Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 1314

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Соёлын төв өргөө В корпус-д үйл ажиллагаа явуулдаг, Сод Монгол групп ХХК /РД: 2577739/-ийн нэхэмжлэлтэй,

 

  Хариуцагч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 38 дугаар байрны 06 тоотод оршин суух, Хотгойд овогт Алтанбаярын Дэлгэрцэцэг /РД:УД89080329/-т холбогдох,

 

  Шатахуун дараа төлбөрт нөхцөлөөр худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 97.535.100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд, хариуцагч А.Дэлгэрцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч А.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч Coд монгол групп ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн А.Дэлгэрцэцэг нь Сод Монгол групп ХХК нар тохиролцсоны үндсэн дээр 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр шатахуун дараа төлбөрт нөхцөлөөр худалдах худалдан авах гэрээ, барьцааны гэрээ тус тус байгуулан хамтран ажиллахаар тохиролцсон. Гэрээний дагуу манай компани иргэн А.Дэлгэрцэцэгт бөөний үнээр зээлээр шатахуун олгосон. Гэтэл иргэн А.Дэлгэрцэцэг гэрээгээр хүлээсэн үүргээ эс биелүүлж шатахууны төлбөрөө хугацаанд нь төлөөгүй. Манай компанийн зүгээс иргэн А.Дэлгэрцэцэгийг төлбөр болон алданги төлөхийг удаа дараа шаардаж байсан. Манай компанид төлөх шатахууны төлбөр 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар 65.023.400 төгрөг, гэрээнд заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцно гэж заасны дагуу алданги 32.511.700 төгрөг, нийт 97.535.100 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 645.626 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Батболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч А.Дэлгэрцэцэг манай компанид өөрөө хандаж зээл, барьцааны гэрээ байгуулсан. Гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Манайхаас нийлүүлсэн шатахууныг Ж.Баатарбямба авсан гэж хариуцагч мэдүүллээ. Манайхаас авсан шатахууныг хариуцагч хэрхэн зарцуулсныг бидэнд мэдэх зүйл байхгүй. А.Дэлгэрцэцэг компанитай гэрээ байгуулсан. Алданги авах талаар гэрээнд тодорхой заасан. Гэрээ хуулийн шаардлага хангасан. Бид иргэн А.Дэлгэрцэцэгийг гудамжинд явж байхад нь хүчээр авчирч гэрээ байгуулаагүй, зээлийн гэрээнд заасан шатахууны мөнгийг нэхэж байна. Түүнээс хаа хамаагүй төлбөр нэхээгүй. Хариуцагч манайхаас шатахуун авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Иймд А.Дэлгэрцэцэгээс зээлийн төлбөр гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагч А.Дэлгэрцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Сод Монгол групп ХХК дээр Ж.Баатарбямбын хүсэлтээр түүнд итгэж очсон. Сод Монгол групп ХХК-ийн ажилтан байрны ордер таны нэр дээр учраас зээлийн гэрээг таны нэр дээр байгуулна. Гэрээнд гарын үсэг зурчих гэж хэлсэн. Би өөр юу ч мэдэхгүй байна. 65.000.000 төгрөгийн шатахууныг Ж.Баатарбямба авч зарцуулсан. Би тэр мөнгөнөөс 100 төгрөг ч аваагүй. Би Ж.Баатарбямбын компанид ажиллаж байсан болохоор түүнд итгэж гэрээ байгуулсан нь миний буруу болсон. Ж.Баатарбямба төлбөрийг 100 хувь төлнө гэж хэлдэг гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч А.Ганбат шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Худалдах худалдан авах гэрээ, барьцааны гэрээнд компанийн эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зураагүй, А.Дэлгэрцэцэг л гарын үсэг зурсан байсан. Иймд гэрээ хууль зүйн шаардлага хангахгүй байна. Ж.Баатарбямба шатахуун авсан учраас түүнийг шүүх хуралдаанд оролцуулах саналтай байсан. А.Дэлгэрцэцэг хууль зүйн мэдлэг муутай учраас ийм алхам хийсэн байна гэжээ.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Содмонгол групп ХХК шатахуун дараа төлбөрт нөхцөлөөр худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 97.535.100 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч А.Дэлгэрцэцэг уг гэрээний зүйл болох шатахууныг аваагүй, Ж.Баатарбямба авсан учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Зохигчид 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн шатахуун дараа төлбөрт нөхцөлөөр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээ нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1.-д зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг нь төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу тэдний хооронд зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2-д заасан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Содмонгол групп ХХК 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн гэрээний дагуу шатахууныг А.Дэлгэрцэцэгт 2017.09.19, 21-ний өдрүүдэд өгсөн гэх боловч Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1.-д зааснаар ... эд хөрөнгө буюу шатахууныг А.Дэлгэрцэцэгт хүлээлгэн өгсөн эсэхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх; үүргээ биелүүлэгүй, нотолж чадаагүй байна.

 

Худалдагч буюу Содмонгол групп ХХК нь шатахууныг А.Дэлгэрцэцэгт хүлээлгэн өгөөгүй байж 2017.09.18-ны өдрийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй юм.

 

Иймд нэхэмжлэгч Содмонгол групп ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу шатахууныг хариуцагчид хүлээлгэн өгөөгүй байх тул төлбөр төлөхийг хариуцагчаас шаардах үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

                                                 ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1. дэх заалтыг баримтлан хариуцагч А.Дэлгэрцэцэгээс 97.535.100 төгрөг гаргуулахыг тухай нэхэмжлэгч Содмонгол групп ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 645.626 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.СОЛОНГО