Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 143/ШШ2021/00090

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч:******* ХХК

Хариуцагч: тоотод оршин суух, ******* овогт *******ийн

 Хариуцагч: тоотод оршин суух, овогт ийн  

Гуравдагч этгээд: тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* 

15 962 719 төгрөг 01 мөнгө гаргуулах, зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.*******, Ё.*******, хариуцагч Ч., П., хариуцагч нарын өмгөөлөгч Р.Бадмаа /онлайнаар/, гуравдагч этгээд Б.******* /онлайнаар/, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Энхбат, нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов. 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч******* ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ч. болон хамтран зээлдэгч П. нар нь******* ХХК-ийн Өмнөговь салбартай 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 210000510234 тоот зээлийн гэрээ байгуулан 18 000 000 төгрөгийг жилийн 25,2%-ийн хүүтэй, 40 сарын хугацаатай зээл авсан. Зээлийн эргэн төлөгдөх хуваарийг тогтмол буюу сар бүр төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцон хийсэн. Зээлийн барьцаанд орон сууц улсын дугаартай өрөө орон сууц, Toyota Alphard суудлын автомашин Улсын дугаар Арлын №АТН, 5-н ханатай гэр, 4-н ханатай гэр, гал тогооны тавилга, 32-инч зурагт, хивс, хөргөгч, дөрвөн тал хашаа, буйдан, бараа материал. Зээлдэгч Ч. болон хамтран зээлдэгч П. нар нь зээл авснаас хойш үндсэн зээлээс 4 638 721.40 төгрөг, үндсэн хүү 4 783 336.63 болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 3 836.37 төгрөг нийт 9 425 894.40 төгрөг төлсөн. Зээлдэгч Ч. болон хамтран зээлдэгч П. нар нь 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн хугацаа хэтэрч, тус банкнаас авсан зээл, зээлийн хүүгийн төлбөрийг Зээл буцаан төлөх хуваарь-ийн дагуу эргүүлэн төлөлгүй гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн гэрээний 2.2.1, 3.2.1 дэх заалтуудыг зөрчсөн тул зээлийн гэрээний 6.2, 6.2.1-т заасан үндэслэлээр зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах болон мөн зээлдэгчтэй холбоо барьж, очиж уулзаж зээлийн хугацаа хоцроож байгаа талаар удаа дараа мэдэгдэж, мэдэгдэх хуудас бичгээр өгч байсан боловч 2020 оны 02 дугаар сарын 25-аас хойш төлбөрийн хуваарийн дагуу төлөлт хийгээгүй 247 хоног хугацаа хэтрээд байгаа болно. Зээлдэгч Ч. болон хамтран зээлдэгч П. нарын нэхэмжлэлд дурдсан 15 962 719.01 төгрөг нь 2020 оны 01 дүгээр сарын 26-аас 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 2 561 977.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 39 462.79 төгрөг, үндсэн өрийн үлдэгдэл 13 361 278.60 төгрөг нийт төлөх дүн 15 962 719.01 төгрөг болно. 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар дараах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд: Зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 13 361 278.60 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 2 561 977.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 39 462.79 төгрөг, нийт төлөх дүн 15 962 719.01 төгрөг байна.

Иймд зээлдэгч Ч. болон хамтран зээлдэгч П. нараас нэхэмжлэлд дурдсан зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 13 361 278.60 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 2 561 977.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 39 462.79 төгрөг, нийт төлөх дүн 15 962 719.01 төгрөгийг гаргуулж өгнө үү. Зээлдэгч Ч. болон хамтран зээлдэгч П. нар нь 2020.02.25-ны өдрөөс эхлэн хугацаа хэтэрч, тус банкнаас авсан зээл, зээлийн хүүгийн төлбөрийг Зээл буцаан төлөх хуваарь"-ийн дагуу эргүүлэн төлөлгүй гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн гэрээний 2.2.1, 3.2.1 дэх заалтуудыг зөрчсөн тул зээлийн гэрээний 6.2, 6.2.1т заасан үндэслэлээр зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах болох, мөн зээлдэгчтэй холбоо барьж, очиж уулзаж, зээлдэгч ирж уулзаж зээлийг хугацаа хоцроож байгаа талаар удаа, дараа мэдэгдэж, мэдэгдэх хуудас бичгээр өгч байсан боловч 2020.02.25-аас хойш төлбөрийн хуваарийн дагуу төлөлт хийгээгүй 247 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй ноцтой зөрчсөн тул зээлийн гэрээний хугацааг, хугацаанаас нь өмнө цуцлуулах хүсэлттэй байгаа тул нэхэмжлэл гаргасан өдрөөр буюу 2020.10.29-ны өдрөөр зээлийн гэрээг цуцалж өгнө үү. Зээлийн барьцаанд тавьсан Орон сууц /Ү-1105003525 улсын дугаартай Өмнөговь Даланзадгад сум 3-р баг 16-р байр 1-4 тоот 1 өрөө орон сууц, Тоуоtа Alphard суудлын автомашин улсын дугаар *******, арлын №АТН 100007749, 5-н ханатай гэр, дөрвөн ханатай гэр гал тогооны тавилга, 32-инч зурагт, хивс, хөргөгч, дөрвөн тал хашаа, буйдан, бараа материал зэрэг хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага хэвээрэй. Нэмж хэлэх тайлбар байхгүй гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч талаас нэгдүгээрт эвлэрэх санал гаргаж байна. Манай банкны зүгээс эвлэрэн хэлэлцэх боломжгүй. Учир нь Төрийн банкийг төлөөлж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.******* миний бие, мөн харилцааны менежер У.******* оролцож байгаа. Энэ итгэмжлэлд эвлэрэхээс бусад эрхийг олгосон байдаг. Ийм учраас эвлэрэх боломжгүй. Хоёрдугаарт зээлийн хугацааг цуцлуулахгүй. Тухайн үед манай банканд зээлийн хугацааг сунгуулах хүсэлт гаргасан боловч сунгаагүй гэж яриад байна. Энэ үндэслэлгүй тайлбар байна. Учир нь зээлийн гэрээнд заасан байдаг. Зээлийн гэрээнд ямар нэгэн нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа бол хоёр тал хоёулаа бичгээр хүсэлт гаргаад тэрийг нь шийдвэрлэх ёстой. Одоо энэ нотлох баримт болон манай банкинд хариуцагч талаас энэ зээлийн гэрээг өөрчлөх тухай бичгээр гаргасан хүсэлт байхгүй. Дараа нь COVID-тай холбоотой энэ зээлүүдийг 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хойшлуулсан гэж яриад байна. Энэ бол бүх зээлийг хойшлуулаад зогсоосон асуудал байхгүй. Энэ дүрэм журам нь Монгол банкинд ч гээд бүх банкинд байдаг. Ямар зээлийг зогсоож, зээл болон хүүгийн төлбөрийг аваагүй зогсоосон бэ гэхээр зөвхөн орон сууцны зээл буюу ипотекийн зээлийг зогсоосон байгаа. Бусад зээлийн хувьд зээлдэгч болон банк хоёр харилцан тохиролцоно. Зээлдэгч хүсэлтээ гаргана. Миний бизнес ажил төрөл болохгүй байна. Орлого бага байна. Ийм учраас гэрээний хугацааг сунгах хүсэлтээ гаргаад хүсэлтийн дагуу судалж үзээд ийм ийм нөхцөл байдал болсон юм байна гээд өмнө байгуулагдсан гэрээ нь дээр нэмж гэрээ байгуулдаг. Ингээд гэрээ байгуулагдсан бол энэ гэрээний хугацаа нь сунгагдаад зээлийн төлбөрөө яаж төлөх юм бэ гэдгээ дахин тохиролцоод явах боломж байсан. Энэ хэрэгт ийм хүсэлт гаргуулж шийдвэрлүүлсэн албан ёсны бичиг баримт байхгүй. Хариуцаж байсан харилцааны менежер зээлдэгч нартайгаа холбогдож энэ гэрээгээ сунгах уу гээд хугацаа хэтрэх гээд байна. Сунгах гэж байгаа бол та хүсэлтээ өгөөрэй. Ийм ийм журам нөхцөл байна гэдгээ танилцуулсан. Банкнаас олон төрлийн зээл олгодог. Энэ зээлүүд нь банкны дотоод журмаараа зохицуулагдаж байдаг. Бизнес зээлийн хувьд тухайн үед сунгах хүсэлт гаргасан бол тухайн үед хугацаа хэтэрсэн хүүгийн төлбөр болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөөд, үндсэн зээлээ дахиад банктайгаа харилцан тохиролцоод хэдий хугацаанд яаж төлөх талаар тохиролцох боломж байсан. Энэ боломжийг ашиглаагүй учраас манай банкнаас хууль ёсны дагуу нэхэмжлэл гаргасан. Төлбөр мөнгөө буцааж авахаар нэхэмжлэл гаргасан. Дараа нь зээлийн гэрээний 2.1.7 дахь хэсэгт шимтгэл 180.000 төгрөг авсан гэж ярьж байна. Бүх арилжааны банкнууд Монгол банк болон аудитаар шалгагдаж, бүх үйл ажиллагаа нь ил тод явагддаг байгаа. Ямар заавар дүрмээр ямар шимтгэл авах, хүүгийн түвшин ямар байх. Энэ бол зөвшөөрөгдсөн шимтгэл хувь байгаа. Зээлдэгч болгоноос авдаг. Ганц энэ зээлдэгчээс авсан зүйл биш. Энэ шимтгэлээр илүү мөнгө авсан байна гэх үндэслэл байхгүй. Энэ талаар зээлийн гэрээний 2.1.7 дахь хэсэгт заасан байгаа. Та энэ зээлийг авснаар шимтгэл төлнө. Ийм хүү төлнө гэдгийг бүгдийг нь хүлээн зөвшөөрөөд энэ гэрээг байгуулаад нотариатаар батлуулаад, улсын бүртгэлээр батлуулаад энэ зээлүүд олгогдсон байгаа. Тийм учраас энэ 180.000 төгрөгийг төлөхөөргүй байсныг төлсөн байна гэх гомдол байхгүй. Дараа нь барьцаа хөрөнгө дээр маргаан гараад байна. Барьцаа хөрөнгийн хувьд бол банк барьцаа шаарддаг. Гэхдээ тухайн барьцааг шаардахдаа гол үндэслэх зүйл нь үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө барьцаалдаг. Үл хөдлөх хөрөнгө барьцаалсан тохиолдол тухайн үл хөдлөх хөрөнгийн хүчин төгөлдөр бичиг баримт болон энэ үл хөдлөх хөрөнгө, газрыг ямар байдлаар үүрэг нээсэн гэдэг лавлагаа авдаг. Тэгэхээр энэ зээлийн барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгө бол тухайн зээл авах үеийн байдлаар лавлагаа авахад ямар нэгэн банкинд үүрэг нээсэн юм байхгүй. Мөн таван эзэмшигчийн барьцаалж болно гэсэн итгэмжлэлүүд нь байгаа. Энэ лавлагаа бид нар өөрсдөө гаргадаг биш үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой бүх харилцааг улсын бүртгэлийн хэлтэс зохицуулдаг. Улсын бүртгэлийн хэлтсээс гаргасан лавлагаанууд байгаа. Энэ зээлийн гэрээ байгуулагдаад ийм үл хөдлөх хөрөнгө барьцаалах гэж байна гээд улсын бүртгэлийн хэлтсээс баталгаажуулдаг. Энэ зээлийн барьцаа хөрөнгө баталгаажсан. Дараа нь барьцаа хөрөнгийг барьцаалахдаа зургийг нь очиж авах ёстой гэж яриад байна. Тийм шаардлага байхгүй. Манай банкны дотоод журамд ч байхгүй. Учир нь зээлийн гол үндэслэх зүйл нь энэ бичиг баримт лавлагаа байгаа. Зураг авах эсэх нь банкны дотоод журмаар зохицуулагдсан байдаг. Мөнгөн дүн хэмжээ заасан байдаг. 100.000.000 төгрөг ч юм уу, 200.000.000 төгрөг ч гэдэг юм уу тэрнээс дээш үнэтэй зээл авч байгаа. Барьцаанд тавьж байгаа эд хөрөнгийнх нь үнэлгээ 100.000.000 төгрөгөөс дээш гэх мэт тохиолдолд очиж зургийг нь авах ёстой гэсэн зүйл л байгаа. Бусдаар бол зээл болгон дээр барьцаа хөрөнгийн нэг бүрчлэн очоод зургийг нь аваад байх боломж байхгүй. Ав гэсэн журам ч байхгүй. Тухайн байранд нь эзэмшигч нь өөрөө амьдардаггүй гэдэг талаар гуравдагч этгээдийн талаас гаргасан тайлбараар ойлголоо. Тухайн байранд хэн амьдардаг нь нээх сонин биш байх. Учир нь эзэмшигч нь тухайн байрандаа ямар ч хүн амьдруулж болно. Түрээсэлж болно. Ах дүү, хамаатан садангаа байлгах ийм нөхцөл байдал амьдралд байдаг. Иймээс зээлийн гэрээ болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр, улсын бүртгэлээр баталгаажсан, нотариатаар баталгаажсан ийм гэрээнүүд байгаа. Иймээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 Хариуцагч Ч., П.Оюунцэцэг нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ч., П. нар*******наас 18 000 000 төгрөгийг зээлсэн нь үнэн бөгөөд, сарын 2,1% жилийн 25.2%-н хүүтэй 40 сарын хугацаатай зээлж, 11 сарын хугацаанд сард 671 000 төгрөгийн төлөлт хийж нийт 9 394 000 төгрөг төлсөн болно. Үлдэгдэл 15 962 717.01 төгрөгийг уг зээлийн барьцаанд байгаа Ү-1105003525, №0114796 улсын бүртгэлийн болон гэрчилгээний дугаартай 17,95 м2 байрыг хууль бус эзэмшигчдээс суллуулж авч захиран зарцуулах зээлээ төлж дуусгана гэжээ.

Хариуцагч Ч. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд 5 сар төлбөр төлөгдөөгүй хугацаа хэтэрсэн байгаа. Зээлийн хугацаа сунгах хүсэлтээ төрийн банканд өгсөн боловч төрийн банк хүсэлтийг хүлээж аваагүй. 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл зээлийн хугацааг хойшлуулах шийдвэр гарсан байгаа. Түүний дагуу эвлэрэн хэлэлцэх боломжтой гэж бодож байна гэв.

Хариуцагч П. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлээ төлнө. Авсан нь үнэн юм чинь өгнө. Зээл хойшлуулах хүсэлт өгөөгүй гэж ярьж байна. Тухайн үед манай эхнэр төрсөн нялх биетэй байсан. Гэрт хүүхдээ хараад гарах боломжгүй байсан. Би гадуур ажилтай явж байсан учраас цахимаар хүсэлт явуулсан. Тэгээд би цахимаар хүсэлт явуулсан гээд Төрийн банк дээр очиход харах боломжгүй гэсэн гэв.

Хариуцагч нарын өмгөөлөгч Р.Бадмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь зөвшөөрөөд зарим хэсэгт нь хүсэлт гаргах гээд байгаа.*******наас хариуцагч нарт зээлийн төлбөрөө төлөх боломж олгохгүйгээр гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, барьцаанд тавьж байгаа эд хөрөнгөөр гэрээний үүргийг хангуулах гэсэн шаардлагуудыг тавьсан. Энэ шаардлагуудаас авсан зээлээ төлнө. Гэхдээ банк энэ гэрээ хийхдээ Иргэний хууль болон Банкны тухай хуульд заагаагүй заалтыг оруулсан байгаа. Жишээ нь: Гэрээний 2.1.7 дэх хэсэгт шимтгэл авна гэж байна. Анх 18.000.000 төгрөгийн зээл авахад банк 180.000 төгрөгийг шимтгэл буюу хураамж авсан байгаа. Энэ бол ямар ч хуульд заагаагүй үндэслэлгүй заалт оруулаад 180.000 төгрөгийг суутгаж авсан байсан. Энэ мөнгийг хасаад бусад үлдсэн мөнгийг төлнө. Маргах зүйл байхгүй. Гэрээний талаар гэвэл 247 хоног гэрээг зөрчиж төлбөрөө төлөөгүй гэдэг нь үнэн. Гэхдээ энд учир шалтгаан байгаа. Хариуцагч нар төлбөрөө төлөхгүйгээр ямар нэгэн байдлаар зугтаасан ч юм уу, төлөхгүй гэсэн ийм үндэслэл байхгүй. Дэлхий даяар гарсан цар тахлын улмаас энэ хүмүүсийн хэвийн ажиллаж байсан үйл ажиллагаа, арилжаа наймаа гээд бүх зүйл зогссоныг хүн бүхэн мэдэж байгаа. Энэ талаар нотлоод байх шаардлагагүй. Тийм учраас эдгээр хүмүүс зориуд санаатайгаар зугтааж, төлөхгүй гэсэн ойлголт байхгүй.******* нийгмийн хариуцлагын үүднээс хүмүүсийн төлбөрийг хөнгөлдөггүй юм аа гэхэд гэрээний хугацааг нь сунгаж хөнгөлөлт үзүүлэх ёстой. Гэтэл шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ банкийг буруутгах үндэслэл байхгүй. Яагаад гэвэл энэ Засгийн газрын тогтоол гарахаас өмнө банкнаас шүүхэд нэхэмжлэл өгсөн байна. Энэ тогтоол гарснаас хойш бол өөрөөр хандах боломж байсан байхаа гэж бодож байна. Тэгэхээр эдгээр хүмүүсийн хүлээн зөвшөөрөхгүй байгаа нөхцөл бол гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах банкны шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж байна. Нэгдүгээрт төлбөрөө төлөхгүй байсан шалтгаантай. Хоёрдугаарт Засгийн газраас тогтоол гарсан. Зээлийг заавал төлөхийг зүйлийг төлөөгүй юу, найдвартай юу, найдваргүй юу гэдгийг хамаарахгүйгээр 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл банкны зээлийг хойшлуулсан байгаа. Бүгд тэгш эрхтэй байдаг үүднээсээ хугацаанаас нь өмнө гэрээг цуцлах асуудлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг тавьж байна. Өмнө банканд хүсэлт тавьж байсан боловч банк хүлээж аваагүй. Тэр үед Засгийн газраас тогтоол, захирамж гаргаагүй байсан. Тэгэхээр гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах асуудлыг хэрэгсэхгүй болгож банк энэ хүмүүсийг хүсэлтийг хүлээж авч хүсэлтийн дагуу 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт байна. Нөгөө талаараа барьцаа хөрөнгийн талаар гэрээ байгуулаад хөдлөх болон үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаанд тавьсан. Энэ бол нэгэнтээ гэрээ хийгдэж зөвшөөрөгдсөн болохоороо энэ барьцаа хөрөнгөөрөө зээлийнхээ төлбөрийг төлье гэдэг асуудлаар хариуцагч тал маргахгүй байгаа. Байр, орон сууцаараа төлнө гэж байгаа. Гэтэл гуравдагч этгээдээр оролцож байгаа талаас энэ байр бол бид нарын байр. Анхнаасаа хууль барьцаа гэсэн ийм агуулгаар оролцож байгаа. Тэгэхээр энэ барьцааны үл хөдлөх болоод хөдлөх хөрөнгө хууль бус биш байсан. Энэ хөрөнгүүдийг барьцаалж авах нь банкны үйл ажиллагаа, үүрэг. Хариуцагч нар ийм ийм хөрөнгийг үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг барьцаанд тавимаар байна гэж банканд хүсэлтээ тавьсан. Хүсэлтийн дагуу банкнаас тэр эд хөрөнгийг өөрсдөө очиж үзээд, дүгнээд барьцаанд авах эсэхээ шийдэх бүрэн эрхтэй хүмүүс очиж үзэж байгаа учраас энэ барьцааны хөрөнгийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй. Хэрвээ энэ хөрөнгүүдийг хууль бус гэж үзэх юм бол хууль бус барьцаа авсан банк өөрөө хариуцаж барьцаанд тавьсан эд зүйлийг авах эрхээ алдана гэж үзэж байна. Бид нарын хүсэлт нэгдүгээрт 180.000 төгрөгийг хасаад бусад төлбөрийг төлнө. Хоёрдугаарт хугацаанаас нь өмнө гэрээг цуцлах асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрээний хугацааг сунгаж өгөөч ээ гэсэн хүсэлт байна. Хамгийн сүүлд нь барьцааны эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангана. Яагаад ингэж хэлж байна вэ гэхээр энэ үл хөдлөх хөрөнгийг тавын таван хүн хамтран өмчилж, барьцаанд тавьсан. Тиймээс гэрээгээ гүйцэтгээгүй үед төлбөрөө гүйцэтгэж болно гэсэн зөвшөөрлөө өгөөд нотариатаар батлуулчихсан ийм зөвшөөрлийн бичиг байгаа. Гэтэл тэр байрны дотор хэн амьдарч байна. Ямар хүмүүс байна вэ гэдгийг очиж үзэх шаардлага байхгүй. Хууль ёсны өмчлөгч нараас нь зөвшөөрлийг нь авчихсан. Гаднаас нь зургийг нь авчихсан. Зөвхөн тэр орон сууцыг л барьцаалж байгаа шүү дээ. Дотор байгаа эд хөрөнгө бол хамаагүй. Тийм учраас хууль ёсны дагуу барьцаанд тавьсан гэж үзэж байна гэв.

Гуравдагч этгээд П.Оюунцэцэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: овогтой Оюунцэцэг би өөрийн эзэмшлийн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3-р баг, 16 дугаар байрны 1-4 тоот 17,95 мкв орон сууцыг дүү Ч.д банкны зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрч итгэмжлэл хийж өгсөн . Гэтэл тус аймгийн******* ХХК ийн нэхэмжлэлтэй Ч. нарт холбогдох иргэний хэрэгт иргэн ******* овогтой ******* нь миний амьдарч байгаа байрыг барьцаанд тавьсан гэж дээрх иргэний хэрэг гуравдагч этгээдээр оролцох хүсэлт тавьсан байна . Мөн шүүхэд уг орон сууцыг өөрийн өмчлөлд тогтоож өгөхийг хүссэн нэхэмжлэл гаргажээ П.Оюунцэцэг би дээрх нэхэмжлэлүүдийг нэг шүүх хуралдаанаар шийдвэрлэх юм байна гэж ойлгож гуравдагч этгээдээр оролцоно гэж хүсэлт гаргасан. Гэтэл тус тусдаа иргэний хэрэг үүсч тусдаа шийдвэрлэгдэх болохыг саяхан мэдсэн тул Ч. нарт холбогдох иргэний хэрэгт гуравдагч этгээдээр оролцох шаардлагагүй юм байна гэж үзсэн бөгөөд уг шүүх хуралдаанд оролцохгүй болохыг мэдэгдэж байна гэжээ.

Гуравдагч этгээд Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Одоо тэр байранд 22 жил амьдарч байгаа Б.******* байна. Энэ байрыг манай хадам аав, ээж 1998 онд сэргээн босголтын банкнаас худалдаж авсан байдаг. Тэгээд ямар процессоор яаж худалдаж авсан талаар өчигдрийн миний нэхэмжлэлтэй шүүх хурал дээр П.Оюунцэцэг гуай өөрөө хэлсэн. Барьцаанд тавьсан нь үнэн юм байна. Банканд зээлтэй байсан нь үнэн юм байна. Банк тэр байрыг зарсан нь үнэн юм байна. Банкны ажилтан байрыг чөлөөлж өгөө гээд байрыг авсан нь үнэн байна гэдэг нь өчигдрийн шүүх хуралдаанаар тодорхой болсон учраас энэ хурал дээр илүү дэлгэрэнгүй ярих нь хэрэггүй байхаа гэж бодож байна. Энэ байранд 1998, 1999 онд Даваасамбуугийн Золзаяа гэр бүлийнхээ хамтаар амьдраад 2000 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс хойш би одоог хүртэл эзэмшээд өнөөдөр гэхэд миний аав, ээж амьдарч байна. Гэтэл энэ байрны хууль ёсны өмчлөгчөө гэж хэлээд байгаа П.Оюунцэцэг гэдэг хүн тухайн үедээ өөрийнх нь зээлийг төлөөд банк байрыг нь аваад зээлийг нь чөлөөлчихсөн байхад яагаад одоо хууль ёсны өмчлөгч гэж үзээд байгаа юм бэ? та иргэний үүргээ биелүүлээгүй шүү дээ гэдгийг хэлмээр байна. Яагаад ингэж хэлж байна вэ гэхээр би 2011 онд энэ байрыг өмчлөөгүй юм байна. Өмчилж хувьчлалд гарсан хүн та юм байна. Та өөрийнхөө өмчлөлөөр авсан гэрчилгээгээ сэргээлгээд бид нарт шилжүүлж өгөх юм байна гэдгийг хэлсэн. Тэгэхэд П.Оюунцэцэг гуай тийм үү ямар сонин юм. Одоо болтол гэрчилгээ нь гараагүй юм уу гэж хэлж байсан.   Өчигдрийн шүүх хурал дээр энэ талаараа хэлсэн. 2014 онд би байрынхаа гэрчилгээг яаж авах вэ та иргэний үүргээ биелүүлээд журмынхаа дагуу өмчлөлийн гэрчилгээгээ гаргуулаад надад шилжүүлэх хэрэгтэй байна. Та иргэнийхээ үүргийг биелүүлээч ээ гэж хэлэхэд би бол тэгэхгүй, биелүүлэхгүй, шилжүүлэхгүй. Яагаад вэ гэвэл энэ миний өмч өө, банк надаас дээрэмдсэн тул чи надаас худалдаж аваа гэж хэлж байсан. Өчигдрийн шүүх хурал дээр ч энэ талаараа хэлж нотолсон. Дараа нь 2020 оны 10 дугаар сард миний байр банкны барьцаанд ороод хураагдах гэж байгааг мэдсэн. Мэдэнгүүтээ улсын бүртгэлийн газар дээр очиж асуусан. Энэ байранд би одоо эзэмшиж, амьдарч байгаа юм аа. Ямар хүн гэрчилгээг нь гаргуулаад банкинд барьцаанд тавьчихсан юм бол гээд асуухад процесс нь П.Оюунцэцэг гуай 2012 онд гэрчилгээг нь сэргээлгээд 2014 онд Ү гэрчилгээгээ аваад улсын бүртгэлд бүртгүүлсэн байсан. Тэгээд би П.Оюунцэцэгийн утсыг олоод залгахад тийм ээ би чамайг шүүхэд өгөхийг хүлээж байна. Та шүүхэд өгөө гэж хэлсэн. Энэ байрыг 22 жил өмчлөөд амьдарч байхад яахаараа эзэнд нь мэдэгдэж хэлэхгүйгээр банкинд тавьдаг юм бэ гэдэг асуудал байгаа. Миний ойлгосноор банкны журмаар бичиг баримтыг нь бүрдүүлээд хаана байрлалтай, ямар байр юм, дотор нь хэн хэн амьдардаг юм. Тэр байранд амьдарч байгаа хүмүүс нь зээлийн барьцаанд тавих гэж байгааг нь мэдэж байгаа юм уу гэдгийг шалгадаг гэж ойлгосон. Миний зүгээс тухайн үеийн Сэргээн босголтын банк болон Төрийн банкийг хууль бус зүйл хийсэн гэж хэлмээргүй байна. Яагаад вэ гэхээр байгууллага учраас хүний эрхийг хүндлээд хууль ёсныхоо үүднээс үйл ажиллагаа явуулдаг байхаа гэж ойлгож байна. Гэтэл хэргийн материалтай танилцаад үзэхэд тухайн банкны зээлд бүрдүүлсэн материалд хавсаргасан тэр 2016 онд авсан байрны гадаад болон дотоод зураг манай байр биш байсан. Манайх тийм олон тавилгатай ч байгаагүй. Одоо манай аав, ээж хоёр 70 гарсан, 80 гарсан хоёр хөгшин амьдарч байгаа. Тэрийг шүүх очоод нотлох байхаа гэж бодож байна. Тэгээд энэ П.Оюунцэцэг гэдэг хүн 2012 онд энэ гэрчилгээг сэргээлчихээд 2012 ондоо гэрчилгээг шилжүүлээд явж байх байтал тухайн үед банкнаас худалдаж авсан хүн нь 2015 оны 12 дугаар сард нас барангуут нь 2016 онд 04 дүгээр сард сэргээлгээд гэрчилгээ нь аваад, тэр цагаасаа эхлээд үр хүүхдэдээ миний байр гэж итгэж үнэмшүүлээд 2016 онд өөрийнхөө гурав, дөрвөн хүүхэд дээр итгэмжлэл хийлгээд банкны барьцаанд дүүгээрээ тавиулаад мөнгө зээлээд ингээд явж байгаа үйлдлийг миний зүгээс юу гэж харж байна вэ гэхээр үр хүүхэд, ах дүү, садангаараа нийлээд залилах үйлдэл хийгээд явсан байна гэж үзэж байна. П.Оюунцэцэг, Жигдэн хоёрын хүүхдүүд нь 1980-аад оных юм шиг байна лээ. Тэр 1980-аад оны хүүхдүүд өнөөдөр юу нь зөв бэ, юу нь буруу вэ, энэ үнэхээр бидний байр мөн үү гэдгийг мэдэж байгаа байх. Тухайн үедээ ээж аав энэ байрыг яаж авсан гэдэг талаараа эцэг, эхийнхээ үүргийн дагуу П.Оюунцэцэг, Жигдэн нар нь тайлбарлаж өгсөн байх гэж бодож байна. Мөн 1980-аад оны хүүхдүүд чинь насанд хүрсэн хүмүүс, юуг итгэмжлэх үү, юуг баталгаажуулж явуулах, гарын үсэг зурах вэ гэдгээ мэддэг, хуулийн хариуцлага хүлээх насанд хүрчихсэн хүмүүс байгаа. Гэтэл ийм хэрэг хийгээд явж байгаа нь үр хүүхэд, ах дүү, садангаараа нийлээд залилах үйлдэл хийгээд яваад байгаа юм биш үү гэсэн бодол төрж байна гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Энхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.*******гийн гаргасан нэхэмжлэлтэй маргаан бүхий 16 дугаар байрны 01-04 тоотын өмчлөгчөөр тогтоолгох маргаан шүүхээр хянагдаж байгаа.  Өчигдөр шүүх хуралдаан болсон. Хэргийг хэрэгсэхгүй тухай захирамж гарсан. Энэ захирамжид 10 хоногийн дотор гомдол гаргах эрх нь нээлттэй байгаа. Тийм учраас энэ маргаан эцсийн байдлаар эцэслэн шийдвэрлэгдээгүй гэж үзэх үндэслэлтэй. Тийм учраас яг өнөөдрийн энэ шүүх хуралдаанаар 16 дугаар байрны 01-04 тоот нэг өрөө орон сууцыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр гаргуулах хөрөнгөөр тооцох эсэх нь эргэлзээтэй шийдвэрлэх боломжгүй байна гэж үзэж байна. Тэгэхээр энэ байраар үүргийн гүйцэтгэл хангуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан******* ХХК-ийн нэхэмжлэл, 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 01/6306 дугаартай итгэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, 5341469 регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 210000510234 дугаартай зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 210000510234 дугаартай барьцааны гэрээний хуулбар, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 01 дугаартай зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдлийн хуулбар, 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 02 дугаартай зээлийн гэрээний үүрэг биелүүлэх нэмэлт хугацаа олгох мэдэгдлийн хуулбар, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, хариуцагч Ч., П. нарын иргэний үнэмлэхийн хуулбар, 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гуравдагч этгээдийн шүүхэд гаргасан хүсэлт, 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гуравдагч этгээд Б.*******гийн шүүхэд гаргасан хүсэлт, 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хариуцагч Ч., П. нарын шүүхэд гаргасан хүсэлт, 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хариуцагч Ч., П. нарын шүүхэд гаргасан хариу тайлбар, 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.*******ийн нотлох баримт гарган өгөх тухай тайлбар, 0114796 дугаартай гэрчилгээний хуулбар, 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Ү-1105003525 дугаартай гэрчилгээний хуулбар, 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 46-24285 дугаартай Улсын бүртгэлийн ерөнхий газрын тодорхойлолт, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн итгэмжлэлийн хуулбар, 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн итгэмжлэлийн хуулбар /2 хуудас/, А4 хэмжээтэй гэрэл зураг /3 хуудас/, 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ, 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.*******ийн шүүхэд гаргасан тайлбар, 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хариуцагч нарын өмгөөлөгч Р.Бадмаагийн шүүхэд гаргасан хүсэлт, 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гуравдагч этгээдийн П.Оюунцэцэгийн шүүхэд гаргасан хүсэлт, 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч нарын өмгөөлөгч Р.Бадмаагийн шүүхэд гаргасан хүсэлт, 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гуравдагч этгээд П.Оюунцэцэгийн шүүхэд гаргасан тайлбар, 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 01/706 дугаартай******* ХХК-ийн итгэмжлэл, 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Энхбатын шүүхэд гаргасан хүсэлт, 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэл 6 хуудас А4 хэмжээтэй гэрэл зураг зэргийг шинжлэн судлаад,

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч******* ХХК нь Ч., П. нарт холбогдуулан 15 962 719 төгрөг 01 мөнгө гаргуулах, зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 210000510234 дугаартай тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр******* ХХК болон Ч., П. нарын хооронд 210000510234 тоот зээл болон барьцааны гэрээгээр 18.000.000 төгрөгийн зээлийг сарын 2.1 хувь, жилийн 25.2 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай бараа татан авах, сэлбэг авах зориулалтаар зээлдүүлжээ. Зээлийн судалгаа, шинжилгээ, хяналтын зардалд зориулан нэг удаа зээлийн дүнгийн 1 хувиар тооцож шимтгэл авна гэж тохиролцжээ.

Зохигчдийн хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт зааснаар гэрээг бичгээр байгуулж, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасан барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлж гэрээг хуульд нийцүүлж хийсэн хүчин төгөлдөр гэрээ байгуулсан шаардлагыг хангасан байна. Түүнчлэн тус гэрээний 6.2.1 зээлийн эргэн төлөлтийн хуваарь-ийг зөрчиж байгаа талаар зээлдэгчид удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй бол банк энэхүү гэрээг хугацаанаас өмнө нэг талын санаачлагаар цуцалж болно гэж заасан ба зээлдэгч Ч., П. нар 2020 оны 02 дугаар сарын 25-аас хойш зээл эргэн төлөх хуваарийн дагуу төлөлт хийлгүй хугацаа хэтрүүлсэн болох нь талуудын тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахаар шаардлага гаргах эрхтэй байна.

15.962.719 төгрөг 01 мөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ , мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан байна.

Нэхэмжлэгч******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг хариуцагч Ч., П. нар нь хүлээн зөвшөөрч байна гэх тайлбарыг гаргасан ба хариуцагч нарын өмгөөлөгч нь зээлийн гэрээний шимтгэл 180.000 төгрөг суутгаж авсан нь үндэслэлгүй тул нийт дүнгээс хасуулж тооцуулах тухай тайлбар гаргасныг хариуцагч нар дэмжиж байгаа талаарх тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.******* шүүх хуралдаанд ...180.000 төгрөгийг манай банкны зүгээс зээлийн гэрээнд зааснаар үйл ажиллагааны шимтгэл гэж тооцож авдаг ... гэсэн тайлбарыг гаргаж маргаж байна.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.1.7-т Шимтгэл: Зээлийн судалгаа, шинжилгээ, хяналтын зардалд зориулан нэг удаа зээлийн дүнгийн 1 хувиар тооцож шимтгэл авна гэжээ. Талууд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, гэрээг чөлөөтэй байгуулах эрхтэй боловч энэ нь хуулийн хүрээнд байх нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт нийцнэ.

Нэхэмжлэгч нь зээл олгохдоо зээлийн мөнгөнөөс тодорхой хувийг зээлдэгчид буцааж олгохгүйгээр шууд суутгаж авах, зээлдэгч аваагүй уг мөнгийг хүүгийн хамт төлөх тухай тохиролцоо нь Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаа, эсхүл батлан даалттайгаар өөрийн болон түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээд /цаашид "зээлдэгч" гэх/-д олгохыг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох /цаашид "зээл" гэх/ гэнэ., 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно., 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасантай нийцээгүй, гэрээнд заасан мөнгийг бүрэн хэмжээгээр шилжүүлэх үүргээ биелүүлэхийг зээлдүүлэгчээс шаардах зээлдэгчийн эрхийг хязгаарласан байх тул шимтгэл 180.000 төгрөгийг хасч зээлийн үлдэгдэл төлбөр 15.782. 719 төгрөг 01 мөнгийг хариуцагч нараас Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт зааснаар тэнцүү хэмжээгээр гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч******* ХХК нь Ү-1105003525 улсын бүртгэлийндугаартай Өмнөговь аймаг Даланзадгад сумын 3 дугаар баг, 16 дугаар байр 1-4 тоотод байрлах 1 өрөө орон сууц, Арлын №АТН 100007749 номертой ******* улсын дугаартай Toyota Alphard суудлын автомашин, таван ханатай гэр, дөрвөн ханатай гэр, гал тогооны тавилга, 32 инч зурагт, хивс, хөргөгч, дөрвөн тал хашаа, буйдан, бараа материал зэрэг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Хавтаст хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр******* ХХК болон Ч., П. нарын хооронд байгуулагдсан 210000510234 тоот барьцааны гэрээгээр барьцааны зүйл Ү-1105003525 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээтэй Өмнөговь аймаг Даланзадгад сумын 3 дугаар баг, 16 дугаар байр 1-4 тоот дахь байрлах 1 өрөө орон сууц гэж тэмдэглэж, автомашин болон гэр, бусад эд зүйлүүдийг нэрлэн заажээ.

Зохигчдын хооронд байгуулсан барьцааны гэрээнд улсын бүртгэлийн Ү-1105003525 дугаартай орон сууцны гэрчилгээ байгаа гэдгийг тусгасан атлаа энэ нь хэний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох, нөгөөтэйгүүр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаж байгаа автомашин нь хэний өмчлөлийн хөдлөх эд хөрөнгө болох гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхолыг зөрчсөн эсэх нь тодорхойгүй, дээрх байдлыг нотлосон баримтыг нэхэмжлэгч талаас ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасан хэргийн оролцогчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзэж шүүх үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон П.Оюунцэцэг нь тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоосоо татгалзсан болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 01/6306 дугаартай итгэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, 5341469 регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ, 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 01/706 дугаартай******* ХХК-ийн итгэмжлэл зэрэг нь хэргийн оролцогчийг тодорхойлоход ач холбогдолтой, 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 210000510234 дугаартай зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 210000510234 дугаартай барьцааны гэрээний хуулбар, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, 0114796 дугаартай гэрчилгээний хуулбар, 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 46-24285 дугаартай Улсын бүртгэлийн ерөнхий газрын тодорхойлолт, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн итгэмжлэлийн хуулбар, 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн итгэмжлэлийн хуулбар /2 хуудас/ зэрэг хуульд заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангасан хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон. 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 01 дугаартай зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдлийн хуулбар, 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 02 дугаартай зээлийн гэрээний үүрэг биелүүлэх нэмэлт хугацаа олгох мэдэгдлийн хуулбар, хариуцагч Ч., П. нарын иргэний үнэмлэхийн хуулбар, А4 хэмжээтэй гэрэл зураг /3 хуудас/ зэрэг нь хуульд заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй тул нотлох баримтаар үнэлээгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

Гуравдагч этгээдийн хүсэлтээр шүүх хуралдааны үед үзлэг хийсэн бөгөөд тус үзлэгээр маргааны зүйлийн талаар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй тул нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн бол нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хангагдсан үнийн дүнгээс тооцох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ. 

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч******* ХХК болон Ч., П. нарын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байгуулагдсан 210000510234 тоот зээлийн болон барьцааны гэрээг цуцалж, хариуцагч Ч., П. нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 15.782.719 төгрөг 01 мөнгийг гаргуулан нэхэмжлэгч******* ХХК-д олгосугай.

2. Нэхэмжлэгчийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гуравдагч этгээд П.Оюунцэцэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос татгалзсан болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237.763 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч., П. нараас улсын тэмдэгтийн хураамжид 236.863 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч******* ХХК-д олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.





ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Л.УГТАХБАЯР