Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цогийн Одмаа |
Хэргийн индекс | 128/2022/0159/З |
Дугаар | 128/ШШ2022/0476 |
Огноо | 2022-06-16 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 128/ШШ2022/0476
2022 06 16 128/ШШ2022/0476
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Ц************
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Д************
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч: Т.Э*********
Хариуцагч: Баянгол дүүргийн Засаг дарга
Итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.А************* М.С*****
Хариуцагч: Баянгол дүүргийн Дотоод аудитын албаны дарга Н.Н***
Гуравдагч этгээд: У.О********* нарын хоорондын төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д********, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Э********, хариуцагч Н.Н*********, хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*********, М.С**********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Ц********** нь Баянгол дүүргийн Засаг даргад 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 12 сарын 03-ны өдрийн Б/312 тоот захирамжийг хүчингүй болгуулах, Баянгол дүүргийн 89 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажил, албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр “Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 12 сарын 03-ны өдрийн Б/312 тоот захирамж гарсан өдрөөс эхлэн ажилд эгүүлэн тогтоох шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин олговрыг хариуцагчаас гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, бичилт хийхийг даалгах” шаардлагаар ихэсгэсэн.
2. Нэхэмжлэгч нь 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн Дотоод аудитын албаны дарга Н.Н************ холбогдуулан “Баянгол дүүргийн Дотоод албаны улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 31-01/09 тоот “Зөрчил арилгуулах тухай” акт, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 31-01/33 тоот “Албан шаардлага”-ыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох тухай” шаардлагаар ихэсгэснийг шүүх хүлээн авч, дээрх шаардлагуудын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
3. Нэхэмжлэгч нь анх нийслэлийн Боловсролын газрын даргын 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/146 дугаар тушаалаар Баянгол дүүргийн 89 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд түр томилогдож, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Б/148 дугаар захирамжаар тус цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилогдсон.
4. Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/127 дугаар захирамжаар батлагдсан Төрийн өмчийн боловсролын байгууллагын үйл ажиллагаа, сахилга хариуцлага, төсвийн хэмнэлтэд хяналт шалгалт хийх ажлын удирдамжийн дагуу байгуулагдсан ажлын хэсэг 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн ажлын 5 өдөр Баянгол дүүргийн 89 дүгээр цэцэрлэгийн үйл ажиллагаа, сахилга хариуцлага, төсвийн хэмнэлтэд хяналт шалгалт явуулж, ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгч Б.Ц************г 18,191.5 мянган төгрөгийн төсвийг үр ашиггүй зарцуулсан, хөдөлмөрийн гэрээний үүргээ биелүүлээгүй зэрэг зөрчил гаргасан гэж үзэж Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/312 дугаар захирамжаар нэхэмжлэгчид ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.
5. Нэхэмжлэгч урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр нийслэлийн Засаг дарга болон Төрийн албаны зөвлөлд хандсан бөгөөд Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01/126 тоот албан бичгээр “...хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн гэх үндэслэлээр шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүлэхийг зөвлөе” гэх хариуг авч 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.
6. Нэхэмжлэгч Б.Ц*********** нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “...Б.Ц************* би Баянгол дүүргийн 89 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажлыг 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл 8 дахь жилдээ гүйцэтгэж байгаа бөгөөд энэ хугацаанд гэрээ болон хуулиар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ирсэн, ажлаас халах захирамжид дурдсан зөрчил, дутагдлыг гаргаагүй болно. Гэтэл БГД-ийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/312 тоот захирамжаар намайг Хөдөлмөрийн гэрээний үүргээ биелүүлээгүй, төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөх, зарцуулах, батлагдсан төсөв. хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих болон холбогдох дүрэм журмыг хэрэгжүүлээгүйгээс 18,191,5 мянган төгрөгийн төсвийг үр ашиггүй зарцуулсан гэж ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй юм. 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн Засаг даргын А/127 тоот захирамжаар томилогдсон "Цэцэрлэгийн үйл ажиллагаа, сахилга хариуцлага, төсвийн хэмнэлтэд хяналт шалгалт хийх" ажлын хэсэг 89 дүгээр цэцэрлэгт шалгалтаар ирж, тус цэцэрлэгийг 18,191,5 төгрөгийн зөрчил гаргасан гэж дүгнэсэн байдаг бөгөөд уг дүгнэлт нь үндэслэлгүй юм. Уг дүгнэлтийн талаар миний зүгээс холбогдох байгууллагад албан тушаалтанд гомдол гаргаж, тайлбар, тодруулга хүргүүлсэн байдаг. Гэтэл хариуцагч нь маргаан бүхий 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/312 тоот захирамжийг гаргахдаа Ажлын хэсгийн уг үндэслэлгүй дүгнэлтийг гол үндэслэл болгож, 18,191,5 мянган төгрөгийн төсвийг үр ашиггүй зарцуулсан гэж ажлаас халах захирамж гаргасан нь хуульд нийцэхгүй байна. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д "Төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 61.1-д зааснаас гадна дараахь баталгаагаар хангагдана: 62.1.1-д "Энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх" гэж заасан. Гэтэл намайг хууль зөрчин ажлаас чөлөөлж төрийн албан хаагчийн баталгааг зөрчиж байна. Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д "Иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй" бол уг маргаан бүхий актыг захиргааны ил хууль бус акт гэж үзэхээр заасан. Иймд Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/312 тоот захирамжийг хүчингүй болгож, Б.Ц************ намайг Баянгол дүүргийн 89 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажил, албан тушаалд эгүүлэн томилохыг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.
7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/312 дугаар захирамжийг хүчингүй болгуулж Б.Ц**********г Баянгол дүүргийн 89 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажил албан тушаалд эгүүлэн томилуулахыг даалгах. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/312 тоот тушаал гарсан өдрөөс эхлэн ажилд эгүүлэн томилох шүүхийн шийдвэр гаргах хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргаас гаргуулах. Ажилгүй байсан хугацааны нийгмийн болон нэмэлт нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх. Мөн дахин нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ Нийслэлийн Баянгол дүүргийн дотоод аудитын газрын улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 3101/09 тоот зөрчил арилгуулах тухай акт, мөн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 3101/33 тоот албан шаардлагыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн маргаан бүхий албан тушаалыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хариуцагч тушаалдаа хөдөлмөрийн гэрээндээ 5, 6 дугаар зүйлийг үндэслэл болгосон бөгөөд үүнийг бид үндэслэлгүй гэж үзэж байгаа. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлд “Хөдөлмөрийн гэрээ болон түүний талуудыг зааж өгсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 47.1 дэх хэсэгт ажил олгогч ажилтан харилцана тохиролцож хөдөлмөрийн гэрээг байгуулна. Мөн хуулийн 48 дугаар зүйлд ажил олгогч хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдэж талын гарын үсэг зурж гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй гэж заасан ба хариуцагч энэ үүргээ биелүүлээгүй. Боловсролын тухай хуулиар Нийслэлийн Засаг дарга эрх олгосны дагуу Боловсролын газрын дарга Нийслэлийн, дүүргийн ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд томилж, чөлөөлөх хуулийн зохицуулалттай байсан. 2008 онд тухайн хууль өөрчлөгдөж Дүүргийн засаг дарга өөрийн харьяа дүүргийнхээ ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн эрхлэгчийг ажилд томилж чөлөөлөхөөр хуульд зохицуулсан байдаг. Хууль үүнийг зохицуулж өгсөнтэй холбоотойгоор хариуцагч нь нэхэмжлэгч Б.Ц**********тэй хөдөлмөрийн гэрээг шинэчилж байгуулах ёстой. Манай зүгээс Хөдөлмөрийн тухай хуулиа баримтална гэсэн байр суурьтай байгаа. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээг өөрийн нэрийн өмнөөс байгуулаагүй байж өөр этгээдтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, эрх үүргийг эдэлж ажлаас халсан нь, мөн тухайн маргаан бүхий тушаалд Б.Ц************г хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн зөрчил гаргасан гэж дурдсан ба үүнийг бид үндэслэлгүй гэж байгаа. Хөдөлмөрийн ноцтой зөрчлийг ажилтан ажил олгогч хоёр хөдөлмөрийн гэрээгээр нэг бүрчлэн заах ёстой. Үүнийг хариуцагч өөрийн нэрийн өмнөөс эрх үүрэг хүлээж нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй учраас яг ямар зөрчлийн ноцтой зөрчил гэж үзэх юм, ямар ноцтой зөрчил гаргавал хөдөлмөрийн гэрээг шууд тусгах үндэслэл болсон юм гэдгийг гэрээ байгуулаагүй учраас тогтолцоогүй гэж үзэж байна. Уг маргаан бүхий тушаал ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэл болгосон байдаг. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 27.1 гэх заалт нь өөрөө цэцэрлэгийн эрхлэгч Б.Ц************гийн эрх үүрэгт хамааралгүй. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулах заалт биш гэж үзэж байна. Хууль зүйн хувьд захиргааны шийтгэл оногдуулах заалт. Уг 2 заалт нь хоорондоо ялгаатай. Хэрэв үнэхээр сахилгын шийтгэл зөрчсөн гэж үзвэл зөрчлийн хэрэг нээгдэж зөрчлийн журмаар явагдах ёстой гэж бид үзэж байна. Мөн ажлын хэсгийн дүгнэлтэд ямар албан тушаалтан хэн нь энэ зөрчлүүдийг гаргасан бэ гэдгийг нарийн тодорхойлж өгөөгүй. Ажлын хэсгийн дүгнэлтэд дурдсан зөрчлүүдийг харахаар бүгд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиар олгосон нягтлан бодох бүртгэлийн үүрэг байдаг. Энэ Нягтлан бодох бүртгэлтийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт Нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт холбогдох бусад баримт бичиг, мэдээ мэдээллийг тогтоосон хугацаанд шаардан гаргуулах, мөн өөрийн шууд удирдлагын дор ажиллаж байгаа нягтлан бодогчийн ажлын гүйцэтгэлийг хянах, мэргэшүүлэх сургалтад хамруулах арга хэмжээ авах үүргүүдтэй гэж заасан. Энэ нь тухайн 89 дүгээр цэцэрлэгийн нягтлан бодогчийн хүлээх үүрэг байсан гэж үзэж байна. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд Санхүүгийн баримтыг бүрдүүлэх шаардаж авах үүрэг нь нягтлан бодогчид байсан. Энэ үүргийг цэцэрлэгийн эрхлэгч Б.Ц*********д холбогдуулж зөрчил гаргасан гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хариуцагчаас 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн маргаан бүхий тушаал болон ажлын хэсгийн дүгнэлтийг гаргаж сонсох ажиллагаа явуулахдаа Б.Ц*************г ажлын бус цагаар дуудаж сонсох ажиллагаа явуулсан нь Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагаа явагдаагүй гэж үзэж байна. Хамгийн гол маргаан нь ажлын хэсгийн дүгнэлтэд заасан зөрчлүүдийн алийг нь Б.Цгийн гаргасан зөрчил гэж үзэж байгаа юм. Энэ бүх зөрчлүүдийг нийлүүлээд эрхлэгч хариуцах ёстой гэдэг үндэслэлээр Б.Ц**************г ажлаас нь чөлөөлсөн. Ийм учраас маргаан бүхий тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байна. Б.Ц************гийн хувьд 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Б/148 тоот тушаалаар Баянгол дүүргийн цэцэрлэгчийн эрхлэгчээр томилогдсон. Ажлаас халагдах тушаал гарах хүртэл Б.Ц*************** сахилгын болон хуульд нийцээгүй, хууль зөрчсөн асуудал гаргаагүй хэвийн ажиллаж ирсэн. Гэтэл маргаан бүхий тушаалаар үндэслэлгүй халсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд үндэслэлгүй халсан учраас 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн маргаан бүхий тушаал гарсан өдрөөс эхлээд анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин олговор болон эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргаас гаргуулж нөхөн төлүүлэх үндэслэлтэй гэж үзэж байна. Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Дотоод аудитын байцаагчийн акт албан шаардлага байгаа үүнийг илт хууль бус захиргааны акт гэж маргаж байгаа. Бодит байдал дээр маргаан бүхий акт, албан шаардлагад дурдсан зөрчил нь зөрчил биш. Тухайн үед эдгээр баримтууд байсан. Эдгээр баримтуудыг улсын байцаагчид гаргаж өгсөн боловч үндэслэлгүйгээр хүлээж аваагүй. Захиргааны байгууллага тухайн иргэн, хуулийн этгээдийн ашиг сонирхол зөрчигдсөн. Захиргааны үйл ажиллагаанд оролцох оролцоог нь хангаагүй. Нотлох баримт авах, тайлбар баримт гаргуулах ажиллагааг бүрэн гүйцэт хийгээгүй. Тухайн акт албан шаардлагад дурдсан гэх зөрчлийг гаргаагүй гэх асуудлыг өмнөх шүүх хуралдаан болон гэрчийн мэдүүлгүүдээр 89 дүгээр цэцэрлэгийн нягтлан бодогч дэлгэрэнгүй тайлбар өгсөн учраас үүнийг дэлгэрэнгүй тайлбарлах шаардлагагүй гэж үзэж байна. Эдгээр асуудал нь санхүүгийн баримттай. Тухайн үед баримтыг өгч байсан боловч хүлээж аваагүй. Нотлох баримт гаргаж өгөх, тайлбар гаргах ажиллагааг хангалттай хийгээгүй гэж үзэж байна” гэв.
8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Улсын байцаагч хяналт шалгалт хийгээд акт албан шаардлага гарсан. Ажлын хэсгийг дүгнэлт гарч ажлаас халах тушаал гаргасан байдаг. Улсын байцаагчийн акт, албан шаардлага захиргааны илт хууль бус захиргааны акт болох нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар гомдол гаргах эрхийг тайлбарлаж өгөх ажил явагдаагүй байхад танилцаж зөвшөөрсөн гэдэг байдлаар хариу тайлбар хэлж байна. Нэгэнт хуулиар гомдол гаргах эрх нь байхад үүнийг хүчин төгөлдөр акт гэж үзэхгүй. Хэрэв холбогдох төрийн дээд байгууллагын албан тушаалтан болон шүүх хянаад хүчин төгөлдөр болж байгаа тохиолдолд хүчин төгөлдөр болсон гэж үзнэ. Гэтэл нэгэнт хуулиар олгогдсон гомдол гаргах боломж нь байгаад байхад түүнийг тайлбарлаж өгөөгүй учраас хууль бус захиргааны акт гэж үзэж байна. Улсын байцаагчийн актад дурдсан 1,785,000 төгрөгийн асуудал байдаг. 1,785,000 төгрөг ямар байдлаар гарсан бэ гэдгийг улсын байцаагч тогтоож өгөөгүй. 1,785,000 төгрөг нэр бүхий 5 хүнд очсон. Энэ хүмүүс илүү цаг ажилласан өдрийн болон нийтээр тэмдэглэх баярын өдрийн нэмэлт цалин хөлсөө авсан. Нэгэнт хуулийн дагуу холбогдох Монгол Улсын Онцгой комисс, Засгийн газар, Нийслэлийн болон Баянгол дүүргийн Засаг дарга нарын шийдвэрээр ажиллуулсан хүмүүсийн төлбөрийг буцааж төр төсөвт төвлөрүүлэх талаар улсын байцаагчийн акт гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулж 2020 онд Нийслэлийн Засаг даргын тамгын газраас харьяа дүүргийн Засаг дарга руу дээрх хүмүүсийг өмнө нь байгуулсан хөдөлмөрийн гэрээний хамт шилжүүлсэн. Үүнтэй холбогдуулж Төрийн албаны зөвлөлөөс хариу өгсөн. Гэхдээ үүнд албан тушаалын тодорхойлолт баталж мөрдүүлэхийг зааж өгсөн байгаа. Баянгол дүүргийн Засаг даргаас гаргаж нотлох баримтаар 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр цэцэрлэгийн эрхлэгч нарын албан тушаалын тодорхойлолтыг баталсан байдаг. Энэ албан тушаалын тодорхойлолтыг цаг хугацаанд нь боловсруулж батлаагүй. Яагаад гэвэл энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа буюу 6 сарын дараа Б.Ц**********гийн албан тушаалын тодорхойлолтыг гаргаж өгсөн. Баянгол дүүргийн Засаг даргаас Нийслэлийн Боловсролын газрын даргатай байгуулсан ажил олгогчийн гэрээг хүчин төгөлдөр мөрдүүлэх ямар ч боломжгүй. Өөр өөрсдийн гэсэн чиг үүрэг, эрх үүрэгтэй байгууллага. Дээд шатны байгууллагын эрх хэмжээний асуудлыг дүүргийн Засаг дарга эдлээд хүчин төгөлдөр болоод гэрээгээр ажиллуулж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна” гэв.
9. Хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А127 буюу Төрийн өмчийн боловсролын байгууллагын үйл ажиллагаа удирдах ажилтны сахилга хариуцлага, төсвийн хэмнэлтэд хяналт тавих ажлыг зохион байгуулах тухай захирамжийн дагуу 2021 оны 11 дүгээр 03-ны өдөр Баянгол дүүргийн 89 дүгээр цэцэрлэгийн үйл ажиллагааг тухайн шалгалтын комисс ажлын хэсэг шалгасан. Ажлын хэсгийн хянан шалгалтаар нийт 18,191,000 төгрөгийн зөрчлийн асуудал илэрсэн. Төсвийн шууд захирагч буюу 89 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Б.Ц********* нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 16 дугаар зүйлийн 16.5.2, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны Төсвийн хэмнэлтийн талаар авах арга хэмжээний тухай 43 дугаар тогтоолын 1.3 дахь заалтуудыг хэрэгжүүлээгүйгээс төсвийг үр ашиггүй зарцуулсан гэж үзэж байна. Б.Ц**********г албан тушаалаас чөлөөлөх тухай Засаг даргын захирамж нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдийн Б/312 дугаартай захирамжаар гарсан. Тухайн захирамж нь Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт буюу Төсвийн тухай хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. Төрийн албаны тухай хуулийн 4.3 дахь хэсэгт үйлчилгээний албан тушаал эрхэлдэг албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хөдөлмөрийн хууль, бусад хууль тогтоомжийн дагуу тогтооно гэж заасан. Дээрхийг үндэслэн хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгох үндэслэл буюу ноцтой зөрчлийн холбогдох заалтуудыг зөрчсөн ба тухайн үед хэрэгжиж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 буюу ажилтан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан тохиолдолд тухайн хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцална гэсний дагуу ажлаас чөлөөлөх захирамж гарсан. Маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа нэхэмжлэгч Б.Ц************д сонсох ажиллагаа хийгдсэн байдаг. 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Б.Ц********* би төлбөрөө барагдуулна, би төлөх ёстой гэх байр суурийг илэрхийлж байсан. Зөрчил тогтоогдсон цаг үе нь Ковид-19 буюу улс орон даяар цар тахалтай тэмцэж, улсын хэмжээнд хэмнэлтийн горимд шилжиж байсан буюу илүү цагийн нэмэлт хөлс олгох байтугай үндсэн цалин хөлс олгож байсан тодорхой эрхүүдийг хязгаарласан цаг үед нэхэмжлэгч Б.Ц төсвийг үр ашиггүй зарцуулсан байгаа. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байж хөдөлмөрийн гэрээг үндэслэсэн гэж нэхэмжлэгч тал ярьж байна. Төрийн албан зөвлөлөөс нотлох баримтын шаардлага хангуулаад албан бичиг ирсэн байгаа. Тухайн албан бичигт Нийслэлийн Засаг даргын захирамжаар ямар нэгэн байдлаар Б.Ц***********г ажлаас чөлөөлсөн шийдвэр байдаггүй. Үүнтэй холбоотойгоор дүүргийн Засаг дарга томилсон шийдвэр гаргаагүй. Төрийн албаны зөвлөлийн шийдвэрээр үргэлжлүүлэн ажиллуулах гэдэг чиглэл ирсэн учраас Нийслэлийн захирамжаар томилогдсон албан хаагчийг шууд үргэлжлүүлэн ажиллуулсан. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэдэг нөхцөлөөр хариуцагчийг буруутгах боломжгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.
10. Хариуцагч Баянгол дүүргийн Дотоод аудитын албаны дарга Н.Н********** нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол дүүргийн Засаг даргын хяналт шалгалтын удирдамж 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр батлагдсан. Дотоод аудитын албанаас хяналт шалгалтыг 11 дүгээр сарын 06-ны өдөр дуусгасан. Дуусахаас өмнөх хугацаанд холбогдох нягтлан бодогчоос шаардлагатай баримтуудыг тухай бүрт шалгаж авч байсан. Удирдамжийн хугацаа 5 хоног байсан боловч тухайн хоног хэдийн дуусаад 11 дүгээр сарын 16-ны өдөр дүгнэлтээ танилцуулсан. Тухайн байгууллага нотлох баримт авчирч өгөх хугацааг хүлээж байгаад захиргааны хэргийн журмаар албан шаардлага, шалгалтын тэмдэглэлээ танилцуулсан. Санхүүгийн хяналт шалгалтын стандартад 3.2.8 дахь заалтад хяналт шалгалтын улсын байцаагчид тэмдэглэл болон бусад шаардлагатай баримт бичгийг зохих журмын дагуу үйлдэж шалгуулсан этгээдээр гарын үсэг зуруулна. Хэрэв шалгуулсан хүмүүс шалгалтын талаар актад дурдсан зүйл, улсын байцаагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд энэ тухай тайлбарыг бичиж гарын үсэг зурна. Улсын байцаагч тамга тэмдэг дарж баталгаажуулна гэсний дагуу бид дүгнэлтээ танилцуулсан ба тухайн этгээд акттай танилцаж зөвшөөрсөн гэсний үндсэн дээр баталгаажуулсан байгаа. Мөн Дотоод аудитын журмын 11.1.1-д Улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авснаас хойш 10 хоногт багтаан Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагчид гомдол гаргана гэж заасан байдаг. Энэ хугацаанд улсын байцаагчийн гаргасан актад гомдол гаргаагүй. Акт, албан шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрсөн. Тухайн байгууллагаас Дотоод аудитын хяналтад 11 дүгээр сарын 19-ний өдрийн 37 тоот албан бичгээр улсын байцаагчийн гаргасан актын дагуу төлбөр төлсөн баримт, албан шаардлагын хариу тайлбар гэх нотлох баримтуудыг ирүүлсэн байдаг. Үүнд заалтаа хүлээн зөвшөөрөөд төлсөн, бусад ажлуудыг тухай бүр хүлээн зөвшөөрч баримтуудыг нөхөн хийж байна гэж тайлбар өгсөн. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлд “Төсвийн шууд захирагчийн бүрэн эрх”-ийг заасан байдаг. Төсвийн шууд захирагч 16.5.2-т заасны дагуу төсвийн зарцуулалтад хяналт тавина, 16.5-д зааснаар батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах үүргийг хүлээсэн байдаг. Тухайн цэцэрлэгийн эрхлэгч Төсвийн тухай хуульд заасан эрх үүргээ хэрэгжүүлээгүйгээс төсвийг үр ашиггүй зарцуулсан. Төрийн байгууллагууд 2021-2022 онд төсвийн хяналтын горимд шилжин ажиллаж байгаа. Төсвийн хяналтын журмын дагуу манай байгууллага чиг үүргийнхээ хүрээнд акт албан шаардлага тавьсан. Энэ хүрээнд улсын байцаагчийн тавьсан акт, албан шаардлага хууль ёсны учраас нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй” гэв.
11. Гуравдагч этгээд У.О***************** нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Иргэн Б.Ц************г Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 12 дүгээр сарын 3-ны өдрийн Б/312 дугаартай захирамжаар албан тушаалаас нь чөлөөлж, Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 12 дүгээр сарын 3-ны өдрийн Б/313 дугаартай захирамжаар У.О* мин************ий бие 89 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр сонгон шалгаруулалт зарлагдах хүртэл хугацаагаар томилогдсон. Энэхүү томилгоо нь ямар нэгэн хууль, дүрэм, журам зөрчөөгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14.1.17, 70.1, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Боловсролын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 27.1, Монгол улсын Засгийн газрын 2021 оны Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай 43 дугаар тогтоол, Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2, 5.3, 5.8, 6 дугаар зүйлийн 6.3.6, 6.3.7, 6.3.8, 6.3.10 дахь заалт, Ажлын хэсгийн дүгнэлтийг тус тус үндэслэн тус дүүргийн 89 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Б.Ц******** нь Хөдөлмөрийн гэрээний үүргээ биелүүлээгүй мөн Төсвийн тухай хуульд заасан төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөх, зарцуулах, батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих болон холбогдох дүрэм журмыг хэрэгжүүлээгүйгээс 18,191.5 мянган төгрөгийн төсвийг үр ашиггүй зарцуулсан гэж үзэж 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
2. Нэхэмжлэгчийн зүгээс “...Хариуцагч нь өөр этгээдтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний үүргийг зөрчиж, ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн, санхүүгийн баримтыг бүрдүүлэх шаардаж авах үүрэг нь нягтлан бодогчид байхад цэцэрлэгийн эрхлэгчийг зөрчилд холбогдуулсан, маргаан бүхий актын сонсох ажиллагаа явуулахдаа нэхэмжлэгчийг ажлын бус цагаар дуудаж сонсох ажиллагаа хийсэн нь тус тус үндэслэлгүй” гэж, хариуцагчаас “...Ажлын хэсгийн хяналт, шалгалтаар нийт 18,191,000 төгрөгийн зөрчлийн асуудал илэрснээс үзвэл төсвийг үр ашиггүй зарцуулсан нь нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй” гэж, гуравдагч этгээдээс “...Намайг уг албан тушаалд томилсон томилгоо нь ямар нэгэн хууль, дүрэм, журам зөрчөөгүй” гэх үндэслэлээр тус тус маргаж байна.
3. “Баянгол дүүргийн Дотоод албаны улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 31-01/09 тоот “Зөрчил арилгуулах тухай” акт, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 31-01/33 тоот “Албан шаардлага”-ыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” шаардлагын тухайд:
4. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47.1.1 “утга агуулгын илэрхий алдаатай”, 47.1.2 “бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй”, 47.1.3 “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”, 47.1.4 “захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус” 47.1.5 “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан”, 47.1.6 “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй”, 47.1.7 “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэж заажээ.
5. Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.49-д "дотоод аудит" гэж төсвийн хөрөнгийг зүй зохистой, үр ашигтай зарцуулах, эрсдэлийн удирдлагаар хангахад чиглэсэн төсвийн дотоод хяналтын үйл ажиллагааг”, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Төсвийн ерөнхийлөн захирагч бүр хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр, төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт, шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангахад чиглэсэн дотоод аудитын албыг байгуулж, дотоод аудитор ажиллуулна”, 69.4-т “Дотоод аудитор нь санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн эрхтэй байна” гэж тус тус заажээ.
6. Баянгол дүүргийн Дотоод аудитын албаны дарга, улсын ахлах байцаагч Н.Наранчимэг нь хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд, Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/127 дугаар захирамжаар батлагдсан удирдамжийн дагуу Баянгол дүүргийн 89 дүгээр цэцэрлэгийн үйл ажиллагаа, сахилга хариуцлага, төсвийн хэмнэлтэд хяналт шалгалт явуулсан байх тул уг улсын байцаагчийн акт, болон албан шаардлага нь захиргааны актын илт хууль бус байх шинжид хамааралтай гэж үзэх үйл баримт, үндэслэл тогтоогдохгүй, мөн уг албан шаардлагыг нэхэмжлэгч Б.Ц********** нь зөвшөөрч гарын үсэг зурж, тогтоосон хугацаанд биелүүлсэн байх тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
7. “Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 12 сарын 03-ны өдрийн Б/312 тоот захирамжийг хүчингүй болгуулах, Баянгол дүүргийн 89 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажил, албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах, Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 12 сарын 03-ны өдрийн Б/312 тоот захирамж гарсан өдрөөс эхлэн ажилд эгүүлэн тогтоох шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин олговрыг хариуцагчаас гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, бичилт хийхийг даалгах” шаардлагын тухайд:
8. Хэргийн оролцогчдын тайлбар, гэрчийн мэдүүлгүүд, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/127 дугаар захирамжаар Төрийн өмчийн боловсролын байгууллагын үйл ажиллагаа, сахилга хариуцлага, төсвийн хэмнэлтэд хяналт шалгалт хийх ажлын удирдамжийг баталж, уг удирдамжийн дагуу байгуулагдсан ажлын хэсэг 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн ажлын 5 өдөр Баянгол дүүргийн 89 дүгээр цэцэрлэгийн үйл ажиллагаа, сахилга хариуцлага, төсвийн хэмнэлтэд хяналт шалгалт явуулж, нийт 18,191.5 мянган төгрөгийн зөрчлийг илрүүлж, улсын ахлах байцаагч Н.Н********* нь 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Зөрчил арилгуулах тухай 31-01/09 дугаартай улсын байцаагчийн акт, мөн өдөр 31-01/34 дугаартай албан шаардлагыг тус тус үйлдэж, ажлын хэсгийн дүгнэлт гаргасан байна.
9. Хариуцагч захиргааны байгууллага, албан тушаалтан нь 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр улсын байцаагчийн 31-01/34 дугаартай хугацаатай албан шаардлага гаргаж, албан шаардлагынхаа биелэлтийг хангуулалгүй, мөн өдрөө улсын байцаагчийн 31-01/09 дугаартай төлбөрийн акт үйлдэж, ажлын хэсгээс мөн өдрөө дүгнэлт гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ, 24.4-т Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчдын хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно гэж заасантай нийцээгүй байна.
10. Түүнчлэн нэхэмжлэгч нь өөрт нь шууд хамааралтай биш ч хүлээн зөвшөөрч улсын байцаагчийн уг албан шаардлагын биелэлтийг заасан хугацааны дотор буюу албан шаардлага гарсан өдөр болох 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 1,785.0 мянган төгрөгийг төрийн санд төлсөн бөгөөд үүнийг үл харгалзан улсын байцаагчийн акт, ажлын хэсгийн дүгнэлт гарч энэ нь маргаан бүхий тушаалын үндэслэл болсон тул нэг зөрчилд хоёр хариуцлага ногдуулсан нь үндэслэлгүй байна.
11. Хэрэгт авагдсан нотлох баримт болон гэрчийн мэдүүлгээс үзвэл уг ажлын хэсгийн дүгнэлт, болон улсын байцаагчийн акт, албан шаардлагад дурдсан бүх зөрчил нь нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолт болон хуулиар хүлээсэн үүрэгт нь хамааралтай эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэгч уг зөрчлийг гаргасан гэх үйл баримт бүрэн тогтоогдохгүй байна.
12. Тодруулбал ажлын хэсгийн дүгнэлтэд дурдсан зөрчлүүдээс шалгах боломжит байдлаар шалгаж үзэхэд “...Эрхлэгчийн 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/20 дугаар тушаалаар сантехникийн засварын сэлбэгийн үнэ 1,937.6 мянган төгрөгийг “Б********” ХХК руу шилжүүлсэн гэрээний 2.2 ямар бараа худалдан авах нь тодорхой бус гэрээ байгуулсан, хийсэн ажлын тайлан, гүйцэтгэл байхгүй” гэж дүгнэлтэд дурдсан байна. Тус шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 1/0033 тоот албан бичгээр уг компанийн лавлагааг шаардахад Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 10/2749 тоот албан бичгээр ирсэн баримтад тус компанийн нэр нь “Б*********” ХХК байсан. Уг үйл баримтыг тус компаниас тодруулахад “Ба***********” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 05 дугаартай албан бичгээр ирүүлсэн баримтад уг гэрээнд худалдан авах барааг заагаагүй байсан хэдий ч 3 дугаартай бараа хүлээлцэх актад худалдан авсан барааны тоо ширхэг, нэгж, нийт үнийг тусгасан байх бөгөөд уг барааг тус цэцэрлэгийн нярав Ж.Энхмаа хүлээн авсан байна.
13. Мөн шүүх хуралдааны үед даргалагчаас цэцэрлэгийн жижүүр н.Б********** олгосон ур чадварын нэмэгдлийн талаар асуухад тус цэцэрлэгийн нягтлан бодогч Л.Г********* мэдүүлэгт “...Ур чадварын нэмэгдлийн 5 хувь илүү олгосон нь миний өөрийн буруутай үйлдэл. Үр дүнгийн урамшуулал нь хязгаартай ирдэг. Илүү олгогдсон хувиас хассан гэхдээ энэ талаар гаргасан тушаалыг засуулаагүй мартсан байсан” гэх зэргээс үзвэл нэхэмжлэгч уг зөрчлийг дангаараа гаргасан гэх үйл баримт бүрэн тогтоогдохгүй байна.
14. Түүнчлэн хариуцагч нь маргаан бүхий актаар нэхэмжлэгчийг төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзжээ.
15. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д Төсвийн байгууллага нь түүний үйл ажиллагааг үр ашигтай удирдлагаар хангаж, ажлын үр дүнг хариуцах үүрэг бүхий төсвийн шууд захирагчтай байна, 16.4-д Дараах албан тушаалтан төсвийн шууд захирагч байна, 16.4.18-д төсвийн байгууллагын дарга (захирал, эрхлэгч) тухайн байгууллагын төсвийн, 16.5-д Төсвийн шууд захирагч нь төсийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 40 дүгээр зүйлийн 40.1-д Төсвийн шууд захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагч нь харьяалагдах дээд шатныхаа төсвийн захирагчтай төсвийн жил эхлэхээс өмнө үр дүнгийн гэрээ байгуулна, 40.2-т Энэ хуулийн 40.1-д заасан үр дүнгийн гэрээнд байгууллагын төсвийн жилд хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээ, тэдгээрийн төсөв, хүрэх үр дүн, түүнийг дүгнэх талаар тусгана, 40.3-т Үр дүнгийн гэрээний биелэлтийг харьяалагдах дээд шатны төсвийн захирагч нь хагас, бүтэн жилээр дүгнэнэ, 40.4-т Үр дүнгийн гэрээний биелэлт, хэрэгжилтийн явц байдалд үндэслэн үр дүнгийн гэрээг дүгнэх эрх бүхий этгээд нь дараах арга хэмжээ авна, 40.4.1-д төсвийн үр дүнг сайжруулах, хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар үүрэг өгч, хяналт тавьж ажиллах, 40.4.2-т хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд урамшуулах, хариуцлага тооцох гэж тус тус заажээ.
16. Дээрх хуулийн заалтын агуулгаас үзэхэд төсвийн шууд захирагч нь (захирал, эрхлэгч) харьяалагдах дээд шатныхаа төсвийн захирагчтай төсвийн жил эхлэхээс өмнө үр дүнгийн гэрээ байгуулахаар, үр дүнгийн гэрээнд байгууллагын төсвийн жилд хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээ, тэдгээрийн төсөв, хүрэх үр дүн, түүнийг дүгнэх асуудлыг тусгахаар, үр дүнгийн гэрээний биелэлтийг харьяалагдах дээд шатны төсвийн захирагч нь хагас, бүтэн жилээр дүгнэхээр, үр дүнгийн гэрээний биелэлт, хэрэгжилтийн явц байдалд үндэслэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд урамшуулах, хариуцлага тооцохоор байна.
17. 2017 онд батлагдсан Төрийн албаны тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Төсвийн шууд захирагч тухайн жилийн Төсвийн тухай хуульд заасан өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээний биелэлтийг зохион байгуулах зорилгоор гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулан баталж, жил бүрийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд хэрэгжүүлнэ” гэж зааснаар үр дүнгийн гэрээ байгуулах бус гүйцэтгэлийн төлөвлөгөө байгуулахаар байна.
18. Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Сум, дүүргийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэртээ боловсролын асуудлаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 31.1.12-т “аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх”-өөр заажээ.
19. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга нь тус дүүргийн 89 дүгээр цэцэрлэгийн 2021 оны байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг байгуулсан боловч эхний болон сүүлийн хагас жилээр үнэлээгүй, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө хуульд зааснаар нийслэлийн боловсролын газраас санал гаргасан үйл баримт тогтоогдохгүй байна.
20. Иймд хариуцагч нь нэхэмжлэгчтэй үр дүнгийн гэрээ буюу гүйцэтгэлийн төлөвлөгөөг үнэлж, дүгнээгүй атлаа чөлөөлөх шийдвэр гаргасан, төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй гэж буруутгасан нь ойлгомжгүй бөгөөд тодорхойгүй байна.
21. Б.Ц*******гийн нийслэлийн Боловсролын газартай байгуулсан 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ЦЭ2018/194 дугаартай хөдөлмөрийн гэрээний заалтыг үндэслэн ноцтой зөрчил гаргасан гэж үзэж нэхэмжлэгчийг ажлаас халсан нь үндэслэлгүй.
22. Хөдөлмөрийн тухай хууль /1999/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т ”хөдөлмөрийн гэрээ” гэж нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог” гэж зааснаар хөдөлмөрийн гэрээг нэг талаас ажил олгогч, нөгөө талаас ажилтан байхаар зохицуулсан байна. Боловсролын тухай хуульд 2018 онд орсон нэмэлт өөрчлөлтөөр тус хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Сум, дүүргийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэртээ боловсролын асуудлаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 31.1.12-т “аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх” гэж заасны дагуу нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө нийслэлийн Боловсролын газраас санал авах үүрэгтэй байсан байна.
23. Дээрх хуулийн өөрчлөлтийн дагуу дүүргийн Засаг дарга нь ажил олгогч тул цэцэрлэгийн эрхлэгчтэй хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулах үүрэгтэй байсан. Уг үүргээ биелүүлэлгүй, нийслэлийн Боловсролын газар буюу Б.Ц*********д ажил олгогч биш субъекттэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний үүргээ биелүүлээгүй, ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль бус, үндэслэлгүй байна.
24. Уг нөхцөл байдлуудаас дүгнэвэл хариуцагч байгууллага нь хүчин төгөлдөр үйлчлэлгүй хөдөлмөрийн гэрээний заалтыг үндэслэн нэхэмжлэгчийн хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж, түүнийг ажил, албан тушаалаас нь чөлөөлөх хуульд заасан үндэслэл бий болоогүй байхад чөлөөлсөн нь хууль бус байна.
25. Дээрх үндэслэлээр маргаан бүхий захиргааны акт нь Хөдөлмөрийн болон Төсвийн тухай хуулийн холбогдох заалтыг болон Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д хуульд үндэслэх, 4.2.5-д бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэж заасныг тус тус зөрчсөн, дээрх актын улмаас нэхэмжлэгчийн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 12 сарын 03-ны өдрийн Б/312 тоот захирамжийг хүчингүй болгож, Баянгол дүүргийн 89 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалингаас /ТҮБД-6-4/ 964899+/төрийн алба хаасан хугацаа 25%/ 241225+/зэрэг дэв 10%/ 96489 * 6 сар, ажлын 9 хоног =1302613*6+558263=8373941 /найман сая гурван зуун далан гурван мянга есөн зуун дөчин нэг/ төгрөгөөс холбогдох эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэн гаргуулж, бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Төрийн албаны тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, Хөдөлмөрийн тухай хууль /1999/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 36 дугаар зүйлийн 36.1, 36.1.2, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.1.12, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Ц***********гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 12 сарын 03-ны өдрийн Б/312 тоот захирамжийг хүчингүй болгож, Баянгол дүүргийн 89 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 6 сар ажлын 9 хоногийн урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх 8373941 /найман сая гурван зуун далан гурван мянга есөн зуун дөчин нэг/ төгрөгөөс холбогдох татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг суутган тооцож олгон, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргад даалгаж, үлдэх хэсэг болох Баянгол дүүргийн Дотоод аудитын албаны дарга Н.Н***** холбогдуулан гаргасан “Баянгол дүүргийн Дотоод албаны улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 31-01/09 тоот “Зөрчил арилгуулах тухай” акт, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 31-01/33 тоот “Албан шаардлага”-ыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох тухай” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 280,800 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргаас 140,400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОДМАА