Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2021/00437

 

 

2021 оны 02 сарын 25 өдөр Дугаар 183/ШШ2021/00437 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 00-00 тоотод оршин суух, Х.х овогт Я.Ө /РД:ЧЕ00000000/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Буянт-Ухаа 00, өөрийн байранд байрлахМ ТӨХК /РД:ЧД00000000/-д холбогдох

Ажилгүй байсан хугацааны олговорт 51,033,678 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Я.Ө нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.А хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Р нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Я.Ө нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Я.Ө миний бие М ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018.05.23-ны Б/000 тоот гүйцэтгэх захирлын тушаалаар Я.Ө намайг Бүхээгийн үйл ажиллагааны хэлтэст Хэлтсийн дарга, агаарын хөлгийн ахлах үйлчлэгчээр томилж хөдөлмөрийн гэрээг 2015-2018.05.23-ны өдөр байгуулан ажилласан. Намайг 2018.08.31-ний өдөр гүйцэтгэх захирлын Б/000 тоот тушаалаар ажлаас халсан. Миний бие ажлаас үндэслэлгүй халагдсан гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2019.04.17- ний өдрийн 183\ШШ0000\00000 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.06.17- ны 0000 тоот магадлал, Улсын Дээд Шүүхийн 2020.07.07-ны 000\ХТ2020\00000 тоот тогтоолоор Я.Ө намайг М ТӨХК-ийн Бүхээгийн үйл ажиллагааны Хэлтсийн дарга, агаарын хөлгийн ахлах үйлчлэгчийн ажилд эргүүлэн тогтоосон.

Анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш Я.Ө намайг М ТӨХК-ийн Бүхээгийн үйл ажиллагааны хэлтсийн дарга, агаарын хөлгийн ахлах үйлчлэгчийн ажилд авахгүй байж байгаад М ТӨХК-н гүйцэтгэх захирлын 2019.12.02-ны Б\000 тоот тушаалаар Бүхээгийн үйл ажиллагааны хэлтэст агаарын хөлгийн ахлах үйлчлэгчээр ажилд авч, 2019.12.02-ны 04-Е\00 тоот Хөдөлмөрийн гэрээг байгуулж, сарын 1,302,000 төгрөгийн цалинтай, одоо энэ ажлыг хийж байна.

М ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018.05.23-ны Б/000 тоот гүйцэтгэх захирлын тушаалаар Я.Ө миний бие Бүхээгийн үйл ажиллагааны хэлтэст Хэлтсийн даргаар сарын 2,596,000 төгрөгийн цалинтай ажиллаж байгаад 2018.08.31-ний өдөр гүйцэтгэх захирлын Б/000 тоот тушаалаар Бүхээгийн үйл ажиллагааны хэлтэст Хэлтсийн даргын ажлаас үндэслэлгүй халагдаж шүүхээр ажилдаа эгүүлэн тогтоолгосон боловч өнөөдрийг хүртэл Бүхээгийн үйл ажиллагааны хэлтэст хэлтсийн даргын ажилд эгүүлэн томилоогүй байна. Иймд М ТӨХК-ийн Бүхээгийн үйл ажиллагааны хэлтэст Бүхээгийн үйл ажиллагааны Хэлтсийн дарга болон Агаарын хөлгийн ахлах үйлчлэгчээр 2019.04.17-ноос 2019.12.02-н хүртэл ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 34,469,882 төгрөг, Бүхээгийн үйл ажиллагааны хэлтэст Хэлтсийн даргын 2019.12.02-ноос 2020.12.21-н хүртэл ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 16,563,796 төгрөг, нийт 51,033,678 төгрөг, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах нэхэмжлэлийг гаргаж байна... гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Р шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2019/00000 дугаартай шийдвэрээр Я.Ө-ын Бүхээгийн үйл ажиллагааны хэлтсийн дарга, агаарын хөлгийн ахлах үйлчлэгчийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 34,469,882 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл хураамжийг төлөхийг М ТӨХК-нд даалгаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр М ТӨХК-нд хүсэлт гаргасан. Тус өргөдөлд Я.Ө нь Бүхээгийн үйл ажиллагааны хэлтсийн агаарын хөлгийн ахлах үйлчлэгчээр томилуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, зөвшилцөх санал тавьсан бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг үндэслэн Гүйцэтгэх захирлын 2019 онь 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/000 дугаартай тушаалаар Бүхээгийн үйл ажиллагааны хэлтсийн Агаарын хөлгийн ахлах үйлчлэгчээр 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн ажилд томилж, нэхэмжлэгч нь тус албан тушаалд өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Агаарын хөлгийн үйлчлэгчийн цалингийн бүтэц нь үндсэн цалин болон нислэгт явсан блок цагаар бодогдон тооцон олгогддог бөгөөд 2019 оны 4 дүгээр сарын 17-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацааны Агаарын хөлгийн ахлах үйлчлэгчийн үндсэн цалин хөлсийг үндсэн цалин 1,3023,000 төгрөгөөр тооцож олгохыг хүлээн зөвшөөрч байна. Харин Бүхээгийн үйл ажиллагааны хэлтсийн даргын 2019 оны 12 дугаар сарын 02- ноос 2020 оны 12 дугаар сарын 21-нийг хүртэл ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 16,563,796 төгрөг гаргуулахыг шаардсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэжээ.

Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Ө нь хариуцагч М ТӨХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны олговорт 51,033,678 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

М ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/400 дугаар Ажилд томилох тухай тушаалаар Я.Ө-ыг Бүхээгийн үйл ажиллагааны хэлтсийн дарга, агаарын хөлгийн ахлах үйлчлэгчээр тус тус томилж, ажил олгогчийн санаачилгаар 2018 оны 8 дугаар сарын 31-ны өдрийн Б/000 дугаар тушаалаар уг албан тушаалаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байна. /х.х-ийн 11-18, 33-35 хуудас/

Нэхэмжлэгч Я.Ө нь М ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 8 дугаар сарын 31-ны өдрийн Б/000 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон үндэслэлд шүүхэд нэхэмжлэл гаргаж, уг маргааныг шүүх хянан хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэсэн болох нь тус шүүхийн 2019 оны 918 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 0000 дугаар магадлал, Улсын Дээд Шүүхийн 2020 оны 000 дугаар тогтоол зэргээр тогтоогдож байна. /х.х-ийн 33-43 хуудас/

Хариуцагч шүүхийн шийдвэрийг хуульд заасны дагуу заавал биелүүлэх үүрэгтэй. Гэвч хариуцагч Бүхээгийн үйл ажиллагааны хэлтэст Агаарын хөлгийн ахлах үйлчлэгчийн ажилд Я.Ө-ыг 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр эгүүлэн томилжээ. /х.х-13 хуудас/

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 000 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Я.Ө-ыг М ТӨХК-ийн Бүхээгийн үйл ажиллагааны хэлтсийн дарга, агаарын хөлгийн ахлах үйлчлэгчийн ажилд тус тус эгүүлэн тогтоожээ. /х.х 35 хуудас/

Дээрх 000 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Я.Ө-ын ажилгүй байсан хугацааны олговрыг шүүх тооцохдоо Бүхээгийн үйл ажиллагааны хэлтсийн дарга, агаарын хөлгийн ахлах үйлчлэгчийн албан тушаалд тус тус олгож байсан дундаж цалин хөлснөөс нь тооцож, олговорт 1 хоногт 211,471 төгрөг байхаар шүүх тогтоосон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу ... хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан тул ажлын 1 хоногт ноогдох олговрын хэмжээг шүүх дахин тогтоох үндэслэлгүй юм.

Харин хариуцагч шүүхийн 000 дугаар шийдвэрийг бүрэн биелүүлэх үүрэгтэй ба Бүхээгийн үйл ажиллагааны хэлтсийн даргын ажилд нь Я.Ө-ыг буцаан томилохгүйтэй холбогдуулан шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад хандаж, эрх ашгаа хамгаалуулах эрх нь нэхэмжлэгчид нээлттэй болохыг дурдвал зохино.

Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан \ 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр /160 хоног/-ийг хүртэлх ажилгүй байсан хугацааны олговорт 33,835,360 төгрөг /1 өдрийн цалин 211,471 х 160 хоног/ -ийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 17,198,318 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй, 46.2-т ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгч Я.Ө-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М ТӨХК-аас ажилгүй байсан хугацааны олговорт 33,835,360 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Я.Ө-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 17,198,318 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн төлбөл зохих Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж, энэ талаар нэхэмжлэгч Я.Ө-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч М ТӨХК-нд даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 485,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нийт 413,118 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

ШҮҮГЧ                    Ц.ОЮУНБИЛЭГ