Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2023/00049

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2022/02663 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 210/МА2023/00258 дугаар магадлалтай,

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

МУ-ын ХБХХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин, хөлстэй тэнцэх олговор 101,939,544 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, Э.С нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, Э.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Б.Б нь МУ-ын ХБ ХХК-д холбогдуулан Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин, хөлстэй тэнцэх олговор 101,939,544 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2022/02663 дугаар шийдвэрээр 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Бг хариуцагч “МУ-ын ХБ” ХХК-ийн хуулийн хэлтсийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “МУ-ын ХБ” ХХК-аас нэхэмжлэгч Б.Бгийн ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин, хөлстэй тэнцэх олговорт 99,964,059.58 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгож, нэхэмжлэлээс 1,975,484.42 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Бгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын дансанд шилжүүлэн, дэвтэрт нь зохих бичилтийг нөхөн хийхийг хариуцагч “МУ-ын ХБ” ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч МУ-ын ХБХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 657,770 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 210/МА2023/00258 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2022/02663 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн” гэснийг “Хөдөлмөрийн тухай хуулийн (1999 он)” гэж, 2 дахь заалтад “1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн” гэснийг “Хөдөлмөрийн тухай хуулийн (1999 он)” гэж, “99,964,059.58” гэснийг “83,964,060” гэж, “1,975,484” гэснийг “17,975,484” гэж, 3 дахь заалтад “1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн” гэснийг “Хөдөлмөрийн тухай хуулийн (1999 он)” гэж, 4 дэх заалтад “657,770” гэснийг “577,770” гэж, тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.16-д зааснаар хариуцагч “МУ-ын ХБ” ХХК нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, Э.С нар хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд: Нэг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хууль /1999/-н 69.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх Б.Бг ажил, албан тушаалд нь эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг “МУ-ын ХБ”-наас гаргуулахаар шийдвэрлэхдээ Б.Бг ажилгүй байсан эсэх, ажилгүй байсан хугацааг бодитоор тогтоогоогүй. Б.Б нь 2022 онд Ашигт малтмал, газрын тосны газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, статистикийн хэлтсийн даргаар ажиллаж байсан нь Б.Бг яллагдагчаар татсан Нийслэлийн прокурорын газрын 2022.12.28-ны өдрийн 06 дугаартай яллах дүгнэлт дэх биеийн байцаалт, Ашигт малтмал газрын тосны газрын цахим хуудасны мэдээлэл зэргээс харагддаг ч нэхэмжлэгч Б.Б нь анхан шатны шүүх хуралдаан дээр “МУ-ын ХБ”-наас халагдсанаас хойш огт ажил хийгээгүй гэж худал мэдүүлсэн. Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж, 40.2-д “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг зөрчиж нэхэмжлэгчийн дээрх худал тайлбарыг бусад нотлох баримттай тал бүрээс нь бодитойгоор харьцуулан судлаагүй, нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, тодруулах шаардлагатай үйл баримтыг тодруулаагүй, нотлох баримт дутуу байхад хэргийг шийдвэрлэсэн буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлж нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг хэт өндрөөр тогтоож “МУ-ын ХБ”-наас гаргуулахаар шийдвэрлэсэн нь банкны эрх ашгийг зөрчиж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166.4-д “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ” гэж заасан. Гэтэл давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг гомдлын хүрээгээр хязгаарлаж хариуцагч “МУ-ын ХБ”-ны итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гаргасан анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг хуульд зааснаар үнэлээгүй, тодруулах шаардлагатай үйл баримтыг тодруулаагүй тухай тайлбарыг таслан зогсоож, мэтгэлцэх зарчмыг хангаагүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан. Энэхүү зөрчил нь давж заалдах шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс харагдана. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д заасан үндэслэл бүрдсэн болох нь “МУ-ын ХБ”-ны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022.04.24-ний өдрийн 16 дугаар тогтоол, 2021.08.27-ны өдрийн 21 дүгээр тогтоолуудын хавсралтаас, чиг үүрэг өөрчлөгдсөн болох нь гүйцэтгэх захирлын 2020.04.27-ны өдрийн А-99 дүгээр тушаал, 2021.09.08-ны өдрийн А-76 дугаар тушаалаас харагддаг ч анхан болон давж заалдах шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй. Хоёр. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн. Анхан болон давж заалдах шатны шүүх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021.12.06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-н 1.5 дахь хэсэгт ажилтанд олгож байгаа бүх төрлийн олговор, тэтгэмж, нөхөн төлбөр, хөнгөлөлтийг ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүй гэж заасан журмын заалтыг зөрчиж нэхэмжлэгч Б.Бгийн дундаж цалин хөлсийг тооцохдоо түүнд олгосон сар бүрийн хоолны болон унааны хөнгөлөлтийг хасаж тооцоогүй. “МУ-ын ХБ”-ны ажилчид нь гүйцэтгэх захирлын 2019.02.01-ний өдрийн А-01 дугаартай “Хөнгөлөлтийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тушаалын дагуу өдөрт хоолны 7,700 төгрөг, унааны 1,300 төгрөгийн хөнгөлөлт эдэлдэг бөгөөд дундаж цалин хөлс тооцохдоо уг хөнгөлөлтийг хасаж тооцох ёстой байсан. Анхан болон давж заалдах шатны шүүх Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан шударга ёсыг бэхжүүлэх эрхэм зорилгоо биелүүлээгүй. Нэхэмжлэгч Б.Б нь “МУ-ын ХБ”-нд ажиллаж байх хугацаандаа авлигын гэмт хэрэгт тооцогдох гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд давтан гаргасан. Авлигатай тэмцэх газар Б.Бд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, прокурорт шилжүүлсэн бөгөөд прокурор яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болж өнгөрсөн бөгөөд эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал 2023.03.02-ны өдөр товлогдсон. Энэ хэргийн улмаас тус банканд онц их хэмжээний хохирол учирсан. Өөрөөр хэлбэл Б.Бгийн 2018 оноос 2021 оныг дуустал 4 жилийн хугацаанд ажиллаж байсан Хуулийн хэлтсийн захирлын орон тоо нь банканд хууль зүйн эрсдэл гарахаас урьдчилан сэргийлэх, банкнаас гарах шийдвэрийн үндэслэл болох хууль зүйн зөвлөмж, дүгнэлт боловсруулах, гэрээ хэлцлийн төслийг хянах, төлөөлөн удирдах зөвлөл, захирлуудын зөвлөл, мэргэжлийн хороодын хуралд оролцож хууль зүйн туслалцаа үзүүлэх чиг үүрэгтэй. Гэтэл Б.Б нь хувийн ашиг сонирхлын улмаас тус хугацаанд чиг үүргээ хэрэгжүүлээгүйгээс “МУ-ын ХБ”-наас гарсан шийдвэр, байгуулсан гэрээ, хэлцэл хуульд нийцсэн, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Улмаар “МУ-ын ХБ” ХХК цаашлаад Засгийн газар дампуурах хэмжээний эрсдэлд орсон. Иймд цаашид нэхэмжлэгчийг урд эрхэлж байсан албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах нь “МУ-ын ХБ” ХХК, Засгийн газар, нийтийн эрх ашигт сөргөөр нөлөөлж болзошгүй тул хөдөлмөрийн эрх зүйн харилцааг цаашид үргэлжлүүлэх боломжгүй нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь шүүхийн шударга ёсыг тогтоох дээрх зорилгод нийцэхгүй байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч нь хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих байр суурийг илэрхийлжээ.

6. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2023.03.09-ний өдрийн 001/ШХТ2023/00265 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

7. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

8. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч “МУ-ын ХБ” ХХК-д холбогдуулан хуулийн хэлтсийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин, хөлстэй тэнцэх олговор 101,939,544 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах нэхэмжлэлийг гаргажээ. Тэрээр нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлохдоо “...хариуцагч нь хууль, тусгай активын газрыг татан буулгасан гэх боловч хуулийн хэлтсийг Хяналт, захиргаа удирдлагын газрын дэд захирлын харьяалалд оруулсан, захирлын орон тоо хэвээр байгаа бөгөөд хуулийн хэлтсийн чиг үүрэг хэвээр байгаа, захирлын албан тушаал байхгүй болсон гэх үндэслэл тогтоогдоогүй, өмнөх бүтцийн дагуу тогтоосон хуулийн хэлтсийн 10 чиг үүрэг хэвээр үлдсэн бөгөөд шинээр 2 заалт бүхий чиг үүргийг нэмж оруулсан боловч эдгээр нь хуулийн хэлтсийн хийдэг ажлын нэг л байсан, хөдөлмөрийн гэрээний 6.4-т зааснаар 3 сар түүнээс дээш тэтгэмж өгөх үүрэгтэй байхад 2 сарын тэтгэмжийг олгосон, мөн 2016.11.01-ний өдрөөс эхлэн нууцын ажилтнаар томилогдон хавсран ажиллаж байхад Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д зааснаар Тагнуулын байгууллагын саналыг аваагүй, тушаалыг үүрэг гүйцэтгэгч гаргасан атлаа гүйцэтгэх захирал гэж гарын үсэг зурсан, банкны ажилтнуудыг Авлигатай тэмцэх газар шалгаж байгаа боловч гэм бурууг тогтоосон зүйл байхгүй, хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хуульд нийцээгүй...” гэжээ.

Хариуцагч “МУ-ын ХБ” ХХК нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “Нэхэмжлэгч Б.Б нь МУ-ын ХБинд ажиллаж байх хугацаандаа гэмт хэрэгт холбогдож 2020.10.01-ний өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Авлигатай тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдан мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Нэхэмжлэгч Б.Б нь Авлига тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2022.03.18-нд 06/3800 тоот албан бичгээр Авлигатай тэмцэх газраас эрүүгийн хэрэгт шалгагдаж, яллагдагчаар татагдсан байх бөгөөд тус хэрэг шийдвэрлэгдэх хүртэл шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох ажилд эргүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Иймд нэхэмжлэгч Б.Бд холбогдох АТГ-т яллагдагчаар татагдаж буй хэрэг шийдвэрлэгдэх хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн иргэнийн анхан шатны шүүхэд үүссэн ажилд эргүүлэн тогтоолгох хэргийг түдгэлзүүлж өгнө үү” гэж маргажээ.

9. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас 99,964,059 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчид олгосон 2 сарын тэтгэмж 16,000,000 төгрөгийг хасч, хариуцагчаас 83,964,060 төгрөгийг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулсан.

Хоёр шатны шүүх “шинээр батлагдсан бүтэц орон тоо, ажлын байрны чиг үүргээс үзэхэд хуулийн хэлтэс нь Захиргаа, удирдлага хариуцсан дэд захирлын харьяанд хуучин явуулж байсан чиг үүргээ хэрэгжүүлж байх тул хэлтэс татан буугдаагүй, улмаар ажил олгогчийн тушаалыг үндэслэлгүй” гэж үзэхдээ маргааны зүйлийг тогтоож чадаагүй,  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн” гэх үндэслэлээр гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн болно.

10. Нэхэмжлэлийн үндэслэл болох “МУ-ын ХБ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2021.11.10-ны өдрийн Б-91 тоот тушаалаар Б.Бг хуулийн хэлтсийн захирлын ажлаас чөлөөлжээ. Уг тушаалд МУ-ын ХБны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.6 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн дотоод журмын 13.7 дахь заалтыг баримталж, хууль, тусгай активын газар татан буугдсан тул Б.Бтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2021.11.10-ны өдрөөр дуусгавар болгон ажлаас нь чөлөөлж, 2 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгохоор шийдвэрлэжээ.

Б.Б нь ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш нэг сарын дотор буюу 2021.12.07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн (1999 он) 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан “ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэсэн заалтыг зөрчөөгүй. /хх165-171/

11. Хөдөлмөрийн тухай хуулийн (1999 он) 40 дүгээр зүйлийн 40.1.1-д аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан бол ажил олгогч санаачилгаараа хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй.

11.1. Хариуцагчийн зүгээс хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон үндэслэл нь Монгол Улсын Засгийн газрын 2021.08.18-ны өдрийн 252 дугаартай тогтоолоор МУ-ын ХБны дүрмийг шинэчлэн баталсан, уг тогтоолын дагуу МУ-ын ХБны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021.08.27-ны өдрийн 21 дүгээр тогтоол гарч, банкны орон тооны дээд хязгаарыг 127 хүнээр тогтоож, банкны зохион байгуулалтын бүтцийг хавсралтаар баталсан үйл баримт байх ба үүний улмаас банкны гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч 2021.11.10-ны өдрийн Б-91 тоот тушаалаар Б.Бг хуулийн хэлтсийн захирлын ажлаас чөлөөлжээ. /хх111, 119/

11.2. Дээрх тогтоолоор Хууль, активын газрын харьяанд байсан хуулийн хэлтэс нь Захиргаа, удирдлага хариуцсан дэд захирлын удирдлагад харьяалагдаж, хуулийн хэлтэс нь захирал, ахлах хуульч, зээлийн үйл ажиллагаа хариуцсан хуульч, хөрөнгийн удирдлагын асуудал хариуцсан хуульч, захиргааны үйл ажиллагаа хариуцсан хуульч гэсэн орон тоотой болсон байна. /хх-48,49/

11.3. Хэрэгт байгаа баримтаас үзвэл захиргаа, удирдлага хариуцсан дэд захирал нь /хх-155/ хууль эрх зүйн асуудалд хяналт тавих чиг үүрэгтэй, шинээр уг албан тушаал болон хуулийн хэлтэст ахлах хуульчийн албан тушаал тус тус бий болсноор өмнө нь бие даан чиг үүргээ хэрэгжүүлж байсан хуулийн хэлтсийн захирлын эрх хэмжээ өөрчлөгдсөн байна. Мөн өмнөх хуулийн хэлтсийн чиг үүрэгт “Банкны үйл ажиллагааны эрх зүйн орчныг олон улсын жишиг, цаг үетэй нийцүүлэх, боловсронгуй болгох чиглэлээр санал боловсруулах, судалгаа хийх, төсөл бэлтгэх, Баримт бичгийн төслийн эрх зүйн үндэслэлийг хянах, боловсруулах, хууль зүйн эрсдэл гарахаас урьдчилан сэргийлэх, хууль зүйн мэдээллээр хангах, шаардлагатай аливаа асуудлаар (зээлийн, эх үүсвэрийн, нөөц удирдлага, хөрөнгө оруулалт, худалдааны санхүүжилтийн гэх мэт) хууль зүйн зөвлөмж, санал, дүгнэлт гаргах; Банкны үйл ажиллагаатай холбогдох аливаа гэрээ, хэлцлийн төслийг хууль зүйн талаас нь хянах, санал өгөх; Шаардлагатай асуудлаар Төлөөлөн удирдах зөвлөл, Захирлуудын зөвлөл, мэргэжлийн хороодын хуралд оролцож хууль зүйн туслалцаа үзүүлэх; Үйл ажиллагааны чиглэлээр удирдлага, ажилтнуудад хууль зүйн зөвлөмж, туслалцаа үзүүлэх; МУ-ын ХБанд мөрдөгдөх хүчин төгөлдөр эрх зүйн актуудыг дотоод цахим сүлжээнд байршуулах, шинэчлэх, сан бүрдүүлэх; Ажилтны эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх болон хууль зүйн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Банкны үйл ажиллагаанд хамаарах хууль, эрх зүйн орчны талаарх мэдээллээр хангах; Банкнаас гадагш явуулах албан бичгийн төслийг хянах; Удирдлагын даалгаснаар Банкийг шүүх, төрийн болон бусад байгууллага, аж ахуйн нэгжийн өмнө төлөөлөх; Шаардлагатай тохиолдолд гэрээ, хууль зүйн асуудлаар харилцагчдад тайлбар өгөх;” гэсэн 10 төрлийн ажил үүргийг тогтоосон, харин шинээр зохион байгуулагдсан хуулийн хэлтсийн чиг үүрэгт дээрх 10 төрлийн ажил үүрэг дээр нэмж, “Банкны охин компаниудын үйл ажиллагаанд хууль зүйн дэмжлэг үзүүлж ажиллах, Төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхэд бэлдэх; Банкны үйл ажиллагааг бүхэлд нь хамарсан, системийн чанартай өөрчлөлт оруулах ажлыг хэрэгжүүлэх чиглэлээр Төлөөлөн удирдах зөвлөл, Гүйцэтгэх захирлын шийдвэрээр байгуулагдсан ажлын хэсэгт өөрийн хамаарах газрын үндсэн чиг үүргийг тухай бүр хэрэгжүүлэх байдлаар оролцож ажиллана.” гэж тогтоожээ. /хх-157,158/.

Нэхэмжлэгч өмнө нь охин компанид хууль зүйн үйлчилгээ үзүүлсний төлөө цалин авч байсан ба бүтцийн өөрчлөлтийн дагуу охин компаниудын үйл ажиллагаанд хууль зүйн дэмжлэг үзүүлж ажиллахыг хуулийн хэлтсийн чиг үүрэгт нь хамруулснаар ажлын байрны тодорхойлолт, цалин хөлсөд өөрчлөлт орсон байна. Эдгээрээс дүгнэхэд “хуулийн хэлтэс”-ийн захирал гэсэн албан тушаал хэлбэрийн хувьд байгаа боловч албан тушаалын эрх хэмжээ, гүйцэтгэх ажил үүрэг, цалин хөлс нь өөр тул уг орон тоог хэвээр байна гэж үзэх үндэслэлгүй байжээ.

Өөрөөр хэлбэл, хуулийн хэлтэс нь Захиргаа, удирдлага хариуцсан дэд захирлын удирдлагад харьяалагдан, хуучин явуулж байсан чиг үүргээ хэрэгжүүлж байгаа ерөнхий шинж байгаа боловч үүнээс “хуулийн хэлтсийн захирал”-ын албан тушаалыг хэвээр байна гэж үзэх боломжгүй байна.

Хэрэгт байгаа баримтаар, “хууль, активын газар татан буугдсан” бус харин тус хэлтсийн захирлын албан тушаал хэвээр байгаа гэх үйл баримт тогтоогдоогүй, хоёр шатны шүүх маргааны зүйлээр хийвэл зохих дүгнэлтийг хийж чадаагүй тул дээрх байдлаар залруулах боломжтой гэж үзэв.

12. Хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсгийг зөрчөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үр дагавар үүсэхгүй. Харин хөдөлмөрийн гэрээний 6.4-т “Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд 3 сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмжийг нэг удаа олгоно.” гэж заасан байх ба нэхэмжлэгч дутуу олгосон тэтгэмж шаардахад энэ шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2022/02663 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 210/МА2023/00258 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн (1999 он) 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч “МУ-ын ХБ” ХХК-д холбогдох хуулийн хэлтсийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацааны олговор 101,939,544 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгахыг хүссэн нэхэмжлэгч Б.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.16-д зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.  

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.БАЯРМАА

                         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               Г.АЛТАНЧИМЭГ

                         ШҮҮГЧИД                                                       П.ЗОЛЗАЯА

                                                                                                    Д.ЦОЛМОН

                                                                                                    Х.ЭРДЭНЭСУВД