Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 212/МА2021/0027

 

Х.Р-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж,

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2021/00201 дүгээр шийдвэртэй, Өлгий сумын 6 дугаар багт оршин суудаг, ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын Төв тооцооны төвийн харилцааны менежер ажилтай, Х майтах овогт Х-ын Р-гийн нэхэмжлэлтэй, аймгийн ХААН банкны салбарт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Т.Еркегүл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ержан, хариуцагч ХААН банкны тус аймаг дахь салбарын захирал Л.Өнөржаргал, хариуцагчийн өмгөөлөгч Н.Баасанжав /цахим сүлжээгээр/ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймаг дахь ХААН банкны салбарын захирлын 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 5180/118 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгох тухай.  

Нэхэмжлэлд: “Тус аймгийн ХААН банканд 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ХААН банкны төвөөс дотоод Аудитын газраас шалгалт ирж шалгах үеэр миний бие 2020 оны 4 дүгээр сарын 06, 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрүүдэд Өлгий сумын иргэдэд олгосон зээлийг шалгасан ба шалгалтын үед зөрчлөө арилгаж, банканд ямар нэгэн эрсдэл, хохирол учруулаагүй.

ХААН банкны төвөөс ирсэн Аудитын шалгалтаар зөрчлөө арилгасан тул ямар нэгэн сахилгын шийтгэл тооцоогүй ба 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ХААН банкны салбарын захирал Л.Өнөржаргал нь тухайн өдөр зөрчлийг илрүүлсэн мэт “Зөрчил тогтоосон акт”-ыг танилцуулахад би гарын үсэг зурахаас татгалзаж, татгалзах шалтгаанаа бичиж өгсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1-д зааснаар сануулах сахилгын шийтгэл тооцсон тушаалаа 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ХААН банкны захиргаа хүний нөөцийн ажилтан Б.Оюунбилэг надад ямар нэгэн баримтад гарын үсэг зуруулахгүйгээр өгснийг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-д сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, ирүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан байхад надад зөрчил гаргаснаас хойш 8 сар, илрүүлснээс хойш 1 сар 13 хоногийн дараа сахилгын шийтгэл оногдуулсан тул дээрх сануулах сахилгын шийтгэл ногдуулах тухай 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 5180\118 дугаартай тушаалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

Хариуцагчийн тайлбарт: “ХААН банкны Дотоод Аудитын газраас 2020 оны 10 дугаар сард Баян-Өлгий салбарт ээлжит шалгалт хийгдэж, шалгалтын мөрөөр тус салбарт гарсан алдаа дутагдлын талаар зөвлөмж зөвлөгөө анхааруулга өгч ажилласнаар бидний зүгээс цаашид алдаа дутагдал гаргахгүйн тулд шалгалтаар илэрсэн зөрчлийг нэг бүрчлэн нягталж, 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр зөрчил гаргасан ажилтнуудад “Зөрчил тогтоосон акт”-ыг гардуулж гарын үсэг зуруулсан.

Банкны зүгээс Дотоод Аудитын газраас алдаа дутагдлыг илрүүлж цаашид эрсдэл үүсгэхгүй тал дээр анхааруулж зөвлөгөө, зөвлөмж хүргүүлдгээс ямар нэгэн арга хэмжээ авч шийтгэл ногдуулдаггүй. Харин тухайн салбарын зүгээс шалгалтаар илэрсэн алдаа дутагдлыг нэг бүрчлэн нягтлан ХААН банкны Орон нутгийн Иргэдийн банк болон Хүний нөөцийн газарт зөрчил гаргасан ажилтанд ногдуулах сахилгын арга хэмжээний талаар санал хүргүүлэн холбогдох арга хэмжээ авч ажилладаг.

Иймээс ДАГ-ын шалгалтын дараагаар салбараас ажилтнуудын гаргасан алдаа дутагдлыг нягталсны дүнд харилцааны менежер Х.Р-д 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гаргасан алдаа зөрчлийг нь танилцуулан Зөрчил тогтоосон акт хүргүүлж, холбогдох сахилгын арга хэмжээг ногдуулсан. Иймд салбарын зүгээс ямар нэгэн хууль зөрчөөгүй тул харилцааны менежер Х.Р-гийн гаргасан “Баян-Өлгий аймгийн ХААН банкны салбарын захирлын 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 5180\118 тоот тушаалыг хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2021/00201 дүгээр шийдвэрээр:

“1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-г баримтлан Баян-Өлгий аймгийн ХААН банкны салбарын захирлын 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 5180/118 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Хурман майтах овогт Хайролын Р-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.” гэж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: “Х.Р би 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр тус аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Хаан банкны 2020 оны 12 дугаар сарын 07, 17-ны гэсэн засвартай 5180/118 дугаартай “Сануулах” сахилгын арга хэмжээ тооцсон тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан боловч Баян-Өлгий аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2021 /00201 дүгээр шийдвэрээр зөрчил илрүүлсэн хугацаа болон хөөн хэлэлцэх хугацааг буруу тайлбарлаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул гомдол гаргаж байна.

Хаан банкны Аудитын газраас 2020 онь 10 дугаар сард шалгалт ирж, шалгасан аудитын тайланд Аудит хийсэн хугацаа 2020.10.12-2020.10.31-ний өдөр аудитын тайланг танилцуулсан хугацааг ойлгоно гэж зөрчил илрүүлсэн хугацаагаа тодорхой заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-д “Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасан ба илрүүлснээс хойш 1 сар өнгөрсөн байхад сахилгын арга хэмжээ тооцсон тул анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

 

Иргэний хэргийн анхан шийдвэрийг хүчингүй болгож, миний гаргасан нэхэмжлэлийг хангаж, Хаан банкны 2020 оны 12 дугаар сарын 07, 17-ны өдрийн засвартай тушаалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалтыг зөрчсөнөөс шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

            ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын Төв тооцооны төвийн харилцааны менежер ажилтай Х.Р нь өөрийн хариуцсан ажилдаа хайхрамжгүй хандан зээлийн барьцааны хөрөнгө эрсдэх нөхцөлийг бүрдүүлсэн, зээлийн судалгаа шинжилгээг хангалтгүй хийсний улмаас харилцагчийн санхүүгийн чадварыг бодитой бус тооцоолсон, зээлийн хувийн хэргийн бүрдэл дутуу байхад зээл олгосон зэрэг /2020-04-06, 2020-04-21, 2020-05-13, 2020-06-04, 2019-12-26, 2020-01-24, 2019-12-12, 2020-03-19/ нийт 8 удаагийн үйлдлээр  хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан нь ХААН банкны салбарын аудитын газрын Баян-Өлгий салбарын Төв тооцооны төвд 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс мөн оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хооронд хийсэн дотоод аудитын тайлангаар тогтоогджээ.

Уг хөдөлмөрийн сахилгын зөрчлүүдийн талаар буюу дотоод аудитын тайлангийн үндэслэлийн талаар ажилтан Х.Р хүлээн зөвшөөрч, маргаагүй боловч ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан хугацаанд сахилгын шийтгэл ногдуулаагүй гэж анхан болон давж заалдах шатны шүүхэд тус тус гомдол гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

            Ажилтан Х.Ргийн үйлдсэн зөрчлүүдээс хамгийн сүүлд үйлдэгдсэн буюу 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр үйлдэгдсэн зөрчлөөс ажил олгогчийн сахилгын шийтгэл ногдуулсан 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацааг тоолоход, ажил олгогч ажилтныг сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сарын дотор шийтгэл ногдуулсан талаар анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийжээ. Харин уг сахилгын зөрчлийг ХААН банкны салбарын аудитын газрын дотоод аудитын тайлангаар 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр /тайланд дурдсанчлан: аудит эхлэх өдрөөс аудитын тайланг танилцуулсан хугацаа, хэргийн 46 дугаар тал/ илрүүлсэн байхад анхан шатны шүүх 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр илрүүлсэн гэж дүгнэн, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтыг зөрчжээ.

            Х.Ргийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр үйлдсэн хөдөлмөрийн сахилгын зөрчлийг ажил олгогч 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр илрүүлсэн боловч нэг сар, долоо хоногийн дараа буюу 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт “илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна.” гэж заасныг зөрчсөн тул ажил олгогчийн уг шийдвэрийг хууль ёсны байх шаардлагыг хангасан гэж үзэх үндэслэлгүй. Иймд ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн шийдвэрийг хүчингүй болгож, ажилтны анхан болон давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

            Хуульд зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл болон давж заалдах гомдол тус тус улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд нэхэмжлэгчийн анхан шатны шүүхэд гаргасан гомдлыг хангахаар шийдвэрт өөрчлөлт оруулсан учраас Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтаар Х.Ргийн гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбараас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулан улсын орлого болгохоор мөн өөрчлөлт орууллаа.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:                  

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2021/00201 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Х.Р-гийн хариуцагч ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт холбогдуулан гаргасан гомдлыг хангаж, тус салбарын захирлын 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” 5180/118 дугаар тушаалыг хүчингүй болгосугай.” гэж, 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтаар Х.Р-гийн гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбараас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Х.Р-гийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

ШҮҮГЧИД                                                       Н.МӨНХЖАРГАЛ                                                                       

С.ӨМИРБЕК