Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 1465

 

 

 

 

 

 

 

 

 

 

“С м г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  М.Наранцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2018/01314 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “С м г” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч А.Д-т холбогдох

 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 97 353 100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М,

Хариуцагч А.Д-,

Хариуцагчийн өмгөөлөгч А.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Д- нь “С м г” ХХК-тай тохиролцсоны үндсэн дээр 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр шатахуун дараа төлбөрт нөхцөлөөр худалдах-худалдан авах гэрээ, барьцааны гэрээ тус тус байгуулан хамтран ажиллахаар тохиролцсон. Гэрээний дагуу манай компани А.Д-т бөөний үнээр зээлээр шатахуун олгосон. Гэтэл А.Д- гэрээгээр хүлээсэн үүргээ эс биелүүлж шатахууны төлбөрөө хугацаанд нь төлөөгүй. Манай компанийн зүгээс А.Д-ийг төлбөр болон алданги төлөхийг удаа дараа шаардаж байсан. Манай компанид төлөх шатахууны төлбөр 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар 65 023 400 төгрөг, гэрээнд заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцно гэж заасны дагуу алданги 32 511 700 төгрөг, нийт 97 535 100 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 645 626 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү.

Манайхаас нийлүүлсэн шатахууныг Ж.Б- авсан гэж хариуцагч мэдүүлж байх боловч манайхаас авсан шатахууныг хариуцагч хэрхэн зарцуулсныг бидэнд мэдэх зүйл байхгүй. А.Д- компанитай гэрээ байгуулсан. Алданги авах талаар гэрээнд тодорхой заасан. Гэрээ хуулийн шаардлага хангасан. Хариуцагч манайхаас шатахуун авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Иймд А.Д-ээс зээлийн төлбөр гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “С м г” ХХК дээр Ж.Баатарбямбын хүсэлтээр түүнд итгэж очсон. “С м г” ХХК-ийн ажилтан байрны ордер таны нэр дээр учраас зээлийн гэрээг таны нэр дээр байгуулна. Гэрээнд гарын үсэг зурчих гэж хэлсэн. 65 000 000 төгрөгийн шатахууныг Ж.Б- авч зарцуулсан. Би тэр мөнгөнөөс 100 төгрөг ч аваагүй. Би Ж.Баатарбямбын компанид ажиллаж байсан болохоор түүнд итгэж гэрээ байгуулсан нь миний буруу болсон. Ж.Б- төлбөрийг 100 хувь төлнө гэж хэлдэг гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1. дэх заалтыг баримтлан хариуцагч А.Д-ээс 97 535 100 төгрөг гаргуулахыг тухай нэхэмжлэгч “С м г” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 645 626 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангахгүй байна. Шүүх талуудын хооронд зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан болохыг дүгнэсэн. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж заасан бөгөөд талуудын хооронд үүссэн гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэх үүрэгтэй байна. Шүүх “С м” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу шатахууныг хариуцагчид хүлээлгэн өгөөгүй байх тул төлбөр төлөхийг хариуцагчаас шаардах үндэслэлгүй гэж хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн бол үүргийг гүйцэтгэсэнд тооцохоор зохицуулсан. Хариуцагчийн зүгээс Ж.Б- нь шатахууныг авсан гэж тайлбарласан нь үүргийн гүйцэтгэлийг хүлээж авах этгээдийг заасан бөгөөд эд зүйлийг хүлээж авах этгээдийг тодорхойлсон гэж үзэхээр байна. Хариуцагчийн тайлбараар шатахууныг хүлээн авсан болох үйл баримт тогтоогдсон атал хүлээлгэж өгөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасанчлан зохигчийн буюу хариуцагчийн тайлбар нь нотлох баримт байх ба түүнийг үнэлж шүүх шийдвэрээ гаргах ёстой байсан. Түүнчлэн үүргийн эрх зүйн харилцаа нь харьцангуй шинжийг агуулж байдаг бөгөөд зөвхөн үүрэг гүйцэтгэгч, гүйцэтгүүлэгчийн хооронд тухайн харилцаа үүсэж дуусгавар болдог ба энэ хүрээнд үүрэг гүйцэтгэгчээс шаардах нь зүй ёсны хэрэг байна. Иймээс Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2018/01314 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулах, хуулийг буруу хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсэгт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч “С м г” ХХК хариуцагч А.Д-т холбогдуулан Шатахуун дараа төлбөрт нөхцөлөөр худалдах-худалдан авах нэртэй гэрээний үүргийн гүйцэтгэлд 97 535 100 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээний зүйл болох шатахууныг аваагүй, Ж.Б- авсан гэж маргасан байна.

 

Талуудын хооронд 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Шатахуун дараа төлбөрт нөхцөлөөр худалдах-худалдан авах нэртэй гэрээ байгуулагдсаныг шүүх Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэнд талууд маргаагүй байна. /хэргийн 2 дугаар тал/

 

Нэхэмжлэгч “С м г” ХХК 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн гэрээний дагуу шатахууныг хариуцагч А.Д-т 2017 оны 09 дүгээр сарын 19, 21-ний өдрүүдэд өгсөн гэх тайлбарынхаа үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт  зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. Энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч “С м г” ХХК нь хариуцагч А.Д-ээс зээлээр худалдах-худалдан авах гэрээний төлбөрөө шаардаж 2018 оны 02 дугаар сарын 06, 03 дугаар сарын 16-ны өдрүүдэд мэдэгдэл хүргүүлж байсан гэж тайлбарлаж байх боловч уг мэдэгдлүүдийг хариуцагч А.Д-т хүлээлгэн өгсөн гэх байдал тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчээс шатахуун худалдан авах хүсэл зорилго байгаагүй буюу Ж.Баатарбямбын хүсэлтээр гэрээнд гарын үсэг зурсан гэх тайлбар нь түүнийг өөрийн нэрийн өмнөөс гэрээний зүйлийг хүлээн авахыг зөвшөөрсөн буюу Иргэний хуулийн 211 дүгээр зүлйийн 211.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч гэрээний зүйлийг хариуцагчид хүлээлгэн өгсөнд тооцох үндэслэл болохгүй юм. Хариуцагч гэрээнд заасан шатахууныг хүлээн авч ашиг олсон гэх үйл баримт хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн завж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2018/01314 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 645 626 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.НАРАНЦЭЦЭГ

 

                                            ШҮҮГЧИД                                Ч.ЦЭНД

 

                                                               С.ЭНХТӨР