Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 781

 

2020           6              18                                           2020/ДШМ/0781

                                                                       

     Б.Ба, Б.Би, А.Ц нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Г,

шүүгдэгч Б.Би,

хохирогч, шүүгдэгч Б.Ба-ийн өмгөөлөгч А.Б,

хохирогч, шүүгдэгч А.Ц, түүний өмгөөлөгч Б.Г,

нарийн бичгийн дарга .Б.Халиунгоо нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 2020/ШЦТ/649 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч, шүүгдэгч Б.Ба-ийн өмгөөлөгч А.Б-ийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Ба, Б.Би, А.Ц нарт холбогдох эрүүгийн 2006011610602 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. И овгийн Б-ийн Б,  Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “Их Засаг” их сургуулийн 4 дүгээр дамжааны оюутан, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1, Наадамчдын зам, 709 дүгээр байрны 61 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойргийн 39 дүгээр байрны 35 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД: /;

            2. Х овгийн Б-ийн Б,  Дорнод аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Модерн Номадс” зоогийн газарт ахлах тогооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, Ивээл 18 дугаар байрны 9 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 41 дүгээр байрны 59 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД: /;

            3. Т овгийн А-ийн Ц,  Завхан аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Алтай Монгол Грилл” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 34 дүгээр гудамжны 3 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: /;

            Б.Ба нь 2020 оны 2 дугаар сарын 12-ны орой Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 40 дүгээр байрны гадна автомашин дотор таарамжгүй харилцааны улмаас иргэн А.Ц-тай маргалдаж, түүний толгойд шилэн аягаар цохисны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

            Б.Би нь 2020 оны 2 дугаар сарын 12-ны орой Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 40 дүгээр байрны орчим хардалтын улмаас иргэн Б.Ба-ийг автомашинаас чирч буулган, түүний нүүрэнд 2-3 удаа гараараа цохисноос эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн мөрний мултрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

            А.Ц нь 2020 оны 2 дугаар сарын 12-ны орой Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 40 дүгээр байрны орчим өөрийг нь зодсон гэх шалтгааны улмаас иргэн Б.Ба-ийн нүүрэнд 1 удаа гараараа цохисноос эрүүл мэндэд нь “1 шүдний хугарал, зүүн зовхи, шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд шарх, духанд зулгаралт, цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Ба, Б.Би, А.Ц нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.                      

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Ба, Б.Би, А.Ц нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлж, тэдэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч, шүүгдэгч Б.Ба-ийн өмгөөлөгч А.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...тухайн хэргийн холбогдогч Б.Б-ий биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Б.Ба нь нэг дор хоёр хүнд зодуулж, олон тооны гэмтэл авсан байхад анхан шатны шүүхээс тухайн хэргийн гурван холбогдогч нарт яг ижилхэн ял оногдуулсан нь шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журамд нийцэхгүй байна. Иймээс Б.Ба-ийн хохирсон нөхцөл байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө төлсөн зэрэг байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар ялаас чөлөөлж, тэнсэж үүрэг хүлээлгэж өгнө үү. ...Цус хуралт зэрэг маш их хэмжээний гэмтэл авсан. Уг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлгүй гарсан гэж үзэж байна. Учир нь, хохирогч Б.Ба нь шүүх эмнэлгийн 2640 дугаартай шинжээчийн дүгнэлтээр зүүн мөрний мултрал, зүүн шүдний хугарал, баруун бугалга, зүүн тохой, зүүн өвдөг, зүүн хамрын нуруу, баруун мөрөнд үүссэн гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар тус бүр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах боловч нэг дор 2 хүнд зодуулсан. Хэргийн материалаас харахад олон удаагийн үйлчлэлээр хохирогчид маш их хэмжээний гэмтэл учруулсан. Гэтэл шинжээчийн дүгнэлтээр хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон. Б.Ба нь А.Ц-ийн толгойг шилэн аягаар цохисон гэж хэлдэг. Гэхдээ анхан шатны шүүх хуралдаанаас өмнө мэдүүлэхдээ “тухайн үед юу болсныг би санадаггүй” гэдэг. Б.Ба-ийн найз нь мэдүүлэхдээ “шилэн аяга байсныг мэдээгүй, хараагүй” гэдэг. Гэтэл гэрч Э мэдүүлэхдээ “шилэн аягаар цохих шиг болсон” гэдэг боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад эд мөрийн баримтаар шилэн аяга хураагдаагүй байсан. Б.Ба-ээс “бид 3 адилхан залуу хүмүүс юм чинь тухайн үйлдлийг хүлээн зөвшөөрсөн юм” гэдэг. Иймээс анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчийн зүгээс гэм буруу дээр маргалгүй Б.Ба-ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх саналтай орсон боловч шүүгдэгч нарт ижил торгуулийн ял оногдуулсан. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ял ялгамжтай оногдуулах шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Иймд Б.Ба-ийн үнэн зөвөөр мэдүүлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан ялаас чөлөөлж өгнө үү. Б.Ба нь бусад шүүгдэгч нараас насаар бага, “Их Засаг” олон улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийг өнгөрсөн жил төгссөн. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялаас чөлөөлж өгнө үү” гэв.

Хохирогч, шүүгдэгч А.Цийн өмгөөлөгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Ба нь А.Ц-ийг архи ууж байсан жижиг шилэн аягаар толгой руу нь цохисон. Тэр аяга нь одоог хүртэл миний машинд явж байгаа. Би уг нь хэрэг бүртгэгчид нь “үүнийг эд мөрийн баримтаар хурааж авахгүй юм уу” гэж хэлэхэд “хэрэггүй” гээд аваагүй юм. Түүгээр цохисон нь үнэн учраас А.Цид хөнгөн гэмтэл учирсан. А.Цдараа нь цохиулсандаа уурлаад Б.Баийг унагаад гэмтэл учруулсан байсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна гэв. 

Шүүгдэгч А.Ц “Шүүх хуралдаанд нэмж хэлэх тайлбар байхгүй.” гэв.

Шүүгдэгч Б.Би “Шүүх хуралдаанд нэмж хэлэх тайлбар байхгүй.” гэв.

Прокурор Н.Гэрэлмаа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг уншаад “хэрэг учралын хувьд маргаан байхгүй, харин эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгөөч” гэж байна гэж ойлголоо. Хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нарын гэм буруугийн асуудал хангалттай нотлогдож тогтоогдсон тул шүүх гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Харин Б.Ба нь 2 хүнд зодуулсан нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал гэж үзэж байна гэв.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогч, шүүгдэгч Б.Ба-ийн өмгөөлөгч А.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна. 

 

          Шүүгдэгч Б.Ба нь 2020 оны 2 дугаар сарын 12-ны орой Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 40 дүгээр байрны гадна автомашин дотор таарамжгүй харилцааны улмаас иргэн А.Ц-тай маргалдаж, түүний толгойд шилэн аягаар цохисны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг,

          шүүгдэгч А.Цнь 2020 оны 2 дугаар сарын 12-ны орой Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 40 дүгээр байрны орчим өөрийг нь зодсон гэх шалтгааны улмаас иргэн Б.Ба-ийн нүүрэнд 1 удаа гараараа цохисноос эрүүл мэндэд нь “1 шүдний хугарал, зүүн зовхи, шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд шарх, духанд зулгаралт, цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг,

          шүүгдэгч Б.Би нь 2020 оны 2 дугаар сарын 12-ны орой Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 40 дүгээр байрны орчим хардалтын улмаас иргэн Б.Ба-ийг автомашинаас чирч буулган, түүний нүүрэнд 2-3 удаа гараараа цохисноос эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн мөрний мултрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

          шүүгдэгч Б.Ба-ийн яллагдагчаар өгсөн “...машинд байхад Э, Ц нар маргалдаад байсан бөгөөд би болиулж байсан. Энэ үед гэнэт миний сууж байсан хаалга гэнэт онгойж нэг эрэгтэй хүн шууд намайг цохиж машинаас чирч буулгасан. Газарт буулгаад дээрээс өшиглөөд байсан тул би босоод зугтсан. Тэндээс зугтахад миний зүүн мөр маш их өвдөж байсан бөгөөд миний зүүн духнаас цус гараад байсан. ...Би гүйж яваад хальтирч унасан, араас Ц гүйж ирээд хэвтэж байхад толгой руу цохиод, бөгс рүү өшиглөөд байсан. Би дахин босч зугтаад зам руу гараад такси барихад таксины жолооч цустай байна гээд суулгахгүй байсан бөгөөд Ц араас ирж тэр жолооч нарт “энэ миний дүү байгаа юм. Сая намайг зодоод зугтлаа гээд” гээд намайг эргүүлээд өөрийнхөө машин руу чирээд “Би чамайг алнаа” гээд аваад явсан. Эргээд машин дээр очихоор явж байхад миний нэг шүд хугарч унасан байсан. Машины хажууд очиход Би байж байсан бөгөөд намайг доош харж байхад хэн нэгэн нь намайг дахин цохиж зодоод өшиглөөд байсан. Би тэр үед мултарсан мөрөө бариад доош хараад байж байсан бөгөөд хэн нь цохиж зодсоныг нь мэдэхгүй байна. ...намайг машины хажууд Б.Бид цохиулаад босоод зугтаахад миний мөр мултарсан байсан бөгөөд толгойноос цус гарсан байсан. Харин араас Ц ирээд цохиж зодоод буцаад машин руу явахад миний шүд хугарсан байсан бөгөөд нүүр ам битүү цус болсон байсан. Дүнэлтэд тусгагдсан гэмтлүүдийг Ц, Би нар учруулсан, ...Би А.Ц-ийн машинд хамт архи ууж байгаад үл ойлголцсоноос болж маргалдан шилэн аягаар толгой хэсэгт цохиж гэмтэл учруулсан. Биийг ирэхээс өмнө бид нар машинд муудалцаад машинаас бууж суугаад байсан...” /хх 6-7, 76-77 /,

          шүүгдэгч А.Ц-ийн яллагдагчаар өгсөн “...миний машинд архи ууж байхад Б.Ба бид хоёр маргалдаад Ба нь архи ууж байсан шилэн аягаар миний дух хэсэгт нэг удаа цохисон. Миний духнаас цус гараад байсан бөгөөд намайг машинаас буухад Э Баийг аваад Э намайг аваад бид нар эргээд машиндаа суусан. ...Ба нь архи ууж байсан аягаараа миний дух руу цохиж миний духны зүүн хэсэгт хагарсан. Өөр хохирол, төлбөргүй, нэхэмжлэх зүйлгүй. ...би уг Б.Ба-ийн биед учирсан гэмтлийн талаарх шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан 1 шүдний хугарал, зүүн шанаа, зовхины цус хуралт, тархи доргилт, духан дахь шарх гэх мэт гэмтлийн хөнгөн зэргийг хүлээн зөвшөөрч байна.” /хх 9-10, 72-73/ ,

          шүүгдэгч Б.Би-ий “...машины арын хаалгыг нээж сууж байсан Б.Ба-ийг машинаас чирж гаргаж ирээд нүүрэн хэсэгт гараараа нэг удаа цохисон. Энэ үед Ц, манай эхнэр хоёр бууж ирсэн бөгөөд Ба цааш зугтсан бөгөөд араас нь Ц хөөгөөд явсан. ...эхнэр бид хоёрыг гэртээ орох гээд байж байхад Ц, Ба нар хамт хувцас хунар нь урагдсан байдалтай ирсэн бөгөөд би Цид уурлаад нүүрэн хэсэгт нь гараараа хоёр удаа алгадсан. Мөн Ба-ийн нүүрэн хэсэгт гараараа нэгээс хоёр удаа цохиод эхнэрийн хамт гэртээ орохоор явсан. ...Ц, Ба нар харилцан зодолдсон байдалтай ирэхээр нь уурандаа Баийг нэг удаа нүүрэнд хэсэгт нь цохиход Ба эргээд зугтсан. ...Би Ба-ийн биед учирсан гэмтлийн талаар дүгнэлттэй танилцсан, хүлээн зөвшөөрч байна” /хх 30-31, 81-82/,  

          гэрч Э.Э-ийн“...Бид нар машиндаа суугаад байж байхад миний нөхөр Би нь Баийн талаар машины хаалга нээгээд намайг хараад Баийг заамдаад машинаас чирээд буулгасан, ...Би бид хоёр машины хажууд муудалцаж байсан бөгөөд машины урд талд Ц, Ба нар дээр очсон бөгөөд бид хоёрыг очиход Ц, Ба нар хоорондоо зодолдож байсан...” /хх-ийн 34-35 дугаар хуудас/ гэх,

          гэрч Д.Энх-Оргилын “...машины жолоочийн ард талын хаалга нээгдээд Эрдэнэтуяагийн нөхөр болох Би нь Баийг үгийн зөрүүгүй цохиж байгаад чирээд буулгасан, би машинаас буугаад араар тойрч очоод Би-ийг Ба-ээс салгаад татсан. Би нь намайг бариад авах үед Ба нь зугтаж байсан” /хх-ийн 36-37 дугаар хуудас/ гэх,

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2793 дугаартай шинжээчийн “...А.Ц-ийн биед духанд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” /хх 12-13/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2640 дугаартай шинжээчийн “...Б.Ба-ийн биед тархи доргилт, зүүн мөрний мултрал, 1 шүдний хугарал, баруун бугалга, зүүн тохой, өвдөгт зулгаралт, хүзүү, хамрын нуруу, баруун мөрөнд цус хуралт, зүүн зовхи, шанаанд цус хуралт зөөлөн эдийн няцрал, духанд шарх, духанд зулгаралт, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /хх 17-19/ гэсэн дүгнэлтүүд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Биийг Б.Ба-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, А.Ц-ийг Б.Баийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, Б.Ба-ийг А.Ц-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч А.Ц нь хохирогч Б.Ба-ийн нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, шүүгдэгч Б.Би-ий хохирогч Б.Ба-ийн толгой болон мөрөн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүхээс Б.Би, А.Ц нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон бусад байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор буюу 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Шүүгдэгч Б.Ба-ийн өмгөөлөгч А.Б-ийн “...Б.Ба нь Б.Би, А.Ц нарт зодуулж биедээ олон тооны шарх сорвитой болсон. Шинжээчийн 2640 дугаартай дүгнэлтээр тархи доргилт, зүүн мөрний мултрал, 1 шүдний хугарал, баруун бугалга, зүүн тохой, өвдөг зулгаралт, хүзүү хамрын нуруу, баруун мөрөнд цус хуралт, зүүн зовхи, шанаанд цус хуралт бүхий гэмтэл учирсан нь тогтоогдсон. Тухайн хэргийн холбогдогч Б.Би-ий биед ямар нэгэн гэмтэл учраагүй, Б.Ба нь нэг дор хоёр хүнд зодуулсан, биед нь учирсан гэмтэл их байхад анхан шатны шүүхээс тухайн хэргийн гурван холбогдогч нарт ижил ял шийтгэл оногдуулж тус бүрийг 500 нэгжээр торгож шийдвэрлэсэн нь үйлдсэн гэмт хэргийн хэр хэмжээ, гэм бурууд тохирсон байх шударга ёсны зарчимд нийцээгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс харгалзан үзээгүй байх тул Б.Ба-ийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө нөхөн төлсөн, анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, Б.Ба-ийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар ялаас чөлөөлж тэнсэж, үүрэг хүлээлгэхээр шийдвэрлүүлэх” агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна гэж үзэв.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Эрүүгийн хуулийн зүйл, хэсгүүдэд заасан хэм хэмжээний дийлэнх нь тухайн заалтыг зайлшгүй, хэлбэрэлтгүй биелүүлэх үүргийг шүүхэд хүлээлгэсэн байдаг.

Харин шүүгч Эрүүгийн хуулийн зарим нэг зүйл, хэсэг дэх хэм хэмжээг эрх хэмжээнийхээ хүрээнд өөрийн дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэж болдог онцлогтой. Ийм зүйл, хэсгүүдийн нэг бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заажээ.

Шүүгдэгч Б.Ба нь шүүгдэгч Б.Би, А.Ц нарт зодуулснаас тархи доргилт, зүүн мөрний мултрал, 1 шүдний хугарал, баруун бугалга, зүүн тохой, өвдөг зулгаралт, хүзүү хамрын нуруу, баруун мөрөнд цус хуралт, зүүн зовхи, шанаанд цус хуралт бүхий олон тооны гэмтлүүд учирсан, мөн шүүгдэгч А.Ц-д учруулсан хохирлыг төлж барагдуулсан, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн “Их Засаг” олон улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийг өнгөрсөн жил төгссөн зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “шударга ёсны зарчим”, 5.1 дүгээр зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлагын зорилго”-д нийцүүлэн түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг бусад шүүгдэгч нараас ялгамжтайгаар авч үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч Б.Баийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлөх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн  1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 2020/ШЦТ/649 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлан шүүгдэгч Б.Баийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

 

  1. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 4 дэх заалтуудын Б.Бат холбогдох хэсгийг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧ                                                   Б.АРИУНХИШИГ

                                    ШҮҮГЧ                                                   Б.БАТЗОРИГ