Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2021/00525

 

 

2021 оны 03 сарын 04 өдөр Дугаар 183/ШШ2021/00525 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, яармаг наадамчдын гудамж, 000 дугаар байр, 00 тоотод оршин суух, Ө овогт Б.Ц /РД:АК00000000/-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Арцат гудамж, Нүхт зам 0000, өөрийн байранд байрлах,Б.М ХХК /РД:000000/-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Ц нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.А хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б нар оролцож, нарийн бичгийн дарга Б.Болорчимэг шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.                                                                                  

   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Миний бие нь 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс Б.М ХХК-д Засварын менежер албан тушаалд туршилтын 3 сарын хугацаанд ажиллаж, 2019 оны 7 дугаар сарын 08-нд жинхлэх тушаал гарч хөдөлмөрийн гэрээ байгуулсан. 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл батлагдсан ээлжийн амралтын хуваарийн дагуу ээлжийн амралтаа авсан. 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр өглөө ажилдаа очиход гүйцэтгэх захирал Б.Г, хүний нөөцийн менежер Б.Э.У ерөнхий менежер Б.М-А нар намайг уулзалтын өрөө рүү дуудсан. Тэгээд гүйцэтгэх захирал Б.Г бид нар цаашдаа чамтай хамтран ажиллаж чадахгүй боллоо. Чи байгууллагын дотоод соёлд нийцэхгүй байна. Аавын гурван өдрийн амралтаа гүйцээж аваад нэг дэх өдөр тушаалтайгаа танилцаарай. Өнөөдөр ажлаа хүлээлцэж өгөөд яваарай гэсэн. Хүний нөөцийн менежер Б.Э-У миний ажлын өрөө рүү намайг даган бууж миний ажлын хэрэгслүүдийг гучин минутын дотор л хурааж авч Тойрох хуудсыг чинь өмнөөс чинь зурчихана гэсэн.

2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр ажлаас халагдсан тушаалтайгаа танилцсан. Уг тушаалд намайг илт гүтгэсэн заалтууд оруулсан байсан учир үүнтэй санал нийлэхгүй. Би ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргаагүй бөгөөд намайг зөрчил гаргасан талаар ямар нэгэн мэдэгдэл, сануулгатай холбоотой тушаал шийдвэр гарч байгаагүй. Миний бие ажлаас халсан тушаал үндэслэлгүй байна гэхэд хүний нөөцийн менежер тэгвэл өөрийн хүсэлтээр гарч байна гэсэн өргөдлөө бичиж өг гэхэд нь би зөвшөөрөөгүй. Хүний нөөцийн менежер Б.Э-У нь ерөнхий менежер Б.М-А-г дуудсан. Ерөнхий менежер орж ирэхэд би хүний нөөцийн менежер бид хоёрын хооронд болсон үйл явдлыг тайлбарлан хэлсэн. Хүнийг илт ингэж гүтгэн ажлаас нь халж болдог юм уу гэхэд ерөнхий менежер ажлаас чөлөөлөх тушаалыг уншиж хүний нөөцийн менежерт ноцтой зөрчил гаргасан гэсэн заалт байгаа юм байна. Ийм зөрчлийг Ц гаргаагүй ээ. Ц энэ тушаалтай санал нийлэхгүй байгаа учир маргааш шинэчлээд танилцуулъя гэсэн.

2020 оны 9 дүгээр сарын 08-нд 08:00 цагт Б.М ХХК дээр ирж шинэ тушаалтайгаа танилцахыг надаас хүссэн. Намайг гарч явсны дараа ерөнхий менежер над руу утасдаж өглөө хуралтай юм байна. Хурал дууссаны дараа өдөр 14:00 цагт ирээд шинэ тушаалтайгаа танилцаарай гэсэн. 2020 оны 9 дүгээр сарын 08-ны 14:00 цагт би Б.М ХХК дээр очиж шинэ тушаалтайгаа танилцахад хуучин тушаал дээр байсан онц ноцтой зөрчил гаргасан гэдэг хэсгээс бусад нь хэвээрээ байсан тул би санал нийлэхгүй байгаагаа дахин хүний нөөцийн менежерт хэлсэн. Хүний нөөцийн менежер тэгэхэд дахин өөрийн хүсэлтээр гарч байгаа гэсэн өргөдөл бичихийг санал болгосон. Тэгэхэд би шүүхээр явъя гээд гарч явах гэтэл хүний нөөцийн менежер Ц чи тэгээд яамаар байгаа юм бэ? тохиролцоо хийе гэсэн. Тэгэхэд нь би болно энэ тушаал дээр байгаа гүтгэлгийн чанартай заалтуудаа зас. Дээрээс нь би энэ компанид удаан ажиллах хүсэлтэйгээр өмнө ажиллаж байсан газраасаа өөрийн хүсэлтээрээ хүртэл гарч ирсэн байхад шууд нэг өглөө чамайг халлаа гэдэг чинь надад их хүнд тусаж байна гэж хэлсэн.

2020 оны 9 дүгээр сарын 09-нд хүний нөөцийн менежер над руу залгаж 15:00 цагт Б.М ХХК дээр ир гэсэн. Намайг очиход хуулийн зөвлөх Б, хүний нөөцийн менежер Э-У нар надад ажлаас чөлөөлөх хоёр янзын тушаал танилцуулсан.

Миний бие үүрэгт ажлаа сайн гүйцэтгэж байсан бөгөөд тушаал дээр үндэслэсэн болон өөр бусад байдлаар ямар нэгэн ноцтой зөрчил гаргаж байгаагүй. Намайг үндэслэлгүйгээр халсанд гомдолтой байна. Иймд Б.Ц намайг Б.М ХХК-ийн засварын менежерийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэл тооцон нөхөн гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү.... гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... 1. Б.Ц ньБ.М ХХК-нд засварын менежер албан тушаалд ажилладаг байсан. Б.Ц нь засварын үйлчилгээний төвд харилцагч үйлчлүүлэгчийн автомашиныг засварт оруулахгүй, захиалга авахгүй, ажлын цагаар өөрийн хувийн эзэмшлийн ВМ\Л/ ХЗ маркийн 00-00 УНЧ автомашиныг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж шууд удирдлагадаа байдаг засварчнаар засварлуулсан зөрчил гаргасан.

2. Ажлын бус цагаар шууд удирдлагын зөвшөөрөлгүй, өөрийн хувийн эзэмшлийн ВМ\Л/ ХЗ маркийн 00-00 УНЧ автомашины хөдөлгүүр, блок, тахир гол-ыг 2020.07.28-ны өдрөөс 2020.08.07-ны өдрийг хүртэл шөнийн 23:00 цаг, 01:40 цаг хүртэл засварчин Б болон Б.Ж-аар засварлуулсан, мөн ВМ\Л/ автомашины блок, тахир голыг засварлаж бүтэн болгохыг гуйж 2020.08.10 - 2020.08.25-ыг хүртэл ажлын бус цагаар засварлуулж, ажиллуулж удаа дараалж давтан зөрчил гаргасан нь хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4.7 дахь хэсгийн Өөрийн эрх, ашиг сонирхлыг хангаж давуу байдал бий болгох зорилгоор ажил олгогчийн ашиг сонирхолд харшилсан үйлдэл гаргасан гэж хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

3. Б.Ц нь шууд удирдлагадаа мэдэгдэлгүй 2020.02.21-ний өдөр үйлчлүүлэгчийн ВМ\Л/ Е70 маркийн 00-00 УБА улсын дугаартай автомашиныг засварлах явцдаа хөдөлгүүрийн компьютерийг гэмтээж эвдрэл учруулсан зөрчил гаргасан.

4. Санхүүгийн тооллого тооцоо зөрүүтэй, дараа тайланг хугацаанд нь хаадаггүй, ажлын цагаар хувийн ажлаа амжуулдаг, хүнийг гадна төрх байдлаар ялгаварлаж харьцах, хамтран ажилладаг ажилтнуудтай харьцах харьцаа ёс зүйн зөрчил гаргасан нь хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчилд тооцогдож компанийн дотоод соёлд нийцэхгүй хамтран ажиллах боломжгүй байна.

Иймээс зөвшөөрөлгүй ажлын болон ажлын бус цагаар өөрийн автомашинаа засварласан, Үйлчлүүлэгчийн автомашиныг гэмтээж эвдрэл учруулсан, санхүүгийн зөрчил, ёс зүйн зөрчил зэрэг Хөдөлмөрийн гэрээний 4.4.1, 4.4.2, 4.4.3, 4.4.7 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх заалтыг тус тус зөрчсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                    

 ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад шүүхэд гаргаж өгсөн нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч Б.М ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Бавариа моторс ХХК-ийн захирлын 2020 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Б.Ц-ийг ажлаас чөлөөлөх тухай №00 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 24 дүгээр зүйлийн 24.1, Ажилтан ажлаас чөлөөлөгдөх болон өөр ажлын байранд шилжин ажиллах үеийн үйл ажиллагааны журмын 2 дугаар зүйлийн 2.1 дэх заалтыг тус тус үндэслэн Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4.1, 4.4.3, 4.4.7-д заасан зөрчил гаргасан тул Засварын менежер Б.Ц-ийг 2020 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /х.х 4 хуудас/

Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 2020 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн №00 тоот тушаалыг хүлээн авч, ажлаас буруу халсан талаарх гомдлоо тус шүүхэд 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа /нэг сар/-г хэтрүүлээгүй, энэ тухайд талууд маргаагүй болно.

Б.Ц нь Б.М ХХК-нд Засварын супервайзор албан тушаалд 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс туршилтын 3 сарын хугацаатай №БА-ХГ-000000 дугаар хөдөлмөрийн гэрээг байгуулж, 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хугацаагүй, №БА-ХГ-000000 дугаар хөдөлмөрийн гэрээг байгуулан ажиллаж байсан болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. /х.х 6-9, 32 хуудас

Хариуцагч Б.М ХХК нь 2020 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн №00 тоот ерөнхий менежерийн тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д ... эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр Б.Ц-Г үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4.1.-т Хариуцсан ажлаа зохих ёсоор гүйцэтгээгүй, компанийн хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, ажил үүрэгтэй нь холбоотойгоор нэмэлтээр байгуулсан бусад гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй, 4.4.3-т Хөдөлмөрийн гэрээ ажлын байрны тодорхойлолт, ажлын батлагдсан төлөвлөгөөнд заагдсан үр дүнг хангалтгүй биелүүлсэн нь бусад салбар компани алба, ажилтнуудын ажил үүргээ биелүүлэхэд шууд саад учруулсан, 4.4.7-д Өөрийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хангах, давуу байдал бий болгох зорилгоор ажил олгогчийн ашиг сонирхолд харшилсан үйлдэл, эс үйлдэл гаргасан гэх гэрээний заалтуудыг баримтлан ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон байна.

Ажил олгогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... ажилтан Б.Ц ажлын цагаар ажил үүргээ биелүүлээгүй, ажлын цагаар өөрийн хувийн автомашиныг засварлаж өөртөө давуу байдал олгосон, 2020.07.22-ны өдрөөс 2020.08.07-ны өдрийн хооронд өөрийн удирдлагад байдаг засварчнаар шөнийн цагаар хувийн автомашинаа засуулсан, ажлын бус цагаар ажлын байранд нэвтэрсэн, үйлчлүүлэгчийн автомашиныг засварлах явцдаа гэмтээсэн, санхүүгийн төлбөр тооцоог цаг тухайд нь өгөөгүй, зан харилцааны хувьд ёс зүйгүй ... зэрэг зөрчил гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.

Ажил олгогч буюу хариуцагчБ.М ХХК нь Засварын менежерийн ажлын байрны тодорхойлолтод санхүүгийн төлбөр тооцоо хийх үүргийг ажилтан буюу нэхэмжлэгч Б.Ц-д ногдуулаагүй атлаа шүүхийн тайлбарт нэхэмжлэгч санхүүгийн төлбөр тооцоог цаг тухайд нь хийдэггүй зөрчил гаргасан гэж сахилгын зөрчлийг тайлбарлаж байгаа боловч энэ нь баримтаар тогтоогдохгүй байна. /х.х-ийн 61 хуудас/

Мөн ажилтан Б.Ц нь хүний гадна төрх байдлаар ялгаварлан харьцах, хамтран ажилладаг ажилтнуудтай харьцах ёс зүйн зөрчил гаргасан гэх тайлбараа нотлохоор шүүхэд ирүүлсэн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн огноотой С.Ц Б.Б Д.М нарын мэдүүлэг гаргах тухай гэх баримтыг шүүх үнэлэх боломжгүй юм. Учир нь ажил олгогч ажилтныг зөрчил гаргасан гэж 2020.09.05-ны өдөр ажлаас халсан атлаа зөрчлийн талаарх баримтыг ажлаас халсан хойно үйлдсэн, эдгээр тодорхойлж буй хүмүүс Б.Ц-тэй хамт ажиллаж байсан эсэх нь тогтоогдоогүй, хэзээ ажилд орсон эсэх нь тодорхойгүй тул уг бичгийн нотлох баримтыг шүүх эргэлзээгүй, үнэн зөв гэж үнэлэх боломжгүй юм. /х.х-28 хуудас/

Нэхэмжлэгч Б.Ц 00-00 УНЧ улсын дугаартай өөрийн хувийн автомашиндаа засвар үйлчилгээг Б.М ХХКиас авсан талаар тайлбарлаж байх бөгөөдБ.М ХХК нь 2020 оны 6 дугаар сарын 20-нд 00-00 УНЧ улсын дугаартай автомашиныг хүлээн авч, 2020 оны 7 сарын 21-ны өдөр засвар үйлчилгээнд оруулж, засвар үйлчилгээг дуусган 2020 оны 8 дугаар сарын 8-ны өдөр уг автомашиныг Б.Ц-д хүлээлгэн өгч, засварын хөлсөнд 2,111,560 төгрөгийг ажилтан Б.Ц ажил олгогч Б.М ХХК-нд төлсөн болох нь засвар үйлчилгээний нэхэмжлэх, талуудын тайлбараар тогтоогдож байна. Ажил олгогч нь ажилтан өөрийн автомашиндаа засвар үйлчилгээг төлбөртэйгөөр авахыг хориглосон талаарх зохицуулалт Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заагаагүй тул нэхэмжлэгч эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан, өөртөө давуу байдал олгож хувийн автомашинаа засуулсан гэх хариуцагчийн тайлбар няцаагдаж байна. /х.х-ийн 35-36 хуудас/

Нөгөөтээгүүр эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах гэдэг нь албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор эрх мэдлээ ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг ойлгоно. Иймээс ажилтан Б.Ц өөрийн автомашинаа засуулж, үйлчилгээний төлбөрийг ажил олгогч Б.М ХХК-нд төлсөн байх тул уг үндэслэлд хамаарахгүй, ажилтан Б.Ц-ийг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан гэж үзэх үндэслэлгүй юм.

Ажлын бус цагаар ажлын байранд нэвтэрч өөрийн удирдлагад байдаг засварчнаар шөнийн цагаар хувийн автомашинаа засуулсан, өөрөө зассан зөрчил гаргасан болохыг нотлохоор Б.Ц-ийн ажилдаа ирсэн байдлын талаарх цагийн бүртгэлийг хариуцагч Б.М ХХК шүүхэд ирүүлжээ./х.х-24 хуудас/ Ажлын бус цагаар ажилдаа орсон гарсан үйлдлийг шууд өөрийн хувийн машинаа ажилтан Б.Ц зассан гэж шүүх үзэх үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл ажлын бус цагаар ажлын байранд нэвтрэхдээ ажилтан Б.Ц ямар зөрчил гаргасан талаарх үйл баримтыг ажил олгогч нотлоогүй, энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй тул ажилтан Б.Цийг хувийн автомашинаа зассан зөрчлийг гаргасан гэх ажил олгогч Б.М ХХК-ийн тайлбар тогтоогдохгүй байна.

Ноцтой зөрчил гэдэг нь ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, ажил хэргийн нэр хүндийг гутаах зэргээр ажил олгогчийн эрх, ашиг сонирхолд нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт харш, үйлдэл, эс үйлдлийг ойлгох бөгөөд байгууллагын хэмжээнд мөрдөх Хөдөлмөрийн дотоод журмын бүх заалтыг дагаж мөрдөөгүй нь хөдөлмөрийн харилцааг шууд дуусгавар болгох үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл гаргасан зөрчил нь ногдуулж буй сахилгын арга хэмжээнд тохирсон байх ёстой бөгөөд шат дараалсан сахилгын шийтгэл ногдуулах эрх зүйн зохицуулалтыг хууль тогтоогч хуульчилсан байгааг ажил олгогч анхаарах нь зүйтэй. Нөгөөтээгүүр ажлын бус цагаар ажилтан ажлын байранд нэвтэрсэн нь ажил олгогчид ямар хор уршиг, хохирол учруулсан нь тогтоогдоогүй, ийнхүү орж гарсан нь зөрчил гэж үзэж байгаа бол ажилтанд шат дараалсан сахилгын арга хэмжээ авах эрх нь ажил олгогчид нээлттэй. Хохирол, хор уршиг ажил олгогчид учраагүй байхад ажилтныг шууд ажлаас халах ноцтой зөрчилд тооцох үндэслэлгүй юм.

Мөн ажил олгогч Хөдөлмөрийн гэрээнд тусгаж буй ноцтой зөрчлийг зөв тодорхойлж чадаагүйгээс өөртөө хэт давуу байдал олгож, ажилтны хөдөлмөрлөх эрхийг зөрчиж, гэрээний тэгш эрхийн зарчмыг хэт алдагдуулсан байгааг дурдвал зохино.

Иймд, шүүхээс дээр дурдсаныг үндэслэн нэхэмжлэгч Б.Ц-ийг үндэслэлгүйгээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна гэж дүгнэж, түүнийг урьд өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоохоор шийдвэрлэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д Энэ хуулийн 36.1.2.-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж, мөн 46 дугаар зүйлийн 46.1.-д Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй гэж, түүнчлэн 46.2.-т Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл, тус хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2.-т зааснаар ажлаас халагдсан ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон тохиолдолд ажил олгогч тал тухайн ажилтанд ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг төлөх үүрэгтэйгээс гадна уг хугацаанд олговол зохих орлогоос Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар холбогдох шимтгэлийг төлөх үүргийг хүлээнэ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн цалин хөлснөөс Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-д зааснаар тодорхойлбол ажилгүй байсан 2020 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдөр /ажлын 127 хоног/-ийг хүртэлх ажилгүй байсан хугацааны олговорт 15,865,475 төгрөг / 1 өдрийн цалин 124,925 төгрөг (363,636+628,338+7,065,706= 8,057,680 : 3 сар =2,685,893 : 21,5 хоног) х 127 хоног/ -ийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгахаар шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэг, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Ц-ийг засварын менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 15,865,475 төгрөгийг хариуцагчБ.М ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч Б.Ц олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг Б.М ХХК-аас даалгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас нэхэмжлэгчийг чөлөөлж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 237,277 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ШҮҮГЧ              Ц.ОЮУНБИЛЭГ