Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2021/00905

 

 

 

 

 

 

 

 

 

Я.Ө-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2021/00437 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Я.Ө-ын хариуцагч М- ТӨХК-д холбогдуулан гаргасан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 51 033 678 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Я.Ө-, түүний өмгөөлөгч Г.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие М- ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/400 тоот тушаалаар бүхээгийн үйл ажиллагааны хэлтэст хэлтсийн дарга, агаарын хөлгийн ахлах үйлчлэгчээр томилсон бөгөөд тус компанийн гүйцэтгэх захирлын 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Б/645 тоот тушаалаар ажлаас халсан. Миний бие ажлаас үндэслэлгүй халагдсан гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж, 3 шатны шүүхийн шийдвэрээр Я.Ө- намайг М- ТӨХК-ийн бүхээгийн үйл ажиллагааны хэлтсийн дарга, агаарын хөлгийн ахлах үйлчлэгчийн ажилд эргүүлэн тогтоосон. Анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш намайг М- ТӨХК-ийн бүхээгийн үйл ажиллагааны хэлтсийн дарга, агаарын хөлгийн ахлах үйлчлэгчийн ажилд авахгүй байж байгаад М- ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын 02-ний Б/844 тоот тушаалаар бүхээгийн үйл ажиллагааны хэлтэст агаарын хөлгийн ахлах үйлчлэгчээр ажилд авч, хөдөлмөрийн гэрээг байгуулж, сарын 1 302 000 төгрөгийн цалинтай, одоо энэ ажлыг хийж байна. М- ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/400 тоот гүйцэтгэх захирлын тушаалаар Я.Ө- миний бие бүхээгийн үйл ажиллагааны хэлтэст хэлтсийн даргаар сарын 2 596 000 төгрөгийн цалинтай ажиллаж байгаад 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр гүйцэтгэх захирлын Б/645 тоот тушаалаар бүхээгийн үйл ажиллагааны хэлтэст хэлтсийн даргын ажлаас үндэслэлгүй халагдаж шүүхээр ажилдаа эгүүлэн тогтоолгосон боловч өнөөдрийг хүртэл бүхээгийн үйл ажиллагааны хэлтэст хэлтсийн даргын ажилд эгүүлэн томилоогүй байна. Иймд М- ТӨХК-ийн бүхээгийн үйл ажиллагааны хэлтэст бүхээгийн үйл ажиллагааны хэлтсийн дарга болон агаарын хөлгийн ахлах үйлчлэгчээр 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 34 469 882 төгрөг, бүхээгийн үйл ажиллагааны хэлтэст хэлтсийн даргын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 16 563 796 төгрөг, нийт 51 033 678 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2019/00918 дугаартай шийдвэрээр Я.Ө-ыг бүхээгийн үйл ажиллагааны хэлтсийн дарга, агаарын хөлгийн ахлах үйлчлэгчийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 34 469 882 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл хураамжийг төлөхийг М- ТӨХК-д даалгаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр М- ТӨХК-нд хүсэлт гаргасан. Тус өргөдөлд Я.Ө- нь бүхээгийн үйл ажиллагааны хэлтсийн агаарын хөлгийн ахлах үйлчлэгчээр томилуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, зөвшилцөх санал тавьсан бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг үндэслэн гүйцэтгэх захирлын 2019 онь 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/844 дугаартай тушаалаар бүхээгийн үйл ажиллагааны хэлтсийн агаарын хөлгийн ахлах үйлчлэгчээр 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн ажилд томилж, нэхэмжлэгч нь тус албан тушаалд өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Агаарын хөлгийн үйлчлэгчийн цалингийн бүтэц нь үндсэн цалин болон нислэгт явсан блок цагаар бодогдон тооцон олгогддог бөгөөд 2019 оны 4 дүгээр сарын 17-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацааны агаарын хөлгийн ахлах үйлчлэгчийн үндсэн цалин хөлсийг үндсэн цалин 1 302 000 төгрөгөөр тооцож олгохыг хүлээн зөвшөөрч байна. Харин бүхээгийн үйл ажиллагааны хэлтсийн даргын 2019 оны 12 дугаар сарын 02- ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 21-нийг хүртэл ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 16 563 796 төгрөг гаргуулахыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М- ТӨХК-аас ажилгүй байсан хугацааны олговорт 33 835 360 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Я.Ө-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 17 198 318 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн төлбөл зохих Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж, энэ талаар нэхэмжлэгч Я.Ө-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч М- ТӨХК-нд даалгаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас бүхээгийн үйл ажиллагааны хэлтэст хэлтсийн даргын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 16 563 796 төгрөгийг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би бүхээгийн үйл ажиллагааны хэлтэст хэлтсийн дарга, агаарын хөлгийн ахлах үйлчлэгчээр томилогдон ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд үүнтэй холбоотойгоор шүүхэд нэхэмжлэл гаргаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 918 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 1135 тоот магадлал, Улсын Дээд шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 357 тоот тогтоолоор ажилдаа эргэн томилогдсон. Анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш Я.Ө- намайг М- ТӨХК-ийн бүхээгийн үйл ажиллагааны хэлтсийн дарга, агаарын хөлгийг ахлах үйлчлэгчийн ажилд авахгүй байж байгаад 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Я.Ө- намайг бүхээгийн үйл ажиллагааны хэлтэст агаарын хөлгийн ахлах үйлчлэгчээр ажилд авч, хөдөлмөрийн гэрээ байгуулсан ба одоог хүртэл уг ажлыг би хийж байна. Харин бүхээгийн үйл ажиллагааны хэлтэст хэлтсийн даргаар сарын 2 596 000 төгрөгийн цалинтай ажиллаж байгаад 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн гүйцэтгэх захирлын Б/645 тоот тушаалаар бүхээгийн үйл ажиллагааны хэлтэст хэлтсийн даргын ажлаас үндэслэлгүй халагдаж шүүхээр ажилдаа эргүүлэн тогтоолгосон боловч өнөөдрийг хүртэл бүхээгийн үйл ажиллагааны хэлтэст хэлтсийн даргын ажилд эргүүлэн авахгүй намайг маш ихээр хохироож байна. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шүүхийн 918 тоот шийдвэрээр нэхэмжлэгч Я.Ө-ын ажилгүй байсан хугацааны олговрьг шүүх тооцохдоо бүхээгийн үйл ажиллагааны хэлтсийн дарга, агаарын хөлгийн ахлах үйлчлэгчийн албан тушаалд тус тус олгож байсан дундаж цалин хөлснөөс тооцож, олговорт 1 хоногт 211 471 төгрөг байхаар шүүх тогтоосон. Шүүхээс нэхэмжлэгч миний ажилгүй байсан 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх ажилгүй байсан 160 хоногийн ажилгүй байсан хугацааны олговорт 33 835 360 төгрөгийг хариуцагчаас гаргаж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн. Харин бүхээгийн үйл ажиллагааны хэлтэст хэлтсийн даргын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 16 563 796 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, үүнийг шүүх хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч надад олгох ёстой гэж үзэж байна. Иймд уг хугацааны цалин олговорт 16 563 796 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Я.Ө- нь хариуцагч М- ТӨХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт нийт 51 033 678 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасны зарим хэсгийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Хариуцагч байгууллага нь ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлээгүй тул шүүхийн шийдвэр гарсан /2019.04.17/ өдрөөс бүхээгийн үйл ажиллагааны хэлтсийн агаарын хөлгийн ахлах үйлчлэгчээр томилсон /2019.12.02/ өдөр хүртэлх хугацааны цалин олговорт нийт 34 469 882 төгрөг, бүхээгийн үйл ажиллагааны хэлтсийн даргын ажилд эгүүлэн томилоогүй тул дээрх хугацаанаас шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр /2020.12.21/ хүртэлх хугацааны цалинд 16 563 796 төгрөг, нийт 51 033 678 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэсэн бол хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Я.Ө-ын хүсэлтээр түүнийг 2019 оны 12 сарын 02-ны өдөр бүхээгийн үйл ажиллагааны хэлтсийн агаарын хөлгийн ахлах үйлчлэгчээр томилсон, иймд энэ хугацааны цалинг сарын 1 302 000 төгрөгөөр тооцон төлөхийг зөвшөөрнө, бусад хэсгийг зөвшөөрөхгүй гэсэн байна.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн, мөн шийдвэрийн тогтоох хэсэгт хуулийн нэрийг буруу бичиж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөх боломжтой гэж үзлээ.

Хариуцагч М- ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/400 дугаар тушаалаар нэхэмжлэгч Я.Ө- нь тус компанийн бүхээгийн үйл ажиллагааны хэлтсийн дарга, агаарын хөлгийн ахлах үйлчлэгчээр томилогдон ажиллаж байгаад гүйцэтгэх захирлын 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Б/645 дугаар тушаалаар ажлаас халагдсан байна. /хх-ийн 11-12-р тал/

 

Ажил олгогчийн дээрх Б/645 дугаар тушаалыг нэхэмжлэгч Я.Ө- нь эс зөвшөөрч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд тус шүүхийн 2019 оны 4 сарын 17-ны өдрийн 918 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Я.Ө-ыг М- ТӨХК-ийн бүхээгийн үйл ажиллагааны хэлтсийн дарга, агаарын хөлгийн ахлах үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, 1 хоногт ногдох дундаж цалин хөлсийг 211 471 төгрөгөөр тооцож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт нийт 34 469 882 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж шийдвэрлэсэн байна. Тус шийдвэрт хариуцагч тал давж заалдах гомдол гаргаж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 сарын 17-ны өдрийн 1135 дугаар магадлалаар шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулсныг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 7 сарын 07-ны өдрийн 357 дугаар тогтоолоор магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. /хх-ийн 33-43-р тал/

 

Хөдөлмөрийн маргаан хянан шийдвэрлэгдэж байх хугацаанд буюу 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хариуцагч М- ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын Б/844 дугаар харилцан эвлэрч ажилтныг ажилд томилох тухай тушаалаар нэхэмжлэгч Я.Ө-ыг бүхээгийн үйл ажиллагааны хэлтсийн агаарын хөлгийн ахлах үйлчлэгчийн ажилд томилсон байх бөгөөд нэхэмжлэгч Я.Ө- нь өнөөдрийг хүртэл тус албан тушаалд ажиллаж байгаа үйл баримт тогтоогдсон байна. /хх-ийн 13-р тал/

 

Иймд 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 160 хоногийн цалинд 33 835 360 төгрөг /160 хоног х 211 471 = 33 835 360/-ийг хариуцагч М- ТӨХК-иас гаргуулж нэхэмжлэгч Я.Ө-д олгуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

 

Харин анхан шатны шүүх бүхээгийн үйл ажиллагааны хэлтсийн даргын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацааны цалин болох 16 563 796 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасанд нийцээгүй байна.

 

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэж заасан. Гэвч хариуцагч М- ТӨХК нь нэхэмжлэгч Я.Ө-ыг бүхээгийн үйл ажиллагааны хэлтсийн агаарын хөлгийн ахлах үйлчлэгчийн ажилд томилсон атлаа бүхээгийн үйл ажиллагааны хэлтсийн даргын ажил албан тушаалд эгүүлэн томилоогүй байх тул хариуцагч М- ТӨХК нь ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг нэхэмжлэгч Я.Ө-д төлөх үүрэгтэй.

 

Хариуцагч татгалзалдаа нэхэмжлэгч Я.Ө-ын өөрийнх нь хүсэлтээр түүнийг бүхээгийн үйл ажиллагааны хэлтсийн агаарын хөлгийн ахлах үйлчлэгчийн ажилд эгүүлэн томилсон, нэхэмжлэгч нь ажил олгогчийн энэхүү шийдвэрийг зөвшөөрсөн тул бүхээгийн үйл ажиллагааны хэлтсийн даргын цалинг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Гэвч хариуцагч байгууллага нь 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгч Я.Ө-ыг бүхээгийн үйл ажиллагааны хэлтсийн агаарын хөлгийн ахлах үйлчлэгчийн ажилд томилсны дараа буюу 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр дээрх хөдөлмөрийн маргаан Улсын Дээд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Я.Ө- нь бүхээгийн үйл ажиллагааны хэлтсийн даргын ажил албан тушаалаас татгалзах байдлаар хариуцагч байгууллагад хүсэлт гаргаж, эвлэрсэн гэж үзэх боломжгүй байна.

 

Иймд хэрэгт авагдсан бүхээгийн үйл ажиллагааны хэлтсийн даргын хөдөлмөрийн гэрээний 5.1.1-т ажилтны сарын үндсэн цалин 2 596 000 төгрөг байна гэж заасныг үндэслэн, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацааны цалинг тооцоход 12 сар, 15 хоногийн цалин 32 963 160 төгрөг болж байх боловч, нэхэмжлэгчийн шаардсан хэмжээгээр буюу 16 563 796 төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрлэх нь иргэний эрх зүйн диспозитив зарчимд нийцэх юм. /хх-ийн 19-20-р тал/

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч М- ТӨХК-иас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт нийт 50 399 156 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Я.Ө-д олгож, нэхэмжлэлээс 634 522 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч М- ТӨХК-д даалгах байдлаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2021/00437 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын Иргэний хуулийн ... гэснийг Хөдөлмөрийн тухай хуулийн гэж, ... 33,835,360 төгрөг ... гэснийг 50 399 156 төгрөг гэж, ...17,198,318 төгрөгийг ... гэснийг 634 522 төгрөгийг гэж,

2 дах заалтын ... 46.2 ... гэсний өмнө 46.1, гэж нэмж,

3 дах заалтын ... 56.1 ... гэснийг хасч, ... хариуцагчаас нийт 413,118 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэснийг илүү төлсөн 1 682 төгрөгийг улсын төсвөөс, 480 145 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Г.ДАВААДОРЖ