Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2023/00014

 

 Т-н нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 139/ШШ2022/00365 дугаар шийдвэр,

 Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 218/МА2022/00023 дугаар магадлалтай,

 Т-н нэхэмжлэлтэй

Ч.Н, П.О нарт холбогдох

 Зээлийн гэрээний үүрэгт 18,897,761.52 төгрөг гаргуулах, зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б, У.О нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б, У.О, хариуцагч Ч.Н, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсай нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэгч Т-с хариуцагч Ч.Н, П.О нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18,897,761.52 төгрөг гаргуулах, зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

 2. Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 139/ШШ2022/00365 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар Н, О нараас 18,897,761.52 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т-д олгож, үүргийн гүйцэтгэлийг .......... улсын дугаартай ...... орон сууц, ....... автомашин, 5 ханатай гэр 1 ширхэг, 4 ханатай гэр 1 ширхэг, гал тогооны тавилга, 32 инч зурагт, 3*4 хивс 1 ширхэг, хөргөгч 1 ширхэг, 4 тал хашаа, буйдан 1 ширхэг хөрөнгөөр барагдуулж, нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулах, зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгө бараа материалаар хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Хэрэгт гуравдагч этгээдээр оролцсон П.О, Д.А нь бие даасан шаардлага гаргаагүй болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 299,673 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Н, П.О нараас 252,439 төгрөг, төсвийн орлогоос 47,234 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т-д олгож шийдвэрлэжээ.

 3. Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 218/МА2022/00023 дугаар магадлалаар: Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 139/ШШ2022/00365 тоот шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтаас ... ...... улсын дугаартай ........ орон сууц гэснийг хасаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.О, Ш.Б нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж заасан байдаг бөгөөд дээрх шийдвэр нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг дутуу үнэлсэн, үндэслэлгүй гарсан.

Зээлдэгч Ч.Н, П.О нар нь Т-с 2018.11.20-ны өдөр 210000510234 тоот зээлийн гэрээ байгуулж 18 сая төгрөгийн бизнесийн зээл авсан. Барьцаа хөрөнгийн өмчлөгч нар нь барьцаа хөрөнгийг зээлийн барьцаанд бариулах, гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулах зорилгоор 2018.11.02, 2018.11.05-ны өдрийн итгэмжлэлээр ...... орон сууцыг зээлийн барьцаанд тавих, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, холбогдох гэрээ, барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах, лавлагаа авах дээрх эрхийг олгосон байдаг.

Барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болохыг Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т хуульчилсан байна.

Давж заалдах шатны шүүх дүгнэхдээ барьцаа хөрөнгийн өмчлөгч нараас өгсөн итгэмжлэлийн 3 жилийн хугацаа дууссан гэх үндэслэлээр үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх дараах үндэслэл байна.

Итгэмжлэлийн хугацаа дууссан нь үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй бөгөөд итгэмжлэл нь гэрээ байгуулах үед л төлөөлөл хэрэгжүүлж байгаа хэлбэр юм. Барьцаа хөрөнгийг захиран зарцуулах эрх итгэмжлэлийн үндсэн дээр үүсч байгаа бөгөөд итгэмжлэлийн хугацаа дуусгавар болсноор итгэмжлэлд заасан үйлдэл дуусгавар болох эрх зүйн зохицуулалт байхгүй.

Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэг Үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.3 дахь хэсэгт ...барьцаагаар хангах үүргийг гүйцэтгэх хугацаа болсон, эсхүл барьцааны гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй бол барьцаалагч нь барьцааны эрхээ хэрэгжүүлэхээр шаардах эрхтэй, Барьцааны гэрээний 2.13-т Барьцаагаар хангагдах үүрэг үүссэн тохиолдолд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг бүрэн хангана, 6.1-т ...Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ зөрчсөн, зээл, зээлийн хүүгийн төлбөрийг гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй эсхүл зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон бол барьцааны зүйлээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрх барьцаалагчид үүснэ гэж холбогдох хууль тогтоомжид заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтаас ... ....... улсын дугаартай ..... орон сууц гэснийг хасаж шийдвэрлэсэн магадлалд өөрчлөлт оруулж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.О, Ш.Б нарын гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2022.12.23-ны өдрийн 001/ШХТ2023/00002 дугаар тогтоолыг гаргажээ.

 ХЯНАВАЛ:

 6. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гомдлыг хангаж шийдвэрлэв.

 7. Нэхэмжлэгч Т нь хариуцагч Ч.Н, П.О нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18,897,761.52 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар шаардлага гаргасныг хариуцагч нар ...зээлийн гэрээний үүрэгт 15,962,719 төгрөг төлнө, барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж, төлбөрийг барагдуулна, нэхэмжлэлийн бусад шаардлагыг зөвшөөрөхгүй... гэж маргажээ.

 8. Т нь Ч.Н, П.О нартай 2018.11.20-ны өдөр 210000510234 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, гэрээний дагуу 18,000,000 төгрөгийг жилийн 25.2 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай зээлдүүлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ...... орон сууц, 5 ханатай гэр 1ш, 4 ханатай гэр 1ш, гал тогооны тавилга, хөргөгч, зурагт, хивс, 4 тал хашаа, буйдан, бараа материал, ..... авто машиныг тус тус барьцаалж, Барьцааны гэрээ байгуулсан,

 Зээлдэгч нар зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээсэн, гэрээний хугацаанд 9,425,721 төгрөг төлсөн боловч 2020.02.25-ны өдрөөс хойш гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, хуваарийн дагуу төлөлт хийгээгүй 247 хоног хугацаа хэтэрсэн үйл баримт тогтоогджээ.

 9. Хоёр шатны шүүх зохигчийн хооронд Банкнаас зээл олгох гэрээ, барьцааны гэрээ байгуулагдсан, гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 43.2.3, 156 дугаар зүйлийн 165.1, 156.2 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлд нийцсэн байна.

 Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээгээр банк, эрх бүхий этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдах үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь барьцааны үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 153 дугаар зүйлийн 153.1-д тус тус зохицуулсан.

 Зээлдэгч буюу үүрэг гүйцэтгэгч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үндэслэлээр зээлдүүлэгч буюу үүрэг гүйцэтгүүлэгч болох Төрийн банк үүргийн гүйцэтгэлийг шаардсан нь хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 10. Анхан шатны шүүх хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 18,897,761.52 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах шаардлагаас гэрээний үүргийг бараа материалаар хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, барьцааны бусад хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн,

 Давж заалдах шатны шүүх хэргийг хянаад, шийдвэрт өөрчлөлт оруулж, үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа: ...үүргийн гүйцэтгэлд барьцаалсан орон сууцны өмчлөгч нь С.Ж, хамтран өмчлөх эрхтэй гишүүдээр П.О, Ж.Э, Ж.А, Ж.О нар бүртгэгдсэн байна. Эдгээр хүмүүс уг орон сууцыг зээлийн барьцаанд тавих, лавлагаа авах, барьцаалбар бүртгүүлэх, зээл, барьцааны гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, үүргийн гүйцэтгэл хангуулах үйлдлүүдийг төлөөлж хийх эрхийг Ч.Н-д 2018.11.02-ноос 05-ны хооронд олгож итгэмжлэл хийлгэсэн байх бөгөөд энэхүү итгэмжлэл 3 жилийн хугацаатай хийгдсэн байна. Гэтэл үүргийн гүйцэтгэлийг хангуулах итгэмжлэлээр олгосон хугацаа дууссан байжээ. Дээрх нөхцөл байдлуудыг шүүх анхаараагүй, барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн энэхүү эргэлзээ бүхий нөхцөлд байдалд дүгнэлт хийлгүй бусдын хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь хэн нэгний хууль ёсны эрх ашигт нөлөөлөхүйц нөхцөл байдлыг үүсгэжээ... гэсэн дүгнэлт хийжээ.

 11. Давж заалдах шатны шүүхийн магадлалд хариуцагч гомдол гаргаагүй, харин нэхэмжлэгч талаас гомдол гаргасан тул гомдлын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: давж заалдах шатны шүүх ...үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах шаардлагыг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, ...хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, ...нотлох баримтыг дутуу үнэлсэн ...тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү... гэжээ. /тодорхойлох хэсгийн 4-т тусгагдсан/

 12. Давж заалдах шатны шүүх ...зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчдөөс тухайн хөрөнгийг бусдад барьцаалах эрх олгосон итгэмжлэлийн хугацаа дууссан... үндэслэлээр барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчиж, үндэслэлгүй дүгнэлт хийсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй алдаа гаргасан байх тул хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч талын гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 13. Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болно, 62.3-т төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ гэж, 64 дүгээр зүйлийн 64.5-д тодорхой хугацаагаар олгох итгэмжлэл гурван жилээс илүүгүй хугацаагаар, хугацаа заагаагүй итгэмжлэл олгосон өдрөөс хойш нэг жил хүчин төгөлдөр байна гэжээ.

 14. Маргааны зүйл болсон ....... өрөө орон сууц нь иргэн С.Ж, П.О, Ж.Э, Ж.А, Ж.О нарын өмчлөлд бүртгэлтэй байна.

 Өмчлөгч С.Ж, П.О, Ж.А нар 2018.11.02-ны өдрийн, Ж.О 2018.11.05-ны өдрийн, Ж.Э 2018.11.05-ны өдрийн Итгэмжлэлээр тус тус өөрсдийн нэрийн өмнөөс дээрх үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд тавих, лавлагаа авах, барьцаалбар бүртгүүлэх, зээл, барьцааны гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах холбогдох гэрээнд гарын үсэг зурах, гэрээг нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх бүрэн эрхийг тус бүр 3 жилийн хугацаатай Ч.Н-д олгож, итгэмжлэлийг нотариатаар гэрчлүүлсэн болох нь хэрэгт цугларсан баримтаар нотлогджээ.

Тэдгээрийн итгэмжлэл Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр хэлцэл байна.

Иймд итгэмжлэгдсэн этгээд болох хариуцагч Ч.Н нь итгэмжлэлд заасан 3 жилийн хугацаанд үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээ, хэлцэлд өмчлөгч нарыг төлөөлж, гуравдагч этгээдтэй хэлцэл хийх эрхтэй гэж ойлгоно.

 15. Хариуцагч Ч.Н дээрх итгэмжлэлийг үндэслэн Т-тай 2018.11.20-ны өдөр Барьцааны гэрээ байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн гэрээний үүргийг хангуулахаар барьцаалж, барьцааны гэрээнд гарын үсэг зурсан нь итгэмжлэлд заасан хугацаанд хэрэгжжээ.

 16. Зохигчийн хооронд байгуулагдсан барьцааны гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл тул барьцааны эрх Иргэний хуулийн 160 дугаар зүйлд заасан үндэслэлээр буюу барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон, барьцаалагч барьцааны зүйлээс татгалзсан тухай барьцаалуулагч буюу өмчлөгчид мэдэгдсэн, барьцаалагч эзэмшилдээ байсан барьцааны зүйлийг барьцаалуулагчид буцааж өгсөн, барьцааны зүйлийг өмчлөх эрх барьцаалагчид шилжсэн, барьцааны зүйл устаж үгүй болсон буюу хуульд заасан бусад үндэслэлээр дуусгавар болно.

 17. Нэхэмжлэлд дурдсан барьцааны эрх дуусгавар болох хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй байхад давж заалдах шатны шүүх зөвхөн итгэмжлэлийн хугацаа дууссанаар Барьцааны эрх дуусгавар болсон гэж дүгнэсэн нь хуулийн үндэслэлгүй байна.

 Дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хуулийг агуулгаас нь зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн байх тул энэ үндэслэлээр гаргасан нэхэмжлэгч талын гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй.

 18. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн байх боловч шийдвэрийн Тогтоох хэсэгт нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хуулийн заалтыг бичээгүй орхигдуулсан, улсын тэмдэгтийн хураамжийг буруу тооцсон алдаа гаргасан байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д нэхэмжлэл гаргах үед түүний үнийг шууд тогтооход бэрхшээлтэй байвал шүүгч улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг урьдчилан тогтоож, тухайн хэрэг хянан шийдвэрлэгдсэний дараа шүүхээс тогтоосон нэхэмжлэлийн үнэд тохируулан нөхөн төлүүлэх буюу урьд илүү төлөгдсөн бол зөрүүг буцааж олгоно, 58.2-т нэхэмжлэлийн шаардлагын ихэсгэх тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн үнийн дүнг ихэсгэсэн хэмжээгээр нөхөн төлүүлнэ гэжээ.

 Нэхэмжлэгч Т хэрэг шүүхэд хянагдах явцад нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, нэхэмжлэлийн үнийн дүнг ихэсгэсэн хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг төлсөн нь хуулийн дээрх заалтад нийцсэн байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан үнийн дүнгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцож, түүний нэмэгдүүлсэн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг илүү төлсөн гэж дүгнэн улсын орлогоос гаргаж буцаан олгуулахаар шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

Иймд хяналтын шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар алдааг залруулж, хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 218/МА2022/00023 дугаар магадлалыг хүчингүй болгож, Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 139/ШШ2022/00365 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...453.1-д гэснийг ...453.1, 175 дугаар зүйлийн 175.1-д гэж өөрчлөн, 3 дахь заалтаас ...төсвийн орлогоос 47,234 /дөчин долоон мянга хоёр зуун гучин дөрвөн/ төгрөгийг... гэснийг хасч, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б, У.О нарын гомдлыг хангасугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Т-иас 2022.11.23-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА

 ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА

 Б.МӨНХТУЯА

 С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Х.ЭРДЭНЭСУВД