илрүүлснээр шууд сахилгын арга хэмжээ авагдаг эрх бүхий субъект биш, мөн Баян-Өлгий аймгийн Х банкны Төв тооцооны төвийн захирал ажил олгогч этгээд биш болно.

Хавтаст хэрэгт авагдсан ажил олгогч Х банкны Баян-Өлгий салбарын захирал болон  ажилтан Х.Роза нарын хооронд 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хугацаагүй байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”-ний 4.1, 4.4-д зааснаар сахилгын хариуцлага хүлээлгэх эрх бүхий этгээд нь ажил олгогчийн хувьд хариуцагч Х банкны Баян-Өлгий салбарын захирал байна.

Мөн Х банкны Баян-Өлгий салбарын Төв тооцооны төвд хийсэн аудитын тайлан 5.Зөрчлийн дэлгэрэнгүй /5С аргачлал/-ын:

 1.Тооцооны төвийн харилцааны менежер Х.Р ... нар нь БЗБЖурмын “50 сая хүртэл төгрөгийн дүнтэй эргэлтийн хөрөнгө, зээлийн хураамж, шуурхай бичил зээлийг хөдлөх барьцаалан олгож болох ба барьцаа хөрөнгийн 20%-иас доошгүй хувьд /ЭТҮ-ээрээ/ гэрчилгээгээр баталгаажсан хөдлөх /ҮХХ байж болно/ хөрөнгө заавал барьцаална” гэсэн заалтыг хэрэгжүүлж ажиллаагүй, барьцаа хөрөнгийн эрсдэлтэй зээлүүд олгосон байна.

Тодруулбал:...Энэхүү 2020.04.06, 2020.04.21, 2020.05.13, 2020.06.04 өдрүүдэд олгосон шуурхай бичил 4 зээлд барьцаа хөрөнгийн эрсдэл үүссэн байна. Тус зээлүүдийн үлдэгдэл аудит хийх өдрийн байдлаар 222.0 сая төгрөг гэсэн байна.

Хариуцах албан тушаалтан гэдэгт ХМ  Х.Р...2020.11.30 өдөр гэж тэмдэглэн бичсэн ба тайлантай танилцсан гэдэгт харилцааны менежер Х.Р гарын үсэг зурж баталгаажуулсан.

Үүгээр зээлийн барьцаа хөрөнгө эрсдэх нөхцөлийг бүрдүүлсэн, барьцаа хөрөнгийн эрсдэлтэй зээлүүдийг олгосон зэрэг алдаа зөрчлийг танилцуулан нэхэмжлэгч Х.Р хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан хугацаа 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг зөрчил илрүүлсэн хугацаа гэж тооцох нь зүйтэй байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-д зааснаар сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш нэг сарын дотор буюу 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр зөрчил тогтоосон акт үйлдэж мөн өдөр “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” №5180\118 дугаартай тушаал гаргасан нь  хууль зөрчөөгүй байна.

2.Нэхэмжлэгч Х.Р-гийн зээлийн барьцаа хөрөнгө эрсдэх нөхцөлийг бүрдүүлсэн, барьцаа хөрөнгийн эрсдэлтэй зээлүүдийн хамгийн сүүлийн зөрчил гарган олгосон шуурхай бичил зээлийг  2020.06.04 өдөр гаргасан гэдэг нь аудитын тайлангаар нотлогдож байгаа ба Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах ёстой.

Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д “хугацааг тоолохдоо үйл явдал болж өнгөрсний дараах өдрөөс эхлэн тоолно” гэж зааснаар 2020 оны 12 дугаар сарын 05-ны дотор сахилгын шийтгэл ногдуулах ёстой байсан боловч тухайн өдөр нь хуанлийн он, сар, өдөр 2020 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Бямба гариг, 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Ням гариг буюу ажлын бус өдөр байна.

Иймээс Иргэний хуулийн 72 дугаар 72.2-т “тоолох хугацааны эцсийн өдөр ажлын бус  өдөр байвал  түүний дараагийн ажлын өдөр уг хугацаа дуусна” гэж заасан тул 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр сахилгын шийтгэл оногдуулсан нь хуульд нийцэж байна.

3.Нэхэмжлэгч  Х.Р нь зээлийн барьцаа хөрөнгө эрсдэх нөхцөлийг бүрдүүлсэн, зээлийн судалгаа шинжилгээг хангалтгүй хийсний улмаас харилцагчийн санхүүгийн чадварыг бодитой бус тооцоолсон, зээлийн хувийн хэргийн бүрдэл дутуу байхад зээл олгосон зэрэг зөрчил гаргасан гэдэг нь түүний 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Баян-Өлгий аймгийн Х банкны салбарын захиралд бичсэн тайлбар, 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “Зөрчлийн акт”-д бичсэн тайлбар, Аудитын тайланд зөвшөөрч гарын үсэг зурсан зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

Иймд дээрх нотлох баримтуудаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Х банкны салбарын захирал Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1 заасан заасан сануулах сахилгын шийтгэл оногдуулахад 131 дүгээр зүйлийн 131.2-т заасан хугацааг зөрчөөгүй болох нь нотлогдож байгаа тул Баян-Өлгий аймгийн Х банкны салбарын захирлын 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 5180/118 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Х.Р-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Мөн энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар гомдлоор авч хэлэлцэх маргаан тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-г баримтлан Баян-Өлгий аймгийн Х банкны салбарын захирлын 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 5180/118 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Хурман майтах овогт Х.Р-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Б.МАНГИЛИК