Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 784

 

2020           6              18                                           2020/ДШМ/0784                                

                                                       

     Г.Б-т холбогдох эрүүгийн

                                                                     хэргийн тухай                     

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Мөнгөнсүх,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/332 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Б-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2005000100297 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б овгийн Г-ын Б, Булган аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, банкны менежмент мэргэжилтэй, “Соунд энд Стэйж Арт” ХХК-д менежер ажилтай, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Жаргалантын 10 дугаар гудамжны 247 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороолол, 9 дүгээр байрны 101 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: /;

            Г.Б нь 2019 оны 12 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хорооллын 9 дүгээр байрны ойролцоо хохирогч Д.Гийн биед халдан зодож, түүний эрүүл мэндэд “хамар ясны зөрүүтэй хугарал, таславчийн мурийлт, баруун дээд, доод зовхинд цус хуралт, баруун сарвуунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

            Баянгол дүүргийн прокурорын газраас: Г.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.              

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Г.Бт торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Г.Баас 3,689,700 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Гөд олгохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Б гаргасан давж заалдах гомдолдоо: “...анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэн дараах гомдлыг гаргаж байна.

1. Би 2019 оны 12 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө ажлаа тараад ажлын дүү нарын хамт гэр лүүгээ харих замд хохирогч Д.Г найзын хамт согтуугаар танхайрч биднийг хоргоосон бөгөөд намайг зодсон. Би өөрийн биеийг хамгаалах үүднээс эсэргүүцэл үзүүлсэн. Хэрэв биеэ хамгаалаагүй бол өөрөө бэртэж гэмтэхээр байсан. Д.Г нь “согтуу, би бүх зүйлийг санахгүй байна” гэж мэдүүлдэг бөгөөд бидэнтэй уулзаж хоргоохоосоо өмнө өөр хүмүүстэй маргаж муудалцсан, зодолдсон байдалтай байсныг хэд хэдэн гэрч мэдүүлсэн. Д.Г нь “...энэ анхилуун бацаануудаас тэдэнд зодуулсан хариугаа авах уу” гэх мэтээр ярьж байсан нь тэрээр өөр хүмүүст зодуулсныг давхар батална. Мөн Д.Г урьд нь согтуу танхайн зөрчилд холбогдож байсан байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал байсан төдийгүй Д.Г өөр бусад этгээдүүдэд зодуулсантай холбоотой мөрдөн шалгах ажиллагаа огт хийгдээгүй, нотолбол зохих асуудлыг бүрэн тогтоогоогүй гэж үзэхээр байна.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад надад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээгээр сольсон нь миний эрх зүйн байдлыг дордуулсан. Би хувийн баталгааг зөрчсөн зүйлгүй, дахин гэмт хэрэг үйлдэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан зүйлгүй байхад шүүх үндэслэлгүйгээр хязгаарлалт тогтоосон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэжээ.

 

Прокурор Н.Мөнгөнсүх шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 332 дугаартай шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Шүүгдэгч давж заалдах гомдолдоо аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж байна. Г.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд мэдүүлэхдээ “тэр хүмүүс намайг ирээд цохисон. Дүү нар намайг ирээд салгасан. Салгасны дараа би куртикээ тайлаад Д.Гийн хөл рүү нэг өшиглөөд босоод ирэхээр нь дахиад нэг цохисон” гэдэг. Мөн гэрч Бадрал мэдүүлэхдээ “Энх-Амгалан ах очоод салгасан. Тэгээд босож ирээд зодолдсон” гэсэн. Өөрөөр хэлбэл, хохирогч Д.Г түрүүлж довтолсон боловч хамт байсан хүмүүс салгаж довтолгоон дууссан. Үүний дараа Г.Б босож ирээд зодож байгаа үйлдэл нь аргагүй хамгаалалтын довтолгооны үйлдэл биш юм. Мөн анхан шатны шүүх хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авч, эрх зүйн байдлыг дордуулж байна гэжээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Анхан шатны шүүх торгох ялыг биелүүлэхтэй холбоотой хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан болов уу гэж бодож байна. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав. 

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна. 

 

            Г.Б нь 2019 оны 12 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хорооллын 9 дүгээр байрны ойролцоо хохирогч Д.Гийн биед халдан зодож, түүний эрүүл мэндэд “хамар ясны зөрүүтэй хугарал, таславчийн мурийлт, баруун дээд, доод зовхинд цус хуралт, баруун сарвуунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            хохирогч Д.Гийн “...Ө намайг гэрлүү хүргэж өгөх гэж гарч яваад Хаан банкны үүдэнд хэдэн залуучуудтай таарсан юм шиг байна лээ. Тэгээд тэр залуучуудтай маргалдаад Ялалтыг утсаараа дуудсанаа санаж байна, нэг мэдсэн газар унасан, зодуулж байснаа санаж байна. Тэгээд манай найз Ялалт гарч ирээд салгаад тэр залуучууд зугтаагаад зарим нь машинд суугаад яваад өгсөн. ...Тухайн үед намайг газар татаж унагаагаад би нүүрээ гараараа хамгаалаад хэвтэхэд 2-3 залуу дээрээс цохиод, толгой руу өшиглөөд байх шиг байсан...” /хх 15-16/,

            Гэрч Ц.Ялалтын “...гэртээ унтаж байхад шөнө 3 цагийн үед Д.Г залгаад гадаа хүмүүстэй муудалцаад байна, гараад ирээч гэхээр нь би гараад 9 дүгээр байрны гадаа 6, 7 залуучуудтай муудалцаад байх шиг байсан. Тэгээд яваад очиход Өлзий, Ганаа 2 тэр 5, 6 залуутай муудалцаад зогсож байсан. Тэгээд очиход өндөр шар залуу, намхан бор залуу, бусдаасаа ах залуу нь Ганаа, Өлзий нарыг цохиод газар унагаагаад дээрээс нь толгой руу нь өшиглөөд байсан. Би очих гэхэд намхан шар залуу намайг хориод очуулахгүй байсан. Тэгээд би 102-т дуудлага өгөөд тар нар байж бай гэхэд тэд нар зугтаагаад явсан. Ах нь машинаа унаад хөдлөөд явсан. ...намайг очиход 2 2-оороо Д.Г,С.Ө нарыг 2 талд зодсон. Тухайн үед ах нь Ганаатай заамдалцаж байгаад ноцолдоход хажуунаас нь 1 залуу цохиод байсан. Мөн С.Өыг 2 залуу цаанаа цохиод байсан.  ...Зодоон дууссаны дараа Д.Гийн хамар хавдсан байсан. ...” /хх 21-22/,

            гэрч С.Өы “...Д.Гийг 2-3 залуу цохиод цаашаа яваад газар унагаагаад би очоод салгах гэхэд намайг 2 залуу нь татаж аваад газар унагаагаад дээрээс зодоод байсан... Бид өөр хүмүүстэй маргалдаж муудалцаагүй. Шууд гражнаасаа гарч ирээд тэр залуучуудтай тааралдсан. ...Тухайн үед Д.Гийн хамар хугарсан. ...Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. ...” /хх 23-24/,

            гэрч В.Тайвандоржийн “...Б ах руу өндөр залуу нь дайраад танай дүү нар чинь зодох гээд байна гэхэд Б ах бид нарыг загнаад та нар орж унт гэхэд Б ах руу өндөр залуу дайраад түлхээд байсан. Б ах буцаж уг залууг түлхэхэд тэр залуу зууралдаад цаашаа явсан. ...” /хх 25-26/,

            гэрч Э.Энх-Амгалангийн “...Б ах машинаасаа бууж ирээд та нар больцгоо, орцгоо гэхэд тэр залуу Б ахыг түлхээд, Б ах зөрүүлж түлхээд куртикны малгайнаас татаад чирч яваад газар унагаагаад цохисон. Нөгөө залуу дайрах гээд байхаар нь Батдорж, Бадрал нар холдуулсан. Би Б ах дээр очоод салгасан. ...Тухайн үед Б ах, өндөр залуу хоёрын хооронд зодоон болсон. Өөр тэр өндөр залуутай зодолдсон хүн байхгүй...” /хх 28-29/,

Г.Бын яллагдагчаар өгсөн “...Би 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө 03 цагийн үед ажлаа тараад өөрийн хамт ажилладаг дүү нар болох Бадрал, Энх-Амгалан, Батдорж, Учрал нарын хамтаар Нарны хорооллын 9 дүгээр байрны гадаа гэрийнхээ гадаа ирсэн. Тэгээд дүү нар түрүүлж буугаад би машинаа зогсоолд ухрааж тавиад буугаад ирэхэд цаанаас 2 согтуу залуу ирээд манай дүү нарыг өдөж хоргоогоод байхаар нь “та нар яах гэж байгаа юм, больцгоо” гээд дүү нараа холдуулахад 1 залуу нь намайг түлхээд цохиход би зөрүүлээд уг залууг түлхсэн. Тэгэхэд тэр залуу намайг куртикны малгайгаар толгойд өмсгөж дараад цаашаа нь авч явж унагаагаад дээрээс өшиглөсөн. Тэгэхэд дүү нар ирээд тэр залууг татаж салгахаар нь би босч ирээд өшиглөсөн. Тэгэхэд дүү нар ирээд тэр залууг татаж салгахаар нь би босч ирээд хөл рүү нь өшиглөөд газар унахаар нь нүүр лүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд тэр залуу нүүрээ дараад үлдэхэд дүү нар зугтаагаад би машинаа унаад явсан. ...Би хохирогч Д.Гийн биед учирсан гэмтлийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна. ...Хохирогч Д.Гийн эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулах болно.” /хх 55-56/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 784 дугаартай “...Д.Гийн хамар ясны зөрөөтэй хугарал, таславчийн муруйлт, баруун дээд, доод зовхинд цус хуралт, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг, болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” /хх-ийн 35-36 дугаар хуудас/ гэсэн дүгнэлт зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.     

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Г.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Г.Бын хохирогч Д.Гийн нүүрэн тус газар цохисноос эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүхээс түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор буюу 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ... бол мөнгөн төлбөр барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгахаар заасан байхад анхан шатны хэргийг хянан шийдвэрлэхдээ шийтгэх тогтоолд заалгүй орхигдуулсан байх тул энэ талаар заалт нэмж оруулах зүйтэй гэж үзлээ.

Түүнчлэн анхан шатны шүүхээс шүүхийн шийдвэрийг биелүүлэхтэй холбоотой гэж дүгнэн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан байх бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолоор хохирогчид олгохоор заасан гэм хорын хохирлыг шүүгдэгч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасны дагуу албадан биелүүлэх боломжтой байх тул үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

 

          Шүүгдэгч Г.Бын “...хохирогч Д.Г найзын хамт согтуугаар танхайрч биднийг хоргоосон ба Г.Б намайг зодсон. Би өөрийн биеийг хамгаалах үүднээс эсэргүүцэл үзүүлсэн билээ. Хэрэв би биеэ хамгаалаагүй бол өөрөө бэртэж гэмтэхээр байсан. ...Иймд Г.Б би өөрийн биеийг хамгаалж ирсэн довтолгоог эсэргүүцсэн тул Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал байсан төдийгүй Д.Г өөр бусад этгээдүүдэд зодуулсантай холбоотой мөрдөн шалгах ажиллагаа огт хийгдээгүй, нотолбол зохих асуудлыг бүрэн тогтоогоогүй гэж үзэхээр байна” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

          Учир нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хохирогч Д.Г нь Г.Быг эхэлж цохисон нь тогтоогдож байгаа ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. Довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хлхамгаалалтад тооцохгүй.” гэж зааснаар Г.Б нь хохирогчийн биед халдах үед Д.Гийн Г.Б руу чиглэсэн аюултай халдлага нэгэнт төгссөн, тулгарсан аюул арилсан байсан болох нь гэрч М.Б-ийн “...Б ахыг машин руу түлхээд малгайтай куртикнээс нь татаж газар унагаагаад дээрээс нь өшиглөсөн. Тэгэхээр нь бид нар очоод салгахад хамт байсан намхан согтуу залуу нь Бадралыг бариад авахаар нь би буцаж гүйж очоод тэр хоёрыг салгаад зууралдсан. ...” гэх, Гэрч Э.Энх-Амгалангийн “...Б ах машинаасаа бууж ирээд та нар больцгоо, орцгоо гэхэд тэр залуу Б ахыг түлхээд, Б ах зөрүүлж түлхээд куртикны малгайнаас татаад чирч яваад газар унагаагаад цохисон. Нөгөө залуу дайрах гээд байхаар нь Батдорж, Бадрал нар холдуулсан. Би Б ах дээр очоод салгасан. ...Тухайн үед Б ах, өндөр залуу хоёрын хооронд зодоон болсон. Өөр тэр өндөр залуутай зодолдсон хүн байхгүй. ...” гэх, шүүгдэгч Г.Бын “...тэр залуу намайг куртикны малгайгаар толгойд өмсгөж дараад цааш нь авч явж унагаагаад дээрээс өшиглөсөн. Тэгэхэд дүү нар ирээд тэр залууг татаж салгахаар нь би босч ирээд өшиглөсөн.” гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул Д.Гийн довтолгоог зогсоосны дараах Г.Бын довтолсон үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалт гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.

          Мөн шүүгдэгчийн гаргасан “Д.Гийн өөр бусад этгээдүүдэд зодуулсантай холбоотой мөрдөн шалгах ажиллагаа огт хийгдээгүй, нотолбол зохих асуудлыг бүрэн тогтоогоогүй” гэх гомдлын хувьд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 784 дугаартай шинжээчийн “...Д.Гийн хамар ясны зөрөөтэй хугарал, таславчийн муруйлт, баруун дээд, доод зовхинд цус хуралт, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.” гэсэн дүгнэлт болон гэрчүүдийн мэдүүлгүүдээр уг гэмтэл тухайн цаг үед буюу шүүгдэгч Г.Бын хохирогчийн нүүрлүү өшиглөсөн үйлдлээс гэмтэл авсан гэдэг нь мөн тогтоогдож байх тул шүүгдэгчийн гаргасан дээрх үндэслэлүүдээр гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

          Харин шүүгдэгчийн “...би хувийн баталгааг зөрчсөн зүйлгүй, дахин гэмт хэрэг үйлдэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан зүйлгүй байхад шүүх үндэслэлгүйгээр хязгаарлалт тогтоон эрх зүйн байдлыг дордуулсанд гомдолтой байна” гэсэн гомдлын хувьд, Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.3 дугаар зүйлийн 3, 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн үйлдэл, түүнийг өөрчлөх үндэслэл тогтоогдоогүй байхад энэ талаар дүгнэлт хийлгүйгээр шүүгдэгч Г.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах “Хязгаарлалт тогтоох” таслах сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон байх тул энэ талаарх гомдлыг хангаж, түүнд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой заалтуудыг хүчингүй болгож, урьд  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

            Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Г.Бын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/332 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэхээр тогтоосугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 11 дэх заалтын “хязгаарлалт тогтоох” гэснийг “хувийн баталгаа гаргах” гэж өөрчилж, тогтоох хэсгийн 4, 5, 6, 7 дугаар заалтуудыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгдэгч Б.Бын гаргасан давж заалдах гомдлын “хэргийг хэрэгсэхгүй болгож, прокурорт буцаах” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Т.ӨСӨХБАЯР

                                     ШҮҮГЧ                                                   Б.АРИУНХИШИГ

                                    ШҮҮГЧ                                                   Б.БАТЗОРИГ